Wednesday, May 1, 2013

Үми хотарү буюу "Далай дээрх Зайсан"-д бичсэн тэмдэглэл

Миний очих газруудыг жагсаасан жагсаалт дотор "Далайн хотарү" гэсэн үг байхаар нь "Хотарү" гэж юу вэ? хэмээн асуутал  хөтөлбөр хийсэн Япон "Аан, нэг тийм, шөнө гэрэлтдэг хорхой байдаг юм" гэж хайнгадуухан хэлсэн тул олон юм лавлаж асуусангүй. Дотроо харин гэрэлтдэг хорхойгоор  яадаг байнаа, үзэх л ёстой юм байхдаа ухааны юм бодоод өнгөрч билээ.
Доор "гэрэлтдэг хорхой" дээр очоод авсан зурагнаасаа орууллаа. 
Энэ бол Японы Кавасаки хот, Чиба хот хоёрыг далай дээгүүр холбосон байгууламж юм байна. Тэнд очсон хойноо, Далай дээрх "Зайсан" гэж би нэрийдэн, аялал жуучлалын нэгэн аятайхан цогцолбороор хагас өдөр тэнүүчлэв.
Кавасаки хотоос хурдны замаар гарч тунелиэр 9,5 км яваад "Үми хотарү"-д буудаг. Энэ тунель нь далай усан доор баригдсан байгууламж бөгөөд өгсөх, уруудах сөрөг урсгал бүхий хос тунель.
Кавасаки хотоос гарч Үми Хотарү-д буухад. Эндээс цааш Чиба хүртэл далай дээгүүр 5,3 км хурдны замаар явна.  Хөдөлгөөн шилжих энэ уулзварын урт 300 м орчим.
Үми хотарү-гийн нөгөө эрэг болох Кавасаки хот далайн цаан цайрна. Хоёр талаар нь Токио , Ёокохама хотууд үргэжилнэ.
Үми хотарү-гийн танилцуулга самбар, Японд хаана ч очсон танилцуулга самбарыг байрлуулсан байх юм билээ. Хүмүүс нь ч гэсэн маш их хэрэглэдэг, хэрэглээд дадчихсан юм билээ. 
Үми хотарү хүртэлх 9,5 км хос тунелийн агааржуулах байгууламж.
Тунелийн дотор талд, далай дээгүүр уг байгууламжийн засвар арчлалтыг хариуцсан компанийхан үзлэг хийж байгаа нь анзаарагдсан. Дашрамд хэлэхэд намайг дагуулж явсан хүмүүс манай Нарны гүүр дээр ажиллаж байсан хүмүүс учраас юуг үзүүлэх, юуг ойлгуулах ёстойгоо урьдчилан маш сайн бэлтгэсэн байв. Өөрсдөө ч тэр талын инженерүүд болохоор дагуулж явсан газрууд нь үлйдвэрүүд, бүтээн байгуулалтын ажлууд байсан ба Монголд санаа авч болох хамгийн хялбар загвараас нь танилцуулахыг оролдож байсан.
Тунелийн барилга байгууламжийг хийхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн тунель ухагч машины бүтэц зохион байгуулалтын зургийг байрлуулжээ.
Тунель ухагч машины ир. Наранд гялалзан онцгой содон шинжээ хадгалсаар зочидыг угтдаг юм байна. Аварга эд байсан. Диаметр нь 14,14 м. Манайхан Улаанбаатар хотдоо Метро барих гээд байгаа билүү. Тэгвэл иймэрхүү тунель ухагч хэрэг болох болов уу даа гэж санан, санан зургийг нь авсан юм.
Энэ бол ачаа тээврийн хөлөг онгоцонд ачаа ачихад чухал үүрэг гүйцэтгэдэг бага оврын онгоцууд. Ямар ч байсан том усан онгоц нь биш гэж ойлгосон. Монголоор юу гэх юм болдоо. Яруу сайхан Монгол хэл дээр буулгах гээд чадаагүй шүү. "Таагү боото" гэсэн Япон үгтэй хоцорсон.
Яагаад сайн ойлгосон бэ? гэхээр дараа нь жинхэнэ усан онгоц хийдэг үйлдвэр үзүүлж алмайруулсан шүү дээ.

1 comment:

Delgermaa Erka said...

сайхан зугаалжийгаам байнадаа үзүүлээд байгаарай бидэндээ

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...