Showing posts with label Хи хи хи. Show all posts
Showing posts with label Хи хи хи. Show all posts

Thursday, January 3, 2013

Цуу ярианы ачаар

Ноднин жилийн явдал.
2012 оны 12 сарын 22 өдрийн үдийн хавьд, би айл хэсэх гээд явж байтал, манай  нэг  дүү надруу утасдаж байна.

Thursday, February 16, 2012

Дэмий яриа

Хоолны газар хоёр Японтой хоол идэх зуур хананд өлгөөтэй байсан чононын зураг ярианы сэдэв болж орхиод, мал руу дайрдаг, ялангуяа хонь, ямаа нь хээрийн боохойн зоог болдог тал бий гээд л сүрхий ярьж суув аа.
Гэтэл, хүнрүү дайрах уу, барьж идсэн тохиолдол бий юу? гэж надаас онцолж асуув.
Бараг үгүй дээ, гэхдээ хаяа золгүй тохиолдол болдог гэсээн, хүнтэй таарвал хүн өөрийгөө хамгаалаад байдаг болохоор гайгүй юм шиг байна лээ... гэвэл яаж хамгаалах вэ? гээд юу юугүй саарал гуайтай тааралдаж, амиа хамгаалах нөхцөлд ирчихсэн мэт санаа зовосхийн асууж байна.
Тэгэхээр нь үгүй яахав дээ, гал асаавал чоно галруу ойртож чаддаггүй юм гэнэ лээ. Энэ угсраа асуулт асуугаад байгаа нөхөр чинь намайг байнга үгээр идэж кайф авдаг нөхөр байхгүй юу. Завшааныг ашиглаад би, та санаа зоволтгүй ээ, та тамхи татдаг юм чинь, таарсан ч та асаагуураараа гал асаачихвал болоо гэвэл, хэсэг дуугүй сууж байснаа
-За тэгвэл, би гараа түлэх юм байна л даа гэдгийн.
-Яагаад? гэвэл
-Асаагуур удаан барихаар гараа түлчих гээд байдгийн. кккк
Юу вэ одоо, тэрийгээ ашиглаад гал түлэхгүй юу, асаагуурын галыг чинь асангуут нь салхи унтраачихна биздээ, манай охиноос дор юм ярих юмаа. гээд шоолж хариугаа авлаа. ккк
Дээр нэг удаа, хаширын буруугаас болоод би хүнтэй муудалцаад, буцах замдаа би бөөн уур.
Намайг ууртай дуугүй байгаад байсан болохоор нөгөөх чинь яриа өдөж байна.
Хаа хамаагүй юмны талаар шүү.
Замын хажуугийн зүлэг хэсэг газраа хүний хөлд талхлагдаад өвс ургаагүй шороогоор байгаа хэсгийг зааж, зөвхөн энд яагаад өвс ургаагүй юм болоо? гэнээ. Ккк, хариулт нэхээд байгаа бололтой шүү, ууртай байсан, дээрээс нь миний уур хүрэх шалтгаан болсон өнөө японд би,
Тариачин та мэдэхгүй байхад, би яаж мэдэх вэ дээ? гэж хариу барьтал,
-Нүүдэлчин та өвс ургах, ургахгүйг нь мэдэж байж нүүж малдаа өвс идүүлнэ биздээ гэдгийн. Саваад уначихсан. Писхийтэл инээд алдаад, уур ч нисэн алга болсон доо.

