Дүүгийн хүү манайд зочилж ирэв. Энэ жил 6 настай. Гэнэт манай охинтой нэг юм булаацалдан бөөн дуу шуу болоод явчихлаа. Харвал, хэзээ ч билээ охиноо бага байхад авч өгч байсан далбайсан чихтэй ягаан зааныг 2 талаас татаад яг урах нь ээ. Таталцаж байгаа 2-ын хүч тэнцүү, биесийн харилцан адилгүйг харвал багаас нь илүү их хүч гарч байгаа илт шүү. Миний охин дүүдээ өгөө өг... гэхийг сонсож байгаа юм алга. Булаацалдагч хоёрын бага нь минчийж улайгаад хариугүй уйлах нь уу гэлтэй байсан тул дундуур орж хэргийн эзэн далбагар чихтийг угз татан аваад сүр дуулиантай хэргийг шүүв.
Хоёулаа л бууж өгөх шинж алга шүү, том болсон юм байж гэж охиноо загналаа, тоож байгаа юм алга, харин ч би унтахдаа хамт унтдаг, наадхи чинь шүлсдээд хаячихна. гэсэн бол, дүү нь би ч гэсэн тэвэрмээр байна, бас хамт унтмаар байна гэдэг юм байна. Сүүлд нь яг адилхан заан авч өгөхөөр болж тэр хэрэг түр хаагдсан юм. Харамсалтай нь яг адилхан тийм зааныг хаанаас олох билээ дээ.
Гэтэл өчигдөр орой манай охиныг эзгүйд манайд ирээд нөгөө зааныг ёстой нэг дураараа тэвэрч байнаа, дүүгийн хүү. Хараад байхад тэр заанд онцгой юм юу ч алга, би хаяа угаалгын машинаар угаачихдаг болохоор шинийгээ бодвол шалчийсхийгээд яахав дээ нэг зааны ягаан тугал.
За тэгтэл хэргийн эзэн эгч ирлээ шүү. Тоохгүй байвал булаацалдахгүй биз гэж бодож байтал, ахиад л орилоон. Энэ удаад өөрсдөө учраа олохыг нь харахаар шийдэв. Гэтэл манай охин (охин өөрөө энэ жил арван долоотой, 6 настай хүүхдийн хажууд бол жинхэнэ зөнөг) дүүдээ хэлж байна. "Миний дүү 17 нас хүрээд аваарай за" гэтэл нөгөө дүүгийн хүү хөөрхий дөө "За тэгье, та яг бүүр өгнө биз" гэдэг юмдаа. 17 нас хүрэхээрээ бүүр авна, өгнө гэсэн болзолтой энэ хэрэг түр хаагдсан. Хожим юу болохыг нь харж байя даа. Инээдтэй ч хүүхдүүд юмаа.
Энэ хэргээс харахад айлын ганц хүүхэд авна гэсэн юмаа авах санаатай, гэрт нь ямар эцэг эх нь юм булаацалдах биш, хүссэн юм нь олдохгүй байна гэдэг том бага гэлтгүй хэцүү, бууж өгөмгүй зүйлийн нэг бололтой дог шүү.
No comments:
Post a Comment