Friday, November 30, 2007

Манан будан

Ж. Пүрэвийн "Манан будан" гэдэг романыг олон жилийн өмнө уншсан билээ. Түүхэн роман байсан болохоор их сонирхолтой санагддаг юм. Санаж байгаа хэсгээсээ доор сийрүүлье.
Галдан бошигтын аав нь Дөрвөн ойрдын гол аймгийн нэг болох Цорос аймгийн тэргүүн Эрдэнэбаатар хунтайж юм. Эрдэнэбаатар хунтайжид олон хатан байсан ба Галдангийн ээж Юм-Ага нь Хунтайжийн бага хатан байсан. Хатдаас төрсөн хөвгүүдийн дунд /өөр эхтэй/ Хунтайжийг залгамжлах асуудал хурцдаж, Галдантай эх нэгтэй Сэнгэ ор суусан боловч, Сэнгийг Цэцэн тайж, Зодов баатар нар зэрлэгээр хөнөөнө. Цэцэн тайж, Зодов баатар нар бол Баатар хунтайжийн их хатнаас төрсөн хөвгүүд байв.
Галдан бошигтын эцэг Эрдэнэбаатар хунтайж Юм-Ага хатнаас төрсөн хөвгүүдийг ихээр тоодог байсан мэт. Сэнгэ ахад нь өөрийн суудлаа залгамжлуулж, Галданг бүр багад нь Түвдийн далай ламын хажууд бурхан шашины номд сургадаг. Харамсалтайтайгаар Сэнгийг амь үрэгдэхэд Сэнгийн хөвгүүн Цэвээнравдан нас бага байсан тул, Галданг Лхасаас дуудан хан ор суулгадаг. Цэвээнравдан дараа нь өсөж том болоод Хошуутын Очирт Сэцэнтэй нийлж, Галдангаас урвадаг.
Галданг анх хан ширээнд суух үед Цорос аймгийн дотоодын тэмцэл хурц байсан ба алгуур бүх зүйлийн эвийг олсон. Галданг хан суудалд суухад Түвдийн Далай лам ихээхэн дэмжсэн юм шиг санагдсан. Тэрнээс биш, 5 настайгаасаа Лхаст бурханы номыг 20 гаруй жил үзсэн түүнд хан ширээнд сууж улс орны дотоод гадаадын асуудлыг зэвсэгээр шийдэх нь жирийн лам хуврагын хийх зүйл биш бизээ.
Галдан бошигт Ойродод ирээд хан ширээнд сууж, Ойродын “Хошууд” аймгийн Очирт сэцэний охин Ануг хатан болгодог. Мөн Цорос аймгаа нэгтгэж байхдаа Сэнгэ ахынхаа бага хатан Анударийг бага хатан болгон баруун Ойродын хамгийн зүүн болох Цорос аймгийг нэгтгэн "Зүүн гарын хаант улс"-ыг байгуулдаг. Тэр түүгээр үл зогсон Монгол үндэстнийг нэгтгэх гүн санаа агуулж байсан. Түүнийг ийм санаа агуулахад хөшүүрэг болсон зүйлүүд нь дотоод гадаадын элдэв үл ойлголцол, ялангуяа Манжийн төрөөс явуулж байсан Монголчуудын эв эеийг эвдэх бодлогоод зүй ёсоор орно.
Зүүн гарын хаант улсад одоогийн төв болон дундад азийн нутаг дэвсгэрүүд болох Казахстан, Сайрам, Бухар, Самарканд зэрэг маш олон хотуудыг багтаасан байсан.
Галдан бошигт Оростой дипломат харилцаатай бодлого явуулж Орос Хятадыг холбосон торгоны замаар худалдаа арилжаа хийж Зүүн гар улсад таатай нөхцлийг бүрдүүлж байсан.
