Showing posts with label Дурсамж. Show all posts
Showing posts with label Дурсамж. Show all posts

Tuesday, August 17, 2010

Гэнэт санаад ороод

Хуучнаар ЗХУ гэдэг байхад ТМС-д сурваа.
Надтай хамт нэг өрөөнд амьдарч байсан охин үйлдвэрлэлийн дадлага хийж байтал хэвлийгээ дараад өвдөөд, гээд уруу царайлтал үйлдвэрийн мастер орос эгч түргэн дуудчихав.
Юу юугүй түргэний машин ирээд, яаралтай шинжилгээнд оруулна, эмнэлэг авч явна гээд хамт амьдардаг хүүхэд нь цуг яв гээд манай ангийн нэг охин бид 3 хамт явлаа.
Үйлдвэрт өмсдөг хувцсаа сольж байх хооронд өвчтөнг маань түргэний машинд хэвтүүлчихсэн байв.
Бид 2-г суумагц машин аюулын дохиогоо асааж замын хөдөлгөөнийг чөлөөлүүлэн яг кинонд гардаг шиг хурдалж гарлаа. Огт явж байгаагүй замаар яваад байхаар нь асуувал, мэс заслын эмнэлэг явж байна гэнэ. Олгой байж болзошгүй, тэнд хамгийн сайн шинжилгээг нарийвчлан хийж чадна гэсэн хариулт авлаа. За яахав, сайн л юм бол... Нилээн их явлаа, бараг 30-иад минут явсан байхаа. Эмнэлэгт ирээд найзыг маань носилки дээр хэвтүүлээд бид хоёрыг хүлээж бай гээд аваад орчихов.
Бид хоёр нэлээн хүлээв. Бүр таг байгаад байхаар нь асуутал, шинжилгээгээр манай энд хамааралгүй тул өөр эмнэлэг рүү шилжүүлсэн гэдгийн.
Бид хоёр санадраад л... хэлэхгүй яав, бид нар чинь энэ орчин тойорнг чинь мэдэхгүй, аль эмнэлэг рүү явсын? гэтэл бид хоёрын барайсан царайг хараад өрөвдсөн байхаа, манайхаас одоо бас нэг машин явах гэж байна, тэр эмнэлэгрүү, та хоёр наад хаалгаараа тойроод,.... Оросууд зам заадаг ш дээ, эхлээд зүүн, дараа нь баруун, чигээрээ гээд л зам заалгуулаад арынх хаалган дээр очтол баахан түргэний машин, асуувал настайвтар нэг Орос жолооч бид хоёрыг их тоон ярьж байнаа. Тоох хүн гарсанд бид хоёр илт баярлан, найздаа санаа зовж байгаагаа хэлж, бас сургуулийнхаа байрнаасаа хэр хол байгаагаа мэдлээ.
Тэр хотын хүн ам 2,5 сая үйлдвэрийн хэд хэдэн том районтой байсан болохоор тэр үеийн бидэндээ төөрөхөөр хот байлгүй яахав.
Удалгүй баахан эмнэлэгийн хайрцаг савтай юм ачаад нөгөө найзын хэвтсэн эмнэлгийн зүг хөдөллөө.
Өдөр 1 цаг болж байхад дадлага хийж байсан үйлдвэрээс гарсан боловч будилсаар байтал бүүр орой, 6-7 цагийн үед, нөгөө найзын хэвтсэн эмнэлэг дээр очлоо.
Очтол саяхан шинжилгээ хийсэн хариу нь гараагүй байна гэхээр нь бас хүлээв. Харин тэнд удалгүй хариу өгсөн боловч онош нь тодрохгүй байна. Манай эмнэлэгт хяналтанд байлгана. Та нар одоо явж болно гэхээр нь бид уулзаж болох уу? гэсэн чинь болно нэг нь уулз гэв. Хувцасаа эмнэлгийн өгсөн халадаар сольж заасан замаар очтол найз маань хэвтэж байв.
Намайг хармагцаа уйлж байнаа. Би сандраад яасан бие чинь яаж байна? гэтэл мэдэхгүй, зүгээр байсан чинь шинжилгээ авна гээд хэвлийд хоёр газар хагалчихлаа, гэхээр нь би бүүр ч санадраад эмчтэй чинь одоохон уулзъя гээд буцаад хурдалчихав.
Хамгийн түрүүнд бодож байсан юм гэвэл, хагалгаа хийгээгүй гээд байсан чинь, юу гэнээ яахаараа тэгдэг юм болоо? гэх бодол зурсхийх сацуу хаашаагаа ч яарсан юм бүү мэд, гутлын хошуу хандсан зүгрүүгээ гүйтэл, ашгүй сувилагчтай таарч найзаасаа сонссоноо хэлтэл зүгээрээ, хагалгаа биш, зүгээр, санадрах юм байхгүй гэдгийн. Найз маань уйлаад байгаа болохоор болохгүй юм байна, та намайг эмчтэй уулзуулаад өгөөч гэтэл бас хүнд итгэхгүй гээд инээж, дагуулан явж нэг эрэгтэй эмчтэй уулзуулсан юм.
Сувилагч миний яриаг сүр оруулсан тул эмч надад анатомын зураг үзүүлж байгаад хичээл зааж, зүүгээр шинжилгээ авсан гэж тайлбарлав.
За ямар ч байсан олгой энэ тэр бол огт биш, эмэгтэйчүүдийн талын юм байна гэдгийг нь хальт ойлгон, эмч сэнхрүүлсний хүчинд би буцахаар болж эмчийн өрөөнөөс гарлаа.
Эмчийн өрөөнөөс гараад явтал коридор бүүр хаа сайгүй, жирэмсэн эмэгтэйчүүд явахыг нь анзаараад ганцаараа инээж билээ. Найздаа санаа зовсондоо болоод орж ирэхдээ тэр олон жирэмсэн хүнийг анзаараагүй байсан юм билээ. Оросоор халтар хултар ойлгодог байсан ч хүүхэд байждээ, эмэгтэйчүүдийн талын ямар ч үг хэллэг мэдэхгүй, ёстой нэг нам авахуулж билээ.
Тэгээд байр уруугаа буцах гэтэл үйлдвэр дээр цүнх, мөнгө бүх юмаа орхисон байсан болохоор нийтийн тээврээр явах боломжгүй болж, бас нөгөө сувилагчдаа хэлж эмнэлэгийн машинаар байрандаа хүргүүлж билээ.
Хоёр өдөр хэвтээд манай найз эмнэлэгээс гарсан юм. Хоёр өндөгөвчний орчим тус тус 1 см арай хүрэхгүй хэрийн шархтай. Шинжилгээ авсан гэсэн. Ямар ч өвчний ул мөр олж чадаагүй гэнэ лээ. Одоо бодоход цанх нь татсан юм болов уу даа.
Тэр үед сайн хүмүүс ямар ч их байсанын. Өдөржингөө эмнэлэгийн машинаар зөөлгөөд. Одоо бол бөөн мөнгө нэхэх биз.

