Thursday, January 27, 2011

Хүсвэл, бүртгэл хүртэл будилна

Би хоёр эмэгтэй дүүтэй, бид гурвын нэрийг эцэг эх маань өгөхдөө том охин болох миний эхний нэрийн араас дүү нарын нэрийн хоёрдохь нэрийг залган өөрчилж өгсөн, хэн ч сонссон сонсголонтой, бас нэг эцэг эхтэй гэж мэдэгдэхээр, царай зүсийг минь зэрвэс харсан хэн гуай ч андуурдаг юм л даа.

Царайны хувьд бол ямар ч банкны ажилтан андуурдаг тул хэн завтай нь нөгөөгийнхөө иргэний үнэмлэхийг авч яван банканд гүйлгээ хийж, ажил төрлөө амжуулдаг нэг муу зуршил бий.

Гэтэл энэ шинэчилсэн бүртгэл гээчид бүрэн бүртгүүлбэл бид гурвын солигдох асуудал огт ор сураггүй болох юм байна, хурууны хээ авсан болохоор тэр асуудал ямар ч найраагүй болжээ, гэж яриад сууж байтал дунд охин дүү маань “Ашигүй дээ, Заяа эгчийн элдэв ажилд явахгүй амар болж “ гэж миний ундууцлыг төрүүлж байсан нь дөнгөж өнгөрсөн намар болсон яриа.

Тэгсэн чинь манай дунд дүү өчигдөр орой надруу утсаар ярьж, та амарч байгаа бол иргэний бүртгэл мэдээллийн төв явж, надад дугаар аваад өгөөч. Миний нэр ...................далай гэж бүртгэгдсэн байна гэнэ. (Уг нь .......................жаргал гэдэг байхгүй юу) Би ойрдоо ажил ихтэй, явах завгүй болоод байна. Манай гэрийнхнийх бүгд зүгээр, нөхрийгөө хэлж, ядаж байхад дандаа томилолтоор яваад, гэж урсгав.

Нэр солигдсон гэдгийг сонсоод, овгоо солиулсан гашуун сургамж бодогдон, яахаараа тэгдэг юм болоо? баларсан юм гэж дэмжин бачуурвал, манай дүү бас тэгж байгаад тайван бодь нөхөр шүү. Урдаас харин,

Би арван жилд байхдаа, миний нэрэнд “л, р” гээд баахан гийгүүлэгч орсон онцгүй нэртэй, хүн хэлэхэд ч хатуу, би ерөөсөө .........................далай гэвэл их гоё сонсголонтой сайхан нэртэй болох юм байна гэж найз нартаа ярин нэг өдөр цаас дүүрэн нэрээ бүүр ..............далай гэж бичин гарын үсгээ зурж үзэн, өөрөө өөртөө өгсөн нэрэндээ гарын үсгийн хэвтэй ч болж гэнэ. Тэрнээс болсон юм байхдаа, миний тэр дэмий эрээчиж, өөртөө өгсөн нэрээр иргэний бүртгэлд намайг бүртгэчихсэн байхын... гэж авдаг байна шүү. Сонин юмаа, арван хэдэн жилийн өмнө ингэж сольмоор байна гэж жинхэнээсээ бодсон юм байхдаа, нэрийг нь үнэхээр тэгж зөрүүлж оруулаад байхдаа яахав дээ, гэж бодлоо.

Худлаа юмыг мянга ярихаар үнэн болдог гэгчээр гэж хэлээд, чи өөрөө аргалж явахгүй бол би ажилдаа орчихсон, амжихгүй, ер нь ч яах гэж эцэг эхээс оноосон нэрээ чи өөрөө голсын бэ? гэтэл их дурамжхан цагаан сарын дараа болохоос гэв.

Ингэхэд энэ иргэний бүртгэл гэж ямар янзын орон гаран нөхдүүд ажилдаг газар вэ? Хүний нэр ч зөв оруулчихгүй, гэтэл юун орон гаран гэж,...Орох ч үгүй дандаа гарч байдаг юм шиг байна шүү гэж дүү маань ундууцан хариулав.

