Monday, July 30, 2007

Эрхээ эдлэхдээ бусдын эрхийг хүндлэ!

Машин зөрөхөд орчин мэдэгдэхгүйгээр тоос босож байв

Ямар ч барилгын ажил хийгдээгүй мөртлөө хэдэн арван км замыг хаасан байв.
150 км замд 3-4 газар л барилгын ажил хийгдэж байв.
Өнгөрдөг хагас сайнд Хархорин явлаа. Хархоринд зуншлага сайнгүй байгаа ч Эрдэнэ зуу дээр жуулчид их байлаа.
Ойрдоо халуун байгаа болохоор бид шөнө хагаслаж, Улаанбаатараас шөнийн 3 цагт хөдлөв. Хөдөө, гадаа явах дуртай би ажлын газрын 2 хүнийг явах уу? /ажлаар,2 Япон/ гэхээр агаар салхинд гарангааа, Хархарум хотын туурь ухаж байгаа гэнэ лээ... хэр их юм олдож байгаа бол гэсэн сониуч зан минь хөдлөөд явчихсан хэрэг л дээ.
Хотоос гараад дөнгөж "Эмээлт" даваад л зам засвар хийж байгаа бололтой замыг ундуй сундуй болгоод, хааж орхижээ. Тэгээд бүр Төв аймгийн Эрдэнэсант сум хүртэл шахуу дайнд нэрвэгдсэн мэт болгосон байхийн. Үгүй яахав дээ зам засаж байгаа нь сайшаалтай хэрэг.
Гэхдээ зам засварын ажлыг хийхэд учир байнаа, Юу гэвэл 150 км замыг нэг зэрэг хаах хэрэггүй шүү дээ. Гантай байгаа болохоороо ч тэр үү? Замын тоос гэдэг чинь үүд хоймрын зайтай газрын юм үзэгдэхгүй байгаа нь машин дотор зүгээр сууж байгаа хүнд тийм түвэгтэй байгаа юм чинь жолоочид ямар байх нь ойлгомжтой. Хуучин зам маань хичнээн муу ч гэсэн шороо тоос тийм их босохгүй шүү дээ. Манай Монголчуудын хэнэггүй зан уу! Гадны жуулчинд үзүүлдэг ганц түүх дурсгалын газар бол яах аргагүй Эрдэнэ зуугийн хийд, Хархарум хотын туурь. Тэр хүртэлх замыг ийм болгоод хаячихаар ирэх жил ирэх жуулчидын тоонд нөлөөлнө биз дээ.
Нэг хугацаанд хаагдсан байх замын хэмжээ нь 20 км байхаар тооцож төлөвлөгөө гаргаад 20 км-ээ дотор нь далан, суурь, асфальтон хучилт, ус зайлуулах төмөр бетон хоолойны ажил хийх ажлын 4 хэсэг болгон хувааж хийхэд л болно. За яахав төмөр бетон хоолой хийхэд бетоны техникийн шаардлагын үүднээс 28 хоногийн бат бэхийг турших, сорьцыг шахах хүртэл хугацаа орох боловч гэхдээ л бүхэл бүтэн 150 км замыг нэг зэрэг хаана гэдэг ажлын туршлагагүй, ямар ч гүйцэтгэлийн төлөвлөгөөгүй байгаа нь илт. Замаа сайжруулалгүй яахав. Гүйцэтгэж байгаа компани нь "ажлын зөвшөөрлөө авсан. Яах нь бидний дур" гэсэн маягтай байж болохгүй шүү дээ. Зоригчид бас аятай тухтай зорчих эрхтэй. Манай жуулчины компаниуд ч гэсэн ая тухтай байлгах гэж хичээдэг. Бас багагүй зардал чирэгдэл болж жуулчдыг авчирдаг. Зам засаж байгааг илэрхийсэн ямар ч тэмдэг тэмдэглэгээ байхгүй, зам дээр шороо овоолоод хаячихсан байх юм. Уг нь автозам барилгын ажлын үед хэрэглэх түр зам, ажлын нарийвчилсан график, зам хаасан үед хэрэглэх тэмдэг тэмдэглэгээ зайлшгүй байх шаардлагатай. Гэтэл 150 км замыг хаасан мөртлөө Улаанбаатараас "Хүй долоо худаг" орчимд "орохыг хориглоно" гэсэн маажгий тэмдэгээс өөр юу ч тавиагүй байх юм. Бас болоогүй ээ тэр тэмдэгээ зам дээр асгасан шороон дээрээ суулгачихсан байгаа юмаа. Монгол хүн хэнэггүй болохоороо зам засвар хийж байна гэж ойлгох боловч гадны хүмүүс юу гэж ойлгох бол? Хүний эрхийг бүдүүлэг зөрчиж байна гэж бодож байгаа л болов уу даа. (Хамт явсан 2 Япон "Энэ барилгын ажил зөвшөөрөлтэй болов уу" хэмээн хоорондоо ярилцахаас үзвэл...) Бид эрхээ эдлэхдээ бусдын эрхийг ялимгүй мэт боловч зөрчөөд байдаг юм биш үү? Өөрийн эрхийг эдлэхдээ бусдын эрхийг хүндлээрэй хүмүүс ээ!

