Showing posts with label Нарны гүүр. Show all posts
Showing posts with label Нарны гүүр. Show all posts

Monday, April 1, 2013

"АКАШИ КАЙКЁО" Bridge

Акаши Кайкёо гүүр нь Японы Хёого мужийн Кобэ хот болон Шикогү арлын Аважи хотыг холбосон дэлхийн хамгийн урт дүүжин гүүр юм.

Monday, March 4, 2013

Семинарын сонин сайхан

Саяхан хүний гуйлтаар семинарын орчуулганд явлаа. 
Надад тохируулсан юм шиг гүүрэн байгууламжийг шинээр барих төлөвлөлт, бас ашиглалтанд өгсний дараах засвар арчлалт, түүний хяналт, хөрөнгө оруулалтын менежмент гэсэн сэдэвтэй байв.
Улаанбаатар хотын дундуур төмөр зам гарч байгаа тул хотын урд, хойд талыг холбох авто замын сүлжээнд төмөр замыг давах шинэ гүүрэн байгууламж одоогийн хөдөлгөөний эрчмээр  шаардлагатай ангилалд оржээ.

Friday, December 14, 2012

Дошны гэр

Анх Нарны гүүрийн барилгын ажлыг 2010 оны хавар эхлүүлж байхад энэ гэрийн цаад талд 3 гэр, бяцхан гэр хороолол амьдардаг байв.

Monday, November 5, 2012

Нарны гүүрийн талаарх энгийн мэдээлэл

Нарны гүүрийн тухай бага сага гадарлах хүний нэг учраас хэд хэдэн зүйлийг тодруулбал зүгээр санагдаж байна. Ялангуа хүүхэд залуучуудад.

Monday, October 29, 2012

Сүүлийн үеийн сонин хачин

Сүүлийн үеийн сонин сайхнаас оруулъя гэтэл эхнээсээ бүдгэрээд, яг юунаас эхлэхээ мэдэхгүй хэсэг хугацаа алдчихлаа.
Гүүрийн ажил дуусч, нээлт  хийснээс хойш, хамт ажиллаж байсан андын хурим, төрсөн өдөр, шинэ караокены нээлт, үргэлжлүүлээлээд дүү охины хүүгийн үсны цайллага энэ тэрийг бөөндөж, өдөр бүр халамцуу, орой бүр гөлөмцүү гэртээ харьсаар арваад хоногийг ардаа үджээ.
Халамцсан үеийн биш хэдэн зураг оруулвал юу хийсэн минь арай тодорхой юм шиг байна.

Saturday, September 8, 2012

Зөв бурууг нь хараад өгөөрэй

Манай гүүрэн дээр босгосон дурсгалын чулуу. (Дурсгалын гэрэлт хөшөө, ккк)
Гүүрэн дээрээ явган хүний замтай бөгөөд өгсөх, уруудах явган хүний шат дөрөв бий. Шат бүр дээр дурсгалын чулууг байрлуулж, гүүрийн нэрийг Монгол, Япон үсгээр сийлсэн юм.

Monday, September 3, 2012

Ажлын сонин сайхан

Нарны гүүрийн барилгын ажлын явц тун дажгүй, графикын дагуу баригдаж байна.  Өнгөрсөн 8-р сарын 25 өдрийн байдлаар гүйцэтгэл 90 гаруй хувьтай байв.

Wednesday, November 30, 2011

Үг хэлэх зөвшөөрөл-1

Яагаад ч юм бүү мэд, би шал өөр чиглэлийн сургууль төгссөн мөртлөө, ажил амьдрал минь барилга, зам гүүрийн салбартай бат уялдаж, мэргэжил мэдлэгтэй хүнд дарлуулаад байхааргүй боломжийн мэдээллийг өөртөө цуглуулж амжжээ.
Нилээн дээрээс хойш бичихээр санаандаа буулгаад байсан нэг сэдвээр өнөөдрийн бэлэгт сайн өдөр үзэг цаас нийлүүлж байна.
Товчхондоо, Япон чанар яагаад бусдаас чанартай байдаг тухай юм л даа. Энд бичих зүйл зөвхөн миний ажиглалт бөгөөд энд тэндээс уншиж судлаагүй тул өөр байж болох талтай болохыг анхаарна уу.

Олон юм ярихаа болиод гол асуудалдаа орох зөв болов уу.

Зам барилгын ажилд хамгийн гол хүчин үйлийн нэг бол ажлын төлөвлөгөөг инженер техникийн ажилчид хэрхэн боловсруулах вэ? гэдэг хамгийн чухал, ажлын цөм хэсэг юм.

