Showing posts with label Ажил амьдрал. Show all posts
Showing posts with label Ажил амьдрал. Show all posts

Monday, February 10, 2014

МЕТРО БАРИХАД ХЭРЭГТЭЙ БАЙХ ТӨХӨӨРӨМЖ

Улаанбаатар хотын хүн ам өдрөөс өдөрт нэмэгдэж, хотын өдөр тутмын амьдралд нийтийн тээвэр чухал нөлөөг үзүүлэх болсоор удлаа. 
Нийслэл хотын өсөж буй хүн амын хэрэгцээнд газар доорх байгууламжийн нэг болох метро зайлашгүй шаардлагатай болов. 
Яаж метрог барьвал бидэнд ашигтай, бас найдвартай болох бол гэж өчүүхэн би бээр ч бодож сонирхох болжээ.
Газар доор баригдах бүхэл бүтэн дагуул (зарим хэсэгтээ газар дээр ч байна гэсэн анхны төлөвлөлттэй) хотын чинээ байгууламжийг барихад бидний Монголчууд урьд өмнө хэрэглэж байгаагүй, манайд огт шаардлагагүй байсан техникийн дэвшил, шийдлийг хэрэглэж байж метротой болноо.
Доор бичсэн зүйл маань Улаанбаатар хотод барихаар төлөвлөж буй метротой огт хамааралгүй, энд тэндээс уншсан зүйлээсээ хуваалцмаар санагдсан гэдгийг уншигч та минь ойлгоно бизээ.
Доорх зураг дээрх тунель ухагч машин буюу "Shield machine" нь Японд нэгэн инженерийн байгууламжийг барихад хэрэглэсэн машин юм байна. Тодруулбал цэвэр усны далд системийг барих ажилд хэрэглэжээ. 2,5 м орчмын диаметртэй, нэгэнт газар дор байрлуулж чадвал газар дээр байшин барилга, уул, ус, тариан талбай, зам харгуй гэж зоволгүйгээр ухах чадалтай юм байна.
Shield machine буюу тунель ухагч машин

Тунель ухагчийг ажиллуулах ерөнхий зарчим
Xийн даралтаар эргүүлж ухдаг тул машины ир маш хатуу байх шаардлагатай.
Тунель ухагч машины ир  газрын гүнд хад чулууг нэвт зүсэж чадах алмазан ир, эсвэл маш сайн гангийн марк бүхий төмөр байна.

Ухмалын ерөнхий ажиллагаа

Тунель ухах зарчим үндсэндээ 3 төрөл байх боловч түүнээс энэ удаад Shield машинаар хэрхэн ухах талаар оруулж байна. Эхлээд ухагч машинаа нээлттэй бэлтгэсэн газрын гүн дэхь байгууламжид найдвартай байрлуулж, дараа нь ухагч машины өөрийн ажиллагааны зарчмаар ухах үйл ажиллагааг эхлүүлнэ. Ухах ерөнхий зарчим маш энгийн бөгөөд хөшүүрэг, хийн даралтын харилцан хамааралыг тооцож ухмалыг гүйцэтгэх, ухсан шороо, усаа ачиж зайлуулах түр байгууламжийг барих, ухмагц сегмент буюу тунелийн ханаа угсардаг юм байна. 
Тунелийн хана нь ямар байгууламж барихаас шалтгаалж төмөр бетон байх, эсвэл бүрэн металл хийцтэй байх уу гэдгийг тооцоолно.
Сонирхуулахад энэ машин нь өөрөө маш үнэтэй гэж сонссон. Гэхдээ хүн ам илүү суурьшсан хотод иймэрхүү ухагч машиныг ашиглдаг болох нь нэгэнт тодорхой болжээ. 
ЭНД доорх зургийн тайлбар орсон байгаа. Тунелийн зориулалт, шаардлагаасаа хамаарч ухахч машины хэмжээ том, жижиг янз бүр байдаг. Дээрх зураг дээр  бага оворын тунель ухагч машины тухай байгаа ч ажиллах ерөнхий зарчим нь адилхан юм гэсэн.
Далай доор баригдсан тунель ухагчийн ир. 2013 он
Иймэрхүү аварга эдээр л тунелиэ гаргах болов уу? гэж бодож байна даа.

