Wednesday, December 31, 2008

Шинэ жилийн мэнд хүргэе!



Миний блогоор зочилж байдаг найз нартаа шинэхэн цас шиг хөнгөхөн сэтгэлээр, буурал оноо үдэж буянтай жилээ угтахыг хүсье. Ирж буй шинэ ондоо амжилт бүтээл арвин байг. Та бүхэн сайхан баярлаарай.

Friday, November 28, 2008

Ташаа тайлбар

Оюутан байхдаа зуны амралтаараа жуулчид дагуулаад явдаг байлаа. Нэг удаа жуулчны компаний менежер "Ганцаараа ирсэн нэг жуулчин байна. Группэд оруулж болно гэсэн чи өөрийнхөө группэд нэг хүн нэмээд аваад яв" гэлээ.
Хархоринд хоёр хонох төлөвлөгөөтэй, эхний орой агаар сайхан байсан тул бүгдээрээ жуулчны баазын ар талын өндөр ууланд гарлаа. Жуулчид маань ам амандаа сайхан юм гэсээр уулын овоон дээр гарч ирлээ. Тэр овоон дээр баахан адууны толгой залсан байв. Гэтэл бусдынхаа сүүлд яваад л жаахан зожигдуухан, нөгөө сүүлд нэмэгдэж ирсэн жуулчин, адууны толгой яагаад энд байгаа юм бэ? гээд баахан асуултаар булж орхидог юм байна.
Чадах чинээгээрээ л хариулт болгож, Монголчууд адууг хэрхэн шүтдэг болсон тухай домог, түүх холин ярьж өгтөл тэгсхийгээд чимээгүй боллоо.
Уулнаас бууж байх замд нэг үхрийн хувхай цагаан толгойтой тааралдав. Тэр нь бас болоогүй ээ, томоос том эвэртэй. Нөгөө адууны толгой асуугаад байсан жуулчин бас л асууж байна. " Энэ толгойд ямар нэгэн учир байгаа юу? гэж ирээд л... Ямар юмны учир байхав дээ гэж бодоод "Зүгээр хог, байгальдаа иймэрхүү байдлаар шингэдэг" гэдэг хариулт өгтөл " Хог уу? ямар нэгэн далд учиргүй юу" гэхээр нь их юм бодолгүйгээр "Хэнд ч хэрэггүй хог" гээд хэлчихэв.
Улаанбаатарт ирээд онгоцны буудал дээрээс жуулчдыг гаргаж өгөөд зогсож байтал, манай группын нэг нөхрийг гааль их сүрхий байцааж байгаа бололтой, ард нь дараалал үүсэж байгаа харагдлаа. Яасан юм болдоо гэж санаа зовосхийн харж байтал гаалийн байцаагч дуудаж байнаа.
Яваад очтол, байцаагч, мэнд мэдээд энэ хүний ачааг задлах шаардлагатай байна гэв. Хартал нөгөө малын толгойны харшилтай эр зогсож байнаа. Таныг ачаагаа задла гэнээ хэмээн дамжуулж хэлтэл, нөгөө хүн чинь ачаагаа задлаж эхлэв. Тэгсэн чинь юу байсан гэж сананаа. Чемоданыг нь бараг дүүргэсэн томоо бор цаасан боодолтой юм байх юм. Хичнээн ч их скочдож боосон юм бүү мэд. Баахан боолт, давхар давхар цаасан боодлыг тайлтал нөгөө миний хэнэггүйгээр хог гэж хэлж өгсөн үхрийн хувхай цагаан эвэртэй толгой... Нүүрнээс гал бутраад л явчихдаг юмдаа. Инээд хүрээд болдоггүй ээ. Үүгээр бас яадаг байнаа гэж бодохоос...
Байцаагчийн асуултанд хариулж байхад нь яагаад толгой эвэр таарахаар асуултаар булаад байсныг нь ойлгосон юм. Амьтны эвэр цуглуулах хоббитой хүн байсан байгаа юмдаа.
Үхрийн хувхай цайсан толгойг, ямар нэгэн боловсруулалт хийгдээгүй түүхий эдийг хилээр гаргадаггүй гэсэн хариулт өгч буцаасан.
Онгоц өндрөө аван нисэж байхад жолооч бид хоёр үхрийн толгой хаях гээд явж байж билээ.
Дараа нь тэр жуулчнаас түвэг чирэгдэл удсандаа уучилал хүссэн утгатай захидал авснаа мартдаггүй юм.

Thursday, November 27, 2008

Туслаач !!!

"Таван оронтой тооны тооны эхний хоёр оронг дарахад үүсэх 3 оронтой тоо нь анхны тооноос 83 дахин бага гарав. Уг тоонуудыг олоорой" гэсэн байна. Бодож өгч туслана уу. Тооны чанар гэдэг юмыг мэдвэл хурдан бодох юм билээ. Үсэгт тааврын хэлбэрээр бодох байх гээд үзлээ. Барах шинжгүй ээ.
Бидний бага байхад ямар сонгон, IQ гэж хичээл ордог байсан биш, манай охины энэ мэтийн даалгавар заримдаа намайг нам суулгах юмаа.
Чадвал өглөөнөөс өмнө хэрэгтэй шүү. Тоо бодохоор толгой сэргэдэг ш дээ. ккк

Wednesday, November 19, 2008

Анхны талхчин хаана төрсөн бэ?


Хамгийн анхны талхчин эртний Египетэд амьдарч байжээ. Египетэд зуурсан гурилаа халуун чулуун дээр тавьж болгодог байлаа. Дараа нь гал дээр тавьж болгодог болов. Энэ үеийн талхыг одоогийнх шиг хөөлгөж хийлгүй гурилаа зуураад шууд хайрдаг байжээ. Бараг л гамбир гэсэн үг. Египетэд үүссэн талх зэрэгдээх улс оронд тархжээ. Газрын дундад тэнгисийн эрэг хавийн цаг агаар дулаан тул зуурсан гурил нь хөөж исэхэд анхны хөөсөн талх үүссэн түүхтэй ажээ. Хөөсөн зуурмагийн талх нь хөөлгөөгүй зуурмагийн талхаас хамаагүй амт сайтай болсон тул хүмүүс зуурмагаа исгэн талх хийх технологийг боловсруулжээ.
9-р зуун гэхэд Грек, эртний Ром, өмнөд баруун Европод дэлгэрэн, Грек, Ромчууд талхыг ихэд таашаан зөгийн бал, давс, сүү витаминтай хольж, улмаар талхны жорыг бий болгожээ. Энэ үеэс талхчины мэргэжил үүсчээ.
/3-р ангийн сурах бичгээс авав/

Monday, November 10, 2008

Олимпиадад оролцогчийн онигоо

Бага ангийн хоёрдугаар ангийн сурагчдын дунд "Хүн байгаль" хичээлийн олимпиад явагджээ.
Багш нар оролцсон сурагчдын материалыг засаж байтал "Мэддэг эмийн ургамлаа зураад тайлбарла" гэсэн асуултанд 2-б ангийн нэг нөхөр " эмэгтэй хүний гэдэс өвдөхөөр уудаг өвс" гэж томоор бичин сарзайсан юм зурсан байхтай таарчээ. Зурсан зургийг нь хичнээн хараад ямар өвс болохыг нь мэдэх аргагүй байсан гэж байгаам.
Хөөрхий, тэр хүүхэдэд дээрх байдлаар хэн тайларласан болоо??? кккк

Thursday, October 16, 2008

Охины маань нэг өдрийн аялал

Нэг өдөр ажлаас иртэл, охин маань "Манай анги аялалд явна 10000 төгрөг" гэдэг юм байна. Хаашаа, хэдий хугацаагаар, юу үзэх юм бэ? гэж асуутал хариулт байдаггүй шүү. Тэгэхээр нь би " Хаашаа, юу үзэхээр явах гэж байгаагаа мэдэж ирвэл аялалын мөнгө өгье" гэчихэв.
Гэтэл нэг хоногийн дараа, ээжээ мэдээд ирлээ. Тэрэлж гэдэг газрын гурван найзын агуй, бас мэлхий хад, Аръяабалын сүм музей үзнэ" гэж хэлээд мөнгө авах эрхээ олж авлаа.
Анх удаа аялалд явах гэж байгаа болохоороо дотроо хөөрхөн баяртай, хэрдээ л бэлдээд байна шүү.
Тэгээд ээжийн хувийн данстай зургийн аппаратыг авч явах болсондоо бүр ч баяртай байв.
Ингээд охинхоо авсан зургаас оруулъя.