Нэгдүгээр алхам:
Төлөвлөгөөг боловсруулахдаа эхлээд өөрийнхөө хийх үйлдлийг сайтар тунгаах бөгөөд, жишээлбэл хэдэн км зам, түүний хийц, хийцийн онцлог ажилбар, тухайн ажилд шаардлагатай энгийн ба онцлог материал, түүний худалдан авалт тээвэрлэлт, түүнтэй холбоотойгоор гааль татварын хувь хэмжээ, хадгалах орон зай байр сав, угсралтын ажлаа ямар аргаар, ямар тоног төхөөрөмж ашиглаж хийх, тухайн ажилбарт хүн хүчээ хэрхэн зохион байгуулах гэх мэтийг зураглан эхний төлөвлөлтөө гаргана.
Эхний төлөвлөгөөний зорилго бол тухайн ажлыг та хэдий хугацаанд дуусгах өөрөөр хэлбэл хүлээлгэж өгөх хамгийн боломжит хугацаа хэзээ вэ? гэдгээ зөв бөгөөд эргэж өөрчлөхгүйгээр тогтоож гаргах нь хамгийн оновчтой.
Хоёрдугаар алам:
Эхний гаргасан төлөвлөгөөгөө удирдлага болгон холбогдох бүх байгууллагын саналыг сонсох. Үүнд бараа материал тээвэрлэхдээ хаанаас, юугаар тээвэрлэх вэ гэдгээ нарийвчлан судалж, тээврийн хугацааг нарийн гаргах. Үүндээ хаунлиг маш сайн харж олон нийтийн баяр ёслол хэдийд байна? гадаад улсаас ирж байгаа бараа материал бол дамжин өнгөрөх улсын баяр ёслол нийтээр амрах өдрийг сайтар судлаж өөрийнхөө ачааг ирэх хугацааг яаж зохицуулахаа судлах шаардлагатай. Жишээлбэл Оросоос битум авахаар боллоо гэж саная. Захиалга өгөөд бараа хэзээ ачигдах, ачигдсанаас хойш ирэхдээ хэд хоног зарцуулах, түүнд Оросуудын амардаг өдөр хэд орж байна? Хил гааль дээр яг хэдиййд ирэх нь вэ? ирэх өдрийг урагшлуулж хойшлуулъя гэвэл ямар арга хэмжээг авах шаардлагатай байна? цаашилбал, хэнд хэрхэн хандах ёстойг нэг бүрчлэн судлаж, гадаад орчноос нөлөөлөх хүчин зүйлийн мэдээллийг сайн цуглуулж нэгтгэнэ.
Хоёрдугаар алхам нь ажлын хамгийн гол фронт тул зөвхөн бараа материал татах биш, барилгын ажлаа ямар технологи аргаар хийх вэ гэдэгтэйгээр уялдуулна. Жишээлбэл замын борооны ус зайлуулах шугамын төмөр бетон хоолойн хийц байгаа гэж санавал, тухайн хийцийг хийх үйлдвэр бүтэн жилийн турш ажиллах боломжтой, хэдний хүчин чадал онцлог, технологичийн чадвар зэргийг судлаж эцэст нь шаардлагатай тоо хэмжээний төмөр бетон хоолойг хэдий хугацаанд тухайн үйлдвэр үйлдвэрлэж гаргах чадвартай вэ? гэдийг судлаж эхний гаргасан төлөвлөгөөдөө зоож өгөх нь зөв. Үүнд зөвхөн нэг үйлдвэрийг судлаад байвал өрөөсгөл болох тул аль болох олон үйлдвэрийг судлаж өөрийн төмөр бетон хоолойг хийх хамгийн чавартай нэг компанийг сонгох нь илүү үр дүнтэй.
Бас нэг гол юм бол барилгын ажил хийхэд маш олон зөвшөөрөл авдаг юм. Тэр зөвшөөрлүүдийг хэрхэн авахаа сайн бодож гарфикынхаа хаана тусгахаа шийдэх хэрэгтэй.