Далай лам болон Оростой эвсэг сайхан харилцаатай байсан мөртлөө Халхтай яагаад ч юм бэ? ойлголцож чадаагүй. Халхын Өндөр гэгээн бол бурхан ном үзсэн хүн тул эв эеийг хичээдэг байсан боловч Халхын хан Өндөр гэгээн Занабазарын дүү Чухандоржтой огтоос ойлголцож чадаагүй юм. Бошигт хаан өөрийнхөө байр суурийг илэрхийлж Үржинжав /уранзохиолын дүр/ элч төлөөлөгчийг хэд хэдэн удаа Халхад зарсан боловч амжилтанд хүрээгүй юм.Үржинжав нь төрд хоёргүй сэтгэлээр зүтгэх төрийн түшээгийн тод дүр юм. Үржинжав хичнээн хичээсэн ч муу юм модон улаатай гэдэг шиг Манж Чин улс болон Түвдийн шарын шашинтангууд хэрүүлийн алим тарьж, Монголчуудыг өөр хооронд нь тэмцэлдүүлдэг. Тэр байтугай хоёулаа бурхан шашинд нэвтэрхий хүмүүс мөртлөө Галдан бошигт болон Занабазар хоёр ч хоорондоо үл ойлголцдог.
Ану хатангийн аав Очирт Сэцэний ач хүү Лувсангомбо Аравдан нь Түшээт хан Чахундоржийн охинтой ураг барилддаг. / Тэр хатан Манан будан зохиол дээр Золзаяа нэрээр гардаг/ Өндөр гэгээн болон Чахундорж нар иргэдийнхээ хамтаар Өвөр Монголруу зугтдаг ба Өөлдийн цэргээс зугтан яваа ард иргэдийн төрсөн нутгаа орхин дутаан, бусдын нутагт амьдрах нь сэтгэл санааны ихээхэн дарамт мөн эцэг, эх, хүүхдүүд хоорондоо хэзээ ч уулзаж чадахгүйгээр төөрч байгаа гашуун түүхийг зохиогч маш сайхан дүрсэлсэн байсан.
Мөн "Зүрчидийн алтан улс"-ын угсааны Манж нар Алтан улсыг байгуулж, өмнөд Монголчуудаас эхлэн өөртөө дагаар оруулж эхэлсэн. Энэ бүхэн Галдан бошигтын тэсвэр тэвчээрийг барж, халх болон Монголчуудыг өөрөөтөө нэгтэх бодлыг улам хүчтэй болгоно. Улмаар тэд Эрдэнэ зууг эзлэж цааш идэвхийлсэн боловч Туулын орчим Зуу мод хэмээх газар Энх-Амгалан хааны их цэрэгтэй дайтан /дотор нь халхын цэрэг ч байсан/, өөрийн хамгийн их хайртай ухаант хатан Анугаа алддаг.
Ану хатаны эцэг Хошуудын Очирт сэцэн нь Галдангийн эсрэг босож байсны улмаас алагддаг. Ану хатан бол өөрийн эцгийг хөнөөсөн хүний хатан байсан ба энэ насныхаа амьдарлд сэтгэлийн их л зовлон эдлэх боловч гайхамшигтай хатан байсан. Түүнээс хойш Галдан бошигт бараг жил орчим дутааж, дүрвэн ялагдаж байгаад тэнгэрт хальсан. Өс гэдэг аймар зүйл ажээ. Золзаяатай суудаг Лувсангомбо Аравдан өөрийн өвөг эцгийг хөнөөсөн хүнтэй (Галдантай) эвлэрэх хэцүү. Ойрод болон халхын энэ түүхэн үл ойлголцолд иймэрхүү өс хонзонгууд маш их нөлөөлсөн.

