Showing posts with label Япон зан үйл. Show all posts
Showing posts with label Япон зан үйл. Show all posts

Friday, August 29, 2008

Икэбанагийн тухай

Монгол-Японы төв дээр энэ сарын 27-нд "Икэбана" хэмээх Японы уламжлалт цэцэг амилуулах урлагийн үзүүлэх сургалтанд хагас дутуу сууж үзлээ.
Бид хэн нэгнээс амьд цэцэг хүлээж аваад савтай усанд хийх зэргээр л арчилдаг бол икэбана хийвэл урт хугацаанд цэцгийн тансаг байдал алдагдахгүй таны өрөө тасалгааг чимэж байдаг юм байна.
Икэбанаг хийхэд чухал шаардлагатай хэрэгсэл бол "кэнзан" буюу хатгуур юм байна.
Эхлээд Ёшида багш өөрөө хийж үзүүлээд дараа нь сургалтанд оролцогчдоос сугалаагаар дөрөв дөрвөн хүн гарган бэлдсэн ширээнд суулган биечлэн хийлгүүлсэн тул амархан ч юм шиг санагдав.
Багшийн хийсэн бүтээлүүд. Сургалтанд оролцогчдын зургийг оруулав.
Цэцгээ ийнхүү амилуулан өрөөнд тавихад ойролцоогоор 7 хоног гоёмсог байдлаа хадгалдаг бөгөөд долоо хоногийн дараа хатуурт суулгасан цэцгээ сугалан авч, ишний үзүүрийг дахин ташуу зүсэн шинээр суулгахад дахин нэг долоо хоног амьдрах чадвартай юм гэнэ.
Гэхдээ Японы уламжлалт урлагт ордог болохоор энэ мэтийн бүдүүн тоймын тайлбараар бол хэн ч хийчих юм шиг мөртлөө тийм биш юм байна.
Икэбана нь дотроо олон олон урсгалуудтай бөгөөд, урсгал тус бүрүүд өөр өөрийн онцлогтой юм.
Мөн цэцгийн өөрийнх нь шинж чанараас хамаарч, зарим цэцэг сар орчим амилан тансаг байдлаа хадгалж байдаг бол зарим нь хагас өдрийн, 2 цагийн настай цэцэг ч байдаг.
Жишээлбэл: Очиябана буюу цайны цэцэг нь маш богинохон настай тул уг цэцгийг рестрон эсвэл гэртээ хүндтэй зочин ирэхэд тухайн зочинд тухайлан зориулж байна гэсэн утгаар икэбана болгон тавьдаг гэнэ. Зочин ч гэсэн тэр цэцгийн шинж чанарыг мэдэж байдаг тул зөвхөн намайг үйлчлүүлэх үед ийм цэцгээр гоёсон байна хэмээн үйлчилж буй хүмүүстээ хүндэтгэлтэй ханддаг.

Гоо зүйн мэдрэмжтэй болгох, мөн цэцгээс маш олон төрлийн таатай мэдрэмжийг хүн хүлээж авах боломжтой энэ урлаг нь Япончуудын үндэсний соёл, урлаг, гоо зүйн салбар тул хүн бүр маш нарийн ойлголттой ажээ.
Анх икэбанаг Япон эрчүүд хийдэг байсан бол "Мэйжи ишин"-гээс (Мэйжи ишин гэдэг нь Мэйжигийн хувьсгал буюу 1868 он хойш) явандаа эмэгтэйчүүд суралцан хийсээр орчин үед эмэгтэйчүүд хийдэг болсон. Ялангуяа залуу эмэгтэйчүүд нөхөрт гарахаасаа нэг, хоёр жилийн өмнө икэбанагийн сургалтанд маш ихээр суудаг гэнэ.
Мөн дунд сургуулийн сургалтанд икэбанагийн сургалт орж байдаг болохоор үндэсний энэ урлагийг мэдэхгүй Япон хүн байхгүй юм.
Иймд гоо зүйн өндөр мэдрэмжтэй Япончуудад цэцэг бэлэглэхдээ сайн бодож байж өгөх нь зүйтэй болов уу. Хэрэв сайн мэдэхгүй бол өөрөөс нь асууж болно.