Friday, October 18, 2013

Ажлын туршлага хуримтлуулах анхны алхам

Анхны алхам бүр хүний сэтгэлд дурсамж тод үлдээдэг.
Оюутан байхдаа зуны амралтаараа ажил хийх гээд их гүйдэг байлаа. 
Анх удаа албан орчуулга хийсэн минь
Аялал жуучлалын компанид хөтөч хийх болов. Хамгийн анх бие дааж явах болоод хот танилцуулах бэлтгэлээ базаалаа. Жуулчид маань хөтөч авна, хаагуур явахаа өөрсдөө шийднэ гэсэн "ЧӨЛӨӨТ" хөтөлбөртэй нөхдүүд байсан юм.  Орой нь онгоцны буудал дээр очтол, 4 Япон өвгөн /тэр үед би тэгж бодсон юм, 50 орчим насны л хүмүүс байсан байх/ ирлээ.

Thursday, September 26, 2013

Шинэ Улаанбаатар Олон Улсын Нисэх онгоцны буудлын барилгын ажлын явц

Олон Улсын Нисэх буудлын ажлын явцыг ажлын шугамаар явж байхдаа авсан юм. 
Ямар ч байсан олон жил яригдаж байсан ажил бодит ажил болж байгаад баяртай байна.

Энэ оны 6-р сарын сүүлээр шинэ нисэх буудлын газар иймэрхүү байдалтай байв.

9-р сарын дунд үе. Терминалын ажлын явц.

Ийм кран 4-г энэ талбайд угсрах юм гэсэн. Аргагүй том бүтээн байгуулалт юмаа.

Friday, August 16, 2013

Даварсан "гарууд"-аас салах боломж иржээ

Сүүлийн үеийн мэдээг сонсоод дуугүй суумааргүй санагдаад явчихлаа.
Оюутолгой далд уурхайгаа хааж, хэдэн зуун хүнийг ажилгүй болгож байх шиг байна. 
Эхний ээлжинд хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг ажилчидад гардуулж орхиод Монгол Улсын Засгийн газрыг шахаанд оруулах бодлогоо явуулж байна уу даа гэхээр хар төрөх боллоо.

Friday, August 2, 2013

Охины сонин сайхан

Охин маань зуныхаа амралтаар Японы нэгэн сургуульд сурагч солилцооны хөтөлбөрт оролцон бараг 2 сар болоод ирлээ. 
Япон явах хүсэл нь дийлээд Япон хэл бие дааж 8 сар  орчим үзэж, үндэсний бүжгийн бэлтгэл хичээлийнхээ хажуугаар хийсээр, Япон сургуулийн хариуг яван явтлаа хүлээж, шийдвэр нь тулгамдуу гарсан тул сандруухан явсан юм.

Monday, March 4, 2013

Семинарын сонин сайхан

Саяхан хүний гуйлтаар семинарын орчуулганд явлаа. 
Надад тохируулсан юм шиг гүүрэн байгууламжийг шинээр барих төлөвлөлт, бас ашиглалтанд өгсний дараах засвар арчлалт, түүний хяналт, хөрөнгө оруулалтын менежмент гэсэн сэдэвтэй байв.
Улаанбаатар хотын дундуур төмөр зам гарч байгаа тул хотын урд, хойд талыг холбох авто замын сүлжээнд төмөр замыг давах шинэ гүүрэн байгууламж одоогийн хөдөлгөөний эрчмээр  шаардлагатай ангилалд оржээ.

Friday, January 25, 2013

Эрүүл мэндийн даатгал тойрсон асуудал-2

Өмнөх бичлэгийн утгыг тодруулбал зүгээр санагдаад...
Яагаад заавал сайн эмч дээр, мөнгө төлж үзүүлдэг вэ? гэвэл...
Эмч хүнд байх ёстой мэдрэмж, түүнийг анагаахын сургуульд заадаггүй ч байж магад, хамгийн гол нь чин сэтгэлээсээ үйлчилүүлж байгаа хүндээ үзлэгийн хугацааг бүрэн зарцуулж чаддаг учраас тэр. Ер нь тийм байх ёстой бус уу?.