Tuesday, November 27, 2007

Барко

Өнөөдөр өдрийн 4 цагийн үед Хайлаастын 17-р сургууль очоод буцах гэтэл сургуулийн хаяавч бетон дээр бээлийн чинээхэн гөлөг хэвтэж байхтай таарлаа. Хөхөө өвлийн хүйтэнд хөлдөж үхэхээ хүлээж байгаа хөөрхий гөлгийг хараад манай дарга шууд л гар дээрээ өргөөд аваад явъя гэх нь тэр. Авч явах нь яахав, арынх нь ажил хэнийх болдог юм болдоо гэж бодоод машиндаа аваад явлаа. Хөлдөхөөс арай наана байсан бололтой машинд орж ирээд унтаад өглөө. Тэгээд манай барилгын талбайн конторт авчирч сүү уулган талхны өөдөс өгтөл сэргээд л ирсэн. Манай талбайн инженер эгч маань гөлөг тэжээх давхар ажилтай болсон. Нохойдоо намайг нэр өг гээд байхаар нь "Басар" гэтэл охин гөлөг тул зохимжгүй гэнэ. Тэгж тэгж "Барко" гэж дарга нэрлэв. "Ко" гэдэг нь Япон эмэгтэйчүүдийн нэрэнд их дагалддаг нэр л дээ. Баркодоо өнтэй сайхан өвөлжихийг хүсье.

Friday, November 23, 2007

Төрийн халамж үйлчилгээ мөн үү?

Хайрт төр засгийнхаа буянаар хүүхдийн мөнгө авах болоод үнэмшихгүй байж билээ. Анх сар бүр 3000 төгрөг гэж сонсоод нэг их анзаарахгүй байж байтал, нэг мэдсэн чинь улиралд 25000 төгрөг, бас сар бүр 3000 төгрөг өгөх гэнэ гэж сонсоод хөөцөлдөн авахаар болсон юм. Уржигдар цайныхаа цагийг ашиглаж, он дуусах дөхлөө, оноос өмнө хүүхдийнхээ мөнгийг авъя гэж санаад харъяа хадгаламжийн банк орлоо. Очтол их олон хүн янз бүрийн дэвтэр бариад дугаарлаж байна. Би цайны цагаар амжих байгаадаа гэж санаа зовосхийн хамгийн ард дугаарлав. Тэгээд харж зогсох нь ээ банкны теллер хүүхнүүдийн харьцаа нэг бишээ. Халамжийн мөнгө авч байгаа хүмүүсийг бараг толгой дараалан загнах ажээ. Би дотроо төрөөс өгч байгаа мөнгийг хүндэтгэлтэйгээр /төр чинь хүчтэй биз дээ/ хэрүүл уруулгүй өгөлцөж авалцвал, авч байгаа хүн нь ч гэсэн "төрийн буян хишиг минь" гэж залбирна биздээ... гэх ухааны юм бодож байлаа. Гэтэл банкны заал дүүртэл харилцагч эмэгтэй банкны ажилтантай хэрэлдэж гарлаа. Сонсвол харилцагч эмэгтэй иргэний үнэмлэхний оронд гадаад паспорттой ирсэн юм