Monday, August 25, 2008

"Икэбана" амьд цэцгийн урлаг

Японы үндэсний өвөрмөгц урлаг болох "Икэбана" -гийн үзүүлэх сургалт 2008 оны 8 сарын 27-ны өдрийн 14 цагт Монгол-Японы төв дээр болох юм байна.
Икэбана гэдэг нь үгчлэн орчуулбал амьд цэцэг гэсэн утгатай бөгөөд эрт дээр цагаас өнөөг хүртэл Японд уламлагдан үлдсэн урлагийн нэг төрөл юмаа.
Тарьмал болон хээрийн цэцгээр гэр орон, ажлын газар, өөрөөр хэлбэл хүнд таатай мэдрэмж төрүүлэх зорилгоор өрөө тасалгааг чимдэг байна.
Тасдаж орхисон цэцэг хормын төдийд үхэж өнгөө алддаг бол икэбана болгон хийвэл харьцангуй урт хугацаанд таны өрөө тасалгааг цэцгийн тансаг үнэр, өнгөөрөө чимэж байдаг. Мэдээж хэдий орчим хугацаанд гоёмсог байдлаа хадгалах нь тухайн цэцгийн өөрийн онцлог шинжээс ихээхэн хамаардаг.
8 сарын 27-нд болох Икэбанагийн үзүүлэх сургалтыг Японы Нагояа хотын урлагийн их сургуулийг төгссөн Ёшида Хидэми гэдэг эмэгтэй хийх юм байна.
Та бүхийг өргөнөөр оролцохыг хүсье.

Friday, January 25, 2008

Оригами хийж үзээрэй

Өдөр цайны цагаар хамт ажилдаг инженер залуу, та энийг нугалаад хайрцаг хийгээч гээд доорхи загварын хамт бэлтгэсэн цаас өглөө.
Хэсэг оролдсоны хүчинд хайрцаг бэлэн боллоо. Япончууд цаасан нугалбар их хийдэг. Тийм цаасан нугалбараа "Оригами" гэдэг.

Урьд нь хүүхдүүдийн хийсэн оригами бүтээл үзэхэд, усан онгоц, завь, цамхаг, галт тэрэг, байшин, сав, хувцас хунар их гоёор хийсэн байдаг юм билээ.
Японд бага сургуульд бүр хичээл болгон заадаг гэсэн. Нэг ёсондоо хүүхдийн IQ-г хөгжүүлэх зорилготой байдаг гэнэ. Мөн нэг талаасаа урлагийн бүтээл болдог тул зураг урлалын мэдрэмжийг хүүхдэд суулгадаг онцлогтой.

Тусгай цаас бэлдээд та бүхэн ч гэсэн завтай цагтаа оролдоод үзээрэй. Болох юм шиг санагдсан. Хамгийн гол нь хайрцаг аль ч талаасаа хялбар задрахгүйгээр нугалах юм байна лээ шүү.

Saturday, August 11, 2007

Япончуудын “Обон ясүми”-гийн тухай

Шүтээн буюу “Бондана” Японд эртнээс уламжлагдсан ирсэн зан заншил их байдаг. Жил бүрийн 8 сарын 14-16 өдрүүдэд “Обон”-г тэмдэглэдэг. Обон гэдэг нь “Урабана гэдэг Санскрид үгнээс гаралтай, бүрлээчийг хойд төрөлд нь амар амгалан байлгахын тулд түүний араас мөргөл үйлдэх бурханы шашны зан үйл юм. “Обон ясүми” гэдэг нь “Обоны амралт” гэсэн утгатай. Энэ амралтаараа Япончууд ээж аавдаа очих, дотоод, гадаадад аялах зэргээр өнгөрөөдөг байна.
“Обон” тэмдэглэх зан үйл нь бүс нутгуудын өөрсдийн онцлогоос шалтгаалан ялгаатай байдаг боловч гол агуулга нь адилхан байдаг. 8-р сарын 13-ны орой айл бүхэн өөрсдийн шүтээнийхээ өмнө “Мүкаэби” буюу тосох галыг асаадаг. Нэгэнтээ тэнгэрт одсон эцэг өвгөдийн сүнс өөрсдийнхөө үр удмын шүтээний өмнө асах галын гэрлээр үр удмаа таньж гэртээ орж ирдэг байна. Ингээд 8 сарын 14-15 өдрүүдэд өвөг дээдсийн сүнсүүд гэртээ байж 8 сарын 16-ны орой эргэж явдаг ба 16-ны орой “Окүриби” буюу үдэх галыг гаргадаг. Үдэх галын гэрлээр эцэг өвгөдийн сүнсийн диваажинд очих замыг гэрэлтүүлнэ гэж үздэг байна.
Эцэг өвгөдийн сүнсийг ирэхэд шүтээнийг тусгайлан засаж бэлтгэдэг ба “Бондана” гэдэг. Сүнсийг идээ ундаагаар элбэг дэлбэг дайлахын бэлэгдэл болгон хаш ногоон үхэр, өргөст хэмхээр морины хэлбэр гарган хийж, идээний дээжийг “
Бондана”-д өрж тавьдаг. Сүнс мориор ирж үхрээр буцна гэж үздэг тул сүнсийн хойдоход ихээхэн анхаарч тэдний замын унааг ч бэлэн байлгах гэсэн санааг агуулж байдаг.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...