Мөнх цаст "Очирваань Хайрхан" /Далайн түшинээс дээш 4070 м/Хангай нурууны ноён оргил мөнх цаст Богд Очирваань /Отгонтэнгэр/ уулыг 1779 оноос эхлэн тахиж ирсэн бөгөөд Богд хаант Монгол улсын үед жил бүр тахиж байжээ. Харин социализмын үед тахилгыг хийдэггүй байсан. Ингээд 1995 оноос эхлэн 4 жилд нэг удаа төрийн их тахилга хийж байхаар Ерөнхийлөгчийн зарлиг гарч, тахилгыг үйлдэж байгаа билээ. Мөнх цасны доохно уулын энгэрт Бадар хундага нуур байдаг. Төрийн тахилгыг хийхдээ эхлээд Шашин номын дээдсүүд Очирваанийн тайлга номыг уншиж дараагаар нь “Бадархундага” нууранд тахилга өргөдөг гэнэ. Дээр үед бол том том ланын мөнгөн ембүүгээр өргөл өргөдөг байсан бол сүүлийн үед мөнгөн аягыг их хэрэглэх болсон гэнэ лээ. Тахилга хийж өргөж байгаа барьц нь хурдан нууранд живж байвал нүгэл хилэнц багатай нь шинж. Очирвааний тайлга нь их хатуу ном учир 3 дахин уншиж байж, шидийг олдог. Ойролцоогоор арваад минут уншдаг гэсэн. Мэдээж тахилгыг үйлдэхдээ жилийн сайн өдөр, цагийг зурхайн тооллоор бодож сонгодог. Эмэгтэйчүүд энэ тахилгат оролцдоггүй болохоор нарийн ширийн ёс дарааллыг нь би сайн мэдэхгүй байна. Намайг багад настайчууд "Богд Очирваань минь" гэж уулга алддаг байсныг санаад энэ тухай блогтоо орууллаа.
Хаа сайгүй байх овоо ч гэсэн бас нэг тахилгын нэг хэлбэр л дээ. Овооны доор буюу суурьт бурханы номыг аравнайлуулан хйидэг ба аян замдаа явахдаа бид овоог 3 тойрдог нь тэр номыг уншиж байгаа нь тэр. Тэгэхээр овоо болгон шидийг олсон зүйл биш байх нь ээ. Зарим хүмүүс овоог биеэ засах газар болгож байгаа нь даан ч харамсалтай.