байна. Тэгээд харилцагч эмэгтэй, "Гадаад паспортоор үйлчилж болохгүй гэсэн заалт эсвэл тушаал, заавар хаана байна? тийм юм байвал би үзээд санаа амар буцмаар байна. Энэ чинь Монгол улсын иргэнд л өгдөг паспорт. Регистрийн дугаар нь ч байна" гэх юм. Банкны ажилтан харин бүдүүлэг нэгэн ажээ. Харилцагчийн өөдөөс "Манайх үйлчилэхгүй гэсэн бол үйлчлэхгүй. Чамд үзүүлэх тушаал заавар байхгүй. Зайлж үз" гэх юмаа. Тэнд хэлэлцэж байгаа үг хэл бол үнэхээр аймшигтай. Бусад ажилтангууд нь ч гэсэн өөр өөрсдийн ажлаа хийлгүй харилцагч эмэгтэй рүү хэрүүлийн үг илгээх ажээ. Миний цайны цаг ч дуусаж би банкнаас төрийн хайр энэрэл шингэсэн мөнгөө авч чадалгүй буцлаа. Банкны үйлчилгээний танхимд хүмүүс үймрэлдээд л хоцров.
Тэгээд, бас замдаа бачууранхан, ийм хэрүүл уруултай мөнгөөр ч яахав. Бусад банкны үйлчилгээ, энэ банкны үйлчилгээ хоёр өдөр шөнө шиг ялгаатай ажээ. Одоо ийм байдлаар харьцдаг үйлчилгээний байгууллага алга болсон шүү дээ. Хадгаламжийн банкаар хүүхдийн мөнгийг олгохдоо заавал "Хөдөлмөр халамж үйлчилгээний төв"-с санхүүжилт банканд орсон тохиолдолд мөнгийг нь олгодог юм байна. Тэр санхүүжилт нь дутуу ирдэг юм уу? ямар учиртай юм бүү мэд хаяа очихоор мөнгөгүй, санжүүжигдээгүй байгаа гэх юм билээ.
Олон хүмүүсийг ингэж бухимдуулж байхаар, банк эргэлтийнхээ мөнгөнөөс харилцагч хүүхдүүддээ олгоод, дараа нь ёстой тэр "Хөдөлмөр халамж үйлчилгээний төв" буюу Төрөөс өр авлага үүсгээд авч болмоор. Хаан банк, зарим газрын хүүхдийн мөнгийг олгодог гэсэн. Хаан банкнаас авдаг бол хэзээ ч очсон бэлэн олгодог гэнэ лээ. Төр заавал ийм банкаар ард иргэдээ бухимдуулж чирэгдүүлэх хэрэг байгаа л юм байхдаа. Хадгаламжийн банк ард иргэдийг чирэгдүүлж байна гээд телевизээр гарч байсан. Засарч сайжирсан зүйл үгүй бололтой. Миний хувьд яаж дахин тийшээ явдаг билээ гэж гайхаж сууна. Ямар хүүхдийнхээ мөнгийг авна гээд ажлаасаа чөлөө авалтай нь биш дээ. Үнэхээр ажлаас чөлөө авах хэмжээний яршиг түвэг ихтэй бол төрийн ийм хайр халамж хэрэгтэй гэж бодохгүй байна.