Monday, November 14, 2011

Бүтэн сайны бүтэлгүйтэл

Өчигдөр гэртээ бүтэн амарлаа. Амарлаа ч гэж дээ, ккк
Эхлээд гэрээ цэвэрлээд яг дуусах гэж байтал зурагтаар уран гулгалт гарч таараад, тэрийг эгч үзээд суучихав.
Гэнэт, гадуур гарсан гэрийнхэн ирэх дөхөж байгааг мэдмэгцээ хоол хийхээр гал тогоонд үсрэн орж иртэл, хогийн сав дүүрч байгаа дүр зураг.
Юу юугүй хогийн саваа аваад хог хаяхаар гарч одов. Би нэг их хог хаяад байдаггүй юм байна шүү, одоо бодох нь ээ.
Бункерт хогоо хийчихээд гүйгээд иртэл, гэрийн хаалга хаагдчихсан байхыг харсан мөртлөө юу ч саналгүй шууд бариулыг нь дээш нь татаж орхилоо. Таг таг, тас няс хийн хаалга автоматаар түгжигдчихвээ.
Ёоо, юу хийснээ өнгөрсөн хойно нь ухаарах уу? Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэж тэр байх даа.
Ингээд эхлээд өөрийгөө харлаа, урт ноосон цамц, тэр нь болоогүй ээ, нүх мүх болсон нэхээстэй, богино шорт, гэрийн шаахай, хогийн сав.... тэгээд сэгсийсэн үс.
Гэнэт сандарч, шатаар уруудан доошоо буун, хажуу талын хүнсний мухлагруу амь аврахыг гуйн гүйж орвол, ашгүй утсаар яриулж туслав. Гадаа хүйтэн байсаныг хэлэх үү? ёстой нусаа хацартаа наадаг байна ш дээ. Гэрийнхэнтэйгээ ярьсан боловч намайг байгаа болохоор хэн ч түлхүүрээ авч яваагүй гэнэ.
Тэгээд цоож онгойлгодог газрын утас олж дуудлаа. Хаа очиж хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэв. Гэм нь санаанд оромгүй үнэтэй байсан шүү.
Хөлдөж үхэхээс аварсан аврагч нартаа баярласан гэдгээ хэлж, хэлсэн мөнгийг нь өгсөөн.
Тал өдрийн амралт харавсан сум шиг нисэн одож, хаалга цоожинд тавих анхааралаа улам сайжруулах тухай бодол өвөртөлсөөр өдрийг өнгөрөөвөө.

Monday, May 30, 2011

Крилл үсэгт суралцагчидын паян

Хамт ажиллаж байгаа 2 японы гаргасан яриа л даа.
"Өглөөний гурван цаг" ямар утгатай юм бол? гэж нэг нь асуух юм. Гэтэл нөгөөдөх нь асуусан хүнээ шоолонгоо, өглөөний гурван цаг бол Монголоор "ЗАМ" гэсэн үг гэвэл нөгөөдөх нь уулга алдан, үсэг үсгээр нь хэлүүлж аваад "зэ" үсгийг гурвын тоогоор тэмдэглэх гэж, үглэнгээ, "зоогийн газар" гэдэг үгийг хальт уншаад гурван зуу биш байх нь ээ, ха ха, гэснээ, би бүх юмаа 300-р зардаг юм болов уу? гэж бодсон юм гэдгийн. Японд 100 еэний дэлгүүр байдаг ш дээ, бүх юмных нь үнэ нь 100 еэн. Мань хүн яг тэрэнтэйгээ адилхан гэж бодсон гэж байгаа, xa xa, xa

Monday, January 31, 2011

Ийм нэг албан бус хэлэлцүүлэг

Байгаль орчны судалгааны багийнхантай хэдэн жилийн өмнө хөдөө явсан юм.

Байгаль орчин хамгаалах төлөвлөгөө боловсруулах багат:

· Байгаль орчин хамгаалах ажил зохион байгуулах менежер эрэгтэй 1(гадаад хүн),

· Менежерийн туслах залуу эмэгтэй1,

· Ус судлаач буюу химийн мэргэжилтэн настайвтар профессор эрэгтэй 1, залуухан эмэгтэй 1,

· Усны чанар судлаач мэргэжилтэн эмэгтэй 1 (гадаад хүн),

· Усны чанар судлаач дунд насны эрэгтэй 1 аль сургуулийн билээ профессор

· Гидрогеологийн инженер залуу эмэгтэй 1, дунд насны эрэгтэй 1

· Хэвлээр явагч судалаач залуу эрэгтэй 1,

· Амьтан судлаач (сээр нуруутан) дунд насны эрэгтэй 1

· Шувуу судлаач залуухан эмэгтэй 1,

· Ургамал судлаач залуу эмэгтэй 1, эрэгтэй 1 байхаас гадна орчуулагч миний бие, мөн 4 (эрэгтэйчүүд) жолоочтой баг нэг зун хөдөө ажилласан юм.

Зунжингаа хамт ажилласан тул эжий ахай болтлоо танилцаад, судалгааны сэдвээс ч өөр сэдвээр ширүүхэн хэлэлцүүлэг өрнүүлдэг боллоо.