Wednesday, November 7, 2007

Томоогүй ч үрс минь дээ...

Манай охин бид хоёрын хоорнд ийм яриа болов.
- Танай анги маргааш орохгүй гэнээ, багш нь тэгж байна
- Яагаад?
- Танай сургуулийн нэг багш өнгөрчихсөн юм байна ш дээ. Ажил явдал нь маргааш гэнэ. Гэхээр охин маань
- Ура гээд баярлаад өрөөн дотуур гүйх юм.
Би гайхаад хүн өнгөрчихсөн байхад баярлаж болдоггүй юм. Маани унших ёстой гэж хэрээрээ л тайлбарлав. Тэгээд ажилруугаа явах замдаа бодлоо. Гэтэл арван жил байхдаа мандаасан нэг хэрэг санаад орж ирж байнаа хөөрхий.
...Бид нар 4-р ангид байсан санагдана. ЗХУ-н коммунист намын дарга Андропов нас барлаа гээд л...
Манай сургуулийн хүүхдүүдийг нэг өглөө биеийн тамирын зааланд анги ангиар нь жагсаагаад сургуулийн захиргаа, намын хорооноос эмгэнэл илэрхийлэх ёслол хийсэн юм. Тэр биеийн тамирын зааланд дунд ангийнхан цугласан байсан юм болов уу даа. Зааланд манай анги хамгийн бага анги нь байсан юм. 4-10-р анги чинь дунд анги болдог байлаа ш дээ. За тэгээд эмгэнэл илэрхийлж нэг хүн үг хэлээд /Хэн үг хэлснийг нь санахгүй байна/ "гүн эмгэнэл илэрхийлье" гэтэл манай ангийн ард зогсож байсан хэдэн хөвгүүд алга ташаад "ура ура" гэтэл хажууд нь зогсож байсан бас нэг өөр ангийн хүүхдүүд хоолой нийлүүлэн "ура ура" болоод... Урьд жил нь Л.И Брежневийг нас барахад манай анги чинь 3-р анги байсан болохоор тэр эмгэнэл илэрхийлэх ёслолд оролцоогүй байсан юм болов уу даа. Аюул болох нь тэр дээ. Хөөрхий муу багшийг минь намын хорооны ч гэлүү хурлаар оруулж донгодсон гэнэ лээ.
Тэгээд бодох нь ээ 11, 12 настай хүүхэд тэгж байхад зургаа, долоотой хүүхэд арга ч үгүй юм уу даа гэж охиноо хальт зөвтгөлөө. Адилхан л танихгүй хүн нь нас барчихсан байхад хүүхэд нээрээ яаж мэдэх вэ? дээ хэмээн бодсоор ажилдаа ирэв.