Thursday, November 22, 2007

Найзууд

Намар амралтанд явахдаа авсан зураг. Хэрэгт дуртай шаазгай юу шулганаж байгаа юм болдоо.

Tuesday, November 20, 2007

Алтайн хаан угалз

Байгалийн түүхийн музейн өмнөх талбай дээр байдаг угалзны хөшөөг саяхан харлаа.
Уг хөшөөн дээр байсан бичээсийг доор сийрүүлье.
"Алтайн угалз нь дэлхийн хамгийн нүсэр бие цогцостой, хамгийн лунжгар бүдүүн эвэртэй, амьтан юм. Тэрээр 182 кг биетэй, 180 см урт бөгөөд 28 кг хүнд эвэртэй, угалз ч тааралддаг аж. Аргаль угалз нь Монголын ард түмэнд байгалиас заяасан үнэт баялаг юм. Гэвч сүүлийн үед хүн, малын хөл үймээн, уул уурхайн хөгжил нь аргаль угалзын уламжлалт нутагшилд сөргөөр нөлөөлж эхлэв. Тийм учраас аргаль угалз нь хулгайн анчдаас өөрийн эрхгүй хулжин зайлж, энх амгалан бэлчээрийн эрэлд алс хол дайжин нүүдлэх болжээ.
Аргаль угалз хамгаалах ажил нь хөрөнгө зардал шаардахаас гадна түүнийг шинжлэх ухаан болон байгаль хамгаалалын нарийн мэргэжлийн хүмүүс гүйцэтгэдэг. Монголд ирж буй гадаадын анчид нь сайн санааны элч нар бөгөөд угалзын үнэ цэнийг даян дэлхийд ойлгуулах, тэднийг хамгаалах үйлсийг хандиваар санхүүжүүлдэг.
Үзэсгэлэн төгөлдөр аргаль угалзын өнөөгийн болон ирэх цагийн нутагшил, жам ёсны амьдарлыг хамгаалахад хүмүүний хайр энэрэл болон төр, засгийн халамж, дэмжлэг чухал гэдгийг ойлгуулахын тулд энэхүү хөшөөг босгов.
Элчин сайд Галсангийн Батсүхийн санаачлагаар Канадын нэрт барималч Рик Тейлер энэхүү хөшөөг урлан бүтээж Улаанбаатар хотод бэлэглэсэн болно" /Улаанбаатар хот 2006 оны 9-р сар/ хэмээсэн байв.
Гэтэл ...2002 онд манайд хичнээн аргаль хонь байгааг тоолсон тооллогын судалгааг үндэслэн Биологийн хүрээлэнгийн саналаар 2003 онд 70 угалзыг агнуулсан байх юм. Эл тооллого нь агнуур зохион байгуулалт биш учраас энэ нь агнуулах угалзны тоог тогтоох үлгэр жишээ үндэслэл болохгүй нь лав. Ийнхүү энгийн үндэслэлээр боловсруулсан саналыг Засгийн газар баталж том нэртэй тушаалыг БОЯ боловсруулдаг байна. Энгийн аргаар боловсруулж гаргасан агнуулах амьтдын тооны ард маш том асуулт хариултгүй үлдсээр байх уу. Угалзаа хаанаас агнах вэ. Өөрөөр хэлбэл, зөвшөөрөл өгсөн 70-80 угалз нь монгол орны хаана байгаа юм бэ. Yүнийг хэн ч хариулж чадахгүй л байна. Аргагүйн эрхэнд энэ чиглэлээр олон жил туршлага цуглуулсан аялал жуулчлалын хэдхэн компани гуу жалга онгичин байж, “нутгийн индиануудаар” заалган анчдын сонирхолд нийцсэн угалзыг олж агнуураа зохион байгуулах жишээтэй... Энэ тухай тодорхой уншмаар байгаа бол доорхи хаягаар орж үзнэ үү.
Зөвшөөрөлтэй нь ийм байхад зөвшөөрөлгүй нөхөд хаагуур юу хийж манаргаж байгааг мэдэхийн арга алга. Аргаль угалз маань олон улсын үзэсгэлэн яармагаас удаа дараа алтан медаль хүртэж байсан гэсэн. Улаан номонд орсон энэ амьтнаа хайрлаж хамгаалахгүй бол хөрөнгө мөнгө ярьж байтал нэг мэдэхэд л "Эрт урьдын цагт дангар эвэртэй угалз амьдарч байсан юм гэнэ лээ" гээд Монгол ардын үлгэртэй болчих вий дээ.

Friday, November 16, 2007

Дууны үг оруулмаар санагдчихлаа

Л. Балхжавын ая Б. Нармандахын шүлэг
МУГЖ: Б. Сарантуяа

Тэр намайг дурсдаг болов уу?

Тэр намайг дурсдаг болов уу
Тэр намайг үгүйлдэг болов уу
Тэртээх өдрүүдийг санадаг болов уу
Тэмүүлсээр учирсныг мэддэг болов уу
Үргэлж тэр миний сэтгэлд
Үүрийн зүүдэнд, үдшийн болзоонд
Үгүйлэх бүрдээ дурсамжаар учирч
Үнэрийг нь би салхинаас хайдаг

Дахилт:
Зүүд нойрыг минь ганцаар хулжаана
Зүрх сэтгэлийг эзэмдэхийг хүсэхгүй
Зүгээр л түүнийг дурсахыг хүснэ
Зүгээр л түүндээ дурсагдахыг хүснэ би

Улирал бүхэн өөрийн өнгөтэй
Учрал бүхэн өөрийн дурсамжтай
Залуу нас шиг дэврүүн зунаар
Залуу нас шиг дэрвэж явсан
Тэр намайг дурсдаг болов уу
Тэртээх өдрүүдийг үгүйлдэг болов уу
Дахин бид хоёр учрах болов уу
Догдлон байж уулзах болов уу

Дахилт:
Зүүд нойрыг минь ганцаар хулжаана
Зүрх сэтгэлийг эзэмдэхийг хүсэхгүй
Зүгээр л түүнийг дурсахыг хүснэ
Зүгээр л түүндээ дурсагдахыг хүснэ би

Өнөөдөр өвлийн эхэн сарын шинийн зургаан


Ноднингийн өдийгөөс арай эрт үе. Дархан явах замд.