Гуравдугаар алхам:
Эхний хоёр алхамыг бүрэн хийж чадсан бол төлөвлөгөө үндсэндээ чиний бодсоноор болох нь ойлгомжтой.
Эхний алхамын өөрийн ерөнхий төлөвлөлт дээрээ хоёрдугаар алхамын гадаад орчны судалгааны мэдээлэл дээрээ тулгуурлан ажлын график төлөвлөгөөгөө дахин шинээр гаргаж нэгтгэнэ. Ингэж нэгтгэхдээ анхаарах гол зүйл бол тухайн барилгын объектын хүлээлгэж өгөх хугацааг огт өөрчилж болохгүй бөгөөд дотроо хийх дэс дараалал бага зэрэг өөрчлөгдөх нь хамаагүй бөгөөд таны өөрийн хэтэвч, авхаалж сабаагаас хамаарч төлөвлөгөө биелэлтэнд хүрдэг.
Миний ажигласанаар бол манайхан нэгдүэгээр алхамаа ажлын төлөвлөгөө гэж үздэг бөгөөд хоёрудгаар, гуравдугаар алхамыг огт хийдэггүй.
Ингэж хийсэн ажлын төлөвлөлт нь зөвхөн чиний хийсэн төлөвлөлт тул бусад хүнийхтэй уялдаагүй, графикын хоцрогдол гарах үндсэн шалтгаан болдог. Төлөвлөлтийг зөвхөн өөрийнхөө санал дээр тулгуурлаж хийхэд эхлээд төлөвлөхөд хялбар боловч дараа нь гүйцэтгэхэд маш хэцүү болж ирдэг юм.
Одоо миний ажиллаж байгаа Нарны гүүрийн барилгын ажил өвөлдөө талбай дээрх ажил зогссон боловч ирэх жилийн ажлын төлөвлөлт ид хийгдэж байна. Гүйцэтгэлийн шатанд манай Монгол инженерүүд оролцдог боловч чухамхүү миний ач холбогдол өгөөд буй энэ төлөвлөлтөнд Монгол инженерүүд хангалттай оролцохгүй байгаа нь харамсалтай санагддаг. Өвөлдөө Монгол инженер амарч байгаа нь хувь хүндээ амар ч жинхэнэ төлөвлөлтийн тухай мэдрэлгүй өнгөрдөг юм болов уу? гэсэн таамаг буугаад байдаг юм. Нэгэнт өөрөө төлөвлөхөд байгаагүй хүн, хавар ирээд төлөвлөсөн хүнтэй ажиллахдаа саналаа хэлэх бус, төвлөгөөндөө баригдаж хийхээс өөр аргагүйд хүрдэг тул зам, гүүр барилгын инженерүүдэд хандаж хэлэх ганц үг байгаа нь өвөл амралт биш инженер та жинхэнэ тактикаа чанартай боловсруулах хамгийн их ажиллах цаг чинь юм шүү гэж хэлмээр санагдаад байгаа юмаа.
Хоёрдугаар алхам дээр авсан жишээ зөвхөн тэр хоёр болохоос биш, бүх гадаад орчны нөлөөллийг нарийн судлаж төлөвлөдөг зан чанар манай инженерүүдэд дутмаг байдаг. Монгол инженерүүдийн ерөнхий чадвар нэг их дутаад байхгүй ч гагцхүү энэ төлөвлөлт судалгааг хийгээгүйгээс бусад гадаад инженерүүдэд ажлаа алдаад байх шиг санагддаг. Судлаж байгаад дараа нь төлөвлөлт хийхэд гарцаагүй цаг хугацаандаа чанартай гүйцэтгэх алтан боломж өөрөө гарч ирдэг тул судалж төлөвлөх нь хамгийн зөв санагддаг юм.
Эцэст нь нэмж хэлэхэд ажлын график төлөвлөгөө хийх чинь инженер таны ажил хийх цагаан толгой шүү.
Цагаан толгой хааш яаш бол цаашаа юу болох тухай хэлэлтгүй биз дээ.




