Thursday, December 3, 2009

Муур багшийгаа зүүдлэв

Олон жилийн өмнө хамт ажиллаж байсан даргыгаа маш тод зүүдэллээ. Хамгийн сүүлд даргыг нутаг буцсанаас хойш сураг тасарч, холбоо ч бариагүй орхисон юмдаг.
Япон хүн гэхэд хэт ил цагаан хүн байсан юм уу? эсвэл дарга өөрөө англи хэлэнд мундаг байсан болохоороо америк зан шингэсэн байсан уу? эгэл мөртлөө одоо эргээд санахад эгэл биш ч юм шиг нэг ерөнхий инженертэй бүтэн хоёр жил хамт ажилласан байх юм.
Анх харахад мууртай ч адилхан юм шиг ногоон туяа татсан том хүрэндүү нүдтэй, дээд уруул дээрээ ширвээ сахалтай байсан болоод ч тэр үү Монгол ажилчдын дунд Вася ах гэж дуудагдах болсон юм даг.
Хашир инженер бид хоёр тэр ажилд зэрэг шахуу орсон бөгөөд бид хоёрын хамгийн эхний ажилд 2-р сарын 19-ний өдөр үйлдвэрлэлийн баазаар ашиглах талбайг Нийслэлийн газрын албаар заалгуулж авах байлаа. Хэдийгээр цагаан сарын дараахан байсан ч малгай, ороолтгүй Африкт ажиллаж байгаад ирсэн Япон инженерт Монгол хатуухан самар болох нь ойлгогдсон байлгүй дээ. Хотынхоны заасан газрыг үзэж байтал даараад хамар нь чавга шиг болсон дарга маань гэнэт "энэ майхан чинь яах болж байна? Хэнийх юм бэ" гэдэг байгаа. Юун майхан сав болчихдог билээ гэж гайхсан чинь, хэдэн гэрийг заадаг байгаа. Майхан сав гэж ярьсан янзын нөхдүүд гэж бодсон байлгүй дээ газрын албаныхан 100*100 м2 газар гаргаж өгөх ёстой байсан ч 80*100 м2 болгон танасан юмдаг.
Нэг мэдсэн дарга малгай, бээлийтэй болчихож. Би ч юм хэлсэнгүй. Сүүлд сонсох нь ээ даарч ирмэгцээ манай нэг охиныг дуудаад ямар ч хамаагүй малгай, бээлий авч ирэхийг даалгасан байсан шүү. Хэ хэ хамгийн эхнийх нь үүрэг даалгавар тэр байсан байхаа.
Инженер бид хоёр зэрэгцэж сууна. Зэрэгцэж суудаг байсан болоод тэр үү? бусад хүнээс илүү даргын тухай ойлголттой, бас хамгийн их юм заалгаж авсан азтай хүн би.
Хэлний сургууль төгссөн тэр үеийн мань мэтийн нөхөдөд РС ажиллуулах, инженерийн туслах хийчихээр чадвартай хүн цөөхөн байсан биз.
Тэр бүхэнд дарга маань уйгагүй зааж өгдөг сөн. Тухайн үедээ ингээд үгэлчихдэг юм шүү гэж боддог байж билээ.
Одоогоор өөрийнхөө хэрэгцээнд тохируулаад РС хэрэглээд байгаа нь даргын маань ач шүү дээ. Бас муухан инженерийг дагуулахгүй инженерүүдийн яриаг орчуулах чадалтай болсон минь тэр хүний ач.
Манай төслийнхөн чинь 40, 50 хүн орж гардаг том контортой, тэр бүхийг дарга нарийн хянаж удирддаг байсан юм.