Тэмээг анх удаа ийм ойрхон газраас харжээ. "Тэмээ томоо тиймээ хө Тэгнээ ачаа даанаа хө Заан шиг том мөртлөө Зан нь мөн ч сайхан шүү"Өөрөө дандаа зураг авсан тул охины маань зураг нь бараг байсангүй ээ. Энэ зураган дээр гол хавьд нь зогсож байгаа нь миний охин.
Намар цаг, тунгалаг хөх тэнгэр.
Ийм бурхан байдаг юм байна. Би уг нь Тэрэлж олон л явсан санагдах юм. Ийм бурхан байсанг санахгүй юм.
Дүүжин гүүрээр гарч, Аръяабалын музейг үзсэн гэнэ. Дүүжин гүүрээр гарахад савлаад эвгүй байсан гэж байна лээ.
Аръяабалын музье.
Аръяабалын музьен орох хаалга
Намрын өнгө будаг
Тэмцээн зохиогдсон гэнэ лээ. Өрсөлдөгч анги нь булхайцсан тул ялагдсан гэсэн. Унасан бөхөд шалтаг мундахгүй ээ гэж.
Сарлагийг бас анх удаа харсан нь энэ. Бараг хөдөө явдаггүй хүүхэдэд мал сонин харагддаг бололтой. Ангийнхаа хүүхдүүдийн зургаар дүүргэж ирсэн memory-д ганц нэг сонирхол татах зураг орсон байваа.
Өглөө 9 цагт яваад оройн найман цагаас арай өмнөхөн ирсэн юм.

Saturday, October 11, 2008

Сэтгэлгээний зөрүү

Япон улсад үйлдвэрлэл маш нарийн зохион байгуулалттай хөгжсөн байдаг гэдгийг бүгд мэднэ.
Нэг хөгийн юм бичмээр санагдчихлаа. Ухаандаа улсын хөгжлийн түвшингээс шалтгаалан хүний сэтгэхүйн зөрүүний тухай юм уу даа.
Хэдэн жилийн өмнө нэгэн үйлдвэрийн барилга угсралтын ажил дээр Япон инженертэй хамтран ажиллаж байв.
Намар болж Монгол хүний сэтгэлгээгээр бол хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж байсан цаг.
Уурын тогоо угсрах ажил дуусч байтал барилгын ажил жаахан оройтсноос болоод яндан хийх ажил нилээд яаруу хийлгэх болов оо.
Гайтай нь анх туслан гүйцэтгэгч компанитайгаа гэрээ хийхдээ яндангийн яршиг түвэгтэй ажлыг огт оруулаагүй байсан болохоор өөр хүмүүсээр хийлгэх үү? эсвэл туслан гүйцэтгэгч компаний ажлын завыг харж нэмэлт ажил хэмээн, гэрээний үнийн дүнг өөрчилөх үү? гэдэг асуудал тулгарч ирэв.
Нэг өглөө ажилдаа иртэл, "талбай дээр зураг төслийн дагуу яндан хийх хоолой ирсэн байна. Түүнийг тайрч гагнах "гагнуурчин" компанийг ол" гэж гадаад мэргэжилтэн лүндэн буулгав. Би дотроо гагнуурчны компани гэж тусдаа байдаггүй гэж тайлбар барих гэснээ болиод нэг найздаа үнэ хөлс тохирон гайтай янданг гагнуулан бэлэн болголоо.
За тэгээд яндан угсрахад бэлэн болсныг хэлтэл "яндан угсралтын мэргэжлийн компани дууд" гэдгийн. Элэг хөших дөхсөн боловч яадаг ийдгийг нь мэдэх гээд жаахан явуулмаар санагдаад бас нөгөө найздаа хэлж, найз маань кран мрантай ирээд угсарчихаад мөнгөө авчихлаа.
Ингээд барилгын бусад ажлын явцыг харан хэд хоног байж байтал, манай гадаад инженер надтай хийх ажлаа зөвлөлдөж байхдаа, их л бодож болгоосон царай гарган, "Танай улс ийм хүйтэн цаг агаартай нутаг тул янданг дулаалах мэргэжлийн дулаалгын компани гэж байх ёстой. Ирэх долоо хоногийн 3 дахь өдрөөс 5 дахь өдрийн хооронд янданг тусгай мэргэжлийн компаниар дулаалуулах ажлыг зохион байгуул" гэж авдгийн. Үгүй мөн ярина ярина гэхэд хэ хэ. Энэ яваа насандаа яндан дулаалах мэргэжлийн компани байхыг сонссон биш, золтой л инээчихсэнгүй арайхийн инээдээ барьлаа. Ядаж байхад тэр инженер их дарганцар нөхөр л дөө.
Даргын тушаал хойно яахав дээ янданчин найздаа хэлээд янданг дулаалуулах боллоо. Яндан дулаалах ажил эхлэж байна гэтэл гадаад инженер маань талбай дээр очиж үзжээ. Талбайгаас надруу утсаар ярьж байна. "Заяа энд нэг андуурал болсон шиг байна. "Дулаалгачин биш, янданчин ирээд ажиллаж байна" гэдгийн. Би утсаар баахан тайлбар тавиад санаа зоволтгүй, хийчихнэ гэж тайвшируултал " Чи боддоо, эхлээд гагнуурчин, дараа нь янданчин, дараа нь дулаалгачин, энэ гурав чинь гурван өөр ажил шүү дээ, нэг л хүн хийгээд байхын, би сайн ойлгохгүй байна" гэж хадуурч байвал яах уу.
Энэ тухай сүүлд нь "Янданчин" найздаа хэлтэл "Эр хүн, туг ч барина, тугал ч хариулна" гэж бөөн инээдэм болж билээ.
Япон улс хэдэн сая хүнтэй билээ дээ. Тэр Япон инженер яг л Японд байгаа юм шиг сэтгээд, Монголд тэр үйлдэл дамжлага бүрт компани байгуулаад байвал, бүгд компаний захирал болно биз дээ.
Харин Японд бол бүх юмыг дамжлага дамжлагаараа нь салган бэлтгэн нийлүүлэгчид хийж дараагийн дамжлагат ирмэгц дараагийн компани авч хийдэг. Хөөрхий тэр Япон инженерийн буруу ч юу байхав. Хөгжлийнхөө түвшингээр л сэтгээд яриад байхад, би бас хөгжлийнхөө түвшинд сэтгээд, цаашлуулаад л... ккк гэсэн.