Нэг удаа, телевизээр олны танил эрхэм гарч, эрэгтэйчүүд хоёр эхнэр авч болох талаар хуулийн заалт шинээр батлуулж болно энэ тэр гээд баахан дэмийрсэн юм.

Багийн эрчүүд эр хүн юм болохоороо тэр яриаг өөгшүүлж, хоёр эхнэр авбал ... гэж ургуулан бодож, ам уралдуулахад, хүүхнүүд бараг багаасаа өрх тусгаарлах шахан, эрхээ хамгаалан хошуугаа билүүдэцгээв.

Гэтэл түрүүнээс хойш дуугүй суусан шувуу судлаач биологийн мэргэжилтэн бүсгүйгээс “Ц чи тэгвэл яах вэ?” гэж тоглоом шоглоомоор асуувал,

“Хн, тэгвэл би их хатан болж байгаад бага хатныг ямбийтал нь дарамтална” гэдэг юм даа.

За эрчүүд минь, тийм хууль батлуулбал бага эхнэр чинь их зовно шүү.

Monday, September 13, 2010

Хүүхдийн яриа

Дүү охин маань удахгүй маамаалах гэж байгаа болохоор эгч дүүс бид нар уулзуут л төрөхийн эсвэл нярай хүүхдийн тухай яриаг заавал ч үгүй дэлгэнэ.
Нэгэн удаа бид нарын яриаг сонсож байсан 3 настай Ундрал охин (шинэ хүний нагац эгч л дээ), Эхоны зургийг үзэхээр булаацалдахад үзүүлбэл, "маамуу, маамуу" гээд могжгор хуруугаараа зааж, инээх нь эгдүүтэй.
Эхоны зураг тийм ч тод биш ч гэсэн айна нарын ярианаас ерөнхий ойлголт авсан Ундралаас "Энэ хэний зураг вэ?" гэвэл "..... Айнагийн маамаа" гэснээ нэг л юмыг ойлгохгүй байгаа бололтой, "Энэ Маамаагийн зургийг яаж авчихав? гэж ихэд бодож болгоосон байдалтай асуухад бүгд нэрхийтэл инээлдэв.
3 настай нагац эгчид тааруулан ... айнагийн хүйсний нүхээр зургийг нь авсан юм гэж ээж нь хэлвэл, том гэдэстэй айнагийн хүйсний нүхээр харахаар завдан ноцолдож эхлэв.
Хүүхдээ гэж...

Saturday, August 14, 2010

Ээжийн факт

Охин маань жаахан байсан юмаа. 4, 5 настай л байсан байх.
Нэг шөнө унтаж байсан чинь, орны хажууд нэг юм хөдлөх шиг болохоор нь сэрээд харвал цонхны гэрэлд охин минь танигдав.
Би, яасан? гэж асуувал, "ээжээ, шээе ээ" гэдгийн. Өөрөө босчихсон байсан болохоор нь гайгүй биз гэж бодоод, "ээж нь том харж байя, миний охин өөрөө яваад шээчих" гэтэл "За, та яг том харж байгаарай" гээд гүйгээд яваад өгсөн юм. Ээж гуай нойрондоо дийлдээд нам унтаад өгнө биздээ. Ямар юмных нь том харах вэ дээ.
Тэгсэн өчигдөр гэнэт охин маань гомдол мэдүүлдэг байгаа. "Та намайг жоохон байхад том харж байя гээд шөнө ганцааранг минь 00 руу явуулсан биздээ" гээд бөөн инээдэм.
Тийм олон жилийн өмнөх юмыг санаж л байдаг. Санаад нь их л тод үлдсэн бололтой. Одоо чинь манай охин 10 настай шүү дээ.

Thursday, November 19, 2009

Энэ дэлхийн хамгийн амархан шалгалт

Бага ангийн 2-р ангийн хүүхэд гэртээ ирээд ээждээ "Өнөөдөр тооны хичээл дээр энэ дэлхийн хамгийн амархан шалгалт авсан" гэжээ.
Маргааш нь болж охин хичээлээсээ уруу доройхон, дуу шуу муутай ирж гэнэ. Ээж нь "За яасан, шалгалтан дээрээ ямар дүн авсан байна? гэж асуухад дуу ч үгүй дэвтрээ үзүүлжээ.
Багшийн улаан өнгийн үзгээр тавьсан "F" үнэлгээг ээж нь үзээд "Хүүеэ, чиний нөгөө энэ дэлхийн хамгийн амархан шалгалт гээд байсан чинь яалаа?" гэж халгалан шалгалтыг материалыг үзэхэд энгийн хялбар бодолгууд байж гэнэ.
Дэндүү амархан байсан болохоор бодолтоо зөв хийсэн мөртлөө хариугаа буруу хариу тавьж баахан паактласан байсан гэсэн шүү.