Тэгж, хэлэхээс яахав дээ, ямар нэрээ тийм болгох гэж тэдэнд хэлсэн биш, арай хэтэрхий юмаа, энэ бүртгэл мэдээллийнхэн.

Tuesday, January 18, 2011

Ногоон нүдэн лам буюу нагац ээжийн тухай мартагдсан дурсамж

"Ногоон нүдэн лам" романыг гоё ном байна гэж сонсоод удсан ч уншиж амжихгүй байсаар саяхан уншлаа.
Хэлмэгдүүлэлт, түүний дотор лам нарыг хомроглон баривчлан хэлмэгдүүлсэн тухай их тодорхой болгон уран сайхны хэлбэрт оруулан бичжээ. Нэг л уншиж эхэлвэл одоо яах бол гэж догдлон уншсаар суудал дээрээ дуусгах ном юм байна.
Зохиолыг үнэн бодит түүхээс сэдэвлэсэн гэж бодохоор тухайн цаг үед болж байсан үйл явц жирийн ард иргэдийн сэтгэл санаанд гүн нөлөөлөл үлдээсэн гэдэгтэй санал нэг байнаа.
Энэ номыг би бараг хамгийн сүүлд уншсан байхаа, тийм болохоор романы тухай биш нагац ээжийнхээ тухай оруулж байна.
Нагац ээж минь бурханы оронд очоод 22 жил болжээ.

Номыг уншиж дуусмагц миний дотор янз янзын бодол хөвөрч байнаа.

1-р дурсамж:

Би 8,9-р ангид байсан тэр жил миний нагац ээж манайд гэрт өвөлжсөн юм.

Тэр үед “Эдлэх ёсгүй эрх” гэж телевизийн жүжиг гарч гэрээрээ үзэв.

Тэр жүжгийн үйл явдалд ардын засаг мандсаны дараах үеийн үйл явдлууд гардаг бөгөөд тодруулбал нэгэн сургуулийн багшийн тухай өгүүлдэг. Тухайн үед лам нарын бослого болох болсон үндсэн шалтгааны нэг болох ардын засгаас авч хэрэгжүүлж буй сүм дуган устгах, бурхан тахил, эд хөрөнгө хураах зэрэг үйл өрнөдөг.

Нагац ээж минь угийн тайван, юмны сүүлд дуугарч байдаг буянтай буурал байлаа. Бид нар аав, ээжээсээ тэр жүжгийн талаар асууж тухайн үед яг саяны жүжигт гардаг шиг үйл явдал болж байсан болов уу? хэмээн гэр дотор сонирхолтой яриа өрнөхөд бидэнд, болсон явдлыг үзсэн хүний хувиар нагац ээж минь нэгэн яриаг ярьж өгсөн нь Ногоон нүдэн лам романы уншихад санаад орж ирлээ.

Нагац ээж айлын ганц охин доороо нэг эрэгтэй дүүтэй байсан гэнэ. Дүү нь танхимд суралцаж, нагац ээжийн аав өртөөнд улаа хийн тэднийх өртөөн дээр байдаг байжээ.

Айлуудын бурхан тахил хураах, хүүхдүүдийг танхимд суулгах үйл явдлууд яг болдог байж гэнэ.

Манай тэнд Залаа хэмээх догшин хайрхан байх бөгөөд Тариатын хүрээний лам нарыг мөн л хоморголон баривчилжээ. Тэднийх өртөөн дээр байдаг байсан болохоор замын хүмүүс бүгд дайрдаг тул нагац ээж тэр явдлыг харж байсан хүмүүсийн нэг нь ажээ.

Залааг даваад лам нарын шар улаан алагласан давалгаа гарч ирэхэд өртөөнийхөн ч ажлаа базаан, угтахад бэлтгэдэг байсан гэнэ. Улаан шар л болохоос нуурын давалгаа давалгааж буй мэт давалгаалан өртөөн дээр буудална. Хэдий баригдаад явж байгаа ч нутгийн хүмүүс болохоороо хянагч нарын хойгуур урдуур гарч таньдаг мэддэг хэн явж буйг мэдэхийг оролдон чадах ядахын хэрээрээ өл хоол залгуулахыг хичээдэг байжээ.