Monday, July 25, 2011

Гүүрийн ажлын явц

Өнгөрсөн долоо хоногийн 2 дахь өдрөөс хагас сайны шөнө хүртэл Нарны замыг хааж гүүр (дам нуруу) угсралтын ажил амжилттай хийгдлээ.
Хотын замын хөдөлгөөний эрчмийг харгалзан үзэж аль болох иргэдэд түвэг чирэгдэл бага үүсгэх үүднээс Нарны замыг шөнийн 23 цагаас өглөөний 7 цаг хүртэл зөвхөн шөнийн цагаар хааж байв.
Дам нурууг үндсэн тулгуур дээр угсрахаас өмнө түр тулгуур дээр угсарч байгаа байдал. Үндсэн тулгуур нь саарал өнгийн 4 багана шүү дээ. Ийм түр тулгуур ашиглах ажлын хурд, ачаалалыг хэмнэх сайн арга юм билээ. Тээврийн товчооны уулзвараас Усны гудам хүртэл Нарны замыг бүтэн хаах тал дээр хамтран ажилласан Замын цагдаагийн газрын Замын зохион байгуулалтын тасгийнхандаа баярлаж байв.
Хамгийн эхний шөнө зам хааж дамнуруу угсраад, замын хөдөлгөөн нээсний дараах үеийн зураг. Унжсан чигээрээ өнжихөд, бэхэлгээ хангалтай ямар ч асуудалгүй, гээд манай инженерүүд тоохгүй байлаа. Энэ үед дам нурууны нөгөө зах түр тулгуур дээр хүрээгүй дунд нь зогсолт хийсэн нь технологийн хувьд бас л сонихон санагдав.
Завсарын тулгуур хоорондын алгасал 47 метер буюу яг Нарны зам дээр гарч байгаа хэсэг л дээ. Нарны гүүрийн хамгийн урт алгасал нь 55 метер бөгөөд төмөр зам дээгүүрх, угсарлтын бас өөр аргаар угсарсан болно. Энэ тухай дараа тодорхой мэдээлэл оруулнаа. Алгасал гэдэг нь нэг тулгуураас нөгөө тулгуур хүртэлх зайг хэлэх бөгөөд миний мэдэхийн Монголдоо хамгийн урт алгасал болно. Алгасал урт болохын хэрээр доод суурьт тавигдах шаардлага ярвигтай ба өөрөөр хэлбэл инженерийн ур ухаан шаардана гэсэн үг.
Жич: Миний блог дээр тавигдаж байгаа зургийг дураараа авч ашиглахыг хориглоно.
Ноднин оруулсан зургийг gogo.mn дураараа тавьж, чихийг минь халууцуулсан шүү.
Аа, тийм нээрээ гүүр 2012 онд ашиглалтанд орно. Ажлын явц өнгөрсөн 6 сарын 25 өдрөөр хааж тооцоход 47,9 хувьтай байв.

Wednesday, November 3, 2010

Гүүрний ажлын явц

Нарны гүүрийн барилгын эхний жилийн төлөвлөгөөт ажил амжилттай гүйцэтгэгдэж байна. Эхний жил төлөвлөсөн гадсан суурийн ажил болон ган тулгуур угсралтын ажил бүрэн дууслаа.
Доор оруулсан зургийг үзвэл ойлгомжтой болох биз ээ.
Хамгийн эхний зураг дээр гүүрийн төмөр замын урд талын захын тулгуурын төмөр бетон угсралтын ажил, дараагийн зураг дээр гүүрийн завсарын тулгуурын угсралт, Хойд тадын захын тулгуурын төмөр бетон угсралтын зургийг орууллаа. Нарны зам дээгүүр гарах хэсгийн завсарын тулгуур хоорондын зай,





















Энэ жилд гадсан суурийн ажил голчилсон тул ийнхүү нүдэнд харагдах болтлоо нилээн их цаг хугацаа орлоо.

Гадсан суурийг нээлттэй ухмалын аргаар биш, гадлагч машиныг ашиглан ган болон төмөр бетон цутгамал гадсыг өрөмдөх маягаар угсарсан тул маш нарийн бөгөөд инженерийн ур ухаан шаардсан ажлууд байлаа.
Нарны гүүрийн талаар өөр мэдээлэл хүсвэл миний "нарны гүүр" гэсэн ангилалаас үзээрэй.
Зураг дээр харагдаж буй захын завсарын тулгууруудын нүднээс далд газар доор 10-11 метрийн гадсан суурь угсрагдсан бөгөөд ил харагдаж буй тулгуур нь жолоочийн болон зорчигчийн үзэгдэх орчинг сайжруулах үүднээс дан дангаар төлөвлөсөн юм байна.
Дан ган тулгуур 20, дөрөв дөрвөөрөө 1 завсарын тулгуур болж, үндсэндээ 5 завсарын тулгууртай.
Ирэх жилийн ажил 4 сард эхлэх ба ган дам нуруу угсралтаар эхлэх бөгөөд цаг хугацааг хэмнэсэн нарийн технологоор угсрах юм.
Гүүрийг 2012 оны 11 сард хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Saturday, August 28, 2010