Нэг өдөр надад хэлж байнаа. Чи нь цаашаа ажиллая гэвэл гадаад хэл сурах гэж бүү шуна, чи хүнийг ажиллуулж сур. Эхлээд чадварыг мэд. Дараа нь нэг өдөр магт, нэг өдөр хор шарыг нь гартал муу байна гэж загна. Тэгэхээр чинь хүн алдаагаа олж хардаг юм. Тэгээд алдаагаа олоод харахаар нь эргээд магт. Тэгвэл тэр хүн гялалзтал хийнэ. Хэт дандаа магтаж болохгүй бас загнаж бас болохгүй гэж ирээд л менежментийн хичээлийн цагаан толгой заалгаж байв.
Би чинь хагас дутуу Япон хэл жаахан мэдэх болохоос англи хэлэнд таг нөхөр байсан. Даргын шахалтаас болоод зам гүүрийн материал дээр гавъяа байгуулахгүй ч гай болохооргүй англи хэлний мэдлэгтэй болсон. Яагаад ч юм хэнийг ч ялгалгүй их шахаж юм хийлгэх гэж үздэг байв.
Дандаа магтаад байхаар нөхөр бас бишээ. Хэ хэ
Хүүхнүүд та нар хуурамч юманд итгэдэг нөхдүүд гэж ирээд л.
Хэ хэ, нэг өдөр, 9 сарын хэдэн билээ дээ нэг өдрийг Заяа, чи энэ өдрийг сайн цээжил, тэгээд тэр өдрөө болохоор надад хэл гэж лүндэн буулгав. Яагаад? гэж гайхтал, манай эхнэрийн төрсөн өдөр би мартчих гээд байдгийн. Чи заавал надад урьдчилж хэлээрэй, чи мартах юм бол би гэрээсээ хөөгдөнө шүү гэж билээ.
Дарга эхнэртээ хаягдахгүй гэж их хичээдэг байсныг бодвол эхнэртээ их хайртай байсан биз. Хүүхнүүд та нар төрсөн өдөр мартах зэргийг уучлах хэрэгтэй гээд... марзан яриа нь эхэлдэг сэн.
Өөрөө их залуу сэтгэдэг байсан байхаа, анх ирэхдээ 37 байсан юм даг. Дараа жил нэг яриан дундуур та чинь 38 хүрч байгаа билүү гэсэн их л санадарч арай хүрээгүй байгаа гэж инээд хүргэж байсан юмдаг. Сарын дараа ч билүү 38 хүрэх байсан юмдаг.
Тэр үед 30 нас хүрээгүй байсан би, өнөөдөр өөрөө даргын тэр насан дээр ирчихээд юу чадахаа бодож сууна.
Тэр миний хамт ажиллаж байсан инженерүүдийн шилдэгүүдийн нэг билээ.
Дам сурагаар Африкт ажиллаж байгаа гэж сонсоод, "Монгол орон амьдарахад сайхан боловч ажил хийхэд маш хэцүү" гэж нэг удаа уурандаа хэлж байсан нь чихнээ сонсогдох шиг болдог юм.
Мэдээж Монголчуудын эрээ цээргүй, дээр дооргүй юмыг гувчуулах, ашиглах гэсэн Монголчуудын бүтэлгүй занг дарга мэдэрдэг болсон. Тиймдээ ч байх, Би та нартай бол ажилламаар байна, гэхдээ Монгол нэг л бишээ, надад Африкт илүү ажил хийхэд хялбар байдаг гэж хэлэхийн сонсоод Монголчуудыг хальт өмөөрсөн боловч гацаанд орчих гээд байх тул би бууж өгч байсан юмдаг.
Муур багшийгаа зүүдэлсэндээ ихэд бэлэгшээж байгаа билээ.
Үлгэрийн муу муур багш биш, жинхэнэ сайн муур багш шүү.