Friday, July 27, 2007

Ээжий аавын унаган нутаг

СУМАН ГОЛ ЧУЛУУТ ГОЛТОЙ НИЙЛЭХИЙН ӨМНӨХ ХЭСЭГ



СУМАН ГОЛ


ХОРГО УУЛ


ТЭРХИЙН ЦАГААН НУУР

АШИГ ШИМТ ХАЙНАГ

ТЭРХИЙН ЦАГААН НУУР

ӨВГӨН ХАД
Миний аав Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур бригадын "Сүүл толгой" гэдэг газар, ээж маань Архангай аймгийн Тариат сумын Мөрөн бригадын "Гуа" гэдэг газар төржээ. Харин би өөрөө Тариат сумын "Хорго" төрөхөд төрсөн байхиймаа. Яаж ч бодсон унаган Архангайчууд. Аав, ээж маань сургууль соёлын мөр хөөж бид хотод амьдарсаар бараг нутагтаа очилгүй миний хувьд 10 жил болж байна. Сүүлд нэг ажлын шугмаар хальт шүргээд гарсан. (Тариатын төвөөс бензин авах гэж) Очсон хүн саатан суумаар нутаг шүү. Ингээд өөрийнхөө мэдэх хүрээнд төрсөн нутгийнхаа сайхныг бичье.
Хангай нуруунаас эх авсан Хойд, Урд Тэрхийн голын урсгал Хорго галт уулын халуун хайлмал бодисод боогдон үүссэн цэнгэг уст нуур, урт нь 16 км, өргөн нь 4-10 км 61 ам дөрвөлжин км талбайтай, гүн нь 20 гаруй метр, далайн түвшинээс дээш 2060 м өндөрт оршидог. Тэрхийн цагаан нууртаа цурхай зэрэг Сэлэнгийн савын загасаар баялаг. Нүүдлийн болон ховор шувууд амьдардаг. Нуурын толгой нь Хоргын дархан газарт багтдаг ба аавын төрсөн газар болох "Сүүл толгой" нь нуурын толгой хэсэгт ордог юм Хотын энэ халуун бол тэнд болохгүй шүү дээ. Сэв сэв үлээсэн сэрүүн сайхан салхитай, галт уулын хүрмэн чулуун хавцал дундуур урсах түргэн урсгалт цэнгэг голууд нь сэтгэлд өөриймсөг шүү. Төрсөн нутагаа гэж...
Тариат сумын төвийн араар түргэн урсгалт "Суман" гол урсана. Суман гол загасаар элбэг, тул хүртэл бий. Суман гол маань Чулуут голтой нийлдэг.
Сарлаг үхэр их бий. Хэдэн жилийн өмнө "Түмэн сарлагийн баяр" хийсэн. Тэгэхээр 10,000 хол давсан гэсэн үг. Бас сарлаг Монгол үхрийн дундаас гаргаж авсан ашиг шимт хайнаг ч байдаг. Сүү нь сарлагийнх шиг тослогтой, биеэр том, уналага ачлагат тохирох хүч чадалтай мал шүү. Нутгийнхан цагаан эдээ боловсруулахдаа намайг магтсан магтаагүй, улс даяар андахгүй сайн мэднэ. Эдээ боловсруулах гэснээс манай ээж хэдий сургууль соёл гэж явсан ч гэсэн малын ашиг шимыг сонгодог утгаар нь хэрэглэж, өөрөө боловсруулж чаддаг шүү. Хотод амьдардаг хөдөөнөөс гаралтай хүмүүс голдуу хөндий болчихоод байдаг юм. Сумын нутаг дэвсгэр нь хуучин Цахир сумыг оруулдаг байхад одоогийн Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэртэй тэнцэхээр байсан. Архангай аймгийн төвөөс 190 км, хамгийн арын сумдын нэг юм.