Гүүрийн төрөл хэлбэр олон


Зураг төсөл боловсруулахдаа эдийн засгийн нөхцөл байдалд тулгуурлан технологийн нөхцлүүдийг нарийвчлан судлан боловсруулах нь зураг төслийн багийн үүрэг болно.
Эдийн засгийн нөхцлийг хэрхэн шийдэхийг аливаа санхүүжүүлж буй тал шийдэх учраас, зөвхөн технологийн талаас нь санал хуваалцъя.
1. Гүүртэй огтлолцох хэсгийг судлах. Үүнд авто зам,төмөр зам, гол мөрөн, инженерийн байгууламжийн далд шугам сүлжээ огтлолцож байгаа эсэхийг нягтлах бөгөөд ялангуяа шугам сүлжээ огтлолцох бол түүнийг шилжүүлэх хөрөнгийг хэзээ, хаанаас гаргах талаар санхүүжүүлэх тал болон бусад холбогдох газруудтай тохиролцон бэлэн болгох хэрэгтэй болдог.
2. Хөрсний бүтэц байдлыг нарийвчлан судлан инженер геолгийн судалгааг хийж тухайн хөрсний ачаалал даах чадварыг судлан тухайн гүүрэнд ямар төрлийн суурийн бүтээцийг сонгох технологийн шийдэлийг гаргах ёстой болно. Энэ талаар урьд нь 2 удаа бичлэг оруулсан.
3. Авто замын өгөгдөл өөрөөр хэлбэл гүүрээр зорчих хөдөлгөөний эрчмийн төлөвлөлт, замын хөдөлгөөний дүрэм журам, боломжит дээд доод хурдны хязгаар зэргээс хамааруулан зам гүүрийн өргөн, ачаалал авах төлөвлөлтийг тооцон дагуу огтлолын бүтээцийг шийднэ.
4. Тухайн гүүрийн авах ачааллыг нарийвчлан судлах. Үүнд гүүрийн өөрийн жин,
гүүрээр нэвтрэх хөдөлгөөнт ачааллыг тооцно.
5. Дээр өгүүлсэн нөхцлүүдийг судлан үр дүнгээс нь хамааруулан
гүүрэнд хэрэглэх материалыг сонгоно.
Гүүрийн олон төрөл хэлбэр байдаг бөгөөд зураг төслийн багт өгөгдсөн үндсэн нөхцөл болох эдийн засгийн нөхцөл, технологийн нөхцлийг аль нэг талыг хэт барилгүйгээр гүүрийнхээ төрөл хэлбэрүүдэд үнэлгээ өгөх зарчмаар сонгоно.
Гүүрийн хэд хэдэн төрөл хэлбэр байх бөгөөд доор сийрүүлье.
Үндсэндээ ган гүүр, төмөр бетон гүүр гэсэн 2 том бүлэгт хуваагддаг.Гүүрийн 2 бүлэг тус тусдаа олон төрөл хэлбэртэй.

1. Дам нуруу

Энэ удаагийн Нарны гүүр нь I хэлбэрийн ган дам нуруу буюу ерөнхий ангилалаар Дам нуруу төрлийн гүүр болно.











2. Рамен хэлбэр. Энэ төрөл нь ганга, жалга, хавцал бүхий гүн судагт голдуу баригддаг. Өөрөөр хэлбэл захын тулгуурууд нь хоорондоо хэт
ойрхон байх нөхцөлд их тохиромжтой.






3. Ферм хэлбэр
.














4. Арк хэлбэр
. Энэ төрлийн гүүр нь тунелийн барилгат ихэвчлэх хэрэглэдэг.









5. Дүүжин. Энэ гүүрийг барихад хамгийн их өртөгтэй гүүрийн төрлийн нэг бөгөөд суурьт өгөх ачааллыг багасгах зорилгоор дүүжлэх аргыг хэрэглэдэг гэнэ. Манайд бол огт хийгдэж байгаагүй төрлийн гүүр.Сонирхуулахад хамгийн дээд талын зураг дээрх гүүрийг Нарны гүүрийг барьж байгаа компани барьсан юм билээ.