Thursday, November 19, 2009

Энэ дэлхийн хамгийн амархан шалгалт

Бага ангийн 2-р ангийн хүүхэд гэртээ ирээд ээждээ "Өнөөдөр тооны хичээл дээр энэ дэлхийн хамгийн амархан шалгалт авсан" гэжээ.
Маргааш нь болж охин хичээлээсээ уруу доройхон, дуу шуу муутай ирж гэнэ. Ээж нь "За яасан, шалгалтан дээрээ ямар дүн авсан байна? гэж асуухад дуу ч үгүй дэвтрээ үзүүлжээ.
Багшийн улаан өнгийн үзгээр тавьсан "F" үнэлгээг ээж нь үзээд "Хүүеэ, чиний нөгөө энэ дэлхийн хамгийн амархан шалгалт гээд байсан чинь яалаа?" гэж халгалан шалгалтыг материалыг үзэхэд энгийн хялбар бодолгууд байж гэнэ.
Дэндүү амархан байсан болохоор бодолтоо зөв хийсэн мөртлөө хариугаа буруу хариу тавьж баахан паактласан байсан гэсэн шүү.

Saturday, October 24, 2009

Хувинтай чоно

Чоно гөлөглөж байсан үе байлаа. Ээрэм цагаан талаар хөнгөн тэрэгтэй дарга жолооч хоёр торох юмгүй жирийлгэнэ. Цагаан зээр сүрэг сүргээрээ хуйлран бужигнаж, зарим нь замын хажууд үргэх ч үгүй харж зогсоно.

- Ноднин жил чоно гөлөглөсөн нүх хаахна байлаа? гэж даргыг асуухад:

- Энүүхэн гүвээг даваад гэж жолооч хариулав.

Тэр хоёр давхиулсаар чонын үүрийн ойролцоо ирээд мөр харж, байдлыг ажиглан дурандан ажиглаад гөлөглөсөн шинж илэрсэнгүйд шууд очиж нүхийг нь үзэхээр ярилцаад үүрэнд нь дөхөж явтал нэг том чоно гарч ум хумгүй зугтав.

Жолооч машинаа зогсоож, тэр чоныг дурандан ажиглаад гөлөглөсөн эсэхийг тааварлан ярилцав. Эргэж нэг ч харсангүй зугтсаар далд орохыг бодоход гөлөглөсөн нь гарцаагүй боллоо. Хэрвээ гөлөглөөгүй чоно бол заавал эргэж харах, зам муруйх, хэвтэж нуугдах зэргээр олон янзын байдалтай болдог.

"Дайснуудыг хойноосоо шууд хөөлгөж, гөлөглөсөн шинж авахуулахгүйн тулд эргэж харахгүй зугтдаг юм. Чоно их ухаантай амьтандаа" гэж өвгөн жолооч ярина. Гэвч дарга итгэсэнгүй. Үүрэн дээр нь очиж мэдье хэмээсээр тэр хоёр чонын үүрэнд тулж очлоо. Тэгээд чагнавал нүхний мухарт олон гөлөг гийнаж дуугаралдах нь тод сонсогджээ. Маргааш өглөө үүрээр ирж утахаар болж буцаж давхилаа.

Өглөө үүр шөнийн заагаар босож, жирийсээр үүрэнд дөхөж явтал нэг том чоно зугтаж харагдав. Түүний хойноос тоос татуулан хөөсөөр гүйцэж очтол нөгөө чоны хүзүүнээс том хувин зүүлттэй байхыг жолооч дарга хоёр харж гайхлаа. Юу вэ? Энэ чинь! гэж гэж өвгөн жолооч хэлэхэд буун дуу тас хийн дуугарч нөгөө чоно унах нь тэр! Хоёулаа тэрэгнээс бууж түүний дэргэд очвол наймын хувин хүзүүнээс нь дүүжлээтэй хэвээр байх юм.

Дэлэн хөх нь сэрийсэн хөөрхий чоно урт улаан хэлээ унжуулан зууж, шүдээ ярзайлган амьсгалаа хурааж байв. Гэтэл нөгөө хувин амь орж хөдлөх нь бүр айдас хүргэв. Улаан нялзрай долоон бэлтрэг нөгөө хувингаас уван цуван гарч ирлээ. Өчигдөр биднээс хар авч зугтасан эх хөсрий хувин авчаад гөлөгнүүдээ хийж үүрээ буруулан зугтаж бидэнтэй дахин тааралдсан байжээ. Чоно гэдэг ухаантай амьтан шүү гэж миний нэг танил сонирхуулан ярьсан юм.

"Зөв бичих учиг" номноос авав.

