Monday, January 12, 2009

Балчирыг цээрлүүлэгч эмэгтэй багш мөн үү?

Ойрдоо хувийн, хувьсгалын ажил ихтэй бас түүний хажуугаар зээ дүүгээ харж, асран хамгаалах үүрэг бага сага оногдоод. Блогтоо салхи оруулахгүй ч завгүй шахам байна. Гэхдээ өнөөдөр жаахан зав гаргаад доорхи зүйлийг оруулж сууна.
Зээ дүү маань ой найман сартай, бужигнааны эзэн өөрөөр хэлбэл манай гэрийн үймээз.
Ээж нь ажилдаа орохоос өөр аргагүй болоод өнгөрсөн намрын 10 сараас хойш, ясли гэдэг албанд алба хаах болсон билээ. Ясли хотод олдоггүй болохоор соц үед хүүхдээ дээд сургуульд оруулдаг шиг том багагүй хөөцөлдөж, таньдаг мэддэг хүнээ барсны эцэст нэгэн яслид өгсөн юм.
Бяцхан дүү маань албандаа аажим аажмаар дасаж байгаа нь мэдрэгдэв ч заримдаа бидний огт мэдэхгүй авир гаргах эсвэл учир дүрсгүй уйлах гэх зэргээр ааш нэмснийг эс хэлвэл ямар ч байсан дасаж эхлэв.
Нэг өдөр дүү маань, "Миний охиныг багш нь их үймүүлдэг, тэгээд аргаа барахаараа сандал дээр нь скочддог гэнээ" гэж чихийг минь дэлдийлгэв. Тэгсэн чинь өнөөдөр бүр сандал дээр скочдоод суулгачихсан, өмдөндөө шээчихсэн байхтай ээж нь таарчээ. Ой найман сартай хүүхэд том хүн шиг дүмбийн сууж, шавар баримал шиг зүгээр сууж чадна гэж үү??? Багшид нь ийм балчир хүүхдийг скочдож болохгүй гэдгийг хэрхэн ойлгуулахаа мэдэхгүйдээ блог нөхдөөсөө зөвөлгөө авъя гэж бодлоо.
Миний харсанаар бол багш эмэгтэй нь гялав цялав гэсэн, балчир хүүхдэд тохироод байхаар араншинтай биш болов уу? гэж харагддаг юм. 30 орчим насны нарийхан бор хүүхэн, хүмүүстэй тийм ч нийцтэй биш болов уу? гэж бодогдохоор мэндийн зөрөөгүй салхи татуулан юунд юм бүү мэд яарч бачимдсан шинжтэй гялсхийн зөрнө. Би хаяа дүүгээ очиж авахад, бяцхан үрсийг маань "гэртээ сурсан балиар зангаа гаргалаа" гэж ирээд том дуугарч байгаа нь сонсогддог. /Нэг удаа ангидаа хэдэн хүүхэд үлдчихсэн байхад үзэмний шүүс хүүхдүүдэд өгчихөөд багш өөрөө салхи татуулан гарах хооронд ой найман сартангууд нөгөө өгсөн үзмийг хооронд нь хольж гараараа базчихыг хараад багш эмэгтэй уулга алдсан нь тэр/
Уг нь бид бага насны хүүхэд харж асарч чадна, бас сургуулийн өмнөх боловсрол олгож чадна гээд тэр багш эмэгтэйд татвараас бүрдүүлсэн төсвийн хөрөнгөөс цалин олгодог гэдгийг мэддэг баймаар.
Энд хамгийн гол нь багшийг муулах гэсэнгүй, өглөө үүр цайхаас эхлээд бүрий болтол балчир үрсийг минь харж өгч байгаа гавъяатан шүү дээ. Эцэг эхчүүд бид уяхан зөөлөн сэтгэлтэй, аядуухан, намба төрхтэй, балчир бага хүүхдийн онцлог, сэтгэхүйг мэргэжлийн түвшинд эзэмшсэн тийм хүнээр нялх үрсээ асран хамгаалуулахыг хүсдэг билээ.
Дүүгийн маань яслид яваад сурсан юм их бий. Дуулна, булцгар гараа хөдөлгөөд янз бүрийн хөдөлгөөн хийгээд л... Эгдүүтэйхэн муухай охин шүү.
...Тогруу янзын хүүхэлдэй
Тоодог бяцхан ангаййхай
Ойн хүрэн баавгай
Олон янзын шувуунууд... гээд л. Гэвч сайны хажуугаар санаанд таарахгүй зүйл бол скочдох, гэдэг залхаан цээрлүүлэлт...
Хэрвээ багш эмэгтэйд энэ учрыг ойлгуулахгүй бол балчир дүүг маань дарангуйлуулж, үүнээс хойш бас хичнээн хүүхдийг яах нь тодорхойгүй байгаа юм. Шууд үнэнг нь хэлвэл багш эмэгтэй бидний зөвөөр хүлээн авна гэж бодохгүй байна. Мэргэн уншигч нар минь санал бодлоо хуваалцаарай.
Эд өөрийн хүслээр мэдэрч, хүртэж мэдрэх ёстой нялх балчир насан дээрээ тийм сөрөг хүчинтэй тулгараад байвал сайн байх уу? муу байх уу?


...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...