Showing posts with label Миний бодлоор.... Show all posts
Showing posts with label Миний бодлоор.... Show all posts

Friday, August 10, 2007

Бидний хар амиа бодох бодол юунд хүргээд байна?

Зуны халуун өдрүүд өнгөрч, нэг үгээр хэлбэл хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашиж байгаа цагтай зэрэгцээд өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж эхэллээ. Цалин нэмэгдээгүй байтал, юмны үнэ өсөх нь хүмүүсийг ихээхэн бухимдуулж, жирийн албан хаагчийн "Цалингаараа ч барахгүй нь дээ" гэсэн бодлыг улам бататгаж өгөх мэт. Ингэхэд "Танайд зарим юмны үнэ дэлхийн зах зээл дээрээс ч хэт үнэтэй байна" гэх үгийг яагаад жирийн нэг муу орчуулагч сонсоход хүрдэг юм болоо? Нэгэн жишээн дээр мунхаг би тайлбар хийхийг хичээе. Монголд төмрийн ордыг одоогоор ашиглахгүй байгаа болохоор бид хуучин төмрийн хаягдлыг DMP буюу бидний хэлж заншсанаар Дарханы төмөрлөгийн үйлдвэрт цуйвж, барилгын материалын арматуруудыг дотооддоо үйлдвэрлэдэг. Чанарын хувьд сайн, олон улсын чанарын стандартуудыг (ISO 9001, JIS-G-3112, MNS) хангасан манай улсын өмнөө барих брэндүүдийн нэг яах аргагүй мөн билээ. Чанартай бөгөөд эрэлттэй бүтээгдэхүүн зах зээл дээр өндөр үнэтэй байдаг хуулийн дагуу бас ч чамгүй үнэтэй. /1 тн арматур 760,0 мянган төгрөг/ Олдоц ховор тул бага хэмжээгээр хэрэглэх төмрийг хуучин төмөр зардаг захаас худалдаж авахаар боллоо гэж саная. Компаниудын гүйдэг няравын хэлж байгаа үнийг хувийн жингээр нь хөөн бодоход үйлдвэрээс шинээр гарч байгаа төмрөөс ч үнэтэй тусдаг. Яагаад гэвэл хуучин төмрийн зах дээр ажиллаж байгаа наймаачин /ченж гэдэг/ өөрийн олох ашиг дээр худалдан авагчийг зуучилж өгсөн зуучлагч /таньдаг хүн/ гүйдэг няравын хүртэх хувийг оролцуулна. За тэгээд хувь хүртэх хэн хэн байна бүгдийг нь оруулна шүү дээ. Жолооч, бас бус наймаа хийж байхад процессийг мэдсэн бүхэнд хувь хүртээнэ. Хүртэх хувь хэмжээ нь хүртэл тогтсон ханштай гэнэлээ. Доод тал нь үнийн дүнгийн 10% гэсэн байхаа. Ингээд л Монголд дэлхийн зах зээл дээрээс юм үнэтэй болж, хүмүүс ч зөвхөн цалингаараа амьдрах арга сүвэгчлэхгүй, цалингаасаа бусад орлогыг өөртөө оруулж чаддаг байна. Үгүй ер нь ичих булчирхай байна уу? ТӨҮГ болон альваа төрийн гэсэн байгууллагууд өмчийг иймэрхүү байдлаар шамшигдуулдаг. Үүнийгээ бас хаялагатай ажил, хаялага муутай гэх мэтээр ангилчихна. Дээрхи байдал өөр ямар ч байгууллага дээр гарч байдаг. Хувийн байгууллага арай бага шамшигдуулдаг байх. Эзэн нь өөрийн юмандаа сайн хяналт тавихгүй бол хөрөнгийн эзэн амаараа шороо үмхэнэ гэсэн үг. За тэгээд гадаадын хөрөнгөөр санхүүжигдэж байгаа элдэв төсөлүүд байна. Төсөл дээр ажиллаж байгаа гэж сонсвол, бусад хүмүүс мөнгөөр бороо орж байдаг юм шигээр л төсөөлдөг. Арай дэндүү байгаа биз. Энэхүү хөрөнгө мөнгийг шамшигдуулж байгаадаа огтоос юман чинээ бодохгүй шүү. Дээрхи жишээн дээрээ эргээд тайлбарлахад хэт үнэтэй нөөцийг "орц"-д оруулахаар бүтээгдэхүүн болж байгаа "гарц"-н үнэ өсөхөөс яах билээ. Үнийг тогтоохдоо өртөгт суурилах аргаар эсвэл ихэнх тохиолдолд зах зээлийн үнээр тогтоодог. Бид өөрөө өөрсдийнхөө цалингаараа амьдрах алтан боломжийг алдагдуулаад байгаа юм биш үү????

