Wednesday, February 20, 2008

Нүүрсний уурхайн дүр зураг

Галын бурхан болсон 3, 4-р цахилгаан станцын гол түлш болох хүрэн нүүрсийг Багануур болон Шивээ-Овоогийн нүүрсний уурхай бэлтгэдэг. Ялангуяа 4-р цахилгаан станцын гол түлш Шивээ-Овоогийн нүүрс билээ. 3-р цахилгаан станцад илүү тохиромжтой нүүрс бол Багануурынх.
Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг хөгжүүлэхийн тулд Засгийн газраас олон арга хэмжээ авсны нэг бол гадаадын хөнгөлөлттэй зээлээр уул уурхайн тоног төхөөрөмж, машин механизмуудыг сайжруулсан юм.
1990-ээд оны эхээр айл өрхийн цахилгааны хэрэглээг ээлжээр хязгаарлалт хийдэг байсан гол учир шалтгаан нь галын бурхан станц чанар муутай нүүрс, эсвэл нүүрсний нөөцгүйгээс болдог байв. Ингээд л нүүрсний уурхайг Тухайлбал Шивээ-Овоогийн уурхайг хөгжүүлэх ажил эхлэв.

Оросууд хүн ажил хийгээд амьдарч болохоор нийгмийн асуудлыг шийдээд уурхайг ашиглаж байв. Гэтэл 1992 онд Орос ах нарыг гэнэт дайчлан гаргахад энэ уурхай эзгүй үлдсэн юм билээ.

Оросууд явсанаас хойш Шивээ говь гэдэг газрын барилга байгууламжийг тонож, хүн суух аргагүй болсон байсныг дахин зээл авч босгож байгаа юм ш дээ.
Анх ажил хийнэ гэж оччихоод их сэтгэлээр унаж байсан юмдаг. Дайны дараа сэргээн босголтонд ирчихсэн юм шиг л... Барилга байшинг дахин сэргээхэд шинээр барьсанаас илүү их өртөгтэй байдаг юм билээ.
Шивээ говь, Шивээ -Овоо нь төмөр замтай болохоор Оросуудыг дайчлан гаргаснаас хойш богинохон хугацаанд хуучин барилгын материал борлуулдаг ченжүүд хялбархан Улаанбаатар луу зөөчихсөн гэдэг. Байсан юмаа эвдээд дахин мөнгө зардаг хүмүүсийг юу ч гэмээр юм бэ дээ. Арай ч дээ гэхээс өөр үг олдохгүй юм.
Ямар ч байсан уурхай өнөөдөр үйл ажиллагаа явуулах боломжоор хангагдаад байгаа гэдэг нь доорхи гэрэл зурагнуудаас харагдаж байна.

Алхагч экскаватор ЭШ25-90 Сумны урт: 90 метр ЭШ 25-90 Шанаганы хэмжээ: 25 м3
Нүүрс бутлаж ачих дамжлага: 60т буюу 1 вагон нүүрсийг 3 минут ачих хүчин чадалтай.
Тус дамжлага 24 цагаар ажилдаг

Улаанбаатарт хүргэх нүүрс
Уурхайн хүнд механизмууд

Уурхайн хүнд механизмууд
Уурхайн хүнд механизмууд
Уурхайн хүнд механизмууд

Уурхайн ажилчдын байр, гадна тохижилт


Шивээ-Овоогийн уурхайг хөгжүүлэхэд Япон улсын засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр, уул уурхайн тоног төхөөрөмж, машин механизм, ажилчдын ахуйн хэрэгцээнд шаардлагатай барилгыг барьсан юм.

Жич: Дээрхи зургийг би аваагүй бөгөөд ажилд ашиглаж байсан зурагнаас оруулав.
Заяа ойрдоо завгүй таваргаж байна. Манайхаар орохгүй байна гэж битгий гомдоорой. Тэгж байгаад блогтоо завгүй байсан тухайгаа бичнээ.

Thursday, February 7, 2008

Сар шинэдээ сайхан шинэлээрэй

Хотолыг баригч шороон ХУЛГАНА жилийн мэндийг хүргэж, алтан нар шиг аягаа мөнгөн сар лугаа сүүгээр бялхааж, мөнх хөх тэнгэрийн өнгөт амар мэндийн цэнхэр хадаг юугаан та бүхэндээ өргөн барья.
Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Monday, February 4, 2008