Нуурын усны давалгаа шиг тэр олон лам нарыг барьж явсан мөртлөө хүн бараг эргэж ирээгүй, бас бурхан тахил эд хөрөнгө хураах нь хатуу ширүүн байсан тул жирийн иргэд аль болох ая талыг хичээн царайчлан амьдрах болжээ.

2-р дурсамж:

Тухайн үед авсан сэтгэлийн хүнд шарх нагац ээжийн минь сэтгэлд гүн үлдэн шүтэх шүтээнээ авдартаа хийн гэртээ ил тавьдаггүй байсаныг нь би сайн мэднэ.

Нэгэн удаа нутгийнхан “Тарган” хэмээдэг Цэрмаа гуайнд нагац ээж бид хоёр очлоо. Тэр үед би сургуульд ороогүй байсан ч болж буй явдлыг там тум санахын бодоход 5-6 настай байсан болов уу даа.

Цэрмаа гуайнд бараг өдөржингөө ном уншуулж, Цэрмаа гуай хонх цохин, нагац ээж бид хоёр мөргөн бөөн юм болов.

Би жаахан хүүхэд байсан тул сүүлдээ ядраад унтаад өгчээ. Нэг сэрэх нь ээ нагац ээж Цэрмаа гуай хоёр цагаан будаатай шөлтэй хоол идэхэд бэлэн болгож бид гурав хамт хооллосон юм. Тийм гоё будаатай шөл дахин идээгүй мэт санагдана. Өлссөн байсных уу, эсвэл номын хүчийнх үү?

Хоол идээд нагац ээжийн хамт харихаар явах замдаа асуусан асуултаа сайн санадаггүй юм. Хөөрхий нагац ээж минь “Миний охин хоёул жаахан амаръя” гээд амрах зуураа чулуун (манай нутаг үхэр чулуу ихтэй сумын төвд ч гэсэн их байдаг) дээр суун хэлсэн нь одоо ч санаад илхэн.

Миний охин өнөөдрийн болсон явдлыг (ном уншуулж, хонх дамар болсоныг ) хэнд ч бүү хэл, хэрэв чи хүнд хэлвэл аймаг дээр байгаа аав ээж хоёрыг чинь шоронд хийдэг юм. Шорон гэж ямар аймар газар болохыг миний охин мэдэхгүй, хэрэв тэнд хүн орвол их зовно, хоол унд хомс, өлөн зэлмүүн байлгаж, хүнд ажил хүчээр хийлгэн, өөрийн хүслээр охинтойгоо ч уулзах эрхгүй болж, миний охиныг харж хандах хүнгүй хэцүүднэ гэх зуураа амандаа маани уншина. Тэгээд энэ тухай ээждээ ч хэлэх хэрэггүй шүү. Ээж аав нь зовохын нэмэр, миний охин ч энэ тухайгаа битгий бод хэмээн ятгах гуйлт, хөөрхий нагацын минь нүдний гунигтай харц, Ногоон нүдэн ламыг уншихад санаанд орж ирлээ.

Мэдээж би ээждээ ч тэр тухай яриагүй бөгөөд саяхан ээжээс асуувал, манай нутгийнхан Цэрмаа гуайг хуучны номтой хүн гэдэг байсан гэхээс өөр гоц содон зүйл ярихгүй байгаагаас үзвэл би тэр тухайгаа хэнд ч хэлээгүй юм шиг. Хүүхэд байсан болоод тэр биз, би тэр яриаг тас мартсан ажээ.

Тэр үеийн хэлмэгдүүлэлт жирийн хүмүүсийн сэтгэлд гүн шарх үлдээн, гэр бүлийн хүмүүс ч бие биедээ итгэхэд бэрх байсныг нагац ээжийн үг яриа, үйл хөдлөл надад ойлгуулах гэж хичээж байсныг энэ номыг уншиж байхдаа ойлгов.

Үнэн мөртлөө гашуун дурсамж сэргээсэн Ногоон нүдэн лам романд баярлалаа.