Monday, July 30, 2007

Эрхээ эдлэхдээ бусдын эрхийг хүндлэ!

Машин зөрөхөд орчин мэдэгдэхгүйгээр тоос босож байв

Ямар ч барилгын ажил хийгдээгүй мөртлөө хэдэн арван км замыг хаасан байв.
150 км замд 3-4 газар л барилгын ажил хийгдэж байв.
Өнгөрдөг хагас сайнд Хархорин явлаа. Хархоринд зуншлага сайнгүй байгаа ч Эрдэнэ зуу дээр жуулчид их байлаа.
Ойрдоо халуун байгаа болохоор бид шөнө хагаслаж, Улаанбаатараас шөнийн 3 цагт хөдлөв. Хөдөө, гадаа явах дуртай би ажлын газрын 2 хүнийг явах уу? /ажлаар,2 Япон/ гэхээр агаар салхинд гарангааа, Хархарум хотын туурь ухаж байгаа гэнэ лээ... хэр их юм олдож байгаа бол гэсэн сониуч зан минь хөдлөөд явчихсан хэрэг л дээ.
Хотоос гараад дөнгөж "Эмээлт" даваад л зам засвар хийж байгаа бололтой замыг ундуй сундуй болгоод, хааж орхижээ. Тэгээд бүр Төв аймгийн Эрдэнэсант сум хүртэл шахуу дайнд нэрвэгдсэн мэт болгосон байхийн. Үгүй яахав дээ зам засаж байгаа нь сайшаалтай хэрэг.
Гэхдээ зам засварын ажлыг хийхэд учир байнаа, Юу гэвэл 150 км замыг нэг зэрэг хаах хэрэггүй шүү дээ. Гантай байгаа болохоороо ч тэр үү? Замын тоос гэдэг чинь үүд хоймрын зайтай газрын юм үзэгдэхгүй байгаа нь машин дотор зүгээр сууж байгаа хүнд тийм түвэгтэй байгаа юм чинь жолоочид ямар байх нь ойлгомжтой. Хуучин зам маань хичнээн муу ч гэсэн шороо тоос тийм их босохгүй шүү дээ. Манай Монголчуудын хэнэггүй зан уу! Гадны жуулчинд үзүүлдэг ганц түүх дурсгалын газар бол яах аргагүй Эрдэнэ зуугийн хийд, Хархарум хотын туурь. Тэр хүртэлх замыг ийм болгоод хаячихаар ирэх жил ирэх жуулчидын тоонд нөлөөлнө биз дээ.
Нэг хугацаанд хаагдсан байх замын хэмжээ нь 20 км байхаар тооцож төлөвлөгөө гаргаад 20 км-ээ дотор нь далан, суурь, асфальтон хучилт, ус зайлуулах төмөр бетон хоолойны ажил хийх ажлын 4 хэсэг болгон хувааж хийхэд л болно. За яахав төмөр бетон хоолой хийхэд бетоны техникийн шаардлагын үүднээс 28 хоногийн бат бэхийг турших, сорьцыг шахах хүртэл хугацаа орох боловч гэхдээ л бүхэл бүтэн 150 км замыг нэг зэрэг хаана гэдэг ажлын туршлагагүй, ямар ч гүйцэтгэлийн төлөвлөгөөгүй байгаа нь илт. Замаа сайжруулалгүй яахав. Гүйцэтгэж байгаа компани нь "ажлын зөвшөөрлөө авсан. Яах нь бидний дур" гэсэн маягтай байж болохгүй шүү дээ. Зоригчид бас аятай тухтай зорчих эрхтэй. Манай жуулчины компаниуд ч гэсэн ая тухтай байлгах гэж хичээдэг. Бас багагүй зардал чирэгдэл болж жуулчдыг авчирдаг. Зам засаж байгааг илэрхийсэн ямар ч тэмдэг тэмдэглэгээ байхгүй, зам дээр шороо овоолоод хаячихсан байх юм. Уг нь автозам барилгын ажлын үед хэрэглэх түр зам, ажлын нарийвчилсан график, зам хаасан үед хэрэглэх тэмдэг тэмдэглэгээ зайлшгүй байх шаардлагатай. Гэтэл 150 км замыг хаасан мөртлөө Улаанбаатараас "Хүй долоо худаг" орчимд "орохыг хориглоно" гэсэн маажгий тэмдэгээс өөр юу ч тавиагүй байх юм. Бас болоогүй ээ тэр тэмдэгээ зам дээр асгасан шороон дээрээ суулгачихсан байгаа юмаа. Монгол хүн хэнэггүй болохоороо зам засвар хийж байна гэж ойлгох боловч гадны хүмүүс юу гэж ойлгох бол? Хүний эрхийг бүдүүлэг зөрчиж байна гэж бодож байгаа л болов уу даа. (Хамт явсан 2 Япон "Энэ барилгын ажил зөвшөөрөлтэй болов уу" хэмээн хоорондоо ярилцахаас үзвэл...) Бид эрхээ эдлэхдээ бусдын эрхийг ялимгүй мэт боловч зөрчөөд байдаг юм биш үү? Өөрийн эрхийг эдлэхдээ бусдын эрхийг хүндлээрэй хүмүүс ээ!

