Friday, July 26, 2013
Аялалаас төрсөн гомдол
Monday, February 8, 2010
Газрын гүний дулааны эрчим хүч
Газрын гүний дулааны эрчим хүч нь Японы дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийн бага хэмжээг хангаж байгаа боловч өргөжүүлэн хөгжүүлбээс 3 онцлог ач холбогдолтой гэж үзсэн байна.
1. Дотоодын үйлдвэрлэлийг цэвэр дэмжих бөгөөд эрчим хүчний эх үүсвэр гаргаж авахад шаардлагатай түүхий эдийг ихэвчлэн гадаадаас импортлон оруулж ирдэг Япончуудад эдийн засгийн чухал ач холбогдолтой .
2. Байгаль орчинг бохирдуулах хэмжээгээрээ харьцангуй бага, газрын тос, нүүрс, салхин цахилгаан станц, нарны эрчим хүчний зэрэг эх үүсвэрүүдийг бодвол нүүрс хүчлийн хий ялгаруулалтаараа бага байдаг.
3. Урт хугацааны туршид ашиглах боломжтой. Эрчим хүч үүсгэх уур нь өдөр шөнө, зун өвөл, халуун хүйтэнээс үл хамаарна. Японд хамгийн удаан ашиглаж буй газрын гүний дулааны эрчим хүчний станц нь тасралтгүй 40 гаруй жил ажиллаж байгаа ажээ.
Эрчим хүчний эх үүсвэрүүдийг нүүрс хүчлийн хийг (Co2) ялгаруулалтаар нь жагсаавал,
1. Нүүрсний эх үүсвэр 975 gCo2/ kWh
2. Газрын тос 742 gCo2/kWh
3. Хий 519 gCo2/kWh
4. Нарны эрчим хүч 53 g Co2/kWh
5. Салхины эрчим хүч 29 gCo2/kWh
6. Атомын эрчим хүч 22 gCo2/kWh
7. Газрын гүний эрчим хүч 15 gCo2/kWh
8. Усан цахилгаан станц 11 gCo2/kWh ялгаруулдаг байна.
Манайд хамгийн өргөн хэрэглэж буй нүүрсний эрчим хүч байгаль орчинг бохирдуулалтаараа манлайлах юм байна.
Японы эрчим хүчний эх үүсвэрийн ашиглалтын хэмжээгээр нь ихээс нь бага руу нь жагсаавал,
1. Атомын цахилгаан станц
2. Хийн эх үүсвэрийн эрчим хүч
3. Нүүрс
4. Газрын тос зэргээс гаргаж авах эрчим хүч
5. Усан цахилгаан станц
6. Газрын гүний дулааны эрчим хүч
7. Салхин цахилгаан станц
8. Нарны эрчим хүч бөгөөд нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 0,3 хувийг газрын гүний дулааны эрчим хүч эзлэж байна.
Газрын гүний дулааны эрчим хүчний түүхээс
1904 онд анх Италид туршиж байсан. Японд хамгийн анх 1925 онд туршиж байсан боловч, 1966 оны Мацүкава эрчим хүчний станцыг анхдагч гэж үздэг байна.
Sunday, May 31, 2009
Газрын гүний дулааныг ашиглах анхны загвар байшин
Сайхан нээлт болж олон зочид, бас ерөнхий сайдаас эхлээд албаны хүмүүс оролцож байлаа.
Нээлтийн ажиллагааг нээж загвар байшингийн сантехник дулааны системийг онцгойлон тайлбарласан хүн бол "Степпсолер" ХХК захирал П Цагаан байв. Мөн газрын гүнээс гарган авах халаалтын технологийг ХБНГУ-н Wessmаn компанийхан тайлбар хийлээ.
Уг загвар байшин нь Улаанбаатар хотын гэр хорооллын айлуудад санал болгож буй бөгөөд халаалтын систем нь газрын гүний дулаан, харин хэрэглээний халуун усыг нарны энергээр бүрэн хангах зохион байгуулалттай юм байна. Газрын гүний дулааныг харьцангуй өндөр өртөгтэй гэж сонссож байсан би бээр үнийг асуувал нэг м2 нь таван зуу орчим $гэнэ.
Сэргээгдэх эрчим хүчний үндсэн технологиуд болох салхины эрчим хүч, усны эрчим хүч, нарны эрчим хүч, биотүлш, газрын гүний дулааныг бид сүүлийн үед ярьж байгаа боловч бодит биелэлт нь хараахан гараагүй байна.
Газрын гүнээс гарган авах дулаан буюу геотермаль энерги гэдэг нь Дэлхийн гүнээс ялгарч байгаа энерги юм Энэ энергийг цуглуулах станц барих нь хэдийгээр өртөг ихтэй боловч, түүний ашиглалтын зардал нь маш бага байдаг гэнэ. Үндсэн гурван төрлийн - хийн (dry steam), усан (flash), хавсарсан (binary) цахилгаан станц байна. Хийн станц нь газрын гүнээс ялгарах хийг (уур) ашиглан турбиныг эргүүлэн цахилгаан эрчим хүч, усан станц нь гүний халуун усыг уур болон ус болгон салгаж, турбиныг эргүүлэн цахилгаан эрчим хүч гарган авна.।Хавсарсан станцын хувьд, гүнээс гарч ирэх халуун ус дулаан солилцуураар дамжихдаа органик шингэнийг буцалгана. Уг органик шингэн турбиныг эргүүлэх замаар эрчим хүч гарган авна. Эдгээр станцууд нь хэрэглэсэн үлдэгдэл геотермаль шингэн, конденсацлагдсан уурыг газрын гүн рүү буцаан шахна.
Энд тайлбарлаж байгаа нь зарчим бол эрчим хүч ихээр үйлдвэрлэн хуваарилахад хийгдэх технологи бөгөөд харин дээрх загвар байшинд бол бага оворын насос, дамжуулах хоолой шаардлагтай юм шигээр тайлбар хийж байсан.