Friday, January 7, 2011

Улаанбаатарын орой

Нар шингэх үеийн Улаанбаатар хот минь. Зураг авдаг өдөр утаа тогтохооргүй салхитай байсан болохоор ийм дүр зургийг харсан юм.
3-р цахилгаан станцын утаа.

Tuesday, December 21, 2010

Цанын бааз цасны баяр

Өнгөрдөг хагас сайнд найзууд маань хүүхдүүдээ дагуулан цанын бааз явлаа.
Хотын хүнд агаараас хэсэг холдож хүн болсоноосоо хойш анх удаагаа цана гээчийг хөлдөө жийж, салхи татуулан гулгаж үзэв. Сайхан байлаа.За, энэ хоёр бол манай ирээдүйн шилдэг эмэгтэй цаначид, гулгаж ядраад түр амсхийж байгаа нь.
Манай Ариунаа анхан шатны курсээ хамгийн түрүүнд төгсөөд дунд шатанд дэвшин суралцахаар лифтээр өгсөж байгаа нь.
Анхан шатны суралцагч, ер нь бие халаалтаа энэ лифтээр гарч хийвэл зүгээр санагдсан. Дашрамд хэлэхэд Заяа анхан шатаа дүүргэх гэж их мэрийв. Дараа бол шатаа ахиулна гэсэн нууцхан бодолтой буцаж ирсэн.
Бид нартай хамт явсан Япон энэ уулан дээрээс гулгаад юун анхан шат, мэргэжлийн хүн дагуулаад явчихаж. Хэ хэ. Ингэж гулгадаг болох юмсан гэж бодож байлаа. Уг нь уулнаас бууж ирж байгааг нь авах санаа байсан боловч Заяагийн зураг авах хурд гүйцэлгүй, гулгалт дуусчихаад байсан юм. Тэгээд хэдэн уулын зурагтай буцаж ирсэн.
За миний охин хичээгээрэй, ээж нь бас анхан шат, охинтойгоо нэг дамжаанд суулаа ш дээ.
Нараа бас мундаг гулгаж, дунд шатандаа дэвшсэн шүү.
Sky resort цанын баазын үйлчилгээ таалагдав. Хаа очиж уриалгахан сайхан үйлчилж байна лээ шүү. Зарим үйлчилгээнд ажилладаг хүмүүс очиж үзвэл, зан харьцааны соёлтой танилцаж болохоор юм шиг санагдсан. Илүү дутуу хиймэл биш, танд эндээс ингэж гулгавал зүгээр гэх зэргээр зааж сургах, урам өгөх зэрэг нь таалагдлаа.
Үнийн хувьд уг нь ажлын өдөр явбал их боломжийн үнэтэй юм билээ.

Thursday, December 2, 2010

Такеда сангийн фото зургийн бүтээлээс

Нөхрийн тарваганы чацархай амттай гэдэг үг бий дээ. Мэргэжлийн хүний зургийн хэрэгсэлээр бүтээгдсэн уран бүтээлээс танилцуулъя.Хонхор өртөөний баруун хойд талын тохой, 8 сарын сүүлээр авсан гэсэн энэ зургийг
Хөх тэнгэртэй өнгө хорших хүчит зүтгүүр
Зурагчны дуранд өртсөнөө мэдсэн болов уу, яасан бол?
Намар цагийн мандахын улаан нарнаар авсан зураг
Такеда сан галт тэрэгний зургийг авах хоббитой болохоор түүний зургийн архиваас галт тэрэг төрөл бүрээр гарч ирэх юм билээ.
Дээр надтай хамт явахдаа авсан зураг
Улирлын өнгө өвөрмөц, галт тэрэгний дүрслэл онцгой гоё санагдаад байгаа юм.

Thursday, November 25, 2010

Мессежээр ирсэн мэндчилгээ

Өнөөдөр мессежээр ийм сайхан үгтэй мэндчилгээ өдөржингөө нисэв. Тусгаар байхын тусыг мэдрэх хүн бүхэнд уг мэндчилгээ уламжилъяа.