Friday, October 10, 2008

Фиттнес клуб

Гэнэт л өөр юм хиймээр санагдаад... Фиттнес клубт явдаг юм байна. Учиргүй турж эцье гэж зориогүй ч "хөдөлгөөнгүй суух эрүүл мэндэд муу" гэж олон жил бодсны эцэст нэг өдөр клубын хаалгыг хоёр найз хүүхний хамт татсан хэрэг.
Эхний өдөр бүжгийн хичээл
Өндөр өндөр нарийхан охидууд дүүрэн, багш эмэгтэй нь сийлсэн мэт биеийн галбирыг гайхуулан бүжих ажээ. Учиргүй мундаг биш ч гэсэн бүжиг болоход зүгээр суудаггүйн хувьд бүжиглэв ээ. Хип хоп бүжиг ч гэх шиг баахан үсэрч үсэрч, ам хамар хатаад таг болох дөхөв. Дотроо бодлоо, ийм их хөлс гарч байгаа юм чинь лав үр дүнтэй биз, харин дандаа ингэж үсэрч бүжиглэвэл ч мэдэхгүй ээ гэж эргэлзэнгүй бодож зогсвоо.
Хоёрдох өдрийн хичээл. Йога
Энэ хичээл надад харин таалагдав. Үсэрч дэвхэрч сүйд болохгүй, хамаг биеийн чилээг гарган, сэтгэл тайвшираад зүгээр санагдав. Сунгалтын дасгалыг голчлон хийдэг юм байна.
Гуравдах өдрийн хичээл. Тавцантай дасгал.
Бүжгийн хичээлээс ч их үсэрдэг. Би үсрэх юманд дургүй болохоор жаахан тиймхэн санагдав.
Дөрөвдөх өдрийн хичээл. Комбат дасгал
Каратэ, бокс зэрэг тулааны урлагаас дасгалыг нь боловсруулсан юм гэнэ. Би өөрийгөө зодолдох дуртай гэж мэдээгүй өдий хүрчээ. Монгол хүн болохоороо тэрүү? сахилгагүйтэх төрлийн юманд цаанаа дуртай байна лээ шүү. Миний дургүй үсрэх хөдөлгөөн байгаа ч тавцант, бүжгийн хичээл шиг үргэлжлүүлэн үсрэхгүй болохоор их зүгээр санагдав. Цаашдаа ямар нэгэн тулааны урлагаар хичээллэдэг юм билүү гэсэн. ккк
Тавдахь өдрийн хичээл. Бөмбөгтэй дасгал
Их хүнд дасгалууд, товчхондоо сунгалтын дасгалууд, маргааш нь хамаг бие буларч манай ажлын гурван хүүхэн зэрэг ёолох нь тэр... ккк "Минийх арай гайгүй байна" гэтэл намайг бөмбөгтэй дасгалаа "буруу хийсэн" гэж хоёр найз маань онош тавьдаг байгаа хөөрхий.
Зургаадах өдөр. Импакт дасгал
Маш их энерги зарцуулдаг үсэрч хийдаг хичээл байлаа.
Маргааш орой нь миний бие өвдөөд хөдөлөхөд залхуу хүрч бие нозоорно. Унтахдаа хартал хоёр хөл минь тулам шиг болж хавдчихсан байх юм. Гэрийнхэн маань хэлж байнаа, өдий насны хүн гэнэт үсэрч харайгаад бөөр чинь өвдөж байгаа юм биш үү... 7 хоногт 2-3 удаа л явахад болно ш дээ, хэмээн загнах, аргадах хоёрыг хосуулан хэлж байнаа.
Өнгөрдөг долоо хоногт үсэрдэг хичээлүүдэд огт явсангүй, бие хөнгөрөөд сайхан болж байна. Буларсан бие ч овоо болов. Ингээд тавцант, импакт хоёрт явалгүйгээр бусадад нь явъя гэж шийдээд байгаа юм.
Найз нар маань дасгалдаа дасцгааж, юу ч гэсэн 3 сар үргэлжлүүлэн явъя гэж тохироод байгаа билээ.
Фиттнес клубт эмэгтэйчүүд их явдаг юм байна. Оройн цагаар их олон хүнтэй, гадаад бүсгүйчүүд ч гэсэн их явах юм билээ. Анх удаа явж байгаа болохоор бусад клубтэй харьцуулж чадахгүй юмаа.
Амьдралдаа анх удаа биеийн тамираар хичээллэсэн минь энэ буюу.

Friday, September 26, 2008

Ус нуур аргадсан нэг өдрийн аялал

Намрын энэ л цагт ус хамгийн тунгалаг, цэвэршиж ирдэг тул Монголчууд гол мөрөн, нуур усаа шинжин, Лусыг аргадан, баясуулах зан үйлийг хийсээр ирсэн ажээ.
9-р сарын 24-нд Багануурт "Хэрлэн ", "Их гүн", "Бага гүн" нууруудаар ажлаар явж байх далимдаа авсан зургаа оруулъя.

Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг дахь "Аяга" хэмээх газар.
Их зохиолч Нацагдоржийн аав Дашдорж гуайн гэрийн бууриар түр саатан цайлав.
Уг гэрийн буурийг анх 1983 онд бетондон хийжээ.
Гэрийн буурин дээр Монгол гэрийн тулгыг илэрхийсэн багана байх бөгөөд багана дээр тайлбар бичгүүдийг байрлуулсан байв.

Гэхдээ миний сонсож байснаар Баяндэлгэр суманд их зохиолч төрөөгүй, Мөнгөн морьт суманд төрсөн гэж зарим хүмүүс ном хаялцдаг гэнэ лээ. Одоогоор аль нь ч батлагдаагүй юм билээ. Хэрлэн хатан ээж. Ойрд үзэгдээгүй тунгалаг сайхан байж сэтгэлийг баясгав.
Багануурын уурхайн баруун урд чигт байрлах "Их гүн" хэмээх нуур. Зураг дээр алсад Багануурын нүүрсний уурхайн шороон уул харагдаж байгаа.
Тэр өдөр намрын сэрүүн салхитай байсан тул нуур давалгаалан, шувууд гаганана, сэтгэлд уйтай
.
"Их гүн" нуурын давалгаа далайн давалгаа мэт санагдав.
Их гүн дээр тааралдсан хоёр хун холдон холдоод би олигтой зураг авч чадсангүй.
Сайн харвал хоёр цагаан цэг байгаа. Тэр бол хун шувуу шүү. Сайн төсөөлж харахыг хүсье.
"Бага гүн" нуур дээр тааралдсан хоёр хун дөрвөн муухай дэгдээхэйтэйгээ ам бүлээрээ тайван шумбаж байлаа. Зургийг томруулж харвал хоёр хунгийн хажууд хоёр хар цэг байгаа, тэр хар цэгүүд бол дэгдээдэй шүү.
Их, бага хоёр гүн нуур хүйн холбоотой, Их гүн гадагшаа цутгалгүй, харин Бага гүн нуурт Хужиртайн гол цутгадаг. Нүүрэнтэйн хөндийд Багануурын нүүрсний уурхайг ашиглаж эхэлснээс хойш энэ хоёр нуур ялангуяа Бага гүний усны түвшин маш их багасаж иржээ. Харин сүүлийн үед уурхайн зүгээс нөхөн сэргээлтэд ихээхэн анхаарч, усны түвшин бага зэрэг нэмэгдэж байгаа гэнэ лээ. (Миний нүдээр бол улам ч бага болчихсон юм шиг л санагдсан)

Бага гүнд цутгадаг Хужиртайн гол бас сүүлийн хэдэн жил урсахгүй шурган алга болжээ. Усны түвшин өндөртэй жил урсана гэж таамаглах боловч өнгөрсөн зун лав урсаагүй.
Нүүрс бидэнд чухал хэрэгтэй ч энэ мэтээр байгальд гаж нөлөө үзүүлсээр байна. Эрчим хүчийг зөвхөн нүүрснээс бус өөр өөр арга, технологи зайлшгүй хэрэгтэй болжээ.
Намрын сэрүүхэнд даарч явахад малчин айлын байр байдал сэтгэлд дулаахан.
Багануурт зочилоход их зохиолчийн алдарт найраг таныг угтана. Ус нуур дагасан нэг өдрийн аялал өндөрлөж, Улаанбаатарын зүг хүлгийн жолоо залав.