Friday, October 16, 2009

Шинэ гүүрэн гарц

Улаанбаатар хотод сүүлийн үед замын түгжрэл хэт их байгаа тухай бүгд ярилцах болжээ.
Тэгвэл та бүхэнд нэгэн таатай мэдээг сонирхуулъя.
Энх тайваны өргөн чөлөөнийн Баруун 4 замын уулзвараас Чингисийн өргөн чөлөөний Үйлдвэрийн цагаан хаалга хүртэл 4,9 км замыг 1,8 км зам болгон товчлон туулна гэвэл өнөөдрийн энэ их түгжрэлийг бууруулахад дорвитой өөрчлөлт орно гэж үзэж байгаа юм.
Бидний ярьж дадсанаар тээврийн товчооноос урагшаа төмөр зам дээгүүр давуулан Энгэльсийн гудамжтай (Улаанбаатар Дулаан түгээх хувьцаат компаний урдуур) холбох гүүрэн гарцын ажлыг ирэх оны хавраас эхлүүлэхээр төлөвлөөд байна.
Гүүрэн гарцын ажлыг Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх бөгөөд зураг төслийг Японы зураг төслийн компани аль хэдийн гүйцэтгэн холбогдох газруудаар батлууж бэлэн болгожээ.
Саяхан барилгын ажлыг гүйцэтгэх Японы компанийг шалгаруулах ажиллагаа явуулж дууссан болохоор ирэх оноос эхэлнэ гэдэгт бат итгэлтэй байж болноо гэсэн үг.
Уг гүүрэн гарцын даац нь 15-600 хүртэл тонн тул одоо хэрэглэж буй Гурвалжин, Энхтайваны гүүрүүдийн ачааллыг үүрэх бүрэн чадвартай, 262 уртааш м ган гүүр, хойд талын дөхөх замын урт 280м, урд талын дөхөх замын урт 353 м, нийт 895 м урт байна. Гүүрэн гарцын өргөн нь зам гүүрийн ирээдүйн хөдөлгөөний эрчмийг өсөхөөр тооцоолон 4 эгнээ байхаар төлөвлөжээ. Мөн уг гүүрээс Нарны замруу орох, гарах гарц хийснээр хөдөлгөөний урсгалын үр ашигтай хуваарилалтыг бий болгоно гэж Японы мэргэжлийн зураг төслийн багийнхан үзсэн байна.
Гүүрэн гарцыг Монголд хийгдэж байгаагүй гадсан тулгуур бүхий инженерийн чадвар нэлээд шаардсан технологиор барих юм байна. Зам гүүрийн барилгын ажил 2012 оны намар дуусаж ашиглалтанд хүлээлгэж өгнө.

Saturday, July 25, 2009

Хэрлэнгийн хөдөө арлаар

Монголын түүхийн үнэт эх сурвалж болох Монголын нууц товчоонд "Их хуралдай хурж, хулгана жил гуран сард Хэрлэний хөдөө арлын Долоон болдог Шилхэнцэг хоёрын зуур ордос бууж бүхүйд бичиж дуусгав" хэмээн тэмдэглэгдэн үлдсэн байдаг ба Хэрлэнгийн хөдөө арал нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт байдаг Хэрлэнгийн хөдөө аралд Монголын нууц товчоо бичигдсэн 750 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж дурсгалын хөшөө босгожээ. Энэ хөшөөнөөс урагшаа Аваргын голын хойд эрэг дээр Аваргын балгасын хамгаалалтын төмөр хашаа 2 км х 400 метр газар үргэлжлэнэ. Аваргын балгас нь эзэн Чингис хааны орд цац байрлаж байсан ба Өгөөдэй хаан сууж байсан газар бөгөөд анх эрдэмтэн хөдөөгийн Пэрлээ малтлага хийн тогтоож байжээ. Түүнээс хойш Японы эрдэмтэд хүртэлмалтлага хийж байгаа тухай мэдээлэл байдаг шүү дээ. Аваргын балгасын малтлагаас гарсан олдвор, гэрэл зургаар баталгаажуулсан жижигхэн музей ажиллуулж байв.Олдвор дотор тухайн үеийн Монгол цэргийн хэрэгсэл, тахилгат хэрэглэсэн амьтны яс , хэлхээ хуяг гэх мэт зүйлийн гэрэл зургийг голдуу байрлуулсан байв Аваргын балгас нь Хувлай хаан суусны дараагаас орхигдсон бололтой юм гэнэ.
Аваргын балгасаас урагшаа хэдхэн алхамын газар Аваргын рашаан байдаг. Энэ рашаан гадуур зарагдаж байгаа Кука-тай төстэй амттай, савлаж авч явахад тундас үүсдэг юм билээ. Халуунд дотор сэнгэнүүлсэн сайхан рашаан байсан. Харин авч явж эмчилгээнд хэрэглэхээр рашаан нь овооныхоо хажууд бага багаарбуриглаж байв.
Ер нь Дэлгэрхаан сум дотоодын аялал жуучлал их хөгжиж байгаа газар юм байна.
Сумын төвөөс баруун хойно орших Аварга тосонгийн рашаан сувилалд хүмүүс маш их ирдэг. Нуурыг эмчилгээний зорилгоор манай ард түмэн ашигласаар ирсэн ба дэлхийд ховор нууруудын нэг. Ховор гэдгийн учир нь холбоо нуурууд байх бөгөөд (одоогоор нүдэнд хоёр холбоо нуур байгаа боловч уг нь гурав байсан юм шиг байна лээ) газрын гүнээс байнга цэнэглэгдэн ариусаж байдаг ажээ. Ус нь хужир давс ч юм уу , байван ч юм шиг содон амт амтагдаж бусад нуураас арай содон өөр нуур шүү гэдгээ батлах мэт.