Friday, August 22, 2008
Баданга хүдэрт аюул тохиолдож байна
Дэлхий дээр 3 төрлийн хүдэр байдгаас Монгол оронд Баданга хүдэр гэсэн төрөл нь байдаг.
Хүдэр нь өмнөд, зүүн, баруун өмнөд Азийн 10 гаруй улсад тархсан байна. Хүдэр эвэргүй, эр нь соёотой байдаг. 1 метр орчим өндөр, сэрвээгээрээ 60 см орчим өндөр. Эрийг нь гирээ, эмийг нь гирэгэ гэдэг. Гирэгэ нь голдуу нэг, ховор тохиолдолд ихэр янзага гаргадаг.
Хүдэр нь заар гэдэг анхилам сайхан үнэртэй төрснийхөө төлөө замбуулинд амьдрах тоо нь эрс цөөрч байгаа юм. Заар нь зөвхөн эр хүдэрт байдаг тул сувдаг сэтгэлтнүүд ашиг олох зорилгоор их хэмжээгээр агнах болжээ.
Америкийн Траффикийн судалгааны дүнгээс үзвэл Америкийн том том худалдааны төвүүдэд хүдрийн заар ашигласан бүтээгдэхүүн худалдаалагдах нь элбэгшиж байгаа гэнэ. Эдгээр бүтээгдэхүүний гарал үүсэл нь голдуу Хятадаас байдаг гэнэ.
Манайд хаяа зар сонсож байхад “Хүдрийн заар авна” гэсэн зар байдаг нь нууц биш юм. Хулгайн агналтаас үүдэлтэй тул баданга хүдрийн эр эмийн харьцаа алдагдаж саяхан Хөвсгөл Соёны уулсад /Хөвсгөл аймгийн нэлээн хэдэн сум багтсан байсан/ явуулсан судалгаагаар дөнгөж 300 гаруйхан эр баданга хүдэр буй аж. Гэхдээ энэ тоо нь Монголд байгаа бүх эр баданга хүдрийн тоо биш юм. 1985 онд явуулсан судалгаагаар Монголд 44,000 баданга хүдэр байсан бол, зах зээлийн нийгэмд шилжих үеэс хойш 30,000 хол давсан хүдрийн заар Дорно дахины эмчилгээнд зориулагдахаар урд хилийг давжээ. Одоогоор Монголд тархсан нутгийг бүрэн хамарсан судалгаа хийгдээгүй байгаа юм байна.
Байгаль орчны яамнаас баданга хүдрийг хамгаалах түүнийг өсгөхөд зориулан хөрөнгө төсөв, хэрхэн өсгөх төлөвлөгөө гаргаасай хэмээн хүсэж байна.
Алтайн зарим уулс, Хангай хөвсгөл, Хан хөхийд тархсан байсан бол Хан хөхийд бүрэн устсан гэнэ. Байгаль орчин хамгаалахад тухайн орон нутгийн ард иргэдийн оролцоо чухал ач холбогдолтой учраас хэн бүхэн хулгайн агналт зэрэгтэй идэвхтэй тэмцэх хэрэгтэй. Ард иргэдэд үүнийг ухуулан таниулж ойлгоход төрийн оролцоо шаардлагатай гэж бодож байна.
Телевизийн “Боловсрол” сувгаар өгсөн мэдээллийг сийрүүлэн бичлээ.
Monday, May 26, 2008
Рамсарын гэрээнд бүртгэгдсэн Өгийнуур
Тэр лекц семинарын агуулга нь байгаль орчинг хамгаалах нь зөвхөн төрийн хэрэг биш, ард иргэдийн дундаас зохион байгуулагдан гарах олон нийтийн байгууллага, жирийн малчин ард иргэд ч гэсэн унаган нутгаа хамгаалахад чин сэтгэлээсээ оролцож байж гэмээнэ үр дүнд хүрнэ гэдгийг тайлбарлан ойлгуулахыг зорьсон байв. “Өгийнуурын ус намгархаг газрыг хамгаалах нь” гэсэн сэдэвт лекц семинарын үед Жайкагийн богино хугацааны мэргэжилтэн /усны орчин хариуцсан/ Р. Китаогийн тавьсан илтгэлийг миний бие хичээнгүйлэн орчуулсан юм.
Байгаль хамгаалах гэдэг бол зөвхөн цалин хүртэн ажиллаж байгаа хэсэг хүмүүсийн ажил огт биш бөгөөд өөрөөр хэлбэл байгалийн баялагаас хувь хүртэж байгаа хэн бүхний үүрэг юм. Байгалийн ямар нэгэн бүтээгдэхүүн хэрэглэдэггүй нэг ч хүн үгүй биз ээ.
Өгийнуур бол Архангай аймгийн Өгийнуур
сумын нутагт байдаг талын цэвэрхэн нуур юм. Нутгийн иргэд удны ус, бэлчээрийг нь их ашигладаг. Дээр үед улсаас загасны аж хуй эрхлэж байжээ.
Гэтэл сүүлийн үед нуурын зэгс үгүй болж, нуурын усны түвшин багасаж, зарим газраас нь эвгүй үнэр гарах болжээ.
Энэ нууранд олон зүйлийн шувуу амьдардаг тул олон улсын шинжээчдээс өндөр үнэлгээ авч, дэлхийн нийтийн өмч болсон билээ. Өгийнуур нь Рамсарын гэрээнд бүртгэгдсэн дэлхийд чухал нуур юм. Байгалийн баялгийг хамгаалж, түүнийг ухаалгаар ашиглахыг эрмэлзсэн олон улсын анхны гэрээ нь 1971 онд Ираны Рамсар хотод батлагджээ.