Thursday, September 11, 2008

Ойдов мэх

Зууны манлай тамирчин, хөдөлмөрийн баатар Зэвэгийн Ойдов нь 1976 онд Канадын Монреал хотод болсон зуны 21-р олимпын мөнгөн медальт, дэлхийн хошой аваргын дэлхий дахинд анх удаа хийсэн чөлөөт бөхийн мэхийг "Ойдов мэх" гэдэг.
Ойдов мэх нь толгой уургалсан байдлаас суйлж унагах энэ мэхийг зөв хийж чадвал босоогоос шууд цэвэр ялах боломжтой гэнэ.
Монголын Ч
өлөөт бөхийн холбооноос албан хүсэлтийг гаргаж, Будапештийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Олон Улсын чөлөөт бөхийн холбооны хурлаар "Ойдов мэх"-ийг батлан дэлхийд анхлан хийсэн хүн нь Монгол улсын тамирчин З. Ойдов хэмээн дансалжээ.

Friday, August 29, 2008

Икэбанагийн тухай

Монгол-Японы төв дээр энэ сарын 27-нд "Икэбана" хэмээх Японы уламжлалт цэцэг амилуулах урлагийн үзүүлэх сургалтанд хагас дутуу сууж үзлээ.
Бид хэн нэгнээс амьд цэцэг хүлээж аваад савтай усанд хийх зэргээр л арчилдаг бол икэбана хийвэл урт хугацаанд цэцгийн тансаг байдал алдагдахгүй таны өрөө тасалгааг чимэж байдаг юм байна.
Икэбанаг хийхэд чухал шаардлагатай хэрэгсэл бол "кэнзан" буюу хатгуур юм байна.
Эхлээд Ёшида багш өөрөө хийж үзүүлээд дараа нь сургалтанд оролцогчдоос сугалаагаар дөрөв дөрвөн хүн гарган бэлдсэн ширээнд суулган биечлэн хийлгүүлсэн тул амархан ч юм шиг санагдав.
Багшийн хийсэн бүтээлүүд. Сургалтанд оролцогчдын зургийг оруулав.
Цэцгээ ийнхүү амилуулан өрөөнд тавихад ойролцоогоор 7 хоног гоёмсог байдлаа хадгалдаг бөгөөд долоо хоногийн дараа хатуурт суулгасан цэцгээ сугалан авч, ишний үзүүрийг дахин ташуу зүсэн шинээр суулгахад дахин нэг долоо хоног амьдрах чадвартай юм гэнэ.
Гэхдээ Японы уламжлалт урлагт ордог болохоор энэ мэтийн бүдүүн тоймын тайлбараар бол хэн ч хийчих юм шиг мөртлөө тийм биш юм байна.
Икэбана нь дотроо олон олон урсгалуудтай бөгөөд, урсгал тус бүрүүд өөр өөрийн онцлогтой юм.
Мөн цэцгийн өөрийнх нь шинж чанараас хамаарч, зарим цэцэг сар орчим амилан тансаг байдлаа хадгалж байдаг бол зарим нь хагас өдрийн, 2 цагийн настай цэцэг ч байдаг.
Жишээлбэл: Очиябана буюу цайны цэцэг нь маш богинохон настай тул уг цэцгийг рестрон эсвэл гэртээ хүндтэй зочин ирэхэд тухайн зочинд тухайлан зориулж байна гэсэн утгаар икэбана болгон тавьдаг гэнэ. Зочин ч гэсэн тэр цэцгийн шинж чанарыг мэдэж байдаг тул зөвхөн намайг үйлчлүүлэх үед ийм цэцгээр гоёсон байна хэмээн үйлчилж буй хүмүүстээ хүндэтгэлтэй ханддаг.

Гоо зүйн мэдрэмжтэй болгох, мөн цэцгээс маш олон төрлийн таатай мэдрэмжийг хүн хүлээж авах боломжтой энэ урлаг нь Япончуудын үндэсний соёл, урлаг, гоо зүйн салбар тул хүн бүр маш нарийн ойлголттой ажээ.
Анх икэбанаг Япон эрчүүд хийдэг байсан бол "Мэйжи ишин"-гээс (Мэйжи ишин гэдэг нь Мэйжигийн хувьсгал буюу 1868 он хойш) явандаа эмэгтэйчүүд суралцан хийсээр орчин үед эмэгтэйчүүд хийдэг болсон. Ялангуяа залуу эмэгтэйчүүд нөхөрт гарахаасаа нэг, хоёр жилийн өмнө икэбанагийн сургалтанд маш ихээр суудаг гэнэ.
Мөн дунд сургуулийн сургалтанд икэбанагийн сургалт орж байдаг болохоор үндэсний энэ урлагийг мэдэхгүй Япон хүн байхгүй юм.
Иймд гоо зүйн өндөр мэдрэмжтэй Япончуудад цэцэг бэлэглэхдээ сайн бодож байж өгөх нь зүйтэй болов уу. Хэрэв сайн мэдэхгүй бол өөрөөс нь асууж болно.

Monday, August 25, 2008

"Икэбана" амьд цэцгийн урлаг

Японы үндэсний өвөрмөгц урлаг болох "Икэбана" -гийн үзүүлэх сургалт 2008 оны 8 сарын 27-ны өдрийн 14 цагт Монгол-Японы төв дээр болох юм байна.
Икэбана гэдэг нь үгчлэн орчуулбал амьд цэцэг гэсэн утгатай бөгөөд эрт дээр цагаас өнөөг хүртэл Японд уламлагдан үлдсэн урлагийн нэг төрөл юмаа.
Тарьмал болон хээрийн цэцгээр гэр орон, ажлын газар, өөрөөр хэлбэл хүнд таатай мэдрэмж төрүүлэх зорилгоор өрөө тасалгааг чимдэг байна.
Тасдаж орхисон цэцэг хормын төдийд үхэж өнгөө алддаг бол икэбана болгон хийвэл харьцангуй урт хугацаанд таны өрөө тасалгааг цэцгийн тансаг үнэр, өнгөөрөө чимэж байдаг. Мэдээж хэдий орчим хугацаанд гоёмсог байдлаа хадгалах нь тухайн цэцгийн өөрийн онцлог шинжээс ихээхэн хамаардаг.
8 сарын 27-нд болох Икэбанагийн үзүүлэх сургалтыг Японы Нагояа хотын урлагийн их сургуулийг төгссөн Ёшида Хидэми гэдэг эмэгтэй хийх юм байна.
Та бүхийг өргөнөөр оролцохыг хүсье.

Friday, August 22, 2008

Баданга хүдэрт аюул тохиолдож байна

Дэлхий дээр 3 төрлийн хүдэр байдгаас Монгол оронд Баданга хүдэр гэсэн төрөл нь байдаг.

Хүдэр нь өмнөд, зүүн, баруун өмнөд Азийн 10 гаруй улсад тархсан байна. Хүдэр эвэргүй, эр нь соёотой байдаг. 1 метр орчим өндөр, сэрвээгээрээ 60 см орчим өндөр. Эрийг нь гирээ, эмийг нь гирэгэ гэдэг. Гирэгэ нь голдуу нэг, ховор тохиолдолд ихэр янзага гаргадаг.

Хүдэр нь заар гэдэг анхилам сайхан үнэртэй төрснийхөө төлөө замбуулинд амьдрах тоо нь эрс цөөрч байгаа юм. Заар нь зөвхөн эр хүдэрт байдаг тул сувдаг сэтгэлтнүүд ашиг олох зорилгоор их хэмжээгээр агнах болжээ.

Америкийн Траффикийн судалгааны дүнгээс үзвэл Америкийн том том худалдааны төвүүдэд хүдрийн заар ашигласан бүтээгдэхүүн худалдаалагдах нь элбэгшиж байгаа гэнэ. Эдгээр бүтээгдэхүүний гарал үүсэл нь голдуу Хятадаас байдаг гэнэ.