Friday, November 28, 2008

Ташаа тайлбар

Оюутан байхдаа зуны амралтаараа жуулчид дагуулаад явдаг байлаа. Нэг удаа жуулчны компаний менежер "Ганцаараа ирсэн нэг жуулчин байна. Группэд оруулж болно гэсэн чи өөрийнхөө группэд нэг хүн нэмээд аваад яв" гэлээ.
Хархоринд хоёр хонох төлөвлөгөөтэй, эхний орой агаар сайхан байсан тул бүгдээрээ жуулчны баазын ар талын өндөр ууланд гарлаа. Жуулчид маань ам амандаа сайхан юм гэсээр уулын овоон дээр гарч ирлээ. Тэр овоон дээр баахан адууны толгой залсан байв. Гэтэл бусдынхаа сүүлд яваад л жаахан зожигдуухан, нөгөө сүүлд нэмэгдэж ирсэн жуулчин, адууны толгой яагаад энд байгаа юм бэ? гээд баахан асуултаар булж орхидог юм байна.
Чадах чинээгээрээ л хариулт болгож, Монголчууд адууг хэрхэн шүтдэг болсон тухай домог, түүх холин ярьж өгтөл тэгсхийгээд чимээгүй боллоо.
Уулнаас бууж байх замд нэг үхрийн хувхай цагаан толгойтой тааралдав. Тэр нь бас болоогүй ээ, томоос том эвэртэй. Нөгөө адууны толгой асуугаад байсан жуулчин бас л асууж байна. " Энэ толгойд ямар нэгэн учир байгаа юу? гэж ирээд л... Ямар юмны учир байхав дээ гэж бодоод "Зүгээр хог, байгальдаа иймэрхүү байдлаар шингэдэг" гэдэг хариулт өгтөл " Хог уу? ямар нэгэн далд учиргүй юу" гэхээр нь их юм бодолгүйгээр "Хэнд ч хэрэггүй хог" гээд хэлчихэв.
Улаанбаатарт ирээд онгоцны буудал дээрээс жуулчдыг гаргаж өгөөд зогсож байтал, манай группын нэг нөхрийг гааль их сүрхий байцааж байгаа бололтой, ард нь дараалал үүсэж байгаа харагдлаа. Яасан юм болдоо гэж санаа зовосхийн харж байтал гаалийн байцаагч дуудаж байнаа.
Яваад очтол, байцаагч, мэнд мэдээд энэ хүний ачааг задлах шаардлагатай байна гэв. Хартал нөгөө малын толгойны харшилтай эр зогсож байнаа. Таныг ачаагаа задла гэнээ хэмээн дамжуулж хэлтэл, нөгөө хүн чинь ачаагаа задлаж эхлэв. Тэгсэн чинь юу байсан гэж сананаа. Чемоданыг нь бараг дүүргэсэн томоо бор цаасан боодолтой юм байх юм. Хичнээн ч их скочдож боосон юм бүү мэд. Баахан боолт, давхар давхар цаасан боодлыг тайлтал нөгөө миний хэнэггүйгээр хог гэж хэлж өгсөн үхрийн хувхай цагаан эвэртэй толгой... Нүүрнээс гал бутраад л явчихдаг юмдаа. Инээд хүрээд болдоггүй ээ. Үүгээр бас яадаг байнаа гэж бодохоос...
Байцаагчийн асуултанд хариулж байхад нь яагаад толгой эвэр таарахаар асуултаар булаад байсныг нь ойлгосон юм. Амьтны эвэр цуглуулах хоббитой хүн байсан байгаа юмдаа.
Үхрийн хувхай цайсан толгойг, ямар нэгэн боловсруулалт хийгдээгүй түүхий эдийг хилээр гаргадаггүй гэсэн хариулт өгч буцаасан.
Онгоц өндрөө аван нисэж байхад жолооч бид хоёр үхрийн толгой хаях гээд явж байж билээ.
Дараа нь тэр жуулчнаас түвэг чирэгдэл удсандаа уучилал хүссэн утгатай захидал авснаа мартдаггүй юм.