Thursday, July 19, 2007

Шансууд нисэж байна

Монгол улс маань үндсэн хуулиа өөрчлөн баталснаас хойш ард бид социализм, коммунизмын материал техникийн баазыг хөгжүүлэхэд бүх хүч чадалаа зориулах биш ардчилсан иргэний нийгэм байгуулна гэж хэвлэл мэдээлэл болон учир мэдэх хүмүүсээс сонссоор нилээд хэдэн жилийг ардаа орхижээ. Зах зээлийн нээлттэй эдийн засгийг хөгжүүлэх, түүн дундаа шударга өрсөлдөөнийг хөгжүүлснээр иргэний ардчилсан нийгэм байгуулах болно гэж товчхондоо ойлгож болох байх. Бид, бидний эцэг эхийн амьдарч байсан нийгэм маань хувийн өмчийг дэмждэггүй байсан болохоор бидэнд зах зээлийн нийгэмд шууд хөл тавихад мөнгө гэдэг зүйл хэнд маань ч гэсэн байхгүй байв. За тэгээд энэ яриаг түр хойш нь тавьж гол асуудалдаа орёо.
Бидний дээгүүр маш олон шансууд нисэж байдаг юм. Тэр шансууд гэдэг нь хөгжингүй орнууд буюу донор улсын хөрөнгө оруулагч нар юм л даа. Биднээс алхам хол илүү хөгжсөн улсын хөрөнгө оруулагч нар гэдэг бидэн шиг хөрөнгө мөнгөний нарийн учрыг мэдэхгүй хүмүүсдээ л багш. Багш ч гэхээс яахав. Тэдний амьдарч байгаа нийгмийг хар. Харин өөрсдийнхөө амьдарч байгаа нийгмийг нэг удаа эргэж хардаа. За нөгөө нисэж яваа олон шансууд хаана боломжтой газар байна тэнд нь бууя, хөрөнгө оруулж бусдыг өөд нь татъяа, өөрсдийгөө ч улам хөгжүүлье гэх. Гэтэл яг манай улсын дээгүүр нисэхэд, бөөн үүлтэй бүрхэг юу ч юм бүү мэд учир нь олдохгүй... Уг нь цаад хөрс нь сайхан, юм юм л байгаа болов уу гэж төсөөлөгдөхөөр...Өнөө шударга амьдарлаар амьдарч өрсөлдөж ирсэн хүмүүс яаж ийм тодорхой бус орчинд бууж хөрөнгө оруулалт хийх вэ дээ. Ингээд цаашаа үргэлжлүүлэн ниснэ. Харин ч бид хөх тэнгэрийн хүчээр өдий хүртэл эрч хүчтэй амьдарч байгаа ард түмэн болохоор хааяа нэг аз гийж шанс бууна. Тодорхой бус, манантай бүрхэг газар бууж байгаа хөрөнгө оруулагч гэдэг нь азаа туршихаас огт айхгүй, бидний ярьдагаар хүнд гарууд буугаад ирэх нь элбэг. Тийм болохоор Монголд элдэв цэнгээний үйлчилгээ эрхлэх газар, казино зэрэг нийгмийн хөгжилд сөрөг нөлөө бүхий бизнесүүд хөгжих суурь тавигдчихдаг нь үнэхээр харамсалтай. Ухаж бодох тусам сэтгэл яаж өвддөг гээч... Үүнийг яаж засах талаар саналаа хэлмээр байна. (Яагаав, хувьсгалыг байгуулахад хүн бүрийн хүчин чармайлт хэрэгтэй Д.Сүхбаатар хэлсэн гэдэг шүү дээ)