Манайд хаяа зар сонсож байхад “Хүдрийн заар авна” гэсэн зар байдаг нь нууц биш юм. Хулгайн агналтаас үүдэлтэй тул баданга хүдрийн эр эмийн харьцаа алдагдаж саяхан Хөвсгөл Соёны уулсад /Хөвсгөл аймгийн нэлээн хэдэн сум багтсан байсан/ явуулсан судалгаагаар дөнгөж 300 гаруйхан эр баданга хүдэр буй аж. Гэхдээ энэ тоо нь Монголд байгаа бүх эр баданга хүдрийн тоо биш юм. 1985 онд явуулсан судалгаагаар Монголд 44,000 баданга хүдэр байсан бол, зах зээлийн нийгэмд шилжих үеэс хойш 30,000 хол давсан хүдрийн заар Дорно дахины эмчилгээнд зориулагдахаар урд хилийг давжээ. Одоогоор Монголд тархсан нутгийг бүрэн хамарсан судалгаа хийгдээгүй байгаа юм байна.

Байгаль орчны яамнаас баданга хүдрийг хамгаалах түүнийг өсгөхөд зориулан хөрөнгө төсөв, хэрхэн өсгөх төлөвлөгөө гаргаасай хэмээн хүсэж байна.

Алтайн зарим уулс, Хангай хөвсгөл, Хан хөхийд тархсан байсан бол Хан хөхийд бүрэн устсан гэнэ. Байгаль орчин хамгаалахад тухайн орон нутгийн ард иргэдийн оролцоо чухал ач холбогдолтой учраас хэн бүхэн хулгайн агналт зэрэгтэй идэвхтэй тэмцэх хэрэгтэй. Ард иргэдэд үүнийг ухуулан таниулж ойлгоход төрийн оролцоо шаардлагатай гэж бодож байна.

Телевизийн “Боловсрол” сувгаар өгсөн мэдээллийг сийрүүлэн бичлээ.

Wednesday, August 20, 2008

Өөрийгөө таних нь хамгаас чухал

1. Хүн өөрийгөө тань.
Хүн өөрийгөө таниж мэдснээрээ орчлонт ертөнцийг танина. "Мэргэд гарах оронд" хэмээх номонд хүн гэдэг бол дүрстэй биед шүгэлсэн дүрсгүй сүнс ба агуу сэтгэлээс тогтоно. Зүйрлэж хэлбэл махан бие сүм хийд лугаа сүнс ба агуу сэтгэлээс тогтоно. Зүйрлэж хэлбэл махан бие нь сүм хийд лугаа сүнс буюу бурханлаг мөн чанар нь дотороо 7 үндсэн хүрдтэй, 9 цагираг хүрээ бүхий гэрлэн биеэр хүрээлэгдэж байдаг. Гэрлэн биеийг Монголчууд хийморь гэдэг. Энэ нь хүний мэдээллийн орон бөгөөд үүнд урд төрөлд гал голомт, үе удам болон өөрийн бие хэл сэтгэлээр үйлдсэн мэдээлэл боловсрон хадгалагдан байдаг.
Энэ мэдээллийг энэ насандаа хүний бурхан болгох шид увидасыг эзэмшсэн хутагт хувилгаадууд маань харж уншиж тодорхойлдог үйлийн үрийн гажилт лай ланчигаас хэрхэн гэтэх замыг хойч үеийнхэндээ уламжлан дамжуулсан байна.

"Ил үзэгэдэхээс ихэс дээдэст догиногч хүн, үл үзэгдэхээс үйлийн үрийг мэдэхгүй хүн даанч мунхаг" гэж Очироор огтлогч сударт айлдсан байдаг. Гэвч үзэгдэхүй үйлийн үрийг дээдсийн дамжуулсан уламжлалт аргаар таниж мэдэж үрж арилгаснаар гэгээрэлд хүрэх боломжтой юм.
2. Хүний гэрлэн бие өөрийгөө зохицуулах тогтолцоо
Монголын хутагт хувилгаадын чуулганаас гаргасан “Мэргэд гарахын орон” бүтээлд “Хүн гэдэг бол дүрстэй биенд шүглэсэн дүрсгүй сүнснээс тогтсон юм” гэжээ.
Додигалсан хэмээх сударт Өнгөт ертөнцөд хүн болж төрсөн хэн бүхэн өөрөөсөө 10 дахин их гэрлэн биеэр хүрээлүүлж явдаг бөгөөд түүнээс цацрах туяа нь хүний сэтгэлийн өнгийг илтгэдэг гэдэг.
Монгол хүний сэтгэлдээ сүслэн хүлээдэг Баясгалангийн хаан болох Майдар бурханы биеэс цацрах гэрэл нэг багцад байна гэж мөнөөх сударт заасан.
Нэг багц гэдэг нь хар цагааны газар буюу 800-аад метр хэрийн зай гэсэн үг.
Энэ нь хүн бол бүх юмс үзэгдэлтэй эрчим хүчээр холбогдсон мөнхийн урсгалт гэрлэн тунгалаг биет юм гэдгийг харуулж байна. Жишээ нь: Хүн баярлахад сайхан эрчим хүч долгион цацарч цайвар өнгө гаргах, уурлахаар улаан болох, гомодохоор харлах зэргээр бүгд өөрийн өнгө гэрэлтэй байдаг байна.
Хүний махан биеийн гадуур хүрээлэн оршдог энэхүү эрчим хүчний бөөгнөрлийг /биоплазм/ гэрлэн бие буюу “Аур” харин Монголчууд хийморь гэж нэрлэдэг.
Арьсны гадаргуу дээр эрчим хүч био орон зай үлэмж хэмжээний талбай оршдог болохыг эртний Энэтхэг мэргэд 5000 жилийн тэртээ нээж “Аур” гэж нэрлэснийг орчин үед ангаах ухаан, бодис зүйн ухаанаар давхар баталсан.
“Аур” – Амьсгал, шинж тэмдэг, ёр, зөн гэсэн үг. Өндөр нь 220 см өргөн нь 125 см орчим хэмжээтэй материас илүү эмзэг биет юм. “Аур” нь хүний биеийн олон төв буюу Хүрднээс цацран гардаг биеийн туяанууд агуулсан амин бүрхэвч дэх эрчим хүчний бөөгнөрөл биоплазм буюу эрчим хүчний биеэс шалтгаалдаг. Бидний бие бүр эрчим хүчний өөрийн төрөлтэй байдаг бөгөөд тэдгээр нь бүгд хамтдаа хүний эргэн тойрон цацраг амин орон буюу үл үзэгдэх хийморийг бүрдүүлдэг. Эрт цагт энэхүү хийморийг гаргаж буй хүмүүсийн толгой дээрхи гэрлийн байдлаар бурханы хөрөгт дүрсэлж байжээ.
Бид эрчим хүчийнхээ язгуур чанараар сансрын ертөнцийн эрчим хүчийг хуран хүртдэг хүмүүс, хүний эрчим хүчний талбай /хийморийг/ хараад зогсдоггүй. Түүний хэлбэр өнгө, чиглэмжээр хүний зан араншин сэтгэцийн байдлын тухай мэддэг. Уламжлалт бус анагаах ухаанд үүнийг ауродиагностик гэж нэрлэдэг.
Хүн бол бичил сансар болох тухай эртний гүн ухаанд баталсан байдаг. Энэ бол сансрын бүх материаллаг бүтэц хүнд байдгийг хэлж байгаа юм.
Бүтцээрээ олон талт ертөнц бүрэлдэн тогтсон материйн бүх төрөл бидэнд байдаг. Сансар оршихуйн үндэс долоон зүйл оршдог гэж эртний сургаалиудад заадаг. Тэдгээрийн дотроос ганц физик зүйлийг ердийн хүний мэдрэхүйн эрхтэнүүд хуран хүртэж болдог. Бусад ертөнц эфир, астраль, сэтгэхүйн зүйл бидэнд үзэгддэггүй, сэрэлд буудаггүй. Бидний физик биеийн дотор ердийн нүдэнд үл үзэгдэх бас хэд хэдэн бүрхүүл далдлагдаж байдаг. Эдгээр биеийг бүрхүүлж буй матери сансрын матери бидний мэдэх орчлонт ертөнцийн гаригуудад бүрэн тохирдог. Ийм учраас хүний бүтцийг бүрдүүлдэг нэрс бидэнд танил : физик, эфир, астрал, ментал, тэрчлэн галан нарийвчлан хэлбэл түүний үр хөврөл болой. Энэхүү бие нь бүх үед жирийн хүмүүс гэгээнтэн, ид шидийг бүтээгч гэж үзэж ирсэн гагцхүү оюунлаг чанараар өндөр дээд бодгалиудад хэлбэржсэн байдаг.
Аурын тухай Арсун ахын бичлэгээс энд орж үзнэ үү.