Monday, November 10, 2008

Олимпиадад оролцогчийн онигоо

Бага ангийн хоёрдугаар ангийн сурагчдын дунд "Хүн байгаль" хичээлийн олимпиад явагджээ.
Багш нар оролцсон сурагчдын материалыг засаж байтал "Мэддэг эмийн ургамлаа зураад тайлбарла" гэсэн асуултанд 2-б ангийн нэг нөхөр " эмэгтэй хүний гэдэс өвдөхөөр уудаг өвс" гэж томоор бичин сарзайсан юм зурсан байхтай таарчээ. Зурсан зургийг нь хичнээн хараад ямар өвс болохыг нь мэдэх аргагүй байсан гэж байгаам.
Хөөрхий, тэр хүүхэдэд дээрх байдлаар хэн тайларласан болоо??? кккк

Monday, August 18, 2008

Хи хи хи

Олимпын анхны алтан медальтан төрж хотол түмнээрээ баярлан уухайлж байхад төр засгийн өндөрлөгүүд ч ард түмэнтэйгээ энэ баярыг хуваалцахаар Сүхбаатарын талбайн индэр дээр гарч ирсэн юм.
Ерөнхийлөгч эхлэн үг хэлж, дараа нь Монгол улсын ерөнхий сайд С.Баяр үг хэлвээ.
Гэтэл түүний үгэн дундуур "БИ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД БАЯР УРАААА" хэмээх үг орж, уухайн түрлэг авч орхив. кккк
Арай хувь хүнийг дахин шүтэх ёсыг сэргээх гэсэн юм биш биз. "Эрүүлдээ бодсон бодол, согтуу үеийн үйлдэл болдог" гэдэг үг байдаг шүү дээ... ккк

Friday, March 21, 2008

Бахардаж унах шахав

Дүү охин маань утсаар ярив. Охиныг маань тэр өдөр сургуулиас нь авах ёстой байсан юм. “Авах гээд очсон чинь сургууль дээрээ байгүй байна. Ангийнх нь хүүхэдтэй тааралдаад асуусан чинь гадаа тоглож байгаа гэхээр нь хайлаа олдсонгүй, гэртээ иртэл ирээгүй байна” гэдгийн байна.

Ээж гуай түгшүүрийн дуудлага хүлээж аваад яаран санадран ажлынхаа машиныг дайчлан сургуулийнх нь ойролцоо очиж хайваа.

Дотроо их олон юм бодлоо. Утас аваад өгчихдөг байж... хаана хөлдчих гээд юу хийж байгаа бол гээд л... уймраад л... Сургуулийнх хаалгаар орж явтал ашгүй ангийнх нь багш нь ярьж байна. ... Байна уу? /Миний охины нэрийг хэлээд / Сургууль дээрээ байна. Өнөөдөр ажил ихтэй байна уу? Хэзээ авах вэ? гэвээ. Үгүй мөн холион хутгадаг хүхэд шүү гэж бодсоор сургуульруу нь орлоо. Орсон чинь манай охин багштайгаа зогсож байх юм.

Би: ...аниа чинь чамайг авах гээд ирсэн чинь чи олдохгүй байсан гэж байна ш дээ гэтэл “Би сургууль дээрээ л байсан” гэх юм. Дотроо дүүдээ уур хүрч, бүтэлгүй юм, олигтойхон үзэхгүй гэсэн шүү юм бодоод хоёулаа сургуулиас гарлаа. Машинруу явж байтал охин маань хар хурдаараа гүйгээд явчихав. Би сандраад араас нь нэрээр нь дуудан дуудан гүйлээ. Өндөр өсгийтэй гуталтай халтирчих гээд болдоггүй ээ. Бас хүйтэн салхинд охиныхоо нэрээр бахирч байгаа болохоор ....Зөрсөн хүмүүс гайхсан биз.

Намайг араас нь дуудаад байсан болохоор нэг юм зогслоо. Гүйцэж очоод “яасан?” гэсэн чинь “Ээжээ та миний цүнхэнд биеийн тамирын ууттай хувцас байна уу? үзээд өг” гэдгийн. Охионыхоо үүрсэн томоо цүнхийг нь мөрнөөс нь буулгалгүй онгойлгож үзтэл хувцас нь алга байлаа. Байхгүй байна ш дээ гэтэл юм хэлэхийн зав өгөлгүй бас л гүйчихлээ. Араас нь би охиноо хөөж, манай ажлын ах машинаараа бид хоёрыг хөөж, бөөн гурвалжин дөрвөлжин хөөлтүүд болдог байна ш дээ. 7 настай хүүхэд гэхэд ямар хурдан гүйдэг юм бэ?