Рамсарын гэрээ гэдэг нь олон улсын хэмжээнд, ялангуяа нүүдлийн шувуудын хувьд чухал ач холбогдол бүхий ус намгархаг газрыг хамгаалах тухай гэрээ юм.
Рамсарын гэрээний эрхэм зорилго: Бүс нутаг, улс, олон улсын үйл ажиллагаа болон хамтын ажиллагаагаар дамжуулан, ус намгархаг газрыг хамгаалж зохистой ашиглах зорилготой. Уг гэрээнд хамрагдсан улс:138 улс (2004 оны байдлаар) Рамсарын гэрээнд бүртгэгдсэн газар:1370 ус намгархаг газар, (Талбай нь120 мянган га газар ) Рамсарын гэрээнд манай улсын 11 нуур бүртгэгдсэн байдаг.
1. Ачит нуур
2. Буйр нуур
3. Увс нуур
4. Хар ус нуур
5. Хүрх хүйтний хөндий нуур
6. Хөндий нуур /Бөөн цагаан, Орог, Таацын нуур, Адгийн цагаан нуур/
7. Өгийнуур
8. Тэрхийн цагаан нуур
9. Айраг нуур
10. Ганга нуур
11. Монгол дагуур нуур орох ба Рамсарын гэрээнд бүртгэгдсэн Монгол улсаас бүртгэгдсэн байдаг.
“Өгийнуурын ус намгархаг газрыг хамгаалах нь төсөл” бол Монгол улсаас Рамсарын гэрээнд бүртгэгдээд буй 11 нуурыг хэрхэн хамгаалвал болох талаар боловсруулж буй “загвар” төсөл ба хэрэгжүүлэгч нь Байгаль орчины яам болон Японы Жайка юм.
Яагаад эдгээр нуур болон ус намгархаг газрыг хамгаалах шаардлагатай вэ гэвэл усны шувууд маань олон мянган км замыг туулан байж ирдэг болохоор холын замд шувуудад түр буудаллах газар, нуур зайлшгүй хэрэгтэй. Зөвхөн нуурт анхаарах бус усны ундрага, ус намгархаг газар амьдрах бичил биетнээс эхлээд хөхтөн, сүүн тэжээлт амьтадыг хүртэл судлаж, нутагшуулах, амьтад байлгана гэдэг чинь бас хүнс тэжээлийн орчин бүрдэж байж байгалийн тэнцвэрт байдал хадгалагдан үлдэх ёстой. Байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйгээр иргэд байгалийн ашиг шимийг зохистойгоор хэрэглэхэд эрдэмтэдийн гаргасан судалгааны дүгнэлтүүд чухал үүрэгтэй.
Мэргэжлийн хүмүүсийн ярианаас олон юм ойлгосон ч усны орчин гэдэг ямар чухал болохыг доор тайлбарлахыг хичээе.
Альваа нэгэн нуур, гол мөрөн олон олон жижиг гол горхи, гүний ус, хөрсний ус, хурын усаар тэжээгдэж байдаг.
Өгийнуурын ус нь хэрхэн тэжээгдэж байна вэ?
1. Хөгшин Орхон голын усаар тэжээгдэж байна. Хөгшин Орхон нь Хангай нуруунаас эх авсан Шарын гол, Хужиртын эхээс эх авсан Хужиртын гол 2 нийлэх бэлчирээс Хөгшин Орхон болон урсдаг Хөгшин Орхон голоор тэжээгддэг. Орхон голоос эх авдаггүй ба андуурч болохгүй.
2. Гүний усаар тэжээгдэж буй тал дээр судлаачид нилээн санал зөрөлдөөнтэй байсан. Учир нь нуурын ард байрлах жуулчны баазын гүний худаг тийм их нөөцтэй бус... Урд талд нь байрлах Орхон багийн "Ар хонхорын худаг" /моторт худаг, 1968 онд байгуулагдсан/ харьцангуй ундрага сайтай байв. Өгийнуураас бараг 6 км орчим алслагдсан худаг. Одоо ч нутгийн ард иргэд энэ худгийг ашиглаж байна.
3. Хөрсний усаар тэжээгдэж байна. Хөрсний ус гэдэг нь бороо, цасны ус газар шингэн газрын хэвгийгээр дамжин нуурын усыг тэжээдэг байна.
Гэтэл цутгал голын эх, газрын хөрсийг бохирдуулах нь усны орчинг бохирдуулдаг. Усны орчин дахь шинжилгээг тогтоосон усан цэгүүд дээрээс авч шинжилгээ хийхэд сод, давсны хүчил ихсэж байаа нь усны орчинг судлаж байсан эрдэмтдийн судалгаа шинжилгээнээс харагдаж байсан. /усны орчины судалгаан дээр профессор Туваанжав, судлаач Мөнхзул нар Жайкагийн мэргэжилтэн Китаотай хамтран ажилласан/ Усны орчины давсны хүчил ихсэх тусам, газар тариалан, ургамалд муугаар нөлөөлөх ба өөрөөр хэлбэл газар хужиртаж давсжина. Давс дангаараа ямар нөлөөтэйг хүмүүс мэднэ. Үхсэн организмыг ч гэсэн хатааж занданшуулдаг. Усанд давсны хүчил их байвал амьд амьтанд нөлөөлж, Усанд амьдарч байгаа амьд амьтан ургамал багасаж, нуурын амьд байгалийн амьдралд муугаар нөлөөлдөг. Нууранд амьд организм үхэхэд уг үхсэн биеийн ялзрал, задрал явагдаж янз бүрийн хий гаргадаг. Өгийнуур ч ялгаагүй хөгшин Орхон бохирдон цутгал нь багасчихаар нуур хөрсний усаар тэжээгдэж эхлэхээр усны түвшин багасаж, хөрс нь бохир болохоор бас л усны орчноо бохирдуулчихдаг юм билээ. Ингэж л экологийн тэнцвэрт байдал нь алдагдаад...ширгэх нь ширгэж эхэлдэг. /Энд ганц жилийн судалгаа шинжилгээний дүнгээр дүгнэх боломжгүй юм гэдгийг усны орчинг хариуцан судалсан эрдэмтэд хэлж байсан. Энэ төсөл цаашид 5 жил үргэжлэнэ/
Дээрхи шинжилгээний дүнгүүд баахан химийн томъёо болон мэргэжлийн үг хэллэгээр дүүрэн ба жирийн хүмүүст бол тэр дүнг шууд үзүүлж тайлбарлахад түвэгтэй тул, семинарын өмнө жирийн хүнд тайлбарлана гэж янз янзаар тайлбаруулж ойлгосон маань дээрх өчүүхэн хэсэг.