Д. Цэвээнсүрэн багшийн лекцээс оруулав.

Monday, August 18, 2008

Хи хи хи

Олимпын анхны алтан медальтан төрж хотол түмнээрээ баярлан уухайлж байхад төр засгийн өндөрлөгүүд ч ард түмэнтэйгээ энэ баярыг хуваалцахаар Сүхбаатарын талбайн индэр дээр гарч ирсэн юм.
Ерөнхийлөгч эхлэн үг хэлж, дараа нь Монгол улсын ерөнхий сайд С.Баяр үг хэлвээ.
Гэтэл түүний үгэн дундуур "БИ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД БАЯР УРАААА" хэмээх үг орж, уухайн түрлэг авч орхив. кккк
Арай хувь хүнийг дахин шүтэх ёсыг сэргээх гэсэн юм биш биз. "Эрүүлдээ бодсон бодол, согтуу үеийн үйлдэл болдог" гэдэг үг байдаг шүү дээ... ккк

Friday, August 15, 2008

Баяр хүргэе! Баяр хүргэе! Баяр хүргэе!


Булган аймгийн Сайхан сумын харъяат, сайхан Монгол ээж, аавын хүү, ОУХМ, жудоч НАЙДАНГИЙН ТҮВШИНБАЯР Бээжингийн олимпоос жудо бөхийн -100 кг-ийн жинд хүч үзэн барилдаж олимпын алтан медалиийг эх орондоо анх удаа авчирлаа.
Алтан соёмбот далбаа Бээжингийн тэнгэрт мандаж, Монгол улсын төрийн дуулал Олимпын талбарт анх удаагаа эгшиглэлээ.
Олимпын аврага залуудаа өчигдөр орой Сүхбаатарын талбай дээр ард түмэн, төр засгийн удирдлагууд чин сэтгэлээсээ баяр хүргэж халуун дулаан уур амьсгалыг бие биедээ тарааж байв.
Эгэл энэ залуугийн энгийн даруу зан, түүний "ээжий аав" гэсэн Монгол сэтгэлгээ шингэсэн зүрх Монголчуудын маань үндэсний эв нэгдлийн бэлэг тэмдэг болж байна.
Түвшинбаяртаа цаашдаа улам их амжилт гаргаж, эрхэм алдраа бадруулж явахыг хүсье.
Мөн Бээжингийн олимпод одтой сайхан буудаж, манай тамирчидын салхийг сайхан хагалсан олимпын мөнгөн медальт ОТРЯДЫН ГҮНДЭГМАА -даа чин сэтгэлийн баяр хүргэе.
Хэдийгээр Герман улсын нэрийн өмнөөс буудсан ч олимпын хүрэл медаль хүртсэн ДОРЖСҮРЭНГИЙН МӨНХБАЯР-таа баяр хүргэж, сайн сайхныг хүсье.
Хурай, хурай, хурай

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДУУЛАЛ
Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт

Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжиж, үүрд мөнхжинө
Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж
Хатан зориг бүхий чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя
Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Үндэс язгуур, хэл соёлоо
Үрийн үрдээ өвлөн бадраая
Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэн
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай.
(Зургийг www.sonin.mn -с авсан)

Friday, August 1, 2008

Дугуйн замын тухай бодол

Хэний засгийн газрын үед ч билээ? "Эрүүл аж төрөхөд чухал шаардлагатай явган хүний гүйлтийн зам, дугуйн зам, ногоон байгууламжийг хот төлөвлөлтийн чухал элемент болгон түүнд зориулагдах зам талбайг бусад зориулалтаар газрын зөвшөөрөл олгохыг хязгаарлана" гэсэн утга бүхий үг өгүүлбэр сонсоод дугуйн замтай болох юм байна гэж бодож байсан билээ.
Өнөөдрийн байдлаар хотод энэ дугуйн зам гэчихээр юм нүдэнд харагдахгүй байгаа ч машингүй өдөр гээчийг зохион байгуулж байгааг Улаанбаатарт амьдарч байгаа хүн бүхэн мэдэх биз ээ.
Гэтэл өмнөд хөрш маань бүүр "Дугуйн вант улс" гэдэг цол гуншинтай, 70, 80-аад оны үед бол Хятадын иргэд ажилдаа унадаг дугуйг өргөнөөр ашиглаж байжээ. Өнөөдөр тэд, дэлхийн унадаг дугуйн үйлдвэрлэлийн 60 хувь, дотоодын боруулалтаараа дэлхийд толгойлож байна. Энэ тоо нь "Дугуйн вант улс" хэмээх эрхэм цолыг нь батлах баримт болдог ажээ.

(Бээжингийн гудамж, дугуй хөлслөх газар ч харагдаж байсан. Энэ хавар авсан зураг)Харин өнөөдөр Хятадууд дугуйг сонгох нь харьцангуй багасаж бусад төрлийн тээврийн хэрэгслийг илүү сонгодог болсон хэдий ч Бээжингийн төвдөө ч дугуйг унаж л байдаг юм билээ.
Хятадад дугуйг өргөн хэрэглэж ирсэн юм чинь манайхан ч гэсэн яагаад болдоггүй юм болоо? Ялангуяа энэ автозамын түгжээ, агаарын бохирдол гаарч байгаа өнөө үед их л хэрэгтэй санагдах юм.
Бид ч бас бэлэн юманд дуртай юм болохоороо засаг төрөө дугуйн замтай болгоод өгнө гэж горьдоод л... Засаг төр маань "мог шог" гээд л нэг иймэрхүү байх шив.
Гэхдээ "Санаж явахад бүтнэ" гэдэг ардын мэргэн үг байдаг болохоор удахгүй дугуйн замтай болно гэж найдаж байна даа.

Saturday, July 26, 2008

Хоёр улирлын өөр өнгө

Гачууртад байдаг Монгол шилтгээний дүр зураг /өчигдөр/Бараг 2 жилийн өмнө намар авсан зураг

Өнгө будаг нь хоёр өөр гарсныг анзаарав. Гадны болон дотоодынхон үүгээр их амардаг болжээ.
Зуны цагт бүүр илүү нь мэдэгдлээ. Адилхан оройн 5, 6 цагийн үед авсан зурагнууд.