Thursday, May 27, 2010

Буурь хөрсний даацын туршилт

Буурь хөрсний даацын туршилт яагаад зайлшгүй хийх шаардлагатай вэ? гэдэг асуултаас эхэлье.
Альваа барилга байгууламжийн суурийн бүтээцийг угсрахад бууь хөрс тухайн байгууламжийн ачааллыг дааж чадах , зураг төслийн төлөвлөлтөөр тооцсон ачааллыг авч чадах эсэхийг давхар хянах чухал туршилт юм. Нарны гүүр нь гадсан суурь хийхээр төлөвлөгдсөн ба өмнөх мэдээлэл дээр яагаад гадсан суурь сонгох болсон тухай цухас дурдсан байгаа.
Буурь хөрс болох тухайн хөрсний өөрийн онцлог шинж чанараас шалтгаалан газрын түвшинөөс доош хөрсний хөдөлгөөнт үе (хөлдөж гэсч байдаг үе) буюу зөөлөн үе, түүнээс доошлон газрын тулах үе буюу хатуу үе байдаг.
Манайд ихэвчлэн хөрсний хөдөлгөөнт үе дээр суурийн бүтээцийг угсардаг. Энэ нь өртгийн хувьд хямд боловч тухайн бүтээцэд хөрсний хөдөлгөөнөөс үүдэлтэй суулт, хазайлт үүсэх зэрэг сөрөг нөлөө их байдаг.
Харин гадсан суурь нь ачааллаа гадсаар дамжуулан газрын тулах үе хүртэл дамжуулна. Зураг төслийн
тооцоот ачааллын дамжуулалт, тооцоот бүтээц хэр бат бэх байгааг болон сууриар дамжин гадсанд ирж буй ачаалал тулах үед хүрч чадсан эсэхийг нягталдаг.
Буурь хөрсний даацын туршилтын уламжлалт аргын нэг бол гидро домкратаар ачаалал даахуйц хавтан зураг төслийн тооцоот ачааг ашиглан кинетикийн хуулиар даацын ачааг дээрээс нь шахах хэлбэрээр ачаалал өгч туршина. Уламжлалт арга нь гадсан суурийн авах ачаалалтай тэнцүү хэмжээний ачаалал өгч туршдаг учраас үр дүн нь нарийвчлал сайтай гардаг. Гэхдээ реакцын хүч шингээх нэмэлт гадсан суурийг хийх, тооцоот ачаатай тэнцүү хэмжээний ачаа бэлдэх, түүнийг турших үеийн тоног төхөөрөмж зэрэг шаардагдаж, зардал хугацаа маш их зарцуулдаг.
Уламжлалт аргын сөрөг нөлөөг багасгахад динамик ачаалал ашиглах туршилт чухал рольтой байдаг. Жишээлбэл саяхан Нарны гүүрийн барилгын ажил дээр туршсан туршилтыг энд ойлгосон хэмжээндээ доор оруулъя.
Гадсан суурийнхаа дээр туршилтын тоноглолоо угсарна. Угсрахдаа реакцын хүч шингээх нэмэлт гадас хийлгүйгээр туршилт хийх тоноглол угсрах бэлтгэл ажил 2-3 дөр болно. Яг туршилт хийх хугацаа нь 2 цаг орчим .
56 тонн ачааг өндрөөс унаган динамик ачаалалд шилжүүлэн гадсан суурьт агшин зуур их ачаалалыг өгөх замаар туршина.
Техник хэрэгсэлд зураг дээрх тоноглолыг ашиглах бөгөөд урьдчилан угсарч бэлдэнэ. Ачааг унагахдаа дөч дөчин см-р ихэсгэх замаар нийт 7-8 удаа хийнэ. Буурь хөрсөнд хэдий хэмжээний ачаалал ирж буйг цахим системээр хянах бөгөөд ачаа унагах тоноглол болон ачаа хүлээн авч байгаа гадсандаа тус тусад нь мэдрэгч суулган мэдрэгчээ цахим аппаратандаа холбодог. Манайд энэ аргаар туршиж байгаагүй юм байна лээ. Дээрээс ачаа унагаж байгаа болохоор газарт чичирхийлэл өгдөг учраас Япончуудын зүгээс тавьж байсан асуултын нэг нь бол "Монголд үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас шалтгаалан газарт үүсгэх чичирхийлэлийн дээд хязгаар хэдэн dB (desbil) вэ? гэсэн асуулт байлаа. Гэвч энэ асуултанд тодорхой хариулт олж өгч чадаагүй ээ. Манайд тийм тогтоосон стандарт байдаггүй юм шиг байна. Мэргэжлийн хүмүүс анхаарадлаа авмаар асуулт юм байна гэж бодож байв. Японд бол 75 dB-ээс илүү чичирхийлэл үүсгэж болохгүй гэсэн стандарт байдаг юм гэнэ.
Манайд нэгэнт стандарт байхгүй тул Япон стандартад тулгуурлан туршилтыг гүйцэтгэсэн.
Иймэрхүү туршилтыг хийхэд газрын хөрсний өөрийн чанар ихээхэн нөлөөлдөг ба жишээ нь Японд энэ зарчмаар туршихад ойролцоох байшингийн цахилгаан шат зогсох, мөн шил цонх мэр сэр хагардаг гэнэ.
Монголын хөрс эх газрынх, харьцангуй хатуу учраас динамик ачааллыг хүлээн авч даах чадвартай нь энэ туршилтаас харагдаж байв. Тухайн ачаа унагах мөчид тэр орчимд үл ялиг чичирхийлэл мэдэгдэхээс бус өөр ямар ч өөрчлөлт үзүүлсэнгүй. Үндсэндээ гүүрд ирэх ачаалал газрын хатуу тулах үе хүртэл амжилттай дамжиж байна гэсэн үг.
Хэрэв зөөлөн хөрстэй бол гадсан суурьт дамжихаас гадна газрын хөндлөн чиглэлд ачаалал тархдаг. Ачаалал хөндлөн чиглэлд дамжвал барилга байгууламж, бүтээцийн чанарт сөрөг (суух, хазайх) нөлөө үзүүлнэ.
Туршилтын дүнг нэгтгэн хэлэхэд зураг төслийн тооцоот ачааллыг бүрэн даах чадвартай, 600 тн ачааллыг хүлээн авахад гүүрний тулах үе дэх гадсан суурийн хөдөлгөөн 2 мм байна гэсэн дүн гарч байв.
Телевиз олон нийтийн мэдээллийн хэрэгслээр энэ тухай цухас сурвалжлага хийж нийтэд мэдээлж байсан ч яагаад ч юм газар хөдлөлтэй ташаарагдахаар тайлбарыг өгч байгаа харагдана лээ.
Энэ тухай сургалт талбай дээр зохион байгуулсан ба гар бие оролцогчийн хувьд ойлголтоо нэгтгэхэд ийм буюу.