...Энэ жил цасгүй боловч, ноднингийн өдий үеэс хүйтэн байна даа... гэж өнөө өглөө Налайх явах замдаа бодож явлаа.

Monday, November 12, 2007

Самади

Э. Мулдашевийн "Хүн мичнээс үүсээгүй" номыг уншиж байхдаа "Самади" гэдэг үгтэй анх танилцсан юм. Одоогийн хүн төрөлхтөний соёл иргэншлээс өмнө бүр анх биежээгүй сүнсний иргэншил 2 ч үе байсан ба тэндээс биднээс өөр иргэншил бүхий лемурчууд үүсэж лемурчуудын мөхлийн дараа бас өөр соёл иргэншил бүхий атлантчууд манай дэлхий дээр амьдарч байсан. Лемурчууд ч тэр атлантчууд тэр маш том биетэй байсан ба 3-5 м өндөр биетэй байжээ. Лемурчууд бүр ч том 7-8 м биетэй байсан гэнэ.
Өмнөх Мэлмий бичлэгт дурдсанчлан Түвд, Балбаны оронд судалгаа хийж буй багийхнаас Э. Мулдашев нь Самади агуйд өөрийн биеэр орж үзжээ.
Судалгааны дүгнэлтэндээ бичихдээ:
1. Самади агуй гэж үнэхээр байдаг ба энэ нь ямар нэгэн үлгэр домгоос улбаалсан төдий зүйл биш
2. Самади агуйд өөр хоорондоо харилцан адилгүй дүр төрхтэй янз бүрийн соёл иргэншил бүхий хүмүүс амирлангуй байдалд /самади байдалд/ орсон байж болох
3. Самади агуйнууд нь сэтгэлийн энергиэр хамгаалагдсан ба жирийн хүн нэвтрэх боломжгүй ба сэтгэлийн энергийн хүч нь самадид нэвтэрч буй хүнд шалтгаангүйгээр уур нь хүрэх, аймшиг төрөх, түгшүүрийг гүнээр идэвхжүүлдэг гэж үздэг.
Самади агуй нь Балба, Түвдийн өндөр уулс болон Энэтхэг, Хятадад байдаг ба жирийн хүн хялбар очих боломжгүй уулын бартаат газарт байдаг ба тэнд тухайн орон нутгийн /Түвдийн/ уулсын жижигхэн суурингийн бурханы номд нэвтэрсэн нэгэн од гаригсын тодорхой тогтсон хугацаанд самади агуйд орж өмнөх байдлаас самади агуйг өөрчлөгдсөн эсэхийг шалгадаг. Самади агуйд нэвтрэх хүн нь маш цөөн ба 1-2 онцгой хүн байдаг. Самади агуйд байгаа /амирлангуйн байдалд орсон байдалтай/ буюу самади байдалтай хүмүүсээс сэтгэлийн агуу их энерги ялгардаг. Энэ номын баатар маань өөрөө самади агуйд орж байгаа боловч үнэхээр тэнд далдын энерги өөрийнх нь биед маш хүчтэй нөлөөлж буйг мэдрэнэ. Самади агуйд анх нэвтрэхээс нь өмнө амь насанд ч аюултай гэж сануулсны дагуу, хүнд мөчид тэр арайхийн агуйгаас гарч ирдэг. Мулдашев судалгааныхаа явцад Түвдийн сүм дуган дээр элбэг байх мэлмийний зургийг "Лемурчууд" гэсэн таамаглалыг дэвшүүлнэ. Харин биднээс өөр соёл иргэншил бүхий атлантууд жирийн хүн төрөлхтөнтөй адил төрхтэй гэнэ. Самади агуй нь зарим эрдэмтдийн хэлсэнчлэн "Хүн төрөлхтний гений сан" байж болно гэж үздэг. Хүн төрөлхтний гений сан гэдэг нь олон янзийн соёл иргэншилт хүмүүс цугласан газар бөгөөд тэд л орчин цагийн хүнийг бүтээсэн гэж үздэг.