Sunday, May 31, 2009

Газрын гүний дулааныг ашиглах анхны загвар байшин

Өнгөрсөн дөрөв дэх өдөр Зүүн дөрвөн зам худалдааны төвийн хажууд нэгэн загвар байшингийн нээлтийн ажиллагааг сонирхов.
Сайхан нээлт болж олон зочид, бас ерөнхий сайдаас эхлээд албаны хүмүүс оролцож байлаа.
Нээлтийн ажиллагааг нээж загвар байшингийн сантехник дулааны системийг онцгойлон тайлбарласан хүн бол "Степпсолер" ХХК захирал П Цагаан байв. Мөн газрын гүнээс гарган авах халаалтын технологийг ХБНГУ-н Wessmаn компанийхан тайлбар хийлээ.
Уг загвар байшин нь Улаанбаатар хотын гэр хорооллын айлуудад санал болгож буй бөгөөд халаалтын систем нь газрын гүний дулаан, харин хэрэглээний халуун усыг нарны энергээр бүрэн хангах зохион байгуулалттай юм байна. Газрын гүний дулааныг харьцангуй өндөр өртөгтэй гэж сонссож байсан би бээр үнийг асуувал нэг м2 нь таван зуу орчим $гэнэ.
Сэргээгдэх эрчим хүчний үндсэн технологиуд болох салхины эрчим хүч, усны эрчим хүч, нарны эрчим хүч, биотүлш, газрын гүний дулааныг бид сүүлийн үед ярьж байгаа боловч бодит биелэлт нь хараахан гараагүй байна.

Газрын гүнээс гарган авах дулаан буюу геотермаль энерги гэдэг нь Дэлхийн гүнээс ялгарч байгаа энерги юм Энэ энергийг цуглуулах станц барих нь хэдийгээр өртөг ихтэй боловч, түүний ашиглалтын зардал нь маш бага байдаг гэнэ. Үндсэн гурван төрлийн - хийн (dry steam), усан (flash), хавсарсан (binary) цахилгаан станц байна. Хийн станц нь газрын гүнээс ялгарах хийг (уур) ашиглан турбиныг эргүүлэн цахилгаан эрчим хүч, усан станц нь гүний халуун усыг уур болон ус болгон салгаж, турбиныг эргүүлэн цахилгаан эрчим хүч гарган авна.।Хавсарсан станцын хувьд, гүнээс гарч ирэх халуун ус дулаан солилцуураар дамжихдаа органик шингэнийг буцалгана. Уг органик шингэн турбиныг эргүүлэх замаар эрчим хүч гарган авна. Эдгээр станцууд нь хэрэглэсэн үлдэгдэл геотермаль шингэн, конденсацлагдсан уурыг газрын гүн рүү буцаан шахна.

Энд тайлбарлаж байгаа нь зарчим бол эрчим хүч ихээр үйлдвэрлэн хуваарилахад хийгдэх технологи бөгөөд харин дээрх загвар байшинд бол бага оворын насос, дамжуулах хоолой шаардлагтай юм шигээр тайлбар хийж байсан.



Tuesday, April 7, 2009

Зураг ...

Саяхан хөдөө явахдаа авсан зурагнаасаа орууллаа.











Friday, March 27, 2009

"- ЫГ СЭРГЭЭН САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ"