Лекц семинар дээр Японд 1970-аад онд байгаль орчин ялангуяа усны ундрага муудаж, түүнээсээ шалтгаалан усны орчин асар их бохирдож, хүмүүс хордлого тусч, цагаан будаа хар өнгөтэй ургаж экологийн тэнцвэр алдагдснаас үүсэх хохирлууд бодит амьдрал дээр их гарч байжээ. Ингээд ард иргэдийн хүчин чармайлтаар 1971 онд Японд “Усны тухай” хууль батлагдаж, түүнээс хойш сайжиран сайжирсаар одоо бүр жуулчид хүлээн авдаг том том газрууд болсон тухай жишээ болгон ярьж байв.
Жишээлбэл Хоккайдогийн Күширо нуур,
Айчи мужийн Яхаги гол зэргийг жишээ аван тайлбарлаж байсан. Тэгээд Япончууд олон нийтийн дэмжлэгээр одоо сайхан болчихсон юм гэсэн шдээ
Хоккайдогын Күширо нуур Рамсарын
гэрээгээр хамгаалагддаг. Тэнд жилд 150000 жуулчин ирдэг ажээ.
Тус лекц, семинарт Орхон гоын сав нутагт багтах сумдын засаг дарга, Архангай аймгийн засаг дарга, болон олон нийтийн байгууллагууд болон Өгийнуур сумын иргэд өргөнөөр оролцон унаган байгаль эхээ хамгаалах нь хэний үүрэг вэ гэдэг талаар бага ч болов ойлголттой болсон гэж боддог юмаа.
Friday, May 23, 2008
Козакүра буюу далий ягаан

гэдгийг нь асуутал "Козакүра" хэмээн ажиг ч үгүй хэлж байна. Япон сакүрагаас ямар ялгаатай байна? гэтэл жижиг модноос жижиг цэцэг гарч, бас их орой цэцэглэх юм. Хүйтэн болохоор тэр биздээ гэв. Козакүраг нь Монгол хэлрүү буулгавал жижиг сакура буюу "Давжаа сакүра" гэж болох юм. Энэ хоёр зургийг өнөөдөр багшийн дээд сургуулийн замын эсрэг талд авсан юм.Нэг удаа багштайгаа ярьж суутал багш, ..."Монголд сакура 5-р сарын дундуур 7-10 хоног цэцэглэдэг. Манайхан сайн мэддэггүй юм, Сакүрагийн монгол нэр нь "Далий ягаан" Настай хүмүүс далий ягаанд сууж, ядаргаагаа гаргана гэж их ярьдагдаа. Хавар цагт ядарсан, настай хүмүүс далий ягаанд суух нь их үр дүнтэй шүү дээ... гэж ярьж байсан нь санаанд оров.
Манайд зэрлэгээрээ мэр сэр ургадаг бололтой юм билээ.
Ноднин намар Хамарын хийдээр явж байхдаа "Ёлхойн хавцал"-д сакүрагийн мод байсаныг харсан. /Тайлбарж байсан хүн нь сакүра гэж хэлж байсан/
Эмчилгээнд нэн чухал энэ ховор модыг хайрлан хамгаалах талаар юу хийдэг юм бол оо? Тэр талаар сонссон, мэдсэн юм байна уу?
Tuesday, April 1, 2008
Салхин цахилгаан станцтай болох нь ээ...
Нүүрсний уурхай, цахилгаан станц гэхээр эрчим хүчний эх үүсвэр юм шүү дээ гэж боддог ч нүүрсний утаа байгаль орчинд таагүй нөлөөтэйг, өвөлдөө Улаанбаатарын гашуун утаагаар амьсгалж буй хүн бүхэн мэднэ. Харин саяхан өнгөрсөн жилийн "Эрчим хүч & engineering" (2007-6-51) сэтгүүлээс нэгэн сонирхолтой мэдээлэл олж уншив.
...Ирээдүйд манай улсад салхин цахилгаан эх үүсвэрийг бүрэн хэрэгжүүлэх эрх зүйн орчин болон технологийн орчин бүрэн байдаг гэнэ.
Өнөрсөн оны 6-р сард Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Салхит уул хэмээх уулын хяр дагуулан Монголын анхны 50MBт хүчин чадал бүхий салхин цахилгаан станц буюу парк байгуулах шав тавих ёслол болжээ. Тус салхин цахилгаан станц нь жилд 114 сая цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээнд 1кВтц цахилгааныг 9 центээр нийлүүлэх зорилготой юм байна. /надад үнэтэй юм шиг санагдлаа/
Ньюком ХХК нь анх 2003 оноос салхин цахилгаан станц байгуулах төслийг санаачлан, Японы Сүмитомо корпорацитай хамтран ажиллаж, зураг төсөл нь нэгэнт бэлэн болжээ.
