Showing posts with label Хүн зон. Show all posts
Showing posts with label Хүн зон. Show all posts

Monday, November 24, 2014

Давхарбуян уу? эсвэл Ян овогт гэх үү?

Манай ажил дээр Шанхайгаас дөрвөн Хятад хүн ирж хурал боллоо.
Тэд нарыг ирэхээс өмнө нэг нь Япон-Хятад хэлний орчуулагч гэж мэдэж байсан ч Хятадын талаас багаа удирдаж буй 50 орчим насны нэг эрхэмийг Япон хэл мэддэг гэж урьдчилан мэдсэнгүй.

Tuesday, January 18, 2011

Ногоон нүдэн лам буюу нагац ээжийн тухай мартагдсан дурсамж

"Ногоон нүдэн лам" романыг гоё ном байна гэж сонсоод удсан ч уншиж амжихгүй байсаар саяхан уншлаа.
Хэлмэгдүүлэлт, түүний дотор лам нарыг хомроглон баривчлан хэлмэгдүүлсэн тухай их тодорхой болгон уран сайхны хэлбэрт оруулан бичжээ. Нэг л уншиж эхэлвэл одоо яах бол гэж догдлон уншсаар суудал дээрээ дуусгах ном юм байна.
Зохиолыг үнэн бодит түүхээс сэдэвлэсэн гэж бодохоор тухайн цаг үед болж байсан үйл явц жирийн ард иргэдийн сэтгэл санаанд гүн нөлөөлөл үлдээсэн гэдэгтэй санал нэг байнаа.
Энэ номыг би бараг хамгийн сүүлд уншсан байхаа, тийм болохоор романы тухай биш нагац ээжийнхээ тухай оруулж байна.
Нагац ээж минь бурханы оронд очоод 22 жил болжээ.

Номыг уншиж дуусмагц миний дотор янз янзын бодол хөвөрч байнаа.

1-р дурсамж:

Би 8,9-р ангид байсан тэр жил миний нагац ээж манайд гэрт өвөлжсөн юм.

Тэр үед “Эдлэх ёсгүй эрх” гэж телевизийн жүжиг гарч гэрээрээ үзэв.

Тэр жүжгийн үйл явдалд ардын засаг мандсаны дараах үеийн үйл явдлууд гардаг бөгөөд тодруулбал нэгэн сургуулийн багшийн тухай өгүүлдэг. Тухайн үед лам нарын бослого болох болсон үндсэн шалтгааны нэг болох ардын засгаас авч хэрэгжүүлж буй сүм дуган устгах, бурхан тахил, эд хөрөнгө хураах зэрэг үйл өрнөдөг.

Нагац ээж минь угийн тайван, юмны сүүлд дуугарч байдаг буянтай буурал байлаа. Бид нар аав, ээжээсээ тэр жүжгийн талаар асууж тухайн үед яг саяны жүжигт гардаг шиг үйл явдал болж байсан болов уу? хэмээн гэр дотор сонирхолтой яриа өрнөхөд бидэнд, болсон явдлыг үзсэн хүний хувиар нагац ээж минь нэгэн яриаг ярьж өгсөн нь Ногоон нүдэн лам романы уншихад санаад орж ирлээ.

Нагац ээж айлын ганц охин доороо нэг эрэгтэй дүүтэй байсан гэнэ. Дүү нь танхимд суралцаж, нагац ээжийн аав өртөөнд улаа хийн тэднийх өртөөн дээр байдаг байжээ.

Айлуудын бурхан тахил хураах, хүүхдүүдийг танхимд суулгах үйл явдлууд яг болдог байж гэнэ.

Манай тэнд Залаа хэмээх догшин хайрхан байх бөгөөд Тариатын хүрээний лам нарыг мөн л хоморголон баривчилжээ. Тэднийх өртөөн дээр байдаг байсан болохоор замын хүмүүс бүгд дайрдаг тул нагац ээж тэр явдлыг харж байсан хүмүүсийн нэг нь ажээ.