Энэ чулуу Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт байдаг.
Домог түүхийг нь сайн мэдэхгүй.
Ямар ч байсан эротик маягийн домогтой чулуу байгаа юм.
Ингээд мэдэх хэмжээндээ домгийг сийрүүлье.
Эрдэнэзууд олон лам шавилан сууж, Зуугийн эсрэг талын уулын бэлээр борчуудын хороолол байдаг байжээ. Залуу лам нар шөнө борчуудын хороолол уруу гүйж, баригдвал их том цээрлэл гэсгээлийг хүртэн зовдог байж гэнэ. Борчуудын хороололд нөхөргүй эмэгтэйчүүд олноор амьдардаг байжээ. Тэгээд залуу лам нар энэ чулуу хийсэн гэдэг. Энэ чулуу байрлах уул алсаас эмэгтэй хүний биеийн хэлбэртэй төстэй гэнэ. 1990-д оны дунд үеэс дэлхийн өвд бүртгэн ЮНИСКО-гийн тусгай хамгаалалтанд авсан.
Социализмын эд мандан бадралтын үед үзэл сурталд тохирохгүй энэ бүдүүлэг чулууг зайлуулах шийдвийг дээрээс хүлээн авч, трактороор татаж байгаа хугалчихсан гэдэг.
Зураг дээр хадгаар ороосон хэсэг саяхныг хүртэл хугархай байсан юм.
Нэг удаа замд хамт явсан хүмүүстээ, дээрх түүхийг ярьсаар очтол бүтэн болчихсон байхыг нь хараад бүр мэл гайхав. Хамт явсан хүмүүс ч гэсэн дуугүй байхгүй хаагуураа хугарсан юм, яасан гэнээ? хэ хэ гэж дахин дахин байцаах тул тэр хавьд өдрийг өнгөрөөдөг жижиг наймчидаас асуувал, "Ноднин төсөл хэрэгжээд наачихсан" гэдэг байгаа.
Энэ тухай ажлынхаа газрын найз хүүхэндээ ярьтал төслийн нэр юу гэж байсан болоо? кккк, арай " -ыг СЭРГЭЭН САЙЖРУУЛАХ" төсөл гэсэн нэртэй байсан юм биш биздээ гэж баахан инээлдэж билээ.
Хархориноор очвол очиж үзээрэй. Бас нэг сонирхолтой түүхтэй чулуу шиг санагдаад байгаа юм. Домог энэ тэрийг асуучихаар хүнтэй таарсангүй, ганц нэг хүнээс асуусан боловч олигтой хариулт олж мэдсэнгүй.

Tuesday, March 17, 2009

Элэг цэвэрлэх субботникт оролцсон нь

Блог хөтлөгч Арсун ахын зөвөлгөөгөөр элэг цэвэрлэх аянд оролцлоо.
Цэвэрлэгээний үйл ажиллагаа амжилттай дуусаж Арсун ахдаа баярласнаа илэрхийлж амжаагүй өнөөдрийг хүргэчихлээ.
Графикын дагуу 14 хоног хийгээгүй боловч маш амжилттай болсон гэж бодож байна.। Эхний таван хоног цагаан хоол идэж, сүүлийн гурав хоног хатуу мацаг барьж, цөсөө цэвэрлэв. Энэ тухай сонирхож байгаа хүмүүс байвал http://arslans.blogspot.com/search/label/%D0%93.%D0%9C%D0%B0%D0%BB%D0%B0%D1%85%D0%BE%D0%B2 орж үзэхийг хүсье।
Хамгийн сүүлийн өдөр жаахан ядарч, ахыг бажигдуулсандаа хүлцэл өчье
Цөсний чулуу гэдэг нь энэ гэж ойлгосон। Ийм их юм хуримтлуулчихсан байдаг юм байна। Өөрөөсөө айх шиг болсон шүү।








Thursday, March 5, 2009

Зун цаг ч мөдхөн болно доо

Өнгөрсөн зун өнгө будаг хоршсон сайхан зун болж билээ. Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг, Зүүн бүрхийн гол
Миний охин, манай дүү нарын хүүхдүүд мундаг хөзөр тоглож байгаа биз
Үхрийн зэл, багачуудын хөөргөж буй цаасан шувуу