Thursday, July 19, 2007

Шансууд нисэж байна

Монгол улс маань үндсэн хуулиа өөрчлөн баталснаас хойш ард бид социализм, коммунизмын материал техникийн баазыг хөгжүүлэхэд бүх хүч чадалаа зориулах биш ардчилсан иргэний нийгэм байгуулна гэж хэвлэл мэдээлэл болон учир мэдэх хүмүүсээс сонссоор нилээд хэдэн жилийг ардаа орхижээ. Зах зээлийн нээлттэй эдийн засгийг хөгжүүлэх, түүн дундаа шударга өрсөлдөөнийг хөгжүүлснээр иргэний ардчилсан нийгэм байгуулах болно гэж товчхондоо ойлгож болох байх. Бид, бидний эцэг эхийн амьдарч байсан нийгэм маань хувийн өмчийг дэмждэггүй байсан болохоор бидэнд зах зээлийн нийгэмд шууд хөл тавихад мөнгө гэдэг зүйл хэнд маань ч гэсэн байхгүй байв. За тэгээд энэ яриаг түр хойш нь тавьж гол асуудалдаа орёо.
Бидний дээгүүр маш олон шансууд нисэж байдаг юм. Тэр шансууд гэдэг нь хөгжингүй орнууд буюу донор улсын хөрөнгө оруулагч нар юм л даа. Биднээс алхам хол илүү хөгжсөн улсын хөрөнгө оруулагч нар гэдэг бидэн шиг хөрөнгө мөнгөний нарийн учрыг мэдэхгүй хүмүүсдээ л багш. Багш ч гэхээс яахав. Тэдний амьдарч байгаа нийгмийг хар. Харин өөрсдийнхөө амьдарч байгаа нийгмийг нэг удаа эргэж хардаа. За нөгөө нисэж яваа олон шансууд хаана боломжтой газар байна тэнд нь бууя, хөрөнгө оруулж бусдыг өөд нь татъяа, өөрсдийгөө ч улам хөгжүүлье гэх. Гэтэл яг манай улсын дээгүүр нисэхэд, бөөн үүлтэй бүрхэг юу ч юм бүү мэд учир нь олдохгүй... Уг нь цаад хөрс нь сайхан, юм юм л байгаа болов уу гэж төсөөлөгдөхөөр...Өнөө шударга амьдарлаар амьдарч өрсөлдөж ирсэн хүмүүс яаж ийм тодорхой бус орчинд бууж хөрөнгө оруулалт хийх вэ дээ. Ингээд цаашаа үргэлжлүүлэн ниснэ. Харин ч бид хөх тэнгэрийн хүчээр өдий хүртэл эрч хүчтэй амьдарч байгаа ард түмэн болохоор хааяа нэг аз гийж шанс бууна. Тодорхой бус, манантай бүрхэг газар бууж байгаа хөрөнгө оруулагч гэдэг нь азаа туршихаас огт айхгүй, бидний ярьдагаар хүнд гарууд буугаад ирэх нь элбэг. Тийм болохоор Монголд элдэв цэнгээний үйлчилгээ эрхлэх газар, казино зэрэг нийгмийн хөгжилд сөрөг нөлөө бүхий бизнесүүд хөгжих суурь тавигдчихдаг нь үнэхээр харамсалтай. Ухаж бодох тусам сэтгэл яаж өвддөг гээч... Үүнийг яаж засах талаар саналаа хэлмээр байна. (Яагаав, хувьсгалыг байгуулахад хүн бүрийн хүчин чармайлт хэрэгтэй Д.Сүхбаатар хэлсэн гэдэг шүү дээ)