Залааг даваад лам нарын шар улаан алагласан давалгаа гарч ирэхэд өртөөнийхөн ч ажлаа базаан, угтахад бэлтгэдэг байсан гэнэ. Улаан шар л болохоос нуурын давалгаа давалгааж буй мэт давалгаалан өртөөн дээр буудална. Хэдий баригдаад явж байгаа ч нутгийн хүмүүс болохоороо хянагч нарын хойгуур урдуур гарч таньдаг мэддэг хэн явж буйг мэдэхийг оролдон чадах ядахын хэрээрээ өл хоол залгуулахыг хичээдэг байжээ.

Нуурын усны давалгаа шиг тэр олон лам нарыг барьж явсан мөртлөө хүн бараг эргэж ирээгүй, бас бурхан тахил эд хөрөнгө хураах нь хатуу ширүүн байсан тул жирийн иргэд аль болох ая талыг хичээн царайчлан амьдрах болжээ.

2-р дурсамж:

Тухайн үед авсан сэтгэлийн хүнд шарх нагац ээжийн минь сэтгэлд гүн үлдэн шүтэх шүтээнээ авдартаа хийн гэртээ ил тавьдаггүй байсаныг нь би сайн мэднэ.

Нэгэн удаа нутгийнхан “Тарган” хэмээдэг Цэрмаа гуайнд нагац ээж бид хоёр очлоо. Тэр үед би сургуульд ороогүй байсан ч болж буй явдлыг там тум санахын бодоход 5-6 настай байсан болов уу даа.

Цэрмаа гуайнд бараг өдөржингөө ном уншуулж, Цэрмаа гуай хонх цохин, нагац ээж бид хоёр мөргөн бөөн юм болов.

Би жаахан хүүхэд байсан тул сүүлдээ ядраад унтаад өгчээ. Нэг сэрэх нь ээ нагац ээж Цэрмаа гуай хоёр цагаан будаатай шөлтэй хоол идэхэд бэлэн болгож бид гурав хамт хооллосон юм. Тийм гоё будаатай шөл дахин идээгүй мэт санагдана. Өлссөн байсных уу, эсвэл номын хүчийнх үү?

Хоол идээд нагац ээжийн хамт харихаар явах замдаа асуусан асуултаа сайн санадаггүй юм. Хөөрхий нагац ээж минь “Миний охин хоёул жаахан амаръя” гээд амрах зуураа чулуун (манай нутаг үхэр чулуу ихтэй сумын төвд ч гэсэн их байдаг) дээр суун хэлсэн нь одоо ч санаад илхэн.

Миний охин өнөөдрийн болсон явдлыг (ном уншуулж, хонх дамар болсоныг ) хэнд ч бүү хэл, хэрэв чи хүнд хэлвэл аймаг дээр байгаа аав ээж хоёрыг чинь шоронд хийдэг юм. Шорон гэж ямар аймар газар болохыг миний охин мэдэхгүй, хэрэв тэнд хүн орвол их зовно, хоол унд хомс, өлөн зэлмүүн байлгаж, хүнд ажил хүчээр хийлгэн, өөрийн хүслээр охинтойгоо ч уулзах эрхгүй болж, миний охиныг харж хандах хүнгүй хэцүүднэ гэх зуураа амандаа маани уншина. Тэгээд энэ тухай ээждээ ч хэлэх хэрэггүй шүү. Ээж аав нь зовохын нэмэр, миний охин ч энэ тухайгаа битгий бод хэмээн ятгах гуйлт, хөөрхий нагацын минь нүдний гунигтай харц, Ногоон нүдэн ламыг уншихад санаанд орж ирлээ.

Мэдээж би ээждээ ч тэр тухай яриагүй бөгөөд саяхан ээжээс асуувал, манай нутгийнхан Цэрмаа гуайг хуучны номтой хүн гэдэг байсан гэхээс өөр гоц содон зүйл ярихгүй байгаагаас үзвэл би тэр тухайгаа хэнд ч хэлээгүй юм шиг. Хүүхэд байсан болоод тэр биз, би тэр яриаг тас мартсан ажээ.

