Monday, January 31, 2011

Ийм нэг албан бус хэлэлцүүлэг

Байгаль орчны судалгааны багийнхантай хэдэн жилийн өмнө хөдөө явсан юм.

Байгаль орчин хамгаалах төлөвлөгөө боловсруулах багат:

· Байгаль орчин хамгаалах ажил зохион байгуулах менежер эрэгтэй 1(гадаад хүн),

· Менежерийн туслах залуу эмэгтэй1,

· Ус судлаач буюу химийн мэргэжилтэн настайвтар профессор эрэгтэй 1, залуухан эмэгтэй 1,

· Усны чанар судлаач мэргэжилтэн эмэгтэй 1 (гадаад хүн),

· Усны чанар судлаач дунд насны эрэгтэй 1 аль сургуулийн билээ профессор

· Гидрогеологийн инженер залуу эмэгтэй 1, дунд насны эрэгтэй 1

· Хэвлээр явагч судалаач залуу эрэгтэй 1,

· Амьтан судлаач (сээр нуруутан) дунд насны эрэгтэй 1

· Шувуу судлаач залуухан эмэгтэй 1,

· Ургамал судлаач залуу эмэгтэй 1, эрэгтэй 1 байхаас гадна орчуулагч миний бие, мөн 4 (эрэгтэйчүүд) жолоочтой баг нэг зун хөдөө ажилласан юм.

Зунжингаа хамт ажилласан тул эжий ахай болтлоо танилцаад, судалгааны сэдвээс ч өөр сэдвээр ширүүхэн хэлэлцүүлэг өрнүүлдэг боллоо.

Нэг удаа, телевизээр олны танил эрхэм гарч, эрэгтэйчүүд хоёр эхнэр авч болох талаар хуулийн заалт шинээр батлуулж болно энэ тэр гээд баахан дэмийрсэн юм.

Багийн эрчүүд эр хүн юм болохоороо тэр яриаг өөгшүүлж, хоёр эхнэр авбал ... гэж ургуулан бодож, ам уралдуулахад, хүүхнүүд бараг багаасаа өрх тусгаарлах шахан, эрхээ хамгаалан хошуугаа билүүдэцгээв.

Гэтэл түрүүнээс хойш дуугүй суусан шувуу судлаач биологийн мэргэжилтэн бүсгүйгээс “Ц чи тэгвэл яах вэ?” гэж тоглоом шоглоомоор асуувал,

“Хн, тэгвэл би их хатан болж байгаад бага хатныг ямбийтал нь дарамтална” гэдэг юм даа.

За эрчүүд минь, тийм хууль батлуулбал бага эхнэр чинь их зовно шүү.

Thursday, January 27, 2011

Хүсвэл, бүртгэл хүртэл будилна

Би хоёр эмэгтэй дүүтэй, бид гурвын нэрийг эцэг эх маань өгөхдөө том охин болох миний эхний нэрийн араас дүү нарын нэрийн хоёрдохь нэрийг залган өөрчилж өгсөн, хэн ч сонссон сонсголонтой, бас нэг эцэг эхтэй гэж мэдэгдэхээр, царай зүсийг минь зэрвэс харсан хэн гуай ч андуурдаг юм л даа.

Царайны хувьд бол ямар ч банкны ажилтан андуурдаг тул хэн завтай нь нөгөөгийнхөө иргэний үнэмлэхийг авч яван банканд гүйлгээ хийж, ажил төрлөө амжуулдаг нэг муу зуршил бий.

Гэтэл энэ шинэчилсэн бүртгэл гээчид бүрэн бүртгүүлбэл бид гурвын солигдох асуудал огт ор сураггүй болох юм байна, хурууны хээ авсан болохоор тэр асуудал ямар ч найраагүй болжээ, гэж яриад сууж байтал дунд охин дүү маань “Ашигүй дээ, Заяа эгчийн элдэв ажилд явахгүй амар болж “ гэж миний ундууцлыг төрүүлж байсан нь дөнгөж өнгөрсөн намар болсон яриа.

Тэгсэн чинь манай дунд дүү өчигдөр орой надруу утсаар ярьж, та амарч байгаа бол иргэний бүртгэл мэдээллийн төв явж, надад дугаар аваад өгөөч. Миний нэр ...................далай гэж бүртгэгдсэн байна гэнэ. (Уг нь .......................жаргал гэдэг байхгүй юу) Би ойрдоо ажил ихтэй, явах завгүй болоод байна. Манай гэрийнхнийх бүгд зүгээр, нөхрийгөө хэлж, ядаж байхад дандаа томилолтоор яваад, гэж урсгав.