1. Эхлээд шударга өрсөлдөөнд оролцогч бүр цэгцтэй үнэн зөв тайлан балансаа гаргаж сурцгаая. Богинохон өгүүлбэрээр хэлэхэд амархан боловч хийхэд хэцүү шүү. Өнөөдрийн байдлаар манай жижиг компаниуд бараг өөрсдөө ч учрыг нь олохгүй шахам, ашиглах зориулалт нь өөр өөр тайлан баланстай. Гадны хүнд хэлэхээс, эрүүл хүн бол ичиж үхмээр. Том компаниудынх нь булхай болохоор гадны хэрэглэгчдэд тэр бүр мэдэгдэхгүй нарийн мафын байдалтай болчихсон. Бид зөв санхүүгийн мэдээлэл гаргаж өгвөл, хөрөнгө оруулагчийн сэтгэлийг татсан байгалийн баялаг бүхий өргөн уудам нутаг гэх мэт шудрага хөрөнгө оруулагчдыг татах зүйл манайд олон бий. Тайлан балансаа гадаад хэрэглэгчдэд үзүүлж судлуулах нь онолын хувьд тийм болохгүй зүйл биш шүү. Аж ахуйн нэгжийн орлого үр дүнгийн тайлан, балансыг үзээд ерөнхий багцаа авна уу гэхээс биш танай бизнесийн нууцад нэвтрэх боломж олдохгүй тул та үзүүлж л байх хэрэгтэй.

2. Хууль баталдаг 76 нөхрийн бүтэц зохион байгуулалтыг өөрчилөх. Тэд бол хувиа хичээгчид. Тэр хувиа хичээгчид дээр нэмэгдээд засгийн газар, шүүх засаглалын булхайчууд. Засаглал хуваах онолын 3 субьектийн болчимгүй үйл ажиллагаанаас болж дээр 1-д бичсэн бүхэн үүсчихээд байна. Үнэндээ бол, бусад хөгжингүй орнууд засаглал хуваах онолоор улс орноо хөгжүүлээд одоо бидний дээгүүр нисдэг шансууд болчихоод байна шүү дээ. Засаглалын онолыг манайх гуйвуулчихаад байгаа байхгүй юу даа...

3. Хэрвээ бид ядаж л тайлан балансаа зөв гаргаад сурчих юм бол азаа турших гэсэн олон хүнд гарын бизнесменүүд орж ирэхүй, харин шударга өрсөлдөөнийг эрхэмлэгч нар биднийг сонирхож, надад ийм ашиг гарах юм байна, түнш маань ингэж хожих юм байна гэсэн эдийн засгийн тооцоолол хийж чадах боломжтой болж, нөгөө шанс чинь манай дээгүүр нисэж өнгөрөхгүй, буулт хийнэ шүү дээ. Бид маргаашын өөхнөөс өнөөдрийн уушиг дээр гэж үзсээр... Урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж суух хооронд эх оронд маань гадны дээрэнгүй нөхдүүд орж ирээд байх шиг л санагдах юм даа.

Saturday, July 14, 2007

Монгол наадам (сурын харваа)


Эрийн гурван наадмаас арай хоцорч хөгжиж байгаа нь сурын харваа байхаа. Жирийн нэгэн наадамчин тэр болгон сурын талбай руу явахгүй шүү. Сурын харвааг хөгжүүлэх талаар тэр сур харваад, бай шагнал аваад байгаа харваачид болон зохин байгуулагч нар боддог болов уу? Уг нь бас нэг нарийн учир утгатай эд байгаа байхдаа. Сурын талаар ойр зуурын сонинг дуулгаж байгаарай блогчид оо! Миний мэдэхийн Р. Гончигдорж гишүүн сурын харвааны талбайгаар жил бүр очиж сум тавьдаг гэж сонссон юм байна. Юун төлөө эрийн гурван наадам билээ дээ. Нэгийг нь огт мэдэхгүй байна гэж муухай даа. Уг нь урайнхай сураас бусад сурд эмэгтэй хүн ч харваж болдог гэсэн. Сайн танилцуулбал би ч гэсэн харвах гээд явах ч юм билүү. Хэ хэ хэ