Тэр үеийн хэлмэгдүүлэлт жирийн хүмүүсийн сэтгэлд гүн шарх үлдээн, гэр бүлийн хүмүүс ч бие биедээ итгэхэд бэрх байсныг нагац ээжийн үг яриа, үйл хөдлөл надад ойлгуулах гэж хичээж байсныг энэ номыг уншиж байхдаа ойлгов.

Үнэн мөртлөө гашуун дурсамж сэргээсэн Ногоон нүдэн лам романд баярлалаа.

Thursday, December 3, 2009

Муур багшийгаа зүүдлэв

Олон жилийн өмнө хамт ажиллаж байсан даргыгаа маш тод зүүдэллээ. Хамгийн сүүлд даргыг нутаг буцсанаас хойш сураг тасарч, холбоо ч бариагүй орхисон юмдаг.
Япон хүн гэхэд хэт ил цагаан хүн байсан юм уу? эсвэл дарга өөрөө англи хэлэнд мундаг байсан болохоороо америк зан шингэсэн байсан уу? эгэл мөртлөө одоо эргээд санахад эгэл биш ч юм шиг нэг ерөнхий инженертэй бүтэн хоёр жил хамт ажилласан байх юм.
Анх харахад мууртай ч адилхан юм шиг ногоон туяа татсан том хүрэндүү нүдтэй, дээд уруул дээрээ ширвээ сахалтай байсан болоод ч тэр үү Монгол ажилчдын дунд Вася ах гэж дуудагдах болсон юм даг.
Хашир инженер бид хоёр тэр ажилд зэрэг шахуу орсон бөгөөд бид хоёрын хамгийн эхний ажилд 2-р сарын 19-ний өдөр үйлдвэрлэлийн баазаар ашиглах талбайг Нийслэлийн газрын албаар заалгуулж авах байлаа. Хэдийгээр цагаан сарын дараахан байсан ч малгай, ороолтгүй Африкт ажиллаж байгаад ирсэн Япон инженерт Монгол хатуухан самар болох нь ойлгогдсон байлгүй дээ. Хотынхоны заасан газрыг үзэж байтал даараад хамар нь чавга шиг болсон дарга маань гэнэт "энэ майхан чинь яах болж байна? Хэнийх юм бэ" гэдэг байгаа. Юун майхан сав болчихдог билээ гэж гайхсан чинь, хэдэн гэрийг заадаг байгаа. Майхан сав гэж ярьсан янзын нөхдүүд гэж бодсон байлгүй дээ газрын албаныхан 100*100 м2 газар гаргаж өгөх ёстой байсан ч 80*100 м2 болгон танасан юмдаг.
Нэг мэдсэн дарга малгай, бээлийтэй болчихож. Би ч юм хэлсэнгүй. Сүүлд сонсох нь ээ даарч ирмэгцээ манай нэг охиныг дуудаад ямар ч хамаагүй малгай, бээлий авч ирэхийг даалгасан байсан шүү. Хэ хэ хамгийн эхнийх нь үүрэг даалгавар тэр байсан байхаа.
Инженер бид хоёр зэрэгцэж сууна. Зэрэгцэж суудаг байсан болоод тэр үү? бусад хүнээс илүү даргын тухай ойлголттой, бас хамгийн их юм заалгаж авсан азтай хүн би.
Хэлний сургууль төгссөн тэр үеийн мань мэтийн нөхөдөд РС ажиллуулах, инженерийн туслах хийчихээр чадвартай хүн цөөхөн байсан биз.
Тэр бүхэнд дарга маань уйгагүй зааж өгдөг сөн. Тухайн үедээ ингээд үгэлчихдэг юм шүү гэж боддог байж билээ.
Одоогоор өөрийнхөө хэрэгцээнд тохируулаад РС хэрэглээд байгаа нь даргын маань ач шүү дээ. Бас муухан инженерийг дагуулахгүй инженерүүдийн яриаг орчуулах чадалтай болсон минь тэр хүний ач.