Monday, July 14, 2008

Наадмын амралт

Эртэй бяртай эрчүүд нь зодог шуудгандаа чангарч, эмээлт хурдан хүлгүүд нь уяан дээрээ хагсарч, эрхий мэргэн харваачид нум сумаа шившиж монгол наадам сайхан болж өнгөрлөө.
Наадмын урьд өдөр, морины уяа. /Хэнтий аймаг, Цэнхэр мандал сумын нутаг/ Энэ жил бороо хур элбэг, хүн малын зоо тэнийсэн сайхан зун болж байна. Багануур дүүргийн хязаалан насанд дөрвөлсөн хурдан.
Соёолон болон хязаалан, шүдлэн нас барихыг үзэж, гэрийнхэндээ хуушуур худалдан авснаар наадмын талбай, морины барианы сонин сайхан өндөрлөв. Ингээд цааш гэрийнхэнтэйгээ голын хөвөө явсан юм.
Төв аймгийн Мөнгөн морьт сумын нутаг, "Зүүн бүрх"-ийн гол дээр 1 хонож, сайхан амарлаа. Зураг дээр алсад дүнхийх уулсын цаана "Бурхан халдун" уул бий.
Хэрлэн гоын хөндийн "Эрэг бүрэг" хэмээн газрын ойролцоо. Эрэг бүрэг нь "Монголын нууц товчоо"-нд "Бүрэг эрэг" хэмээн тэмдэглэгдсэн ба Өүлэн эхийн гох дэгээ барьж, Хэрлэн голыг өгсөж уруудаж өнчин хөвгүүдээ гогд мангираар тэжээж байсан нутагт манай хэдэн гэрийн хүүхдүүд морины бариан дээрээсээ авсан цаасан шувуугаа хөөргөж тоглов.
Хэ хэ, өгсөн мөнгөөр минь охин маань 2500-н төгрөгөөр цаасан шувуу, бас 300 төгрөгөөр сугалаа сугалсан байсан.

Миний охин юу сугалав? гэж асуусан чинь "100 төгрөг" гээд учиргүй баярласан шинжтэй байх юм.
Би гайхаад "Үгүй чи чинь тоо бодож чадна биздээ, 300 төгрөг өгч сугалаад 100 төгрөг хожино гэдэг чинь" гэсэн чинь охин маань харин өөдөөс "хн 100 төгрөг ч хожоогүй хүн зөндөө байсан юм чинь... би харин ч овоо 100 төгрөг хожисон" гээд охин маань маадгар царайлав.
Нээрээ тэр сугалаа мугалааг жаахан учиртай болгомоор юм. Хүүхэд юм болохоороо баярлаж, наадсан шинжтэй л байсан. Гэхдээ л сугалааны хувьд зохион байгуулалтыг нь сайжруулах хэрэгтэй санагдсан шүү.

Намайг жаахан байхад манай ээж сумын наадмын сугалаанаас монгол гутал сугалаж байсан. Одоо ер нь жирийн хүнд сугалаанд аз таарахаа болио юу даа гэж хальт бодогдов.
Зүүн бүрхийн гол дээр хийж идсэн хорхог. Сайхан амттай байсан шүү. Цөөн хоногт ийш тийшээ явж, яаруу сандруухан өнгөрөөсөн наадмын амралтын дүр зураг маань энэ ажгуу.
Хугацаатай хэдхэн өдрийн амралт маань дуусаж шөнө дөлөөр довтолгосоор хотод ирлээ.
Ирэх жилийн наадам болтол хол байна даа, хол байна.

Saturday, July 5, 2008

Хэдэн зураг оруулъя

Өчигдөр орой Нүхт явж, сайхан амраад ирлээ.
Өглөөний цэвэр тунгалаг агаар, бас уран зураг санагдуулам орой.

Дэлгэсэн ширдэг шиг сайхан зун болж байна. Уулын түргэн урсгалт голын чимээ, модны сэрчигнээн сонсох нь сэтгэлд таатай.

Богд уулын эргэн тойрон байгаа амуудаас Туул голыг тэжээдэг 36 гол горхи байдаг гэж сонссон санагдана.













Үглээ жиргээ шувуухайн өглөөний мэндчилгээ

















Энэ жил хур бороо элбэг байгаа болохоор усны түвшин өндөр, зүлгэн дээр энд тэндгүй ус мяралзана.

Одоо авсан зургаа харсан чинь яах гэж буцаж ирвээ? гэж харамсаад сууж байна.
Байгаль ээж, хамт явсан ангийн анд нартаа их баярлалаа.

Monday, June 30, 2008

Борооны ус буюу инженерийн шугам сүлжээ


Ойрын хэдэн жил орж байгаагүй бороо ойрдоо ороод байх шиг санагдах юм.
Өнгөрсөн долоо хоног Улаанбаатар битүү бороотой, сэрүүхэн сайхан байлаа.
Өчигдөр Баянзүрх дүүргийн зарим газраар гэнэт ширүүн аадар орж, хоромхон зуур хальт үер болов.
Борооны ус зайлуулах шугам сүлжээтэй бол аадар ороход, ингэж ус тунахгүй байх боломжтой.
Өнгөцхөн хийгдсэн хот төлөвлөлт дараа нь засахад харьцангуй их хүч, хөрөнгө шаардагдана.

Манай далд инженерийн шугам сүлжээнд өөрчлөн байгуулалт чухал шаардлагатай болоод байгаагийн гэрч энэ билээ.

Thursday, June 26, 2008

Хүүхдийн яриа

Ажлын газрын маань хүүхэн 7 настай охиноо ажил дээрээ дагуулж ирлээ. Их л сэргэлэн охин байв.
Хүүхэд юм болохоороо уйдав бололтой янз янзын юм ярьж байнаа.
Тэгснээ би та гурваар таавар таалгах уу? гэхээр нь тэг тэг гэвэл,
Чанасан өндгийг 2 хүн хуваахгүйгээр яаж идэх вэ? гэлээ, хүүхэд таалгаж байгаа юм болохоор нь таах гэтэл санаанд орж ирдэггүй ээ, хэ хэ... За за бууж өглөө, хариугаа хэл гэсэн чинь ............... гэсэн хариу хэлж бөөн инээдэм болов.

Цэгийн оронд тохирох хариултыг үлдээнэ үү.