Wednesday, January 23, 2013

Эрүүл мэндийн даатгал тойрсон асуудал

Эрүүл мэндийн даатгалын хураамж юунд зарцуулагддаг юм болоо? 
 "ДААТГАЛ" гэдэг чинь боломжтой үедээ, дараа эрсдэл тохиолдоход таны хохирлыг, төлсөн даатгалын чинь сангаас танд шаардлагатай мөнгийг буцааж олгох систем мөн биз дээ.
Саяхан охин минь өвдлөө, өрхийн эмнэлэг, төвийн эмнэлэгээр яваад үгдэрчихлээ. Багад нь хаяа очиж үзүүлдэг байсан хүүхдийн эмчрүү (хувийн эмнэлэг) дагуулаад очлоо. 
Үзлээ, анхны онош нь "ангина" гэнэ.  Мэдээж ханиад бас хатгалгаа авсан байх магадлал байна, сайн сонсогдохгүй юм, та 2 цээжний зураг авахуулаад ирж чадах уу? гэв, би ч уухайн тас чадна гээд хэлчихэв.

Thursday, December 20, 2012

Хэрэглэгчтэй харилцах соёл

Ажилтай хүмүүст байр, гэрлийн төлбөрөө төлөх ч  багагүй ажил болчихоод байдаг шүү дээ.  Харин сүүлийн үед интернет, мобайл банк, гэх мэт олон үйлчилгээ гарч ирээд, нэг талаараа сайхан ч цаад төлбөр нэхэмжлэгчийг дураараа нэхэмжилж байхыг дэмжээд байгаа юм шиг санагддаг тал бас байна.

Friday, December 14, 2012

Дошны гэр

Анх Нарны гүүрийн барилгын ажлыг 2010 оны хавар эхлүүлж байхад энэ гэрийн цаад талд 3 гэр, бяцхан гэр хороолол амьдардаг байв.

Wednesday, December 12, 2012

Бужигнуулагчийн уран бүтээл

Манай дүүгийн саяхан 2 нас хүрсэн, яслийн цэрэг хүү байдаг юм. Миний нүдэн дээр эвлүүлдэг тоглоом эвлүүлж,  том аниагаар магтуулж аваад маадгархан зогсох зээ дүүгийн уран бүтээлийг оруулж байна.

Monday, November 26, 2012

Үзэгчийн сэтгэгдэл

УИХ-ын гишүүн С. Ганбаатар, С. Баярцогт нарын халз мэтгэлцээн өнгөрсөн 5 дахь өдөр болж, тэр бүр нийтэд нээлттэй байгаагүй тоо баримтыг дэлгэсэн сонирхолтой мэтгэлцээн болов.

Monday, October 29, 2012

Сүүлийн үеийн сонин хачин

Сүүлийн үеийн сонин сайхнаас оруулъя гэтэл эхнээсээ бүдгэрээд, яг юунаас эхлэхээ мэдэхгүй хэсэг хугацаа алдчихлаа.
Гүүрийн ажил дуусч, нээлт  хийснээс хойш, хамт ажиллаж байсан андын хурим, төрсөн өдөр, шинэ караокены нээлт, үргэлжлүүлээлээд дүү охины хүүгийн үсны цайллага энэ тэрийг бөөндөж, өдөр бүр халамцуу, орой бүр гөлөмцүү гэртээ харьсаар арваад хоногийг ардаа үджээ.
Халамцсан үеийн биш хэдэн зураг оруулвал юу хийсэн минь арай тодорхой юм шиг байна.

Monday, August 13, 2012

Э. Бат-Үүл даргад амжилт хүсэх нь

Амралтын өдөр хотоос зүүн тийш гарахдаа, авто замын эвдрэлийг хараад элэг эмтрэв. 
Даан ч дээ, хайран хөрөнгө мөнгө, хугацаа хэмээн дотроо халаглаж явлаа.
Офицеруудын ордон өнгөрөөд зүүн тийш Чулуун овооны аюулгүйн тойрог дээр арслан ч юм уу, нохой ч юм уу? хэдэн амьтаны хөшөөг хийж эргэн тойронг нь зүлэгжүүлсэн боловч эвдэрхий замаас болж гарах шороо тоосонд дарагдан гундуухан сүглийнэ.
Орой телевиз үзэж суутал хотын шинэ удирдлага албаны хүмүүсийн хамт зам, гүүрийн засвар шинэчлэлтийн ажилтай танилцаж байна.