Friday, July 6, 2007

Ангийн андууд минь хаана явна?

Ташкентын вокзал
Зуны халуун болоод ч тэр үү махан хоолноос заримдаа уйдах юм. Тэгээд сайхан жимс идэх юмсан гэхээр нөгөө л муу нэртэй хятад жимс Улаанбаатараар дүүрэн байх юм. Жимс гэснээс миний очсон газрын хамгийн тансаг жимс жимсгэнэтэй газар бол Дундад азийн улсууд буюу Казакстан, Узбекстан. Тэр дундаа Ташкентын хүнсний базар шиг тансаг гэхэд түүнээс илүү үг байдаг бол олоод хэлмээр л тийм базарыг би дахин үзэлгүй 15 жил болж байхийм. Нэрийг ч сайн мэдэхгүй төрөл зүйлийн жимснүүд өчнөөн төчнөөнөөрөө. Хамгийн гол нь тэндхийн газар эх үнэхээр үржил шимтэй болохоор одоогийн энэ хятад ногоо, жимс шиг элдвийн бордоогоор бордоогүй жинхэнэ гарын бүтээгдэхүүнүүд. Гэхдээ би Монголынхоо газрыг үржил шимгүй гэж хэлээгүй шүү. За тэгээд тэнд байгаа шийгуа л гэхэд хажууд нь зарж байгаа хүнийх нь толгой жижигхэн аяга шиг бас гүзээлзгэнэ л гэхэд эрэгтэй хүний атгасан гарын чинээ том, усан үзэм гэхэд улаан, ногоон, хүрэн өчнөөн сортынх, за тэгээд тал нутгийн бид нар ямар нэрийг мэдэх биш тийм олон нэр төрлийнх. Ташкентын базарт ороод эхнээс эхлээд тойроод гарахад элбэг 3 цаг болно. Зарж байгаа хүмүүс нь Орос бабуля эсвэл том эрээн цоохор алчууртай Узбек авгай нар авахгүй ч гэсэн амсаач гэж гуйгаад л... Амсаж явсаар бүр гэдэс дүүрээд жимс идсээр байгаад хэл хорсоно гээч. Хамгийн гол тэд нар өөрсдөө гэртээ тарьсан гарын бүтээгдэхүүнүүд нь шүү дээ. Бас дээрээс нь маш хямдхан. Манай сургуулын талбай дүүрэн жимсний моднуудтай байж билээ. Тэнд слив буюу чавга, алим, усан үзэм, өө тийм бас хушга ургадаг байсан юм. Ер нь тэнд гудамжнаасаа жимс идчихэж болохоор. Гэхдээ тэндхийн хүмүүс гудамжнаас жимс иддэггүй юм билээ.

Манай ангийнхан алим хураалтанд яваад... Алим хураах хамгийн сонирхолтой дороо л сав дүүрчихдэг юм. Бид нар 11 сарын дундуур алим хураагаад явж байлаа. Өвөл нь сайхан зөөлхөн уур амьсгалтай. Тэнд хамт байсан ангийн андууд минь үүнийг унших юм бол ч....Хуучнаа дурсаж бут авах байхдаа гэж мөрөөдөөд.
...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...