БИЛГИЙН ЦЭНХЭР ХАДАГНЫ ХОЁР ГАРДАХ ДЭЛГЭЭС ДЭЭР

БЭХЭН ХАР ГЭЗЭГНИЙ ХОСООР ДАРАХ СҮЛЖЭЭС ДЭЭР

ЭНХТАЙВНЫ ХАРУУЛ ДАЙЧИН ЭРСИЙН ТАНГАРАГ ДЭЭР

ЭХ НУТГИЙН ШОРООНЫ АМИАР СОЛИХ ШИРХЭГ ДЭЭР

ХАЛУУН ЭХ ОРОНЧ БҮХНИЙ ҮНДЭСНИЙ ИХ БАХАРХАЛ ДЭЭР

ТУСГААР ТОГТНОЛ ЧАМАЙГ

ТУНХАГЛАН БИЧНЭ БИ

ДЭЛХИЙД НЭРЭЭ САНУУЛЖ, СОЁМБООРОО ТАМГАЛСАН

ДЭЭДСИЙН ГАВЪЯАГ МӨНХӨЛЖ, ТУГАА МАНДУУЛСАН

СҮҮН ЦАЦЛАА ӨРГӨЖ, ИРЭЭДҮЙГЭЭ БҮТЭЭСЭН

СҮР ЖАВХЛАНТ МОНГОЛ УЛС ТУСГААР ТОГТНОЛОО ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.

Monday, November 22, 2010

Мэргэжлийн фото зурагчинтай хамт явсан аялал

Хамт ажилладаг нэг инженер Хонхор өртөө байнга явдаг юм. Байнга л зураг хөрөг авч янз бүрээр хэвлээд хүмүүст тарааж, түүнээсээ их аз жаргалыг мэдэрч байгаа нь нүдэнд илхэн байдаг юм. Би бээр зураг авах дуртай байсан ч ичээд дурсдаг ч үгүй, яавал ингэж авдаг болох вэ? гэж санааширдаг болоод удаж байна.
Удахгүй өвлийн урт амралтаар нутаг буцах болсон зурагчинтай хамт зураг авалтын аялал хийхээр арайхийн нэрэлхүү зангаа дарж гуйвал, уриалгахан аргагүй дагуулж явлаа.Мандахын улаан нарнаар зураг авалтаа эхлэв ээ.
Хамт явсан зурагчин маань вагон, машин гэх мэт зүйлийг илүү сонирхолтойгоор дүрслэн авах юмаа. Би ч гэсэн оролдож үзлээ.
Тохойрон тойрсон эргэлт. Энэ эргэлт л манай мэргэжлийн зурагчингийн нүдэнд өртсөн хэрэг.
Энэ эргэлт нь мэргэжлийн хэллэгээр бол Омего curb гэдэг бөгөөд бүтэн 360 градус эргэж буй төмөр зам. Дэлхийд ховор, ийм эргэлт Монголд байна гэж төсөөлсөнгүй, энэ чинь жинхэнэ чулуу гээд л...
За дараагийн бичлэгт Япон зурагчингийн зургаас оруулнаа. Camer нь ч мундаг юм билээ. Хажууд нь манийн барьж яваа хэрэгсэл ч гэж....
Зураг дээр дарвал томорно. Яг л могой шиг харагдана.
Омего эргэлтээр эргэж Хонхор өртөө рүү довтлох галт тэрэг.
Угаасаа нэг иймэрхүү дүрслэлтэй хүн болохоороо яаж зүгээр байхав. Өнчин бургасыг олзолж обекът болгов.
Далайцэрэнгийн бэлтгэлийн талбай гэнэ лээ. ккк
Монгол хүн байна даа. Малын зураг дарж өөрийгөө баясгалаа.
Ямаа голдуу хонь бэлчиж байв. Цас их орсон болохоор энгэр ээвэр газрын цас малтаж харагдана лээ.
Галт тэрэгний зураг авахаар уулын орой луу хэд хэд мацаж, өнөөдөр хөлний булчин бөөн хөндүүр болжээ.
Аян замын ерөөл өргөх овоо ч таарав.
...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...