Нэр солигдсон гэдгийг сонсоод, овгоо солиулсан гашуун сургамж бодогдон, яахаараа тэгдэг юм болоо? баларсан юм гэж дэмжин бачуурвал, манай дүү бас тэгж байгаад тайван бодь нөхөр шүү. Урдаас харин,

Би арван жилд байхдаа, миний нэрэнд “л, р” гээд баахан гийгүүлэгч орсон онцгүй нэртэй, хүн хэлэхэд ч хатуу, би ерөөсөө .........................далай гэвэл их гоё сонсголонтой сайхан нэртэй болох юм байна гэж найз нартаа ярин нэг өдөр цаас дүүрэн нэрээ бүүр ..............далай гэж бичин гарын үсгээ зурж үзэн, өөрөө өөртөө өгсөн нэрэндээ гарын үсгийн хэвтэй ч болж гэнэ. Тэрнээс болсон юм байхдаа, миний тэр дэмий эрээчиж, өөртөө өгсөн нэрээр иргэний бүртгэлд намайг бүртгэчихсэн байхын... гэж авдаг байна шүү. Сонин юмаа, арван хэдэн жилийн өмнө ингэж сольмоор байна гэж жинхэнээсээ бодсон юм байхдаа, нэрийг нь үнэхээр тэгж зөрүүлж оруулаад байхдаа яахав дээ, гэж бодлоо.

Худлаа юмыг мянга ярихаар үнэн болдог гэгчээр гэж хэлээд, чи өөрөө аргалж явахгүй бол би ажилдаа орчихсон, амжихгүй, ер нь ч яах гэж эцэг эхээс оноосон нэрээ чи өөрөө голсын бэ? гэтэл их дурамжхан цагаан сарын дараа болохоос гэв.

Ингэхэд энэ иргэний бүртгэл гэж ямар янзын орон гаран нөхдүүд ажилдаг газар вэ? Хүний нэр ч зөв оруулчихгүй, гэтэл юун орон гаран гэж,...Орох ч үгүй дандаа гарч байдаг юм шиг байна шүү гэж дүү маань ундууцан хариулав.

Тэгж, хэлэхээс яахав дээ, ямар нэрээ тийм болгох гэж тэдэнд хэлсэн биш, арай хэтэрхий юмаа, энэ бүртгэл мэдээллийнхэн.

Tuesday, January 18, 2011

Ногоон нүдэн лам буюу нагац ээжийн тухай мартагдсан дурсамж

"Ногоон нүдэн лам" романыг гоё ном байна гэж сонсоод удсан ч уншиж амжихгүй байсаар саяхан уншлаа.
Хэлмэгдүүлэлт, түүний дотор лам нарыг хомроглон баривчлан хэлмэгдүүлсэн тухай их тодорхой болгон уран сайхны хэлбэрт оруулан бичжээ. Нэг л уншиж эхэлвэл одоо яах бол гэж догдлон уншсаар суудал дээрээ дуусгах ном юм байна.
Зохиолыг үнэн бодит түүхээс сэдэвлэсэн гэж бодохоор тухайн цаг үед болж байсан үйл явц жирийн ард иргэдийн сэтгэл санаанд гүн нөлөөлөл үлдээсэн гэдэгтэй санал нэг байнаа.
Энэ номыг би бараг хамгийн сүүлд уншсан байхаа, тийм болохоор романы тухай биш нагац ээжийнхээ тухай оруулж байна.
Нагац ээж минь бурханы оронд очоод 22 жил болжээ.

Номыг уншиж дуусмагц миний дотор янз янзын бодол хөвөрч байнаа.

1-р дурсамж:

Би 8,9-р ангид байсан тэр жил миний нагац ээж манайд гэрт өвөлжсөн юм.

Тэр үед “Эдлэх ёсгүй эрх” гэж телевизийн жүжиг гарч гэрээрээ үзэв.

Тэр жүжгийн үйл явдалд ардын засаг мандсаны дараах үеийн үйл явдлууд гардаг бөгөөд тодруулбал нэгэн сургуулийн багшийн тухай өгүүлдэг. Тухайн үед лам нарын бослого болох болсон үндсэн шалтгааны нэг болох ардын засгаас авч хэрэгжүүлж буй сүм дуган устгах, бурхан тахил, эд хөрөнгө хураах зэрэг үйл өрнөдөг.

Нагац ээж минь угийн тайван, юмны сүүлд дуугарч байдаг буянтай буурал байлаа. Бид нар аав, ээжээсээ тэр жүжгийн талаар асууж тухайн үед яг саяны жүжигт гардаг шиг үйл явдал болж байсан болов уу? хэмээн гэр дотор сонирхолтой яриа өрнөхөд бидэнд, болсон явдлыг үзсэн хүний хувиар нагац ээж минь нэгэн яриаг ярьж өгсөн нь Ногоон нүдэн лам романы уншихад санаад орж ирлээ.

Нагац ээж айлын ганц охин доороо нэг эрэгтэй дүүтэй байсан гэнэ. Дүү нь танхимд суралцаж, нагац ээжийн аав өртөөнд улаа хийн тэднийх өртөөн дээр байдаг байжээ.

Айлуудын бурхан тахил хураах, хүүхдүүдийг танхимд суулгах үйл явдлууд яг болдог байж гэнэ.

Манай тэнд Залаа хэмээх догшин хайрхан байх бөгөөд Тариатын хүрээний лам нарыг мөн л хоморголон баривчилжээ. Тэднийх өртөөн дээр байдаг байсан болохоор замын хүмүүс бүгд дайрдаг тул нагац ээж тэр явдлыг харж байсан хүмүүсийн нэг нь ажээ.