Самади хэмээх үгтэй анх тулгарч үзсэн болохоороо сонирхуулан бичлэгтээ оруулав.

Wednesday, November 7, 2007

Томоогүй ч үрс минь дээ...

Манай охин бид хоёрын хоорнд ийм яриа болов.
- Танай анги маргааш орохгүй гэнээ, багш нь тэгж байна
- Яагаад?
- Танай сургуулийн нэг багш өнгөрчихсөн юм байна ш дээ. Ажил явдал нь маргааш гэнэ. Гэхээр охин маань
- Ура гээд баярлаад өрөөн дотуур гүйх юм.
Би гайхаад хүн өнгөрчихсөн байхад баярлаж болдоггүй юм. Маани унших ёстой гэж хэрээрээ л тайлбарлав. Тэгээд ажилруугаа явах замдаа бодлоо. Гэтэл арван жил байхдаа мандаасан нэг хэрэг санаад орж ирж байнаа хөөрхий.
...Бид нар 4-р ангид байсан санагдана. ЗХУ-н коммунист намын дарга Андропов нас барлаа гээд л...
Манай сургуулийн хүүхдүүдийг нэг өглөө биеийн тамирын зааланд анги ангиар нь жагсаагаад сургуулийн захиргаа, намын хорооноос эмгэнэл илэрхийлэх ёслол хийсэн юм. Тэр биеийн тамирын зааланд дунд ангийнхан цугласан байсан юм болов уу даа. Зааланд манай анги хамгийн бага анги нь байсан юм. 4-10-р анги чинь дунд анги болдог байлаа ш дээ. За тэгээд эмгэнэл илэрхийлж нэг хүн үг хэлээд /Хэн үг хэлснийг нь санахгүй байна/ "гүн эмгэнэл илэрхийлье" гэтэл манай ангийн ард зогсож байсан хэдэн хөвгүүд алга ташаад "ура ура" гэтэл хажууд нь зогсож байсан бас нэг өөр ангийн хүүхдүүд хоолой нийлүүлэн "ура ура" болоод... Урьд жил нь Л.И Брежневийг нас барахад манай анги чинь 3-р анги байсан болохоор тэр эмгэнэл илэрхийлэх ёслолд оролцоогүй байсан юм болов уу даа. Аюул болох нь тэр дээ. Хөөрхий муу багшийг минь намын хорооны ч гэлүү хурлаар оруулж донгодсон гэнэ лээ.
Тэгээд бодох нь ээ 11, 12 настай хүүхэд тэгж байхад зургаа, долоотой хүүхэд арга ч үгүй юм уу даа гэж охиноо хальт зөвтгөлөө. Адилхан л танихгүй хүн нь нас барчихсан байхад хүүхэд нээрээ яаж мэдэх вэ? дээ хэмээн бодсоор ажилдаа ирэв.