Sunday, June 24, 2012

Сонгуультай хамааралтай захих үг

Дэлгүүрийн кассны ард үл ялиг дуугарлалт үүссэн тул би ч мөн адил дугаарлан зогслоо. Гэтэл миний ард дуугарлан зогсох хоёр "Сонгууль өгөөд яахав дээ, ямар сонгуулийн дүнгээрээ болох биш" хэмээхийг сонсоод эргэн харвал залуухан эмэгтэй, эрэгтэй хоёр. Миний дугаар ч болсон тул, авсан зүйлээ бичүүлээд, мөнгөө төлөн, гарахаар явахад нөгөө хоёрын яриа санаанд эргэлдэнэ.
Яагаад ийм залуугаараа итгэлгүй болчихсон юм бэ? гэдэг асуултыг асуумаар санагдав. Гэвч нэгэнт асууж чадахгүй тул, өнөөдөр сонгуулийн ажиллагаа ид дундаа яваа тул нэр дэвшигчидэд зориулж хэдэн үг хэлье гэж бодов.

Tuesday, June 5, 2012

Сонгууль ба сонгогчидын соёл

Сонгууль ойртож буй энэ үед бүх хэвлэл мэдээллийн сувгаар сонгуулийн тухай ярьж, бичиж эхэлдэг бичигдээгүй хууль нэгэнтээ тогтож, хаа, сайгүй бичиж, тэмдэглэж байгаа болохоор ямар ч хүнд уншигдахаар орчин нэгэнтээ аль хэдийн бүрдчихсэн байна.
Өнөөдөр  http://olloo.mn/ дээрх "Монголын улс төр дэхь хатан ухаан" нийтлэл нүднээ өртөж, унших зуур сүүлд нь оруулсан уншигчидын сэтгэгдэлийг уншаад, дотор давчдаж, үзэг цаас нийлүүлж буй нь энэ бөлгөө.

Monday, May 7, 2012

Стандарт дагасан асуудлууд

Стандарт, нийтээрээ дагаж мөрдөх дүрэм журам ба улсынх, олон улсынх гээд яахын аргагүй дагаж мөрдөх баримт бичиг мөн билээ.
Саяхан зам, барилгын ажилд хэрэглэж буй хүнд даацын машиныг замын цагдаагийн газраас хүчтэй журамлалт хийж эхлэв. Яагаад юунаас болов?
MNS:4598-2003 гэдэг стандарт хангахгүй байгаа учраас гэнэ.

Friday, March 16, 2012

Замд тааралдсан Банхар

Хотын хөл хөдөлгөөн ихтэй гудамжаар харихаар алхаж байв.
Гэнэт хажууд, миний багад манайд байдаг байсан Банхартай адилхан нохой сүүлээ моодогнуулан шогшиж харагдлаа. Би шууд л Банхар гэж сэтгэн, өхөөрдөн түүнийг дуудвал, сүүлээ шарвагнуулж эрхлэн хажууд минь ирж намайг даган шогшив. Түүний улаан хүзүүвч, байдал төрх нь эзэнтэй болохыг илтгэж байв.