Tuesday, May 4, 2010

Ган гадсан суурь угсралт


Сүүлийн үед телевиз болон мэдээллийн хэрэгслээр ихээхэн мэдээлэх болсон Нарны гүүрийн барилгын ажилд оролцож байгаагийн хувьд халуун цэгийн мэдээлэл, ялангуяа шинэ техник технологийн талаар сонсож мэдсэнээ үүнээс хойш оруулж байя гэж бодож байна.
Нарны гүүр гэдэг нь Баруун дөрвөн замаас урагшаа Үндсэн хуулийн гудамж болон үйлдвэр комбинатын Энгельсийн гудамжтай холбох зам гүүрийн өргөтгөл ажлын Нарны зам, төмөр зам дээгүүр барих ган гүүрийг "Нарны гүүр" гэж нэрлэхээр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталсан билээ.
Өнгөрсөн 4 сарын 29 өдөр барилгын ажил гүйцэтгэж байгаа Япон компанийн зүгээс Ган гадсан суурийг өрөмдөн угсрах угсралтын ажлын талаар барилгын талбай дээр сургалт явуулсан юм.
Ган гадсан суурь өрөмдөн угсрах ажил нь манайд шинэ маягийн ажил учраас захиалагчийн хүсэлтийг харгалзан зам гүүрийн салбарын инженерүүдийг урьж сургалт маягийн арга хэмжээг зохион байгуулав.
Ган гадсан сууринд хэрэглэгдэх бэлдэц суурь нь 9,5 м урттай, 1,5 м диаметртэй, угсарлтыг өрөмдөн хийх тул хөрсийг цөмлөн нэвтрэх ирнь ган суурийн хошуунд байдаг бөгөөд ир, далбааг оролцуулбал 2,25 м диаметр болно.
Ган гадсан суурийг өрөмдөн угсралт хийхэд хүнд даацын кран, гадаслагааны машин хэрэгтэй ба Гадаслагч машин нь өрөм ажиллуулах эд анги, хүндрүүлэгч зэргээ оруулаад 60 орчим тонн бөгөөд үндсэндээ уг машин нь гидро домкратын зарчмаар ажиллаж, бүрэн автоматаар өрөмдлөгийн явцыг хянаж байдаг.
Нарны гүүр дээр хэрэглэж байгаа гадаслах энэ аргыг хэрэглэдэг болохоос өмнө янз бүрийн аргуудыг хэрэглэж байсан ба уламжлалт аргууд нь ажлын өртөг, цаг хугацаа их шаарддаг байв. Жишээлбэл, ухмал бэлдэх аргаар суурь хийхэд хаягдал шороо их гарах, буцааж булах үед технологийн нарийн шаардлага хэрэгтэй ба хичнээн технологи мөрдсөн ч хөрс сулрах, суулт өгөх зэрэг сөрөг нөлөөтэй юм.
Харин ган гадсан суурийг өрөмдөн угсрах нь нягтаршил ихтэй хот суурин газар ажлын зай талбай хэмнэх, дараа нь хөрсөнд сулрал өгөхгүй зэрэг онцлог давуу талтай.
Манайд энэ төрлийн гадсан суурийг тэр бүр хийгээд байдаггүй. Харин Нарны гүүрийн зураг төслийг Япон зураг төслийн компани боловсруулах явцдаа гадсан суурь шаардлагатай юм байна гэсэн шийдэлд хүрчээ. Ямар нэгэн барилга, байгууламжийн зураг төслийг хийхдээ олон хүчин зүйлүүдийг холбон авч үздэг ба инженер геологийн судалгааны үр дүн гадсан суурийг сонгоход ихээхэн нөлөөлсөн. Инженер геологийн судалгаагаар газрын түвшнөөс доош 5 метрт хөрс сул хайргын давхрага их байсан нь энгийн суурийг сонгох бус гадсан суурийг сонгоход хүргэжээ. Ган гадсан суурь нь зөвхөн төмөр замын зам төмөртэй хамгийн ойрхон хэсэгт угсрагдаж, бусад захын болон дунд тулгуурт ган биш гадсан суурь хийхээр төлөвлөгдсөн байна. (Тэр тухай дараа тодорхой мэдээлэл оруулъя)
(Дээрх зураг дээр цөмлөх ир хөрсөнд нэвтрэх үе)
Гадаслах машинаар газрын түвшнөөс 10 м газарт өрөмдөн угсралт хийхэд 4 хүн 3,5 -5 цаг зарцуулж хийж байгаа нь үнэхээр цаг хугацаа, хүн хүчний зардлыг хэмнэх шилдэг арга болдог юм байна.(Өрөмдлөгийн явцад байнга түвшин, тэгш хэмийг хэмжилтийн багажаар хянана. )
Энд ажиллаж байгаа гадаслагч машиныг удирлагын өрөөнөөс удирдах оператор1, ган суурь газрын гүнд түвшин, тэгш хэмээр орж буйг хянах хэмжилтийн хүн1, кран ажиллуулах оператор 1, техник хариуцсан ахлагч 1 хүний бүрэлдэхүүнтэй тус нүсэр ажлыг юу ч болоогүй мэт гүйцэтгэх нь урамтай ажгуу. Тэнд ажиллаж буй инженер техникийн ажилчидын хувьд газрын гүнд 10 м -т гадсан суурь угсрах нь тийм ч хэцүү биш бөгөөд хөрсний чанараас хамаарч 40-50 метрийн гүнд голдуу гадаслах ажлыг гүйцэтгэдэг гэнэ.
(Хамгийн доод талын зураг дээр шар өнгийн байшин нь гадслагааны машины удирдлагын өрөө)