Монгол наадам (хурдан морь)


Энэ жилийн наадмаар хурдан морьны барианы зурхай явсангүй. Телевизээр бол харсаан. Бүгд л харсан юм чинь тэрийг энд бичээд яахав. Би наадам хэсээд явахгүй ч гэсэн хаяа хурдан морь үздгиймаа. Барианд орж байгаа байгаа хүүхэд, морьдыг хараад нөгөө сэтгүүлч Ш. Гүрбазарын хэлснээр самсаа шархирана шүү дээ. Арга ч үгүй биздээ Монголчууд тэгж наадаж, бүтэн жилийнхээ стрессийг тайлдаг юм шиг байгаа нь. Өөрийн эрхгүй самсаа шархирч уйлах чинь нүүдэлчин бидний асар том соёлын минь нэг хэсэг шүү дээ. Гадны хүн дагуулаад хурдан морь үзүүлж үзсээн би. Тэд нар бол "хөөрхий дөө" гэхээс биш нүдэнд нь нулимс гялтахгүй шүү дээ. Би Монголчуудынхаа энэ нялхамсуу занг нүүдэлчид стрессээ ингэж л тайлдаг юм байна гэж ойлгодог. Харин та бүхэн минь юу гэж боддог вэ? Монгол наадам минү зээ...

Монгол наадам

Их Монгол улс байгуулагдсны 801 жилийн ой, Ардын хувьсгалын 86 жилийн ойн баяр болж шинэ залуу арслан, заан, начин төрсөн сайхан наадам болж өнгөрлөө. Нар хур тэгширсэн наадмын дэнжнээ хүчит 512 бөх эр бяраа сорьсоноос Хөвсгөл аймгийн Шинэ идэр сумын харьяат, Хүч спорт хорооны бөх, Монгол улсын заан Мөнхбаатар түрүүлж, Доржсамбуу заан үзүүрлэж, Монгол бөхийн хорхойтнуудын тааврыг зад эвдэж сүүлийн хэдэн жил болоогүй сайхан наадам боллоо. Сайхан наадам гэдгийн учир нь өнөө ахмад бөхчүүд аврагуудаас наадамд түрүүлээгүйд оршиж байгаа юм. Наадамчин олон маань уйдамхай ч юм уу хаашаа учиртай юм бүү мэд, нэг хүн үргэлж түрүүлэх нь сонирхолгүй байдаг бололтой. Нэг юмуу хоёр бөх дараалан наадамд түрүүлээд байвал "найраа" энэ тэр гээд яриа гараад ирнэ шүү дээ. Бас арга ч үгүй байх л даа. 512 бөх барилдаж байгаа болохоор... Шинэ арсланд Цагдаагийн хошууч цолыг Цагдаагийн Ерөнхий Газраас олгосон байна лээ. Юутай ч олон жил хүлээсэн шинэ арслан төрлөө. Энэ жилийн наадмыг найраатай болсон гэж хэлэхгүй биздээ та минь ээ! Хурай, хурай, хурай хэмээн жирийн наадамчин хурайлах авай.