Манай төслийнхөн чинь 40, 50 хүн орж гардаг том контортой, тэр бүхийг дарга нарийн хянаж удирддаг байсан юм.
Нэг өдөр надад хэлж байнаа. Чи нь цаашаа ажиллая гэвэл гадаад хэл сурах гэж бүү шуна, чи хүнийг ажиллуулж сур. Эхлээд чадварыг мэд. Дараа нь нэг өдөр магт, нэг өдөр хор шарыг нь гартал муу байна гэж загна. Тэгэхээр чинь хүн алдаагаа олж хардаг юм. Тэгээд алдаагаа олоод харахаар нь эргээд магт. Тэгвэл тэр хүн гялалзтал хийнэ. Хэт дандаа магтаж болохгүй бас загнаж бас болохгүй гэж ирээд л менежментийн хичээлийн цагаан толгой заалгаж байв.
Би чинь хагас дутуу Япон хэл жаахан мэдэх болохоос англи хэлэнд таг нөхөр байсан. Даргын шахалтаас болоод зам гүүрийн материал дээр гавъяа байгуулахгүй ч гай болохооргүй англи хэлний мэдлэгтэй болсон. Яагаад ч юм хэнийг ч ялгалгүй их шахаж юм хийлгэх гэж үздэг байв.
Дандаа магтаад байхаар нөхөр бас бишээ. Хэ хэ
Хүүхнүүд та нар хуурамч юманд итгэдэг нөхдүүд гэж ирээд л.
Хэ хэ, нэг өдөр, 9 сарын хэдэн билээ дээ нэг өдрийг Заяа, чи энэ өдрийг сайн цээжил, тэгээд тэр өдрөө болохоор надад хэл гэж лүндэн буулгав. Яагаад? гэж гайхтал, манай эхнэрийн төрсөн өдөр би мартчих гээд байдгийн. Чи заавал надад урьдчилж хэлээрэй, чи мартах юм бол би гэрээсээ хөөгдөнө шүү гэж билээ.
Дарга эхнэртээ хаягдахгүй гэж их хичээдэг байсныг бодвол эхнэртээ их хайртай байсан биз. Хүүхнүүд та нар төрсөн өдөр мартах зэргийг уучлах хэрэгтэй гээд... марзан яриа нь эхэлдэг сэн.
Өөрөө их залуу сэтгэдэг байсан байхаа, анх ирэхдээ 37 байсан юм даг. Дараа жил нэг яриан дундуур та чинь 38 хүрч байгаа билүү гэсэн их л санадарч арай хүрээгүй байгаа гэж инээд хүргэж байсан юмдаг. Сарын дараа ч билүү 38 хүрэх байсан юмдаг.
Тэр үед 30 нас хүрээгүй байсан би, өнөөдөр өөрөө даргын тэр насан дээр ирчихээд юу чадахаа бодож сууна.
Тэр миний хамт ажиллаж байсан инженерүүдийн шилдэгүүдийн нэг билээ.
Дам сурагаар Африкт ажиллаж байгаа гэж сонсоод, "Монгол орон амьдарахад сайхан боловч ажил хийхэд маш хэцүү" гэж нэг удаа уурандаа хэлж байсан нь чихнээ сонсогдох шиг болдог юм.
Мэдээж Монголчуудын эрээ цээргүй, дээр дооргүй юмыг гувчуулах, ашиглах гэсэн Монголчуудын бүтэлгүй занг дарга мэдэрдэг болсон. Тиймдээ ч байх, Би та нартай бол ажилламаар байна, гэхдээ Монгол нэг л бишээ, надад Африкт илүү ажил хийхэд хялбар байдаг гэж хэлэхийн сонсоод Монголчуудыг хальт өмөөрсөн боловч гацаанд орчих гээд байх тул би бууж өгч байсан юмдаг.
Муур багшийгаа зүүдэлсэндээ ихэд бэлэгшээж байгаа билээ.
Үлгэрийн муу муур багш биш, жинхэнэ сайн муур багш шүү.