Охин маань гүйж гүйж сургуулийнхаа котокын тэнд очоод зогсчихов. Зогссон газрыг нь хартал ууттай хувцас нь дүрээрээ байгаа нь танигдлаа. Ёстой нөгөө биеийн тамирын дасгалыг чинь санаандгүй хийдэг байна ш дээ. Бахардаж унах шахав.

Тэгээд нэг муу юм машиндаа суулгаж аваад, гэрлүүгээ явах замдаа ээжийн ээлжит байцаалт эхэлж “Яагаад худлаа хэлэв, чи сургууль дотроо биш, гадаа гараад биеийн тамирынхаа хувцасыг хаячихсан байна ш дээ” гэтэл “Сургууль чинь том ш дээ. Гулгуурын коток ч гэсэн манай сургууль болохоор...” гэдгийн. Багшийнхаа дэргэд болохоор “сургууль дээрээ байсан" гээд байсан нөхөр чинь...

Харин одоо утас авч өгөх үү яах вэ? гэж бодоод л... Анги дээрээ хичээлээ хийхгүй оролдоод байх болов уу? Бас багш нь том хүүхдүүд янз бүрээр хүүхдийн утсыг хуураад авчихдаг юм. Утас битгий авч өгөөрэй гээд байсан нь санаанд орооод л...Дээрэм хийдэг хүнд гарын нөхдүүд ч байдаг болохоор гайхаад л байж байна...

Wednesday, January 16, 2008

Тата-тунга

Манайд нэг хүн ирж аавыг сураглав. Аав хөдөө ажлаар явсан, маргааш ирнэ гэтэл тэр хүн "Түнжин гэдэг хүн ирсэн. Хэнтий орчихоод буцахдаа уулзана гэж байна гэж аавдаа хэлээрэй" хэмээн захив.
Маргааш нь аав иртэл нөгөө хүнийх нь нэр санаанд ордоггүй. Бүр хичнээн оролдоод санадаггүй. Яадаж байхад аав дахин дахин асуугаад л... Би бүр бодоод бодоод нэрийг нь олдоггүй ээ.
Тэгээд аргаа барахдаа "За байз, нэртэйгээ нээх адилхан царайтай" гэтэл аавын нүд нь сэргэн "Түнжин үү?" гэж билээ. Тийн, түнжийсэн толгойтой хүн байсан гэсэн аав, ээж хоёр баахан инээж билээ. Тэр хүн аавын их сургуулийнх нь найз байсан ш дээ. Яахаараа хүүхэддээ нэр нь ч байж болох, хоч нь ч байж болох тийм нэр өгдөг байнаа. Бүр санаанаас гардаггүй юм.

Monday, December 3, 2007

Онигоо

Бямбаа найзын блог дээр "Битгий уйлуулаарай" Г.Гантулгын эрчүүдэд хандсан сайхан шүлэг тавьчихаж. Сайхан шүлэг байна гээд бодохын завсарт FM радиогоор сонссон онигоо санаад оров.
Эмээ: Миний хүү хичээлээ хийж байна уу? Юу бодоов?
Хүү: Хичээлээ л хийж байна. Эмээ, "Гэргий" гэж юу гэсэн үг вэ?
Эмээ: Зиаг, /бодолхийлнэ/ Нэг сайхан хүүхэн гэрт нь орж ирээд "Гэр" "Гийгүүлэх"-ийг хэлж байгаа юм.
Хүү: "Авгай" гэж хэнийг хэлдэгийн бэ?
Эмээ: Бас л бодолхийлнэ. Муухай ааштай эмийг "Ав" авсан хойно "Гай" гэж байгаамаа.
Хүү: Тэгвэл "Нөхөр" гэж юу гэсэн үг вэ?
Эмээ: Зиаг, дутуугаа "Нөх" дараа нь "Өр" гэсэн үгдээ
Хүү: Аанхаан, тэгвэл "нууц амраг" гэж юу гэсэн үг вэ?
Эмээ: Дүрсхийн уурлаж, үгүй чи ер нь хичээл хийж байгаа юм уу? хэмээн чангаар дуугарч, хүүг юмаар цохиж байгаа дуу сонсогдоно.