"Хулгар шар"-ын тухай

Хөөрхий дөө ховордсон болохоор нь нэрээр нь хэлэхээс ч цээрлэж олны хэлсэнчилэн "Хулгар шар" гэж нэрлэе. Намайг багад хулгар шар бараг л гэрт орох нь холгүй хөдөө гэрийн эргэн тойрон зөндөө л байдаг байлаа. Хараа муутай өвгөд ч гэсэн уран аргаараа ангачихдаг байсан санагдана. Сая наадмын амралтаар хөдөө гарахдаа хулгар шарыгаа харлаа. (сайндаа ч биш би чинь үйлийн үргүй дуртай золиг байгаа юм) Нүдэнд юу ч торсонгүй. Харин нэг хярс тааралдсан чинь аав маань "зайлуулдаа гавартай, хөхүүл юм байлгүй дээ ноолорсон ядарсан ч амьтан байна даа" гэв. Тал дүүрэн байсан хулгар шарыг элбэг байхад нь өөрийгөө ийм их хорхойсно гэж огт санаагүй байжээ. Хулгар шарын тухай яриа гарахаар аав "Арьс үснээсээ болж амиа сүйтгүүлчихсэн амьтандаа зайлуул. Олон ч хүнийг мөнгөтэй болгосондоо. Хулгар шарын ачаар мөнгөтэй болсон хүмүүс олон болохоор арга хэмжээ авч, өсөж үржих байлгүй дээ гэх..."
Гэхдээ тэдгээр мөнгөтэй бологсдыг хараад байвал би лав хорхойгоо дарж чадахгүй хэдэн жил болох юм шигээ. Манайхан арай дэндүү юмаа тийм их байсан юмыг нэгийг ч харагдуулахгүй болгочихдог. Над шиг "гэмгүй хорхойсогч"-оос болж ховордохгүй л амьтан даа. Гэхдээ баян хангай юм болохоороо нэг хэсэг нутагт нь байхгүй байсан ч өөр газарт нь байгаа л гэнэ лээ.
Зарим хүмүүс тахал энэ тэр гэж сүйд болдог юм. Тэр тахал чинь бас хүмүүсийн буруу хэрэглээнээс болж гардаг гэсэн. (муу анчин шархдуулах зэргээс болдог гэж байгаам ) Ер нь тэгээд байгалийн шалгарлын хуулиар сул дорой нэгийг нь чоно, нохой барьж, нэг хэсэг хугацааг өнгөрвөл уг нь хурдан өсдөг амьтан гэнэ лээ шүү. Хулгар шар минь өсөж үржих болтугай.

Tuesday, July 10, 2007

Сайхан наадаарай!

Ойрдоо ажил, сургууль гэж гүйгээд хотоос гарч агаар салхинд ч гарч чадахгүй их удлаа. Манай ажил 11, 12, 13-ны өдрүүдэд албан ёсоор амрахаар болж байгаа. Тэгээд аав, ээжийнхээ байгаа Багануурт очиж амрахаар зэхээд байна. Надад ээлжийн амралт олддоггүй ээ. Яагаад гэвэл би нөгөө эчнээд явах гээд амралтаа авчихдаг болохоор надад наадмын амралт маань урт амралт болчихоод байна. Хэ хэ хэ. За тэгээд 3 хоногт сайхан амраад дэнж хотойлгосон их наадмын дэндүү олон сонин сайхныг та нартайгаа ирж байгаад хуучилъяа. Морь хурдан, сум мэргэн, бөх хүчтэй байх болтугай. Та бүхэн сайхан наадаарай.

Friday, July 6, 2007

Ангийн андууд минь хаана явна?

Ташкентын вокзал
Зуны халуун болоод ч тэр үү махан хоолноос заримдаа уйдах юм. Тэгээд сайхан жимс идэх юмсан гэхээр нөгөө л муу нэртэй хятад жимс Улаанбаатараар дүүрэн байх юм. Жимс гэснээс миний очсон газрын хамгийн тансаг жимс жимсгэнэтэй газар бол Дундад азийн улсууд буюу Казакстан, Узбекстан. Тэр дундаа Ташкентын хүнсний базар шиг тансаг гэхэд түүнээс илүү үг байдаг бол олоод хэлмээр л тийм базарыг би дахин үзэлгүй 15 жил болж байхийм. Нэрийг ч сайн мэдэхгүй төрөл зүйлийн жимснүүд өчнөөн төчнөөнөөрөө. Хамгийн гол нь тэндхийн газар эх үнэхээр үржил шимтэй болохоор одоогийн энэ хятад ногоо, жимс шиг элдвийн бордоогоор бордоогүй жинхэнэ гарын бүтээгдэхүүнүүд. Гэхдээ би Монголынхоо газрыг үржил шимгүй гэж хэлээгүй шүү. За тэгээд тэнд байгаа шийгуа л гэхэд хажууд нь зарж байгаа хүнийх нь толгой жижигхэн аяга шиг бас гүзээлзгэнэ л гэхэд эрэгтэй хүний атгасан гарын чинээ том, усан үзэм гэхэд улаан, ногоон, хүрэн өчнөөн сортынх, за тэгээд тал нутгийн бид нар ямар нэрийг мэдэх биш тийм олон нэр төрлийнх. Ташкентын базарт ороод эхнээс эхлээд тойроод гарахад элбэг 3 цаг болно. Зарж байгаа хүмүүс нь Орос бабуля эсвэл том эрээн цоохор алчууртай Узбек авгай нар авахгүй ч гэсэн амсаач гэж гуйгаад л... Амсаж явсаар бүр гэдэс дүүрээд жимс идсээр байгаад хэл хорсоно гээч. Хамгийн гол тэд нар өөрсдөө гэртээ тарьсан гарын бүтээгдэхүүнүүд нь шүү дээ. Бас дээрээс нь маш хямдхан. Манай сургуулын талбай дүүрэн жимсний моднуудтай байж билээ. Тэнд слив буюу чавга, алим, усан үзэм, өө тийм бас хушга ургадаг байсан юм. Ер нь тэнд гудамжнаасаа жимс идчихэж болохоор. Гэхдээ тэндхийн хүмүүс гудамжнаас жимс иддэггүй юм билээ.

