Thursday, July 19, 2007

Шансууд нисэж байна

Монгол улс маань үндсэн хуулиа өөрчлөн баталснаас хойш ард бид социализм, коммунизмын материал техникийн баазыг хөгжүүлэхэд бүх хүч чадалаа зориулах биш ардчилсан иргэний нийгэм байгуулна гэж хэвлэл мэдээлэл болон учир мэдэх хүмүүсээс сонссоор нилээд хэдэн жилийг ардаа орхижээ. Зах зээлийн нээлттэй эдийн засгийг хөгжүүлэх, түүн дундаа шударга өрсөлдөөнийг хөгжүүлснээр иргэний ардчилсан нийгэм байгуулах болно гэж товчхондоо ойлгож болох байх. Бид, бидний эцэг эхийн амьдарч байсан нийгэм маань хувийн өмчийг дэмждэггүй байсан болохоор бидэнд зах зээлийн нийгэмд шууд хөл тавихад мөнгө гэдэг зүйл хэнд маань ч гэсэн байхгүй байв. За тэгээд энэ яриаг түр хойш нь тавьж гол асуудалдаа орёо.
Бидний дээгүүр маш олон шансууд нисэж байдаг юм. Тэр шансууд гэдэг нь хөгжингүй орнууд буюу донор улсын хөрөнгө оруулагч нар юм л даа. Биднээс алхам хол илүү хөгжсөн улсын хөрөнгө оруулагч нар гэдэг бидэн шиг хөрөнгө мөнгөний нарийн учрыг мэдэхгүй хүмүүсдээ л багш. Багш ч гэхээс яахав. Тэдний амьдарч байгаа нийгмийг хар. Харин өөрсдийнхөө амьдарч байгаа нийгмийг нэг удаа эргэж хардаа. За нөгөө нисэж яваа олон шансууд хаана боломжтой газар байна тэнд нь бууя, хөрөнгө оруулж бусдыг өөд нь татъяа, өөрсдийгөө ч улам хөгжүүлье гэх. Гэтэл яг манай улсын дээгүүр нисэхэд, бөөн үүлтэй бүрхэг юу ч юм бүү мэд учир нь олдохгүй... Уг нь цаад хөрс нь сайхан, юм юм л байгаа болов уу гэж төсөөлөгдөхөөр...Өнөө шударга амьдарлаар амьдарч өрсөлдөж ирсэн хүмүүс яаж ийм тодорхой бус орчинд бууж хөрөнгө оруулалт хийх вэ дээ. Ингээд цаашаа үргэлжлүүлэн ниснэ. Харин ч бид хөх тэнгэрийн хүчээр өдий хүртэл эрч хүчтэй амьдарч байгаа ард түмэн болохоор хааяа нэг аз гийж шанс бууна. Тодорхой бус, манантай бүрхэг газар бууж байгаа хөрөнгө оруулагч гэдэг нь азаа туршихаас огт айхгүй, бидний ярьдагаар хүнд гарууд буугаад ирэх нь элбэг. Тийм болохоор Монголд элдэв цэнгээний үйлчилгээ эрхлэх газар, казино зэрэг нийгмийн хөгжилд сөрөг нөлөө бүхий бизнесүүд хөгжих суурь тавигдчихдаг нь үнэхээр харамсалтай. Ухаж бодох тусам сэтгэл яаж өвддөг гээч... Үүнийг яаж засах талаар саналаа хэлмээр байна. (Яагаав, хувьсгалыг байгуулахад хүн бүрийн хүчин чармайлт хэрэгтэй Д.Сүхбаатар хэлсэн гэдэг шүү дээ)

1. Эхлээд шударга өрсөлдөөнд оролцогч бүр цэгцтэй үнэн зөв тайлан балансаа гаргаж сурцгаая. Богинохон өгүүлбэрээр хэлэхэд амархан боловч хийхэд хэцүү шүү. Өнөөдрийн байдлаар манай жижиг компаниуд бараг өөрсдөө ч учрыг нь олохгүй шахам, ашиглах зориулалт нь өөр өөр тайлан баланстай. Гадны хүнд хэлэхээс, эрүүл хүн бол ичиж үхмээр. Том компаниудынх нь булхай болохоор гадны хэрэглэгчдэд тэр бүр мэдэгдэхгүй нарийн мафын байдалтай болчихсон. Бид зөв санхүүгийн мэдээлэл гаргаж өгвөл, хөрөнгө оруулагчийн сэтгэлийг татсан байгалийн баялаг бүхий өргөн уудам нутаг гэх мэт шудрага хөрөнгө оруулагчдыг татах зүйл манайд олон бий. Тайлан балансаа гадаад хэрэглэгчдэд үзүүлж судлуулах нь онолын хувьд тийм болохгүй зүйл биш шүү. Аж ахуйн нэгжийн орлого үр дүнгийн тайлан, балансыг үзээд ерөнхий багцаа авна уу гэхээс биш танай бизнесийн нууцад нэвтрэх боломж олдохгүй тул та үзүүлж л байх хэрэгтэй.

2. Хууль баталдаг 76 нөхрийн бүтэц зохион байгуулалтыг өөрчилөх. Тэд бол хувиа хичээгчид. Тэр хувиа хичээгчид дээр нэмэгдээд засгийн газар, шүүх засаглалын булхайчууд. Засаглал хуваах онолын 3 субьектийн болчимгүй үйл ажиллагаанаас болж дээр 1-д бичсэн бүхэн үүсчихээд байна. Үнэндээ бол, бусад хөгжингүй орнууд засаглал хуваах онолоор улс орноо хөгжүүлээд одоо бидний дээгүүр нисдэг шансууд болчихоод байна шүү дээ. Засаглалын онолыг манайх гуйвуулчихаад байгаа байхгүй юу даа...

3. Хэрвээ бид ядаж л тайлан балансаа зөв гаргаад сурчих юм бол азаа турших гэсэн олон хүнд гарын бизнесменүүд орж ирэхүй, харин шударга өрсөлдөөнийг эрхэмлэгч нар биднийг сонирхож, надад ийм ашиг гарах юм байна, түнш маань ингэж хожих юм байна гэсэн эдийн засгийн тооцоолол хийж чадах боломжтой болж, нөгөө шанс чинь манай дээгүүр нисэж өнгөрөхгүй, буулт хийнэ шүү дээ. Бид маргаашын өөхнөөс өнөөдрийн уушиг дээр гэж үзсээр... Урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж суух хооронд эх оронд маань гадны дээрэнгүй нөхдүүд орж ирээд байх шиг л санагдах юм даа.

No comments:

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...