Монгол орны байгалийн тогтоц байдал нь салхины атлас дээр тэмдэглэгдсэнээр салхины арвин их нөөцтэй, бөгөөд нутаг орныг сонгож, нарийвчлан судалгаа хийж хэмжилтийн иж бүрэн автомат станц суурилуулж, бүтэн гурван жилийн туршилт судалгаа хийснээ Ньюком ХХК –ний удирдах хүмүүс шав тавих ёслолын үеэр дурсан ярьсан байна. Салхин цахилгаан эрчим хүч нь сэргээгдэх эрчим хүчний нэг төрөл бөгөөд манайд 2005 онд “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр” 2007 онд “Сэргээгдэх эрчим хүчний хууль” тус тус батлагдсан болохоор сэргээгдэх эрчих хүч буюу салхин цахилгаан станц, парк хөгжих эрх зүйн орчин бүрдсэн юм байна.
Байгаль орчны хамгаалалт, түүнийг зүй зохистой ашиглалахад энэ сэргээгдэх эрчим хүч чухал шаардлагатай. Ази тивд 8 улс салхины эрчим хүчийг ашиглан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байна. Салхины эрчих хүчний үйлдвэрлэл нөхөн сэргээгдэхгүй байгалийн баялаг болох нүүрс, цэвэр усны нөөцийг хэмнэж, агаар мандал дахь хүлэмжийн хийн хаягдлыг багасгах экологийн цэвэр технологи гэж үздэг. Салхит уулын станц нь бүрэн хүчин чадлаараа ажиллавал, Дулааны цахилгаан станц-2 –той дүйцэхүйц, хэмжээний эрчим хүч үйлдвэрлэх ба, 1,2 сая тонн цэвэр ус, 160 мян тонн нүүрс буюу гэр хороололд амьдардаг 30 гаруй мянган өрхийн жилийн хэрэглэх нүүрсийг хэмнэх юм байна. Тэгэхээр салхин парк нь цэвэр эрчим хүчийг үйлдвэрлэж, агаар мандал дахь хүлэмжийн хийн хаягдлыг жилд 160 мянган тонноор бууруулна. Салхит уулын салхин цахилгаан станц нь хүний эрүүл мэнд, байгаль экологид ээлтэй цэвэр эрчим хүчний шинэ эх үүсвэр, орчин үеийн шинэ технологиор үйлдвэрлэж, Монгол улсын эдийн засаг, шинжлэх ухаан, эрчим хүчний салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт эрчим хүчний салбарынхан итгэж байгаа.
Салхит уулын салхин цахилгаан станцыг 2008 оны 4-р улиралд багтаан дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна.
Байгаль орчинд таатай энэ салбар манайд улам улам дэлгэрэн хөгжих болтугай.
Wednesday, December 26, 2007
Улаанбаатарын орчим
Saturday, December 15, 2007
Туулын урсгал шөнөдөө сайхан
Ардын жүжигчин Т. Түмэндэмбэрэл
Туулын урсгал шөнөдөө сайхан сан
Торгон долгио хаялан мяралздагсан
Хоёр ангир дандаа л хөвдөг сөн
Холын анир авангаа л дуугардаг сан
Урсгалд нь умбагч сарыг ажин
Усанд нь хөвөгч оддыг тоолон
Бүүр түүрхэн тохиолдлоо дурсан
Үүр цайлгах би дуртай сан.
Шившин шивнэх залуу навчис
Шөнийн дуу над аялдагсан
Сөөг моддын нь нэгийг түшин
Шөнөжин сууж би сонсдог сон.
Дээр үед говийн эрчүүд Хүрээ рүү жин тээгээд эргэж ирэхдээ, сэтгэлтэй бүсгүй, эхнэртээ Туулын мөс бэлэг болгон авчирдаг байсан гэнэ лээ. Туулын мөсөө хайлуулаад үсээ угаахад сайхан өнгө ордог байжээ. Анх сонсчихоод инээдтэй ч юм шиг санагдаад байсан бол өөрөө говьд нэг жил болохдоо том бэлэг болохыг нь ойлгосон юм.
Говийн хүүхнүүд, Туулын мөсийг хаанаас нь ч харуулсан сайн таньдаг гэнэ лээ.
Tuesday, December 11, 2007
Гарчиггүй
Tuesday, November 27, 2007
Барко
Өнөөдөр өдрийн 4 цагийн үед Хайлаастын 17-р сургууль очоод буцах гэтэл сургуулийн хаяавч бетон дээр бээлийн чинээхэн гөлөг хэвтэж байхтай таарлаа. Хөхөө өвлийн хүйтэнд хөлдөж үхэхээ хүлээж байгаа хөөрхий гөлгийг хараад манай дарга шууд л гар дээрээ өргөөд аваад явъя гэх нь тэр. Авч явах нь яахав, арынх нь ажил хэнийх болдог юм болдоо гэж бодоод машиндаа аваад явлаа. Хөлдөхөөс арай наана байсан бололтой машинд орж ирээд унтаад өглөө. Тэгээд манай барилгын талбайн конторт авчирч сүү уулган талхны өөдөс өгтөл сэргээд л ирсэн. Манай талбайн инженер эгч маань гөлөг тэжээх давхар ажилтай болсон. Нохойдоо намайг нэр өг гээд байхаар нь "Басар" гэтэл охин гөлөг тул зохимжгүй гэнэ. Тэгж тэгж "Барко" гэж дарга нэрлэв. "Ко" гэдэг нь Япон эмэгтэйчүүдийн нэрэнд их дагалддаг нэр л дээ. Баркодоо өнтэй сайхан өвөлжихийг хүсье.Thursday, November 22, 2007
Tuesday, November 20, 2007
Алтайн хаан угалз
Friday, November 16, 2007
Monday, October 8, 2007
Мөнгөн усны аюул гэж юу вэ?