Monday, June 23, 2008

Уурхайчдын ая дуу наадам

Сүүлийн үед телевизээр болон гадуур сонгуулийн суртчилгаа, нэвтрүүлгүүд голлож байгаа цагт ямар ч улс төржөөгүй "амьд" концерт өдөржингөө үзэж өөрийгөө баясгалаа.
Миний төрсөн нутгаас өөрцгүй өссөн нутаг бол Хэнтий нуруу, Хэрлэн голын хөвөөнөө байх Багануур билээ. Багануур ХК 30 жилийнхээ ойг 2008 оны 08 сарын 08-нд тэмдэглэхээр төлөвлөж байгаа юм байна. Энэ тэмдэглэлт үйл ажиллагаанд зориулан Уурхайчдын ая дуу урлагийн наадам болж өнгөрлөө. Уурхайн захиргааны зүгээс нилээд ач холбогдол өгч байгаа бололтой хотоос урлагийн нарийн мэргэжлийн шүүгчид ирсэн байлаа.
Наадам уралдаан 6 сарын 21-ний өдөр өглөө 10 цагаас эхлэн, дундаа 2 цагийн завсарлагатайгаар шөнийн 22 цаг хүртэл үргэлжилж багууд хүчтэй өрсөлдлөө.
Багануур ХК нь 1200 гаруй ажилчин, албан хаагчидтай Багануур дүүргийн хамгийн том үйлдвэрлэлийн салбар билээ.
Уурхайчдын ая дуу наадамд
1. Захиргааны баг
2. Уулын 1-р хэсэг
3. Уулын 2-р хэсэг
4. ТАМХ /Технологийн авто машины хэсэг/
5. ТАМЗХ /Технологийн авто машины засварын хэсэг/
6. Сувилал
7. Авто засварын үйлчилгээний хэсэг
8. Үйлчилгээний хэсэг
9. ЭХНХ /Эрчим хүчний нэгдсэн хэсэг/
10. НБАХ /Нүүрс бутлан ачих хэсэг/ гэсэн багууд оролцов.
Эрэгтэй, эмэгтэй гоцлон дуулаач, хошин шог, найрал дуу, хөгжмийн хэсэг, язгуур урлаг, хослон дуулагчид, нийтийн бүжиг, үндэсний бүжиг, эстрад зэрэг төрөл ангилалаар багууд өрсөлдөв.
Хичнээн нарийн мэргэжлийн биш ч гэлээ ямар их авьяастай уурхайчид вэ хэмээн дотроо бахархан бодож аргагүй галын бурхан гэж нэрлэгддэг шигээ гал цогтой хүмүүс байна гэж бодож байлаа.
Өглөө найз хүүхэн маань намайг хотоос ирснийг сонсоод завтай бол хүрээд ир гэхээр нь яриа нийлдэг унаган багын бүсгүйчүүдэд цайлах зуур ярих яриа байлгүй яахав. Надад ч бас найзаараа дамжуулан хийлгэх ажил байсан тул яаран очвол яриан дундуур уурхайн ажилчдын концерт болж байгаа, бас ч үгүй 30 жилийн ой болж байгаа болохоор дээр дооргүй нилээн ач холбогдол өгч тул хоёулаа үзэхээр болсон юм.
Сонссон даруйдаа явсан болохоор ямар ч бэлтгэлгүй, дотроо зургийн аппаратаа авчирсан бол хэмээн харамсаж суулаа.
Нэг урлагийн төрөл дээр бүх багаас нэг нэг номер үзүүлэн багын танил хүмүүс урлагийн тайзан дээр эгээ л урлагийн хүн мэт аяглах нь сэтгэлд дотнохон байх ажээ.
Мэдээж миний хажууд манай найз хүүхэн маань сууж, өөрөө ч уурхайд ажиллаг болохоор тэр ингэдэг, энэ ингэдэг, нэр хоч, удам судрыг надад их л идэвхийлэн танилцуулна. Тэгээд бүр настайвтар уурхайчин ахыг хослон дуулаачийн номерт хэрхэн шахуулж орсон, уг нь сайхан хоолойтой, өөрөө баахан сандруу хүн тул тайзны ард натри бромид ууж тайвширсан тухай, Авто засварын хэсэгт эмэгтэй ажилчингүй тул хоёр эрэгтэй хослон дуулж багийн оноогоо алдалгүй авчирч, бөөн инээдэм, ажил дээрээ хэн, ямар ямар алиа хошин ярианд өртөж онигооны баатар болсон тухай ярих тул ч бүр ч сонирхолтой байв.
Гэтэл тоон дунд үсэг гэдэг шиг язгуур урлагийн хөгжимчдийн дунд миний төрсөн дүү /эрэгтэй/ ятга хөгжим тоглосон нь нүдийг минь бүлтийлгэв. Анх тайзан дээр гарч ирэхэд нь нүд үнэнч гэдэгдээ гэж бодон харсаар байтал ямар ч байсан давгүй тоглоод орж явчихав.
Багууд хүчтэй өрсөлдөх ажээ. Уурхайчдын заал дүүрэн хөгжөөн дэмжигчид, эгээ л нэртэй од ирж концерт тоглож байгаа мэт уухайлан түрэн дуулах ажээ.
Эстрадын тоглолт болж багууд ээлж ээлжээр гарч байтал 10 жилд охидын нүдэнд дулаахан харагддаг байсан манай төгсөлтийн нэг нөхөр гарч ирвээ. Угийн 10 жилд байхын л гитар тоглодог, хөдөө гадаа ажлаар явахад хамтлагийн гитарчин болдог байсан залуу дүрээрээ гарч ирэв. Багын сайхан төрх нь их л өөрчлөгдсөн ч танигдаж байнаа. Их л онгод нь орж буй бололтой, нүдээ анин дуулж, цахилгаан гитарыг ингэж тоглодог юм гэж үзүүлээд орчихов.
Хошин шогийн номер нь бас л их хөгжилтэй, хар бор ажил хийдэг уурхайн залуучууд дэлхийн миссийн тэмцээнд өрсөлдөж, 25-р суваг телевизийн нэгэн сэтгүүлчийг "Танайд хоноё" нэвтрүүлэгээр цэцэрлэгт хонуулж, өглөө сэрэхэд нь хүүхдийн суултуур таарахгүй байна гэсэн шалтгаанаар багачуудын адил Алтантүрүүд памприсс өмсүүлж манаргалаа.
Үгүй нээрээ, бүжигэнд ямар сайн юм бэ? аан... За нийтийн бүжиг яахав гэхэд үндэсний "Үелзүүр" "Жалам хар"-г гайхамшигтай хийж байна лээ. Хамгийн гол нь эрчүүд голдуу, бүдүүн барагийн уурхайчид гэж бодож болохгүй юм байна лээ шүү.
За ингээд бүхэл өдөржингөө үргэлжилсэн наадам 22 цагт өндөрлөж, шүүгчид оноог дүгнэх хооронд Уурхайн "Элч" хамтлагийн тоглолтыг үзэж сонирхлоо. Өссөн нутгийнхаа иймэрхүү үйл ажиллагаанд хаяа ч гэсэн оролцож баймаар санагдав. Заал дүүрэн хүмүүс тэрээ, энээ гэж бие биенээ дуудан дулаан бүлээн уур амьсгалаар заалыг дүүргэж, надад ч гэсэн багын танилаас авахуулаад мэнд мэдэн яриа дэлгэх хүмүүс цөөнгүй байлаа.
Шүүгчдийн дүгнэснээр Эрчим хүчний нэгдсэн хэсэг баг түрүүлж, Нүүрс бутлан ачих хэсэг 2-р байр, Уулын 1-р хэсэг 3-р байр, хэ хэ 4-р байранд манай дүүгийн баг орсон байсан. Багуудыг мөнгөөр урамшуулж, бас урлагийн төрөл бүрт дотор нь байр эзлүүлж мөнгөн шагнал олгосон.
Илүү дутуу суртчилгаагүй айвуу, тайвуухан сайхан концерт үзэж өөрийгөө баясган өссөн нутагтаа нэг өдрийг өнгөрөөлөө.

Monday, June 9, 2008

Зээ дүүгийн хүсэлт

Зээ дүү, миний охин хоёр "Хүүхдүүд хил хязгааргүй" хайрцаг урлах уралдаанд оролцон зээ дүү маань 5-7 насны ангилалд "Мөрөөдлийн байшин" бүтээлээрээ 1-р байр эзлэн бөөн баяр болов. Бүтээлийг 6 сарын 1-д шалгаруулав.












1-р байрны шагнал нь өргөмжлөл, өөрөө явдаг машин байсан нь манай хэдэн гэрийн хүүхдүүдийн бөөн баяр болж, өөрсдийн хүчээр олж авсан бай шагналаа блогтоо тавихыг аниагаас шаарддаг байна ш дээ. /Блогт оруулах нь цаагуураа ээж, аавынх нь санаа биз хэ хэ... Бүр сонгууль шиг юм болох нь ээ ккк/
Амалсан ёсоор түрүүлсэн бүтээл болон бай шагналын зургийг нь орууллаа. Зээ дүү маань нэг настай охин дүүтэй. Дүүдээ унуулна хэмээн амлан байж ээж ааваараа өөр дугуй авахуулах эрх олж авсан.
Бай шагналд нь ролик, дугуй энэ тэр байсан болохоор хүүхдүүд шагналыг нь авах гэж их мэрийж байжээ. Охин маань бай шагналгүй хоцроод "баримлын шавраар л байшин хийдэг байж" гэж хэлээд бөөн инээдэм болов.
Ролик горилоод бараагүй болохоор идэвх зүтгэлийг нь үнэлэн охиноо роликтой болгож өгсөн. Манайхны хүүхдүүд уралдаанд оролцсон биш өөрсдийнхөө хүсээд байсан дугуй, роликтой болцгоов шив дээ.
Зуны амралт нь эхлээд охин маань өвөөгийнх рүүгээ роликоо аваад явчихсан байгаа. Амралтаараа ролик унаж сурах төлөвлөгөөтэй гэсэн.


.

Tuesday, June 3, 2008

Зун цаг айсуй


6 сарын 1-нд Баянзүрхийн товчоогоор орж ирэхэд зуны солонго татаж, сайхан харагдаж байлаа.
Бороо орохын өмнө.
...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...