Friday, February 6, 2009

Хувцаслах соёлын тухай хэдэн үг

Сургууль төгсөж, төгсөлтийн баяр хийнэ гэдэг сайхан хэрэг гэж боддог билээ. Анх дээд сургууль төгсөж байхдаа, ээжийн оёсон дээлээр гангарч байсан бол энэ удаад бол бодсон санасан юмгүй, ромбо диплом авах өдрөө тулгачихлаа.
Гоёлын хувцас хунарын талаар нэг их мэдлэггүй, пүүз, жинсхэн өмсөн ажилдаа явсаар ирсэн миний дотор ийм нэгэн бодол хаяа орж ирдэг юм.
Нэг. Хамт ажилдаг Япончуудаас бишгүй сонсож байсан үг бол "Монголчууд үнэтэй эдлэлд дуртай, сонин байгаа биз" эсвэл "Би тийм энийн /еэн/ цалинтай, амьдралд тэр мөнгө хүрэлцээтэй, гэхдээ надад алтан ээмэг бөгж байхгүй" гэх мэтийн яриаг сонсоод мунхаг би бодол болно. Үгүй манай Монголчууд чинь ийм ядуу мөртлөө, булган шуба, алтаар гангардаг юм болоо? тэгж байхын оронд .... гээд олон бодол хөврөнө.
Хоёр. Япон хэл мэдэхгүй Монгол найз маань болохоор, булган шуба, арьсан гутал, булган малгай олон ээмэг бөгжөөр гангарна. Би түүнд Япончууд тэгж ярьдаг гэж дээрх яриаг дурсах боловч тийм гоёлоосоо огт татгалзахгүй, урьдын адил дэгжин хэвээрээ инээд алдасхийн үл тооно.
Дээр ярьж байгаа хоёр эсрэг тэсрэг занг эргүүлж тойруулж бодон үзэхэд, найзын маань ч зөв, Япончуудын ч зөв юм шиг... хэ хэ би, хэний зөв бэ? гэж шүүх гэж оролдсонгүй, саналаа хуваалцмаар санагдлаа.
Гурав. Монголчууд маань дээд тэнгэрээс заяатай, дэлхийд нэртэй, цагтаа цалгиж явсан ард түмэн билээ. Эрчүүд нь эртэй, чадалтай, эхнэр хүүхдээ эдээр дутааж байсангүй, алт, мөнгөөр чимж, арьсаар өлгийдөн өөрсдөө эрийн сүлд хийморийг бадраах үнэт авын дээл нөмрөг, хөөрөг гаансаар гангарч, андын ёслол өргөхдөө, алтан бүс, булган дээлийг солилцон тангараг тавьдаг ард түмэн ажээ. Тийм өвөг дээдэстэй бид үнэт эдлэлээс заавал татгалзаад байх албагүй бизээ.
Дөрөв. Харин Япончуудыг сайн мэдэхгүй юм. Ямар ч байсан, тэд модон шаахайтай, цагаан будаанаас өөр хоолгүй өлөн зэмлүүн байсан цаг саяхныг хүртэл байсан. Тэгээд Мэйжи ишингээс хойш, /Мэйжи иншин гэдэг нь 1868 он/ сургууль байгуулах зорилгоор будааг тариачдаас гаргуулан түүгээрээ одоогийн нэртэй том сургуулиудыг үүсгэн байгуулсан ард түмэн.
Аргагүй аригч, хямагч байгаа биз. Тийм болохоор Япончуудад үнэтэй эдлэл хэрэглэх тухай дадал заншил арай бага байдаг бололтой.
Өнөөг хүртэл эзэн хаанаа өв залгамжлуулан авч ирнэ гэдэг өөрсдийн бодлоо зөв байлгах гэж гүн их бодож, шийддэг ард түмэн байгаа биз. Эзэн хааны эрх ямбатай холбоотойгоор хувцаслах соёл нь бас нэг өвөрмөгц. Сонирхоод байвал, түүхийн сэдэврүү орохоос өөр аргагүй болов уу.
Тав. Орчин цагт тэгж их үнэт эдлэл нэг их зохисгүй бизээ. Тийм болохоор баяр ёслол ч юм уу? аль нэгэн тэмдэглэлт үйл явдалд зориулсан гоёлын хувцас байх нь зөв. Гээд бодохоор би төгсөлтийн баяртаа зориулж хувцас аваагүй байгаа нь өөрийгөө, өвөг дээдсээ хүндлэхгүй байгаа мэт санагдаж эхлэв...

Monday, January 12, 2009

Балчирыг цээрлүүлэгч эмэгтэй багш мөн үү?