Монголчууд аль хувьсгалын өмнө 1910-д онд Бороо голын саваас алт олборлодог байсан ба алтаа ялгахдаа МӨНГӨН УС ашигладаг байсан. Гэтэл алт ялгах тогоо 1956 онд хагарч Бороо голын ёроолд 2-3 тонн мөнгөн ус асгарсан гэнээ. Бороо гол Сэлэнгэ аймагт байдаг. Ийм хэмжээний мөнгөн ус байгааг манайхан биш ЖАЙКА-гийн судалгааны багийнхан илрүүлсэн ба зөвшөөрөгдөх хэмжээнээс 5-20 дахин их байгааг тогтоожээ. Аюултай тоо баримт шүү.
Телевиз радиогоор мөнгөн усны хор хөнөөл гээд ярьдаг боловч хүмүүс тэр бүр хорыг мэддэггүй.
Метилийн мөнгөн уснаас болж үүсдэг Минамата гэж өвчин байдаг. Энэ өвчин анх 1953 онд Японы Минамата буланд их хэмжээгээр харсан болохоор Минамата өвчин гэж нэрлэгджээ. Минамата өвчин нь хүнд хэлбэрийн үедээ галзуурах, ухаан мэдрэлгүй болж улмаар нас бардаг. Харин хөнгөн хэлбэрийн үедээ шууд үхэлд хүрэхгүй ч толгой өвдөх, ядрах, амт үнэр ялгахгүй болох, чих дүнгэнэх зэргээр төв мэдрэлийн системийг гэмтээдэг. Мөнгөн ус нь хүний биед орсон бол задрахгүй, зөвхөн эхээс урагт дамжиж эх эдгэх үзэгдэл байдаг гэнэ. Түүнээс өөрөөр бол хүний биенээс бүрэн задарч гарах тохиолдол байдаггүй гэнэ. Харин тухайн урагт эхийн хордлогын хэлбэрээс улам хүндэрч илэрдэг гэсэн. Аймшиг.
Гар хөлний хөдөлгөөн зэргийг сайжруулах нөхөн сэргээх эмчилгээ хийдэг боловч бүрэн эдгэдэггүй. За энэ аймшигтай өвчин чухам яг юунаас болоод байна? гэвэл алтын уурхай болон бусад үйлдвэрийн хаягдалыг голд нийлүүлэхэд мөнгөн ус хэрвээ холилдсон байвал хамгийн түрүүнд загас өвчилдөг. Бид загас, далайн амьтныг хоол хүнсэндээ хэрэглэж, хаягдлыг нь гэрийн тэжээмэл муурт өгчихдөг шүү дээ. Тэгээд нэг л өдөр муурын нүд муудаж юм харахгүй байгааг мэдэж яав ийв гээд л... Гэтэл бас хэдэн жилийн дараанаас сохор, эсвэл доглон, дүлий хүүхэд төрөх болж, учир шалтгааныг нь судлахад мөнгөн усанд бохирдсон загас хүнсэндээ хэрэглэснээс гэсэн богинохон дүгэнлтэд хүрэх ажээ.
Хүн дээр минамата өвчин илрэх нь уддаг шалтгаан бол анх хордсон хүнд (их хэмжээгээр биш бол) өвчний шинж тэмдэг илэрдэггүй. Удамшиж 2 дахь үе дээр хөнгөн хэлбэрийнх, 3 дахь үе удам дээр өмнөх үеэс арай хүнд гэх мэтээр улам хүндэрч хамгийн сүүлд нь үхэлд хүргэдэг гэнэ.
Муур зэрэг нь хүнийг бодвол биологийн нас богинотой болохоороо хүн дээр илрэхээс өмнө мууран дээр мэдэгддэг ажээ. Дээрх зураг дээр үйлдвэрээс хаяж байгаа усан дотор улаан цэгүүдээр мөнгөн усыг тэмдэглэж цаашид задрахгүйгээр хүний биед хэрхэн орж байгааг харуулсан байна.
Үйлдвэр уурхайгаас хаяж байгаа хаягдал усан дахь мөнгөн усны зөвшөөрөгдөх хэмжээ 0,005мг/л байх ёстой байдаг бол Бороо голын ёроолд 2-3 тонн мөнгөн ус гэдэг үнэхээр аймшиг. Манайхан шинжилгээний хэрэгсэл, тоног төхөөрөмж, үнэтэй гээд байдаг юм билээ. (Уг нь шинжилгээний тоног төхөөрөмж байх нь байгаа) Бидэнд эрүүл биш эрхтэн дутуу төрөх аюул нүүрлээд байхад энэ асуудал дээр төрөөс бодлого барих ёстой биздээ. Ирээдүйд эрүүл биш хүн төрөөд байвал юу бүтээн байгуулах билээ. "ЭРҮҮЛ БАЙХ ТҮМЭН ЖАРГАЛАН" гэж их зохиолч маань нэгэнтээ шүлэглэн хэлсэн байдаг. Хоосон ядуу байж болно. Гагцхүү эрүүл байж л ирээдүйн тухай яриа үргэлжлэнэ гэж бодож байна.
Wednesday, September 26, 2007
Озоны давхаргын тухай хэдэн үг
Доорхи зүйлийг интернетээс авч жаахан орчуулга хийгээд, өөрийнхөө мэдэхийг дээр нь нэмчихлээ.
Озоны давхарга нь газраас ойролцоогоор 20-30 километрт байдаг агаар мандал дахь хийн бүрхүүл юм. Агаар мандалд нимгэхэн тогтсон озон нь хэрвээ газар дээр авч ирвэл 3 мм ч хүрэхгүй нимгэн ажээ. Эмзэгхэн, хүүхдийн зулай л гэсэн үг. Чухам л энэхүү нимгэн озоны давхарга хүрээ болон тогтож, нарнаас тусах хэт ягаан туяанаас /В долгион/ хүн төрөлхтөн болон дэлхийн амьд бүхнийг хамгаалдаг юм.