Monday, November 5, 2007

Мэлмий

Сүүлийн хэд хоног хувийн болон хувьсгалын ажил ихтэйхэн өнгөрлөө. Нөгөө их сонирхолыг минь татаад байсан блог ертөнцөөсөө хөндийрчих шахав. Хагас сайнд ажил тараад гэртээ иртэл манайхан бүгд хөдөө гэрлүүгээ явж, намайг ажилтай гэж бодоод орхиод явжээ. За одоо яахав дээ. Төрсөн өдрөөр минь хамт ажилладаг инженер эгч маань Э.Мулдашевийн "Хүн мичнээс үүсээгүй" /Пүрэвжавын орчуулга/ номыг бэлэглэсэн юм. Тэгээд бэлгийн номоо уншлаа. Социализмын нийгэмээр хальт дайраад гарсан хуучин бууны хугархай юм болохоороо арван жилд заалгаж байсан Дарвины онолдоо өнөөг хүртэл итгэж мунхарсан нэгэн шүү дээ би чинь. Бас шашин шүтлэгт нэг их элэгтэй биш. Гэхдээ сүүлийн үед арай гайгүй болж байгаа. Учир нь ээж болсонтой минь холбоотой байж магад. Охин маань багадаа уйлахаар нь манай ээж нэг тарни уншдаг юм. Тэгээд гайгүй болчихоод байх шиг. Ээжид болохоор хөгшин ээж зааж өгчээ. Түүнээс хойш харин яагаад ч юм бэ? далдын ид шид ч юм шиг юманд итгэх маягтай болоод байгаа. Гэтэл саяхан нөгөө "Энергийн төв"-д очиход тэнд нэг том мэлмий байсан юм. /Доор зураг нь байна/ Тэр мэлмийг хараад манай ажлын эгч маань "Аан энэ мэлмий чинь их учиртай" гэж билээ. Эгчээс лавлан асуухад, би чамд нэг сонирхолтой ном өгнөө. Төрсөн өдөр чинь хэзээв? гэсэн юм. Төрсөн өдөр дөхөж байсан болохоор дороо л бэлэг авах нь тэр. Тэгээд номыг уншаад ойлгосноо сийрүүлэх гэсэн чинь нэг л болохгүй байна. Нүдний мэс засалч Э. Мулдашев Түвд, Балбаар судалгаа шинжилгээ өрнүүлнэ. Түвдийн сүм, дуган дээр ийм нэгэн мэлмий их байх ажээ. Хүний нүдийг компьютерт оруулж геометр тооцооллын аргаар ангилан, шашин номд мэргэн Балбын лам нарт үзүүлэхэд тэд нөгөө сүм дуган дээр байдаг мэлмийгээр хүлээн авна. Эхний үед шууд л компьютерт оруулсан нүдээ тайлбарлахад тэд хүлээн авч элэгсэг яриа үүсгэж чадахгүй. Учир нь Лам нарын дотоод сэтгэлийн баялаг эрдэмтдийг мухардалд оруулах ч үе ирнэ. Америк, Европынхон та нар шууд материал ярих юм. Сэтгэлийн хүчийг хоцрогдолд оруулж байна гэх шүүмжлэлийг ч сонсоно. Гэхдээ эцсийн эцэст хүн бол мичнээс үүсээгүй сэтгэлийн эрчим энерги, сүнснээс биежин үүсдэг гэсэн таамаглал дэвшүүлдэг. Манай дэлхий дээр хүний амьдрал эхлэхээс өмнө биднээс шал өөр соёл иргэншилтэй Атлантууд амьдарч байжээ. Тэд сэтгэлийн их энергитэй байсан ба харамсалтай нь сөрөг энергид идэгдэж устсан байна. Гэхдээ Балбын цаст өндөр Хайрхануудад "Самади" байдал орсон хүмүүс их байдаг. Самади гэдэг нь болохоор бие физилоги нь эмнэлгийн оношоор үхсэн хүнийхтэй адил боловч гагцүү мэлмий нь өөр, амьд байдаг гэнэ. Тэгээд л энэ дээрхи мэлмий чинь Түвд, Балбын сүм дуган дээр элбэг байдаг юм байна. Сэтгэлийн маш их энергитэй байж, самади байдалд ордог. Самади байдалд олон зуун жил ч орж болдог. Орчин цагийн хүмүүс бол самади байдалд орж чадахгүй. Ганц нэг иогийнхон /мундаг/ 5, 6 жил орчим самади байдалд орж чадах байх гэнээ. Энэ ном уг нь их сонирхолтой юм билээ. Ганц удаа уншаад ойлгоно гэвэл над шиг малгуу бол бүр ч үгүй. Тэгээд бичих гэсэн чинь бүр ч болдоггүй. Э. Мулдашев нь манай Алтайд судалгаа хийж байгаа гэсэн. Элдэв юмтай хольж хутгаад байх шиг байна. Түр завсарлая.
...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...