Ойрдоо хувийн, хувьсгалын ажил ихтэй бас түүний хажуугаар зээ дүүгээ харж, асран хамгаалах үүрэг бага сага оногдоод. Блогтоо салхи оруулахгүй ч завгүй шахам байна. Гэхдээ өнөөдөр жаахан зав гаргаад доорхи зүйлийг оруулж сууна.
Зээ дүү маань ой найман сартай, бужигнааны эзэн өөрөөр хэлбэл манай гэрийн үймээз.
Ээж нь ажилдаа орохоос өөр аргагүй болоод өнгөрсөн намрын 10 сараас хойш, ясли гэдэг албанд алба хаах болсон билээ. Ясли хотод олдоггүй болохоор соц үед хүүхдээ дээд сургуульд оруулдаг шиг том багагүй хөөцөлдөж, таньдаг мэддэг хүнээ барсны эцэст нэгэн яслид өгсөн юм.
Бяцхан дүү маань албандаа аажим аажмаар дасаж байгаа нь мэдрэгдэв ч заримдаа бидний огт мэдэхгүй авир гаргах эсвэл учир дүрсгүй уйлах гэх зэргээр ааш нэмснийг эс хэлвэл ямар ч байсан дасаж эхлэв.
Нэг өдөр дүү маань, "Миний охиныг багш нь их үймүүлдэг, тэгээд аргаа барахаараа сандал дээр нь скочддог гэнээ" гэж чихийг минь дэлдийлгэв. Тэгсэн чинь өнөөдөр бүр сандал дээр скочдоод суулгачихсан, өмдөндөө шээчихсэн байхтай ээж нь таарчээ. Ой найман сартай хүүхэд том хүн шиг дүмбийн сууж, шавар баримал шиг зүгээр сууж чадна гэж үү??? Багшид нь ийм балчир хүүхдийг скочдож болохгүй гэдгийг хэрхэн ойлгуулахаа мэдэхгүйдээ блог нөхдөөсөө зөвөлгөө авъя гэж бодлоо.
Миний харсанаар бол багш эмэгтэй нь гялав цялав гэсэн, балчир хүүхдэд тохироод байхаар араншинтай биш болов уу? гэж харагддаг юм. 30 орчим насны нарийхан бор хүүхэн, хүмүүстэй тийм ч нийцтэй биш болов уу? гэж бодогдохоор мэндийн зөрөөгүй салхи татуулан юунд юм бүү мэд яарч бачимдсан шинжтэй гялсхийн зөрнө. Би хаяа дүүгээ очиж авахад, бяцхан үрсийг маань "гэртээ сурсан балиар зангаа гаргалаа" гэж ирээд том дуугарч байгаа нь сонсогддог. /Нэг удаа ангидаа хэдэн хүүхэд үлдчихсэн байхад үзэмний шүүс хүүхдүүдэд өгчихөөд багш өөрөө салхи татуулан гарах хооронд ой найман сартангууд нөгөө өгсөн үзмийг хооронд нь хольж гараараа базчихыг хараад багш эмэгтэй уулга алдсан нь тэр/
Уг нь бид бага насны хүүхэд харж асарч чадна, бас сургуулийн өмнөх боловсрол олгож чадна гээд тэр багш эмэгтэйд татвараас бүрдүүлсэн төсвийн хөрөнгөөс цалин олгодог гэдгийг мэддэг баймаар.
Энд хамгийн гол нь багшийг муулах гэсэнгүй, өглөө үүр цайхаас эхлээд бүрий болтол балчир үрсийг минь харж өгч байгаа гавъяатан шүү дээ. Эцэг эхчүүд бид уяхан зөөлөн сэтгэлтэй, аядуухан, намба төрхтэй, балчир бага хүүхдийн онцлог, сэтгэхүйг мэргэжлийн түвшинд эзэмшсэн тийм хүнээр нялх үрсээ асран хамгаалуулахыг хүсдэг билээ.
Дүүгийн маань яслид яваад сурсан юм их бий. Дуулна, булцгар гараа хөдөлгөөд янз бүрийн хөдөлгөөн хийгээд л... Эгдүүтэйхэн муухай охин шүү.
...Тогруу янзын хүүхэлдэй
Тоодог бяцхан ангаййхай
Ойн хүрэн баавгай
Олон янзын шувуунууд... гээд л. Гэвч сайны хажуугаар санаанд таарахгүй зүйл бол скочдох, гэдэг залхаан цээрлүүлэлт...
Хэрвээ багш эмэгтэйд энэ учрыг ойлгуулахгүй бол балчир дүүг маань дарангуйлуулж, үүнээс хойш бас хичнээн хүүхдийг яах нь тодорхойгүй байгаа юм. Шууд үнэнг нь хэлвэл багш эмэгтэй бидний зөвөөр хүлээн авна гэж бодохгүй байна. Мэргэн уншигч нар минь санал бодлоо хуваалцаарай.
Эд өөрийн хүслээр мэдэрч, хүртэж мэдрэх ёстой нялх балчир насан дээрээ тийм сөрөг хүчинтэй тулгараад байвал сайн байх уу? муу байх уу?


...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...