Thursday, September 11, 2008

Ойдов мэх

Зууны манлай тамирчин, хөдөлмөрийн баатар Зэвэгийн Ойдов нь 1976 онд Канадын Монреал хотод болсон зуны 21-р олимпын мөнгөн медальт, дэлхийн хошой аваргын дэлхий дахинд анх удаа хийсэн чөлөөт бөхийн мэхийг "Ойдов мэх" гэдэг.
Ойдов мэх нь толгой уургалсан байдлаас суйлж унагах энэ мэхийг зөв хийж чадвал босоогоос шууд цэвэр ялах боломжтой гэнэ.
Монголын Ч
өлөөт бөхийн холбооноос албан хүсэлтийг гаргаж, Будапештийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Олон Улсын чөлөөт бөхийн холбооны хурлаар "Ойдов мэх"-ийг батлан дэлхийд анхлан хийсэн хүн нь Монгол улсын тамирчин З. Ойдов хэмээн дансалжээ.

Monday, February 4, 2008

Багшийн тухай дурсамж

Үйлдвэрийн цехэд шөнийн ээлжинд гарч байгаа охин нойроо харамлан харамлан ажлаа хийнэ. 1990-д оны барааны хомсдолын үе байсан болохоор үйлдвэрийн удирдлага аль болох гарцыг дээшлүүлэхийг мэрийнэ. Ээлжийн явцад цахилгаан тасрана, эсвэл чанарын шаардлагат хүрэхгүй гурил ирнэ, за үгүйдээ цахилгааны хүчдэл хэлбэлзэлтэй ирж тоног төхөөрөмж шатаана. Түүнээс болоод талх шарах пийшин эвдрэнэ. Ард нь хүнсний цехээс гарах талхыг олон хүн картаа барин хүлээнэ. Энэ бүхнээс охин залхжээ. Ингээд нэг л өдөр сургуульд сурна гэсэн нууцхан бодолтой ажлаасаа гарлаа.
Намрын нэгэн өдөр хүсэж байсан мэргэжлийн ангидаа ороогүй ч ямар ч байсан сургуульд орлоо.
Япон хэл заах багш нь өвөрлөгч аялгуугаар ярих настай профессор. Урт урт хар хөмсөгтэй алиа хошин ярианд сүрхий өвгөн байв. Ингээд л Япон хэлний "а" "б" -г тэр хүндэт багшаар заалгаж эхлэв.
Багш маань харин амьдралын болоод эрдмийн ажлын арвин их туршлагатай байлаа.
Дэлхийн хоёрдугаар дайны үед Японд эдийн засгийн чиглэлээр анх мэргэжил эзэмшиж тэнд Япон хэл, соёлыг гаргууд сурчээ. Дайн дуусахын өмнө Токиогийн Их Сургуулиа дүүргэж, БНМАУ-н Улаанбаатар хотод Намын шинэ хүчний дээд сургуульд элсэн оржээ. Энэ үеэс түүний амьдралын хамгийн хүнд хэцүү үеүд эхэлсэн юмсанж. Түрэмгийлэгч Японд боловсрол