Wednesday, October 31, 2007

Андуурах гэж...

Манай нэг найз TEDY-н хаалгаар орж явтал нэг их таньдаг хүн тааралдахаар нь:
- Сайн уу? хэмээн уулга алдан мэндэлжээ.
- Сайн, эгчээр сонин сайхан юу байна? (Бооёо)
- Тайвандаа. Чамаар сонин сайхан юутай? (манай найз)
- Тайвандаа. Та хэзээ ирэв?(Бооёо)
- Сая л нэг муу юм ирлээ.(манай найз)
- Юугаар ирээв?(Бооёо)
- Таксигаар хэмээн мэнд мэдэлцээд ажлынхаа өрөөнд орж иртэл, хамт ажилдаг хүн нь "Та Бооёог таньдаг юм уу?" (хошин урлагийн) гэхээр нь "Үгүй " гэсэн чинь "Та чинь тэгээд, хаалган дээр сая Бооёотой хууч хөөрөөд л зогсоод байсан ш дээ" гэсэн гэнэ. Тэгэхэд нь хүн андуурсан байна гэдгээ мэдэж бөөн инээд болсон гэсэн. Олны танил хүмүүстэй гэнэт нүүр тулахаараа таньдаг хүн шиг санагдаад л мэндэлсэн юм шиг байгаан. Хэхэхэхэ Бооёо өөрөө хүн андуурч байгаагийн мэдээд баахан явуулсан хэрэг л дээ. Инээдтэй.

Tuesday, September 4, 2007

Хальт хадуурав

Өнөөдөр өдөр цайны дараа манай дарга гэнэт намайг "Багануур гэж мэдэх үү?" хэмээн асуув. Санаад оролгүй мэднээ гээд хэлчихсэн чинь, дарга их л олзуурхангуй "явнаа" гэхээр нь гайхаад хэзээ гэсэн чинь "ОДОО" гэж хэлээд машиндаа ороод суучихав. Жолооч үглэж дуулан байж бензин тосоо аваад бид 3 Багануурын зүг гараад шидчихэв. Замдаа ам хуурай явсангүй, дэд бүтцийн хөгжил өөр юу юу ч билээ баахан зүйл ярив. Багануур ч юу байхав. Хотоос 2 цаг 30 минут давхиад орчихлоо. За Багануурт ирчихлээ гэсэн чинь "За энд чинь том гол бий гэсэн хаа байна гэвээ?" Хэрлэн гол дээр дагуулж очоод, дөнгөж голын эрэг дээр буутал, "За их загастай гэсэн хаа байна" гэдгийм даа. Манай дарга уг нь ажлаас өөр юм ярьдаггүй нөхөр байгаам. Тэгээд ямар загасанд явах бэлтгэлтэй гарсан биш голын ус баахан харлаа. Зөндөө жараахай байнаа. Тэгсэн мань дарга "Жараахай байгаа гэдэг чинь загас байгаа гэсэн үг. Дараа загасанд явнаа" гэж хээв нэг авчийна. Хагас өдрийг энэ мэтээр хадуурсан даргатайгаа хамт өнгөрөөж, буцаад хотруу явж байтал, Налайхын орчим манай хүүхдийг дугуйлан дээрээсээ алга болчихлоо гэж утсаар ярьдаг байна ш дээ. Ёстой л үнхэлцэг зүрх амаар гарах дөхлөө. Даргыг шууд хүүхдийн эрэлд томилоод, өөрөө Баянзүрхийн цагдаагийн хэлтэс дээр бууж үлдлээ. Уухилж аахилсан амьтан цагдаагийн хэлтэсийн хаалгаар ортол, утас дуугарч байнаа. Ёох, охиныг маань олдсон гэж багш нь мэдэгдээд охиныг минь яриулав. Гэтэл юу болсон гээч. Багануур явах замдаа даргын хадуурсныг гайхаж байсан би, өөрөө хадуурсанаа ойлгов. Автобусны ч мөнгөгүй гудамжинд үлдсэн байсан ш дээ. Кондукторт сайн загнуулж аваад ажил дээрээ ирж цүнхээ авсан даа. Хадуурах ч аюултай юмаа.
...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...