Залааг даваад лам нарын шар улаан алагласан давалгаа гарч ирэхэд өртөөнийхөн ч ажлаа базаан, угтахад бэлтгэдэг байсан гэнэ. Улаан шар л болохоос нуурын давалгаа давалгааж буй мэт давалгаалан өртөөн дээр буудална. Хэдий баригдаад явж байгаа ч нутгийн хүмүүс болохоороо хянагч нарын хойгуур урдуур гарч таньдаг мэддэг хэн явж буйг мэдэхийг оролдон чадах ядахын хэрээрээ өл хоол залгуулахыг хичээдэг байжээ.

Нуурын усны давалгаа шиг тэр олон лам нарыг барьж явсан мөртлөө хүн бараг эргэж ирээгүй, бас бурхан тахил эд хөрөнгө хураах нь хатуу ширүүн байсан тул жирийн иргэд аль болох ая талыг хичээн царайчлан амьдрах болжээ.

2-р дурсамж:

Тухайн үед авсан сэтгэлийн хүнд шарх нагац ээжийн минь сэтгэлд гүн үлдэн шүтэх шүтээнээ авдартаа хийн гэртээ ил тавьдаггүй байсаныг нь би сайн мэднэ.

Нэгэн удаа нутгийнхан “Тарган” хэмээдэг Цэрмаа гуайнд нагац ээж бид хоёр очлоо. Тэр үед би сургуульд ороогүй байсан ч болж буй явдлыг там тум санахын бодоход 5-6 настай байсан болов уу даа.

Цэрмаа гуайнд бараг өдөржингөө ном уншуулж, Цэрмаа гуай хонх цохин, нагац ээж бид хоёр мөргөн бөөн юм болов.

Би жаахан хүүхэд байсан тул сүүлдээ ядраад унтаад өгчээ. Нэг сэрэх нь ээ нагац ээж Цэрмаа гуай хоёр цагаан будаатай шөлтэй хоол идэхэд бэлэн болгож бид гурав хамт хооллосон юм. Тийм гоё будаатай шөл дахин идээгүй мэт санагдана. Өлссөн байсных уу, эсвэл номын хүчийнх үү?

Хоол идээд нагац ээжийн хамт харихаар явах замдаа асуусан асуултаа сайн санадаггүй юм. Хөөрхий нагац ээж минь “Миний охин хоёул жаахан амаръя” гээд амрах зуураа чулуун (манай нутаг үхэр чулуу ихтэй сумын төвд ч гэсэн их байдаг) дээр суун хэлсэн нь одоо ч санаад илхэн.

Миний охин өнөөдрийн болсон явдлыг (ном уншуулж, хонх дамар болсоныг ) хэнд ч бүү хэл, хэрэв чи хүнд хэлвэл аймаг дээр байгаа аав ээж хоёрыг чинь шоронд хийдэг юм. Шорон гэж ямар аймар газар болохыг миний охин мэдэхгүй, хэрэв тэнд хүн орвол их зовно, хоол унд хомс, өлөн зэлмүүн байлгаж, хүнд ажил хүчээр хийлгэн, өөрийн хүслээр охинтойгоо ч уулзах эрхгүй болж, миний охиныг харж хандах хүнгүй хэцүүднэ гэх зуураа амандаа маани уншина. Тэгээд энэ тухай ээждээ ч хэлэх хэрэггүй шүү. Ээж аав нь зовохын нэмэр, миний охин ч энэ тухайгаа битгий бод хэмээн ятгах гуйлт, хөөрхий нагацын минь нүдний гунигтай харц, Ногоон нүдэн ламыг уншихад санаанд орж ирлээ.

Мэдээж би ээждээ ч тэр тухай яриагүй бөгөөд саяхан ээжээс асуувал, манай нутгийнхан Цэрмаа гуайг хуучны номтой хүн гэдэг байсан гэхээс өөр гоц содон зүйл ярихгүй байгаагаас үзвэл би тэр тухайгаа хэнд ч хэлээгүй юм шиг. Хүүхэд байсан болоод тэр биз, би тэр яриаг тас мартсан ажээ.

Тэр үеийн хэлмэгдүүлэлт жирийн хүмүүсийн сэтгэлд гүн шарх үлдээн, гэр бүлийн хүмүүс ч бие биедээ итгэхэд бэрх байсныг нагац ээжийн үг яриа, үйл хөдлөл надад ойлгуулах гэж хичээж байсныг энэ номыг уншиж байхдаа ойлгов.

Үнэн мөртлөө гашуун дурсамж сэргээсэн Ногоон нүдэн лам романд баярлалаа.

Friday, January 7, 2011

Улаанбаатарын орой

Нар шингэх үеийн Улаанбаатар хот минь. Зураг авдаг өдөр утаа тогтохооргүй салхитай байсан болохоор ийм дүр зургийг харсан юм.
3-р цахилгаан станцын утаа.
...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...