эзэмшсэн нь гай болж, хяхаж хавчиж байснаа, хийгээгүй хэргийг хүлээлгэх гэж үзжээ. Асуудал ямар ч байсан аминаас нь холуур өнгөрч шоронд 6 жил болов. Хатуу бэрх энэ жилүүдэд төрсөн нутаг Шилийн голоо санагалзан "Төрсөн нутагт минь буцааж өгнө үү" гэсэн хүсэлтийг нь харин биелүүлсэн гэдэг. Ингэж багш маань БНХАУ-н иргэн болжээ.
Төрсөн нутагтаа буцаж очих тэр үед Хятадад улс төр мөн л ээдрээтэй байв. Бас л хорьж барьсан гэдэг. Арваад жил хилмэгдэн хоригдож, нутаг заагдан амьдарч байгаад сүүлд цагаагдсан гэнэ лээ. Ийнхүү цагаагагдах үндсэн шалтгаан нь нэгэн цагт түүний амьдралыг бусниулсан Япон хэл, соёлыг гарамгай сайн сурсан нь нөлөөлөв. Хятадын зуу, зуун залуус түүнээс эрдмийн шимийг хүртэн Хятад орондоо ихийг бүтээжээ. Бээжингийн Их Сургуульд багшилж байхдаа Япон хэл, өөрөөр хэлбэл хэл шинжлэлээр Токиогийн Их Сургуульд эрдмийн зэрэг цол ч хамгаалав. Япон хэл, соёлоор Япон эрдэмтэдтэй эн зэрэгцэх түүний чадварыг нь Токиогийн Их Сургууль ихээр үнэлэн Токиогийн Их Сургуульд хэл шинжлэлийн лекцүүдийг уншуулж байсан гэдэг.
Монгол хүн, бас нэртэй том эрдэмтэн профессор хүнийхээ хувьд Монгол орондоо заавал хэрэгтэй зүйл хийнэ гэж хүсэж байсан хүсэл нь биелэж, бидний хэдэн нөхөд Япон хэл заалгуулж эрдмийн их шимийг хүртжээ. Даанч насан өндөр болсон багш маань энд 3 жил ажиллаад буцсан билээ.
Үнэхээр гайхалтай эрдэмтэн байсан гэдгийг миний уулзсан хүмүүс дотроос Монгол судлаач Японы Азийн Их Сургуулийн багш Койбүчи Жюничи багш сэтгэл хөдлөм яриаг дэлгэхэд, багшийнхаа амьдралд хугарашгүй ноён нурууг бахдаж билээ.
Багш өөрөө болохоор би ингэж зовсон, ийм тийм гэж ярьдаггүй даруухан нэгэн байв. Аргагүй "Эрдэмтэй хүн даруу Их мөрөн дөлгөөн" гэдэг тэр ажээ.
Одоо харин төрсөн нутаг болох Өвөрмонголдоо 80 гаруй насыг зооглон сэрүүн тунгалаг аж төрж байна. Түүгээр очсон хүн болгоноос шахуу биднийг асууж сургалан заримдаа гарын бэлгээ ч явуулсаар.
Багшдаа Монголын багш нарын баярын өдрийг тохиолдуулан эрүүл энх урт удаан наслахыг хүсье.