Wednesday, January 18, 2012

Лицензгүй юм аюултай

Сая Нараагийн блогийг уншаад гэнэт нэг явдал санаанд орлоо. Коментоор үлдээх гэсэн чинь их санагдаад.
2004 оны намрын 8, 9-р сард би хөдөө сумаар орчуулганд явсан юм.
Намайг тэр орчуулганд явахаас 2, 3 жилийн өмнө өвсний үндэсээр санхүүжүүлсэн нэгэн төслийн үр дүн ямар байгаа талаар хийсэн судалгаа.
Архангай, Өвөрхангай, Төв аймгийн зарим алслагдсан сумдын дунд сургуулийн IT -н техник хэрэгсэлийг нэмэгдүүлэх зорилготой Сакура хэмээх төсөл байсан юм билээ.
Хөдөө явсан судалгааны багт 2 Япон байсан ба хоёулаа IT-н мэргэжлийн бөгөөд нэг нь олон улсын байгууллагат сайн дурын гишүүн, нөгөө нь Японы төрийн бус байгууллагын ажилтан, нэгэн их сургуулийн багш байв.
Жолоочоо оруулаад бид дөрөв 14 хоног Архангай, Өвөрхангай аймгийн сумдаар ажиллав.
Дунд сургуулиудад Сакура төслөөр Японы нэгэн их сургуулийн РС-г актлаад тээврийн зардлыг нь өвсний үндэсээр санхүүжүүлж хөдөөгийн сурагчидад хүргэсэн юмсанж.
Япончууд хөдөөгийн хүүхдүүд РС-гүйгээс болж мэдээлэл зүйн хичээл нь алдаг оног ордог муу талыг арилгах зорилготой байсан тул Windows программ биш Linux гэдгийг РС-д суулгаж, ашиглалтын зааврын хамт сургуулиудад хүргүүлжээ. Яагаад гэдгийг нь учир мэдэх хүмүүс нь мэдэж байгаа, Windows software бүх компьютерт суулгавал хуучин РС-нээсээ хэд дахин үнэтэй болох тул free Linux ашиглуулахаар болсон юм билээ.
Харин Linux -н ашиглалт ямар байгааг бидний судалгаа тодруулах учиртай байлаа.
Ккк, маш муу байсан, өөрөөр хэлбэл Япончуудын өгсөн тусламжийг хулгай хийх хэрэгсэл болгосон байна гэдэг дүгнэлт гарсан юмдаг.
Сум болгон дээр очиж, сургуулийн захирал, мэдээлэл зүй, тоо, физикийн багш нар, ахлах ангийнханг цуглуулан уулзалт зохион байгуулж форматласан ч Windows software-г суулгаж болохгүй талаар баахан ярив. Зарим нь сайн ойлгоод эвдэрсэн РС-гээ засуулж, ашиглах талаар зөвөлгөө авч байхад аль суманд билээ дээ нэг дэнхийсэн том хүү босож ирээд бут цохьсон асуулт асуув.
Нөгөө хоёр Японоос та хэдэн настайдаа охинд дурласан бэ? гэхэд зааланд сууж байсан хүмүүс пирхийж, би бүүр нүд орой дээрээ гарсан юмдаг.
Нөгөө Япон нь ч бүүр чихэндээ итгэхгүй байгаа бололтой баахан бөөрөнхий хариулт өгсөн юмдаг.
Тэр хоёр Японы ярианаас Microsoft-н талаар бага сага анх сонсож бас Монгол бол маш өчүүхэн зах зээл учраас Microsoft тоохгүй байдаг юм болов уу даа гэсэн хувийн дүгнэлттэй үлдсэн.
Тэрнээс биш хүн ам олон, хэрэглэгч олон бол яах ч аргагүй өндөр үнээр худалдаж авах, үгүй бол Нараа шиг байдалд орно гэдгийг ойлгож авсан.
Манай хөдөөгийнхөн мөн сайхан санаа амар хүмүүс шүү. Багшийг нь буруутгаад, Япончуудын өгсөн тусламжийг зохистой хэрэглэсэнгүй гэж байхад хэнэггүйтээд тийм асуулт тавиад өөр юм бодоод сууж байдаг.

Wednesday, May 4, 2011

Хурын ус

Өглөө шивэрч байсан бороо үдээс хойш цас болж орлоо. Өнөөдөр 5 сарын 4 өдөр шүү дээ.


Хот өнгөө засаж, яг л нүүрээ угаасан жаал шиг цэмцийнэ.
Яагаад ч юм бэ? бүү мэд, цас орохоор баярладаг болчихож. Хэсэгхэн хугацаанд цэлийгээд, цэмцийгээд сайхан санагддаг юм болов уу.
...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...