Манай ангийнхан алим хураалтанд яваад... Алим хураах хамгийн сонирхолтой дороо л сав дүүрчихдэг юм. Бид нар 11 сарын дундуур алим хураагаад явж байлаа. Өвөл нь сайхан зөөлхөн уур амьсгалтай. Тэнд хамт байсан ангийн андууд минь үүнийг унших юм бол ч....Хуучнаа дурсаж бут авах байхдаа гэж мөрөөдөөд.

Thursday, July 5, 2007

Сайн ойлгоод дараа нь тайлбарла!

Өнөөдөр танилынхаа блогоор орж хэслээ. Тэгсэн чинь Монголд байхдаа авсан фото зураг бас сэтгэгдлээ бичжээ. Зарим нэг Монголын ёс зан заншилыг буруу ойлгосон бололтой юм. Сайн тайлбарлаж чадаагүй бидний хэдэн орчуулагч нарын буруу л даа. Ер нь бид нар өөрсдөө ёс заншилаа дагадагч гэсэн гүн утга учрыг ойлгохгүй зүйл их байх юмаа. Тэр гүн утгыг нь олоогүй зүйлээ олигтой тайлбарлахгүй хаячихаар л тэр хүндээ буруу ойлголт болоод үлдчих юмаа. Хаа ч очиж Япончууд гадны ёс заншилыг ойлгодог хүмүүс. Монгол ёсонд таарахгүй гэвэл нэг их зөрөөд байдаггүй юм.Тэгж бодоод өнөөдөр хэр чинээгээрээ л хөөрөгний тухай тайлбар хийлээ. Мэдэхгүй зүйлээ сайн судлаад би тэр талаар тодруулсан гээд засаад өгөөд байвал нтернетэд буруу хазгай мэдээлэл тавигдахаас сэргийлэх л юм байна. Залхуурахгүй асууж сураглаж, уншиж бүрэн мэдээлэл хүнд өгөх нь зөв биздээ?

Миний тухай

Шинээр блог нээж байгаа болохоор өөрийнхөө тухай бяцхан танилцуулга хийвэл зүгээр юм шиг байна. Мэргэжил гэвэл багш. Япон хэл жаахан мэднэ. Түүнийгээ ажил дээрээ ашигладаг. Аа тийм би чинь оюутан. Нягтлан бодогч болно гээд эчнээгээр сураад байгаа. Эчнээ гэхээр хүмүүс "Хэцүү даалгавар" кино гэж боддог шиг байгаан. Яг тэр кино биш ч гэсэн хөөрхөн гүйлгэнэ шүү. Хичээлийн хувьд амьдралтай ойрхон болохоор анх сургуульд орохдоо бодож байснаас илүү сонирхолтой шүү. Яагаад эчнээг сонгосон бэ гэвэл үр зулзагаа тэжээхийн тулд ажлаа хийх, бас 30 гарчихаад 19, 20-той хүүхдүүдтэй суралцах тохиромжгүй гэж үзээд тэр. Уг нь өдрийн хөтөлбөрт илүү сурах боломжтой юм билээ.
Блогтоо өгсөн нэрнийхээ тухай дараа дараагийнхаа бичлэгт оруулнаа. Сайн бэлдэж байгаад. Блогоор олон найзтай болох болтугай.
...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...