Багшийн тухай дурсамж

Үйлдвэрийн цехэд шөнийн ээлжинд гарч байгаа охин нойроо харамлан харамлан ажлаа хийнэ. 1990-д оны барааны хомсдолын үе байсан болохоор үйлдвэрийн удирдлага аль болох гарцыг дээшлүүлэхийг мэрийнэ. Ээлжийн явцад цахилгаан тасрана, эсвэл чанарын шаардлагат хүрэхгүй гурил ирнэ, за үгүйдээ цахилгааны хүчдэл хэлбэлзэлтэй ирж тоног төхөөрөмж шатаана. Түүнээс болоод талх шарах пийшин эвдрэнэ. Ард нь хүнсний цехээс гарах талхыг олон хүн картаа барин хүлээнэ. Энэ бүхнээс охин залхжээ. Ингээд нэг л өдөр сургуульд сурна гэсэн нууцхан бодолтой ажлаасаа гарлаа.
Намрын нэгэн өдөр хүсэж байсан мэргэжлийн ангидаа ороогүй ч ямар ч байсан сургуульд орлоо.
Япон хэл заах багш нь өвөрлөгч аялгуугаар ярих настай профессор. Урт урт хар хөмсөгтэй алиа хошин ярианд сүрхий өвгөн байв. Ингээд л Япон хэлний "а" "б" -г тэр хүндэт багшаар заалгаж эхлэв.
Багш маань харин амьдралын болоод эрдмийн ажлын арвин их туршлагатай байлаа.
Дэлхийн хоёрдугаар дайны үед Японд эдийн засгийн чиглэлээр анх мэргэжил эзэмшиж тэнд Япон хэл, соёлыг гаргууд сурчээ. Дайн дуусахын өмнө Токиогийн Их Сургуулиа дүүргэж, БНМАУ-н Улаанбаатар хотод Намын шинэ хүчний дээд сургуульд элсэн оржээ. Энэ үеэс түүний амьдралын хамгийн хүнд хэцүү үеүд эхэлсэн юмсанж. Түрэмгийлэгч Японд боловсрол эзэмшсэн нь гай болж, хяхаж хавчиж байснаа, хийгээгүй хэргийг хүлээлгэх гэж үзжээ. Асуудал ямар ч байсан аминаас нь холуур өнгөрч шоронд 6 жил болов. Хатуу бэрх энэ жилүүдэд төрсөн нутаг Шилийн голоо санагалзан "Төрсөн нутагт минь буцааж өгнө үү" гэсэн хүсэлтийг нь харин биелүүлсэн гэдэг. Ингэж багш маань БНХАУ-н иргэн болжээ.
Төрсөн нутагтаа буцаж очих тэр үед Хятадад улс төр мөн л ээдрээтэй байв. Бас л хорьж барьсан гэдэг. Арваад жил хилмэгдэн хоригдож, нутаг заагдан амьдарч байгаад сүүлд цагаагдсан гэнэ лээ. Ийнхүү цагаагагдах үндсэн шалтгаан нь нэгэн цагт түүний амьдралыг бусниулсан Япон хэл, соёлыг гарамгай сайн сурсан нь нөлөөлөв. Хятадын зуу, зуун залуус түүнээс эрдмийн шимийг хүртэн Хятад орондоо ихийг бүтээжээ. Бээжингийн Их Сургуульд багшилж байхдаа Япон хэл, өөрөөр хэлбэл хэл шинжлэлээр Токиогийн Их Сургуульд эрдмийн зэрэг цол ч хамгаалав. Япон хэл, соёлоор Япон эрдэмтэдтэй эн зэрэгцэх түүний чадварыг нь Токиогийн Их Сургууль ихээр үнэлэн Токиогийн Их Сургуульд хэл шинжлэлийн лекцүүдийг уншуулж байсан гэдэг.
Монгол хүн, бас нэртэй том эрдэмтэн профессор хүнийхээ хувьд Монгол орондоо заавал хэрэгтэй зүйл хийнэ гэж хүсэж байсан хүсэл нь биелэж, бидний хэдэн нөхөд Япон хэл заалгуулж эрдмийн их шимийг хүртжээ. Даанч насан өндөр болсон багш маань энд 3 жил ажиллаад буцсан билээ.
Үнэхээр гайхалтай эрдэмтэн байсан гэдгийг миний уулзсан хүмүүс дотроос Монгол судлаач Японы Азийн Их Сургуулийн багш Койбүчи Жюничи багш сэтгэл хөдлөм яриаг дэлгэхэд, багшийнхаа амьдралд хугарашгүй ноён нурууг бахдаж билээ.
Багш өөрөө болохоор би ингэж зовсон, ийм тийм гэж ярьдаггүй даруухан нэгэн байв. Аргагүй "Эрдэмтэй хүн даруу Их мөрөн дөлгөөн" гэдэг тэр ажээ.
Одоо харин төрсөн нутаг болох Өвөрмонголдоо 80 гаруй насыг зооглон сэрүүн тунгалаг аж төрж байна. Түүгээр очсон хүн болгоноос шахуу биднийг асууж сургалан заримдаа гарын бэлгээ ч явуулсаар.
Багшдаа Монголын багш нарын баярын өдрийг тохиолдуулан эрүүл энх урт удаан наслахыг хүсье.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...