Showing posts with label Түүх дурсгалт газрууд. Show all posts
Showing posts with label Түүх дурсгалт газрууд. Show all posts

Wednesday, January 23, 2008

Хөгнө Хан уулын домог

Элсэн тасархайн зүүн хойд талаар Хөнгө хан хайрханы бараа сүртэйхэн харагдана.
Түүгээр явах болгондоо аль багадаа сонсож байсан домог санаад ордог юм.
Энэ сүрдэм хайрханы нэр үүсэх үйл явц тэртээ олон жилийн өмнө, Халхыг Манжид дагаар орох тэр үед болжээ.
Хайрханы хамгийн их бартаатай уулын тагт Халхын өндөр гэгээн Занабазар өөрийн хэдэн шавь нарын хамт нэгэн гайхамшигтай дуганыг босгожээ. Тэр дуган нь алтан ганжиртай, зуны цагийн хурал ном хурах, нэг ёсондоо бурхан шашинд нэвтрэх даянч лам нарын газар болгох зорилготой байв.
Гэтэл тухайн цаг үеийн байдал ороо бусгаа Халхын хант улс, Зүүн гарын хант улсын хоорондын зөрчил дээд цэгтээ хүрч байв. Халхуудыг Өөлдүүд дайлаар ирэхэд Халхын ард түмэн ялангуяа Эрдэнэ зуу орчмын сүсэгтэн олон Өндөр гэгээнийг даган Манжид дагаар орон дутаасан байжээ.
Өөлдийн цэргүүдийг тухайн нутагт цөмрөн орж ирэхэд тэр хавьд айл, амьтан, мал хөрөнгө бараг үлдсэнгүй. Өөлдүүд ганц нэг амьд мэнд үлдсэн хүмүүсээс уулын таг дээр байдаг дуганд хэсэг хүн амь хорогдож байгааг мэдэж, хайсан боловч олдохгүй байв.
Өглөөн ургах нарнаар зэргэлдээх уулын орой дээрээс эсрэг талын сүрлэг сайхан Хайрханы тагт нэгэн сүм алтан ганжираа наранд гялтгануулан үзэсгэлэнтэй сайхан харагдах нь тэнд ямар ч байсан амьд хүн бий, тэднээс бусдыг хаашаа дутаасныг асуух, эс хэлвээс ял тулгах зорилгоор алтан ганжирт сүмийн зүг зэвсэглэн морджээ.
Тэнд ойролцоогоор 100-гаад лам нар байсан ба Өөлдүүд биднийг олж ирэхгүй нь лав хэмээн итгэж дуганаа сахиж үлдсэн байжээ.

Өөлдийн цэргүүд гар хоосон лам нартай нүүр тулмагц өөрсдийн асуултыг тавьсан боловч, тэд ам өчиг алдсангүй.
Ойрдын цэргүүд гартаа ганц зэвсэггүй хөөрхий лам нарыг хөнгөлөн хороож, алтан ганжирт дуганыг ч мөн шатаан сүйтгэжээ. Түүнээс хойш хайрханыг Хөгнө Хан гэдэг болсон юм гэнэ лээ.

(Хүүхэд байхдаа сонсож байсан болохоор дуганы нэр, Хөгнө ханы өмнөх нэр зэргийг мартсан байна. Мэдэх хүн хэлж өгөөрэй)