Friday, October 16, 2009

Шинэ гүүрэн гарц

Улаанбаатар хотод сүүлийн үед замын түгжрэл хэт их байгаа тухай бүгд ярилцах болжээ.
Тэгвэл та бүхэнд нэгэн таатай мэдээг сонирхуулъя.
Энх тайваны өргөн чөлөөнийн Баруун 4 замын уулзвараас Чингисийн өргөн чөлөөний Үйлдвэрийн цагаан хаалга хүртэл 4,9 км замыг 1,8 км зам болгон товчлон туулна гэвэл өнөөдрийн энэ их түгжрэлийг бууруулахад дорвитой өөрчлөлт орно гэж үзэж байгаа юм.
Бидний ярьж дадсанаар тээврийн товчооноос урагшаа төмөр зам дээгүүр давуулан Энгэльсийн гудамжтай (Улаанбаатар Дулаан түгээх хувьцаат компаний урдуур) холбох гүүрэн гарцын ажлыг ирэх оны хавраас эхлүүлэхээр төлөвлөөд байна.
Гүүрэн гарцын ажлыг Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх бөгөөд зураг төслийг Японы зураг төслийн компани аль хэдийн гүйцэтгэн холбогдох газруудаар батлууж бэлэн болгожээ.
Саяхан барилгын ажлыг гүйцэтгэх Японы компанийг шалгаруулах ажиллагаа явуулж дууссан болохоор ирэх оноос эхэлнэ гэдэгт бат итгэлтэй байж болноо гэсэн үг.
Уг гүүрэн гарцын даац нь 15-600 хүртэл тонн тул одоо хэрэглэж буй Гурвалжин, Энхтайваны гүүрүүдийн ачааллыг үүрэх бүрэн чадвартай, 262 уртааш м ган гүүр, хойд талын дөхөх замын урт 280м, урд талын дөхөх замын урт 353 м, нийт 895 м урт байна. Гүүрэн гарцын өргөн нь зам гүүрийн ирээдүйн хөдөлгөөний эрчмийг өсөхөөр тооцоолон 4 эгнээ байхаар төлөвлөжээ. Мөн уг гүүрээс Нарны замруу орох, гарах гарц хийснээр хөдөлгөөний урсгалын үр ашигтай хуваарилалтыг бий болгоно гэж Японы мэргэжлийн зураг төслийн багийнхан үзсэн байна.
Гүүрэн гарцыг Монголд хийгдэж байгаагүй гадсан тулгуур бүхий инженерийн чадвар нэлээд шаардсан технологиор барих юм байна. Зам гүүрийн барилгын ажил 2012 оны намар дуусаж ашиглалтанд хүлээлгэж өгнө.
...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...