1. Эхлээд шударга өрсөлдөөнд оролцогч бүр цэгцтэй үнэн зөв тайлан балансаа гаргаж сурцгаая. Богинохон өгүүлбэрээр хэлэхэд амархан боловч хийхэд хэцүү шүү. Өнөөдрийн байдлаар манай жижиг компаниуд бараг өөрсдөө ч учрыг нь олохгүй шахам, ашиглах зориулалт нь өөр өөр тайлан баланстай. Гадны хүнд хэлэхээс, эрүүл хүн бол ичиж үхмээр. Том компаниудынх нь булхай болохоор гадны хэрэглэгчдэд тэр бүр мэдэгдэхгүй нарийн мафын байдалтай болчихсон. Бид зөв санхүүгийн мэдээлэл гаргаж өгвөл, хөрөнгө оруулагчийн сэтгэлийг татсан байгалийн баялаг бүхий өргөн уудам нутаг гэх мэт шудрага хөрөнгө оруулагчдыг татах зүйл манайд олон бий. Тайлан балансаа гадаад хэрэглэгчдэд үзүүлж судлуулах нь онолын хувьд тийм болохгүй зүйл биш шүү. Аж ахуйн нэгжийн орлого үр дүнгийн тайлан, балансыг үзээд ерөнхий багцаа авна уу гэхээс биш танай бизнесийн нууцад нэвтрэх боломж олдохгүй тул та үзүүлж л байх хэрэгтэй.

2. Хууль баталдаг 76 нөхрийн бүтэц зохион байгуулалтыг өөрчилөх. Тэд бол хувиа хичээгчид. Тэр хувиа хичээгчид дээр нэмэгдээд засгийн газар, шүүх засаглалын булхайчууд. Засаглал хуваах онолын 3 субьектийн болчимгүй үйл ажиллагаанаас болж дээр 1-д бичсэн бүхэн үүсчихээд байна. Үнэндээ бол, бусад хөгжингүй орнууд засаглал хуваах онолоор улс орноо хөгжүүлээд одоо бидний дээгүүр нисдэг шансууд болчихоод байна шүү дээ. Засаглалын онолыг манайх гуйвуулчихаад байгаа байхгүй юу даа...

3. Хэрвээ бид ядаж л тайлан балансаа зөв гаргаад сурчих юм бол азаа турших гэсэн олон хүнд гарын бизнесменүүд орж ирэхүй, харин шударга өрсөлдөөнийг эрхэмлэгч нар биднийг сонирхож, надад ийм ашиг гарах юм байна, түнш маань ингэж хожих юм байна гэсэн эдийн засгийн тооцоолол хийж чадах боломжтой болж, нөгөө шанс чинь манай дээгүүр нисэж өнгөрөхгүй, буулт хийнэ шүү дээ. Бид маргаашын өөхнөөс өнөөдрийн уушиг дээр гэж үзсээр... Урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж суух хооронд эх оронд маань гадны дээрэнгүй нөхдүүд орж ирээд байх шиг л санагдах юм даа.
...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...