Wednesday, January 16, 2008

Төөрсөн хүү

Уран зохиолын ном уншиж байхад янз бүрийн сонирхолтой амьдралтай хүмүүсийн тухай их гардаг даа. Харин хамт ажиллаж байгаа хүний маань амьдрал түүхийн сэдэвтэй уран зохиолын ном шиг байна гэдэг цөөхөн тохиолдол байх.
Одоогийн ажиллаж байгаа компанид ажилд ороход нэгэн настай Япон өвгөн байв. Өвгөн манай хэлтсийн дарга байв. Их сүртэй, асуудлыг жинтэйхэн шийдчихдэг, бусад хүмүүсийн арга эеийг олоод, ажлаа явуулчихдаг яах аргагүй олон жил удирдах ажил хийсэн нь илт хүн байв.
Царай зүсний хувьд бол жирийн Япон биш, цагаан шаргал царайтай, гар хөл нь илт том, ясархуу биетэй, Оросжуу хүн байв. Яриан завсараа хаяа тоглоом шоглоомоор "хорошо" гэх мэтийн ганц хоёрхон Орос үг хавчуулан ярих нь түүний Оросжуу төрхийг улам тодруулна.
Ажилд ороод удаагүй байсан мөтлөө, нэгэн удаа "хорошо" гэх даргын хариултын хариуд Оросоор ганц хоёр мэдэх үгээ эвлүүлэн хэлтэл, намайг Монголоор хариу хэлж байна гэж ойлгож байгаагаас нь үзвэл ямар ч байсан Орос хэлтэн биш ажээ.
Өвгөн даргаас манайхан жийрхэнэ. Арга ч үгүй биз. Сүүлд сонсох нь ээ Японы "Шимизү" хэмээх барилгын том компанид олон жил ажиллаж бүр хэлтсийн дарга хүртэлх алба хашиж байсан хал үзэж, халуун чулуу долоосон нэгэн болохыг мэдсэн юм. Түүний сүртэй байдлаас жийрхдэг болоод тэр үү? хувийнх нь тухай асуудаггүй байв. Нэг удаа зүрхшээн байж асуувал их л сонирхолтой түүх хүүрнэсэн юм.
...Би 1944 онд Хятадын Манжуурт төрсөн. Миний аав дэлхийн 2-р дайнд оролцож, Манжуурт Японы эзэн хааны төлөө тулалдаж байсан. Намайг төрүүлсэн жинхэнэ ээж бол Орос хүн байв. Харин дайн Япончуудын ялагдлаар төгсөхөд миний аав намайг Япон авч буцсан. Тэр цагаас хойш жинхэнэ төрүүлсэн ээжтэйгээ уулзах алтан боломж надад тохиосонгүй. Ачтай аав, ээжийн буянаар би сайн хүн болж хүмүүжсэн ч гэсэн сэтгэлд минь "төрүүлсэн эх" минь мөнх байдаг юмдаа гэхийг сонсоод хариу юу хэлж чадаагүй билээ. Өөрөө хөгжилтэй сэргэлэн хүн тулдаа тэр хүнд байдлаас намайг гаргаж, харин ч алиа хошин юм ярьж өгч билээ.
Даргын ярианаас үзвэл ах дүү зургуулаа. Айлын тав дахь хүү бөгөөд доороо нэг эмэгтэй дүүтэй байсан гэнэ лээ. Дайнаас ялагдаад ирсэн нөхрөө, Орос царайтай хүүхэд тэврээд ирэхэд өөрөөс нь төрсөн мэт өсгөсөн манай ээж сайн хүн байгаа биз... гээд ярих нь залуу хүнд ихийг бодогдуулдаг байв.
Нэлээн дээр үеийн "NHK"-н нэвтрүүлэгээр Оросод амьдардаг нэгэн эмэгтэй өөрийн аавыгаа хайж байгаа тухай нэвтрүүлэг гарч байв. Тэр эмэгтэйн аав нь Япон хүн байжээ. Дайны дараагаас бас хэл сураг тасарсан гэж байсан. Одоо 60 гаруй настай тэр эмэгтэй, Япон хэл мэдэхгүй боловч, ази төрхтэй. Өөрийн амьдралаа ярьж, эцэг эхээ олон нийтийн нэвтрүүлэгийн хэрэгсэлээр дамжуулан хайж болох таатай цаг үе ирснийг дурдаж байв.
Улс орны үзэл баримтлал, улс төрийн байдлаас болж хувь хүний амьдрал төөрөх үе байдаг болохын жишээ энэ ажээ.

Tuesday, October 2, 2007

Санжаасүрэнгийн Зориг

10-р сарын 02. Энэ өдрийн түүхийг жирийн ард иргэд мартахгүй ээ. Төрийн шударга түшээ энэ өдөр харамсалтайгаар амь үрэгджээ. Хэрвээ түүний амь насыг золгүй байдлаар, санамсаргүй егүүтгэсэн бол өдийд гэм буруутан тодорсон байх ёстой. Даан ч тийм биш юм шиг байна. Настай хүсүүс "Төрийн минь сүлд өршөө" гэж залбирдаг. Харин бид бусармаг нийгэмд амьдарсаар байгаад өтөл буурал болохоороо юундаа залбирна даа. Уг нь төр түмэн нүдтэй гэдэгсэн. Төрийн мэлмий ариун байж, бурханы оронд одсон эхийн сэтгэлийг амрааж, жирийн иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээх болтугай.
...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...