Анх 4 тэр бум 600 сая жилийн өмнө дэлхий анх үүсэж байхад одоогийн агаар мандлын орон зайн 98 хувь нь нүүрстөрөгч байжээ. Тэр үед озоны давхарга байсангүй. Түүнээс хойш ойролцоогоор 1 тэр бум жилийн дараа дөнгөж далай үүссэн гэж үздэг. Далай үүсэж дан эсийн амьдрал эхлэхэд нүүрсхүчил биш хүчил төрөгч илүү хэрэгтэй болж дан эсэд шаардагдах хүчилтөрөгч ойролцоогоор одоогоос 3
тэр 200 сая жилийн өмнө бий болжээ. Манай дэлхий дээр амьд организм үүсэх хүртэл хувьсал өөрчлөлт маш удаан, тун их хугацааг хамарч байж сая дөнгөж амьд байгаль үүссэн байгаа биз. Тэгээд одоогоос 400 сая жилийн өмнө ярианы сэдэв озоны давхарга маань үүсжээ.Гэтэл, саяхнаас озоны давхарга нимгэн болж байгаа нь ажиглагдаж эхэлжээ. Жишээ нь Япон улсын дээгүүр гэхэд л 30 орчим хувь багассан гэнэ. Манай Монголын дээрхи озоны давхарга хэдэн хувь болж багасаж байгааг яг нарийн гаргасан тоог одоогоор би сайн мэдэхгүй байна. Озоны давхарга цоорч нимгэрэхэд нарны хэт ягаан туяа шууд тусч амьд организмын DNK буюу генийг эвддэг гэнээ. 1990-ээд оноос Японд хорт хавдарын өсөлтийн хувь 2 дахин ихсэж, мөн нүдний болрын гэмтлээс шалтгаалан хараагүй болох нь нэмэгджээ. Ийнхүү хүн амьтан дээр озоны давхаргын цоорлоос шалтгаалсан элдэв гаж нөлөө ихсэж, далайн бичил биетэн цөөрч, нүдний болрын гэмтэл нь туулай, хонь зэрэгт илүү их ажиглагдах болсон гэнэ.
Үүний шалтгаан нь ПЕРРОНЫ ХИЙ гэнэ. Перроныг 1928 онд нээжээ. Үүнээс өмнө дэлхий дээр байгаагүй юм байна. Ингээд 1960-аад оноос эхлэн перроныг их хэмжээгээр үйлдвэрлэж, хөргөгч, сэрүүцүүлэх төхөөрөмж, угаалгын материал болон хагас дамжуулагчийн цэвэрлэгээ, дулаалгын материал, хөөсөнцөрт өргөн хэрэглэж хүн төрөлхтний ололт дэвшилтүүдийн нэг гэж үзэж байв. Тэгвэл перроны хий нь хэрхэн озоны давхаргыг эвддэг юм болоо? Агаарт хаягдсан перроны хий нь агаараас хүнд тул маш удаан хөөрдөг гэнэ. Ойролцоогоор 15 жил орчим агаарт хөөрч байж озоны давхаргат хүрдэг. Озоны давхарга дээр цаанаас тусч
байгаа нарны хэт ягаан туяаны гэрэлтэй урвалдаж хлорт атомыг үүсгэнэ. Энэ 1 ширхэг хлорт атом 10 жилийн туршид 10000 дахин их озоныг эвддэг гэнээ. Аймар юмаа. Озоны давхаргын энэхүү цоорлоос болоод хэт дулааралт болоод байна гэж үздэг юм байна лээ. Гэхдээ энэ озоны цоорлыг үүнээс хойш перроны хийг хэрэглэхгүй байвал 50 жилийн дараа озоны давхарга хэвийн байдалдаа орно гэнэ. Жич: Дээрхи материалын орчуулгын ажлын далимаар анх сонсож байсан бөгөөд экологийн тухай бичсэн япон вэб сайтаас уншсанаа товчлон оруулсон болно. Энэ хаягаар орж үзнэ үү.
Thursday, August 23, 2007
Нэрс жимсний ашиг тус
Нэрс жимсэнд цус төлжүүлэх үйлчилгээтэй марганец маш ихээр агуулагдсан байдаг. Түүнд агуулагдах бодис нь харааг сайжруулж, ажлаас болон хиймэл гэрлийн нөлөөнөөс үүссэн ядаргааг тайлж, шөнийн харалганг намжаана. Тиймээс энэ жимс нисгэгч, жолооч, программистуудад маш их ашигтай. Эдгээр мэргэжлийн хүмүүс нэрсийг зөвхөн зун намар бус, өвөл, хавар ч хэрэглэх хэрэгтэй. Нэрс хадгалалтын явцад өөрийн онцлог чанараа бараг алддаггүй. Үүнээс гадна нэрсэнд цусан дахь саахарын хэмжээг багасгадаг бодис илэрчээ. Хоёрдугаар зэргийн чихрийн шижинтэй хүмүүс үүнийг “навч-жимс” гэж зохицуулж хэрэглэх хэрэгтэй. Нэрсний үрийг ходоод гэдэсний өвчний үед хэрэглэхийг зөвлөдөг. Энэ жимс бол нянгийн эсрэг үйлчилгээтэй байгалийн антибиотик юм. Нэрс буйлны үрэвсэл болон хоолойн өвчинд ашигтай. Монголоос Японруу нэрсийг саяхнаас экспортолдог болсон байна лээ. Миний мэдэхийн Хангайн аймгуудад (Архангайн Тариат, Завханы Тoсонцэнгэлд) их ургадаг. Бас Хөвсгөлд их ургадаг гэсэн. Голдуу газраар мөлхөж ургадаг бол Хэнтий нуруунд бутлаг сөөгөнд ургадаг юм билээ. Элбэг газраа бол дороо л 10 л дүүрдэгсэн. Завтай бол өөрийн гараар түүсэн жимсийг хүнсэндээ хэрэглэх сайхан шүү. Нэрстэй савандаа элсэн чихэр хийгээд агаар оуулахгүй, сэрүүн харанхуй газар хадгалвал сайхан винотой болно. НЭРС жимс ашигтай шүү.Рамсарын гэрээ гэж мэдэх үү?