Saturday, September 29, 2007

Уйгарын хар балгас


Хархориноос Орхоны гүүрээр гарч, чанх хойноос ирж байгаа цахилгааны төмөр шонг хөндлөн гарч, зүүн хойшоо чиглэн 32 км орчим яваад нэг эртний балгас байдаг. Нутгийн иргэд тэр балгасыг “Хар балгас” гэдэг. Хар балгасыг хэн хэзээ байгуулаад бас хэзээ хэн мөхөөчихсөн талаар Монголын түүхийн хичээл ордог байсан Дулмаа багшийн лекцээс санаж байгаа хэсгээсээ оруулж байна. 7-р зууны дундуур Монгол нутаг дээр Түрэг улс ноёрхож байжээ. /Одоогийн Түрк, Казакууд юм шиг байгаан/ Түрэг улсын нэг овог аймаг болох нөхдүүд бослого гаргаж ялсан нь Уйгарчууд байжээ. Ингээд Монгол нутаг дээр 100 гаруй жил өөрсдийн ноёрхолыг тогтоож байхдаа Орду-балык гэдэг хотыг байгуулсан нь түүхэнд “Уйгарын хар балгас” гэж тэмдэглэгджээ. Гэхдээ хотын нэр нь эх сурвалжууд дээр өөр өөр тэмдэглэгдсэн гэж байгаан. Уйгарын хар балгас нь Уйгарын хааны өргөө, төрийн яам, гар үйлдвэр, худалдааны хороолол, шашны сүм, бэхэлсэн цайз хэрмээс бүрдсэн бөгөөд уртаашаа 25 км зайд үргэлжилсэн их хот байжээ. Хар балгасыг 840- өөд оны үест Енисейн Хиргис нар галдан шатааж эвдэн сүйтгэжээ. Хиргис нь одоогийн Киргизүүд. Монгол нутаг дээр бас 50 орчим жил ноёрхосон юм гэнэ лээ. Их дайнч, улсуудын нутаг дээр эртний хот үлддэггүй юм байнаа. Хүчтэй байсан юм болохоороо их ч юм хийсэн байх юм, их ч юм эдвэж, эвдүүлсэн байх юмдаа. Хар балгас Архангай аймгийн Хотонт сумын нутагт Орхоны хөндийд байдаг. Хархорин орчмоор явбал нэг очоод үзэхэд сонирхолтой шүү. Тэгээд Хар балгасаас зүүн хойшоо 50 орчим км яваад л Өгийнуур дээр очоод амарчихгүй юу. Дашрамд хэлэхэд Хиргисүүд 50 орчим жил ноёрхож байгаад дараа нь Монгол нутаг дээр Хидан улс мандан бадарчээ. Тэр Хиданчуудыг чинь Монгол язгуурын хүмүүс гэж эрдэмтэд үздэг гэсэн.

Friday, September 14, 2007

Хүний бүтээсэн бүхэн учир утгатай

Энэ чулуун мэлхий Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт бий гэдгийг бүгд мэдэх байхаа. Хүний хийсэн бүтээсэн бүхэн чухал санаа агуулсан байдгийн адилаар, энэ чулуун мэлхий ч өөрийн гэсэн түүхтэй бас учир утгатай билээ.
Тэртээ 13-р зуунд Монголын их хаан Өгөөдэйн зарлигаар Орхоны хөндийд Их Монгол Улсын нийслэл "Хархорум" хотыг байгуулсан гэдгийг ч бүгд мэднэ. Дээрх чулуун мэлхий, одоогийн Хархорингийн орчим 4 ширхэг байдаг ба "Хархорум" хотыг мэлхий хамгаална гэсэн утгыг агуулсан гэж тайлбарладаг. Галав юүлэхээс өмнө манай дэлхий дээр үлэг гүрвэлийн амьдрал ноёрхож байжээ. Үлэг гүрвэлтэй хамт амьдарч байсан амьтдаас одоог хүртэл амьдарч байгаа амьтан бол яст мэлхий. Бас урт настай амьтан. Монголчуудын дунд, Манай дэлхий яст мэлхийн нуруун оршиж альваа аюул ослоос яст мэлхий дэлхийг хамгаалдаг тухай домогт өгүүлдэг. Чухам энэ л домгоос сэдэвлэн Хархорум хотын 4 талд эдгээр 4 мэлхийг бүтээн босгосон байна.
4 мэлхийн 1-р мэлхий "Эрдэнэзуу хийд"-н зүүн хойно, 2 дахь мэлхий нь баруун урд уулын орой дээр, 3 дахь мэлхий нь Хархорины тариалангийн талбайд, 4 дэхь мэлхий нь Хархориноос Орхон голоо өгсөөд явахаар байдаг юм билээ. Тэртээх 13-р зуунаас он жилийн түүхийг элээсээр 4 мэлхий маань эх орныг минь хамгаалсны хүчинд МОНГОЛ УЛС Орос, Хятад 2 орны дунд тусгаар улс байсаар ч байгаа юм билүү? хэн мэдэхэв дээ. Хүний гараар бүтсэн бүхэн учир утгатай.
...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...