Өчигдөр охиндоо нэг юм тайлбарлаж өгөх санаатай хуучин номоо ухаж байтал 3 жилийн өмнө хийж байсан ажлын нооргууд бас нэг календарь гарч ирэв. Уг календарь дээр “Өгийнуурын ус намгархаг газрыг хамгаалах нь” гэсэн сэдэвт лекц семинарын үед бусад хүмүүстэй авахуулсан миний зураг гарсан байлаа. Тухайн үедээ Өгийнуурыг хамгаалах ач холбогдлыг бусад ард иргэдэд ч гэсэн тайлбарлаж ойлгуулах үүрэгтэй байв.
Тэгээд хожуу ч гэсэн лекц семинар дээр яригдсан зүйлээс блогтоо оруулж буй минь энэ. Өгийнуур бол Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт байдаг талын цэвэрхэн нуур юм. Нутгийн мал иргэд удны ус, бэлчээрийг нь их ашигладаг. Дээр үед улсаас загасны аж хуй эрхлэж байжээ. Гэтэл сүүлийн жилүүдэд Өгийнуур орчмын зэгс устаж, нуурын талбай багасаж, бас зарим газарт нь эвгүй үнэр гарах болжээ. Энэ нууранд олон зүйлийн шувуу амьдардаг тул олон улсын шинжээчдээс өндөр үнэлгээ авч, дэлхийн нийтийн өмч болсон билээ. Өгийнуур нь Рамсарын гэрээнд бүртгэгдсэн дэлхийд чухал нуур юм. Байгалийн баялгийг хамгаалж, түүнийг ухаалгаар ашиглахыг эрмэлзсэн олон улсын анхны гэрээ нь 1971 онд Ираны Рамсар хотод батлагджээ. Рамсарын гэрээ гэдэг нь олон улсын хэмжээнд, ялангуяа нүүдлийн шувуудын хувьд чухал ач холбогдол бүхий ус намгархаг газрыг хамгаалах тухай гэрээюм. (Агаарын бохирдлын Киотогийн протоколтoй төстэй)
Эрхэм зорилго: Бүс нутаг, улс, олон улсын үйл ажиллагаа болон хамтын ажиллагаагаар дамжуулан, ус намгархаг газрыг хамгаалж зохистой ашиглах зорилготой. Уг гэрээнд хамрагдсан улс:138 улс (2004 оны байдлаар) Рамсарын гэрээнд бүртгэгдсэн газар:1370 ус намгархаг газар, (Талбай нь120 мянган га газар ) Рамсарын гэрээнд манай улсын 13 нуур бүртгэгдсэн байдаг. Тэрхийн цагаан нуур ч гэсэн бүртгэгдсэн юм билээ.
Saturday, July 14, 2007
"Хулгар шар"-ын тухай
Хөөрхий дөө ховордсон болохоор нь нэрээр нь хэлэхээс ч цээрлэж олны хэлсэнчилэн "Хулгар шар" гэж нэрлэе. Намайг багад хулгар шар бараг л гэрт орох нь холгүй хөдөө гэрийн эргэн тойрон зөндөө л байдаг байлаа. Хараа муутай өвгөд ч гэсэн уран аргаараа ангачихдаг байсан санагдана. Сая наадмын амралтаар хөдөө гарахдаа хулгар шарыгаа харлаа. (сайндаа ч биш би чинь үйлийн үргүй дуртай золиг байгаа юм) Нүдэнд юу ч торсонгүй. Харин нэг хярс тааралдсан чинь аав маань "зайлуулдаа гавартай, хөхүүл юм байлгүй дээ ноолорсон ядарсан ч амьтан байна даа" гэв. Тал дүүрэн байсан хулгар шарыг элбэг байхад нь өөрийгөө ийм их хорхойсно гэж огт санаагүй байжээ. Хулгар шарын тухай яриа гарахаар аав "Арьс үснээсээ болж амиа сүйтгүүлчихсэн амьтандаа зайлуул. Олон ч хүнийг мөнгөтэй болгосондоо. Хулгар шарын ачаар мөнгөтэй болсон хүмүүс олон болохоор арга хэмжээ авч, өсөж үржих байлгүй дээ гэх..."Гэхдээ тэдгээр мөнгөтэй бологсдыг хараад байвал би лав хорхойгоо дарж чадахгүй хэдэн жил болох юм шигээ. Манайхан арай дэндүү юмаа тийм их байсан юмыг нэгийг ч харагдуулахгүй болгочихдог. Над шиг "гэмгүй хорхойсогч"-оос болж ховордохгүй л амьтан даа. Гэхдээ баян хангай юм болохоороо нэг хэсэг нутагт нь байхгүй байсан ч өөр газарт нь байгаа л гэнэ лээ.
Зарим хүмүүс тахал энэ тэр гэж сүйд болдог юм. Тэр тахал чинь бас хүмүүсийн буруу хэрэглээнээс болж гардаг гэсэн. (муу анчин шархдуулах зэргээс болдог гэж байгаам ) Ер нь тэгээд байгалийн шалгарлын хуулиар сул дорой нэгийг нь чоно, нохой барьж, нэг хэсэг хугацааг өнгөрвөл уг нь хурдан өсдөг амьтан гэнэ лээ шүү. Хулгар шар минь өсөж үржих болтугай.




