Monday, November 14, 2011

Бүтэн сайны бүтэлгүйтэл

Өчигдөр гэртээ бүтэн амарлаа. Амарлаа ч гэж дээ, ккк
Эхлээд гэрээ цэвэрлээд яг дуусах гэж байтал зурагтаар уран гулгалт гарч таараад, тэрийг эгч үзээд суучихав.
Гэнэт, гадуур гарсан гэрийнхэн ирэх дөхөж байгааг мэдмэгцээ хоол хийхээр гал тогоонд үсрэн орж иртэл, хогийн сав дүүрч байгаа дүр зураг.
Юу юугүй хогийн саваа аваад хог хаяхаар гарч одов. Би нэг их хог хаяад байдаггүй юм байна шүү, одоо бодох нь ээ.
Бункерт хогоо хийчихээд гүйгээд иртэл, гэрийн хаалга хаагдчихсан байхыг харсан мөртлөө юу ч саналгүй шууд бариулыг нь дээш нь татаж орхилоо. Таг таг, тас няс хийн хаалга автоматаар түгжигдчихвээ.
Ёоо, юу хийснээ өнгөрсөн хойно нь ухаарах уу? Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэж тэр байх даа.
Ингээд эхлээд өөрийгөө харлаа, урт ноосон цамц, тэр нь болоогүй ээ, нүх мүх болсон нэхээстэй, богино шорт, гэрийн шаахай, хогийн сав.... тэгээд сэгсийсэн үс.
Гэнэт сандарч, шатаар уруудан доошоо буун, хажуу талын хүнсний мухлагруу амь аврахыг гуйн гүйж орвол, ашгүй утсаар яриулж туслав. Гадаа хүйтэн байсаныг хэлэх үү? ёстой нусаа хацартаа наадаг байна ш дээ. Гэрийнхэнтэйгээ ярьсан боловч намайг байгаа болохоор хэн ч түлхүүрээ авч яваагүй гэнэ.
Тэгээд цоож онгойлгодог газрын утас олж дуудлаа. Хаа очиж хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэв. Гэм нь санаанд оромгүй үнэтэй байсан шүү.
Хөлдөж үхэхээс аварсан аврагч нартаа баярласан гэдгээ хэлж, хэлсэн мөнгийг нь өгсөөн.
Тал өдрийн амралт харавсан сум шиг нисэн одож, хаалга цоожинд тавих анхааралаа улам сайжруулах тухай бодол өвөртөлсөөр өдрийг өнгөрөөвөө.

Monday, October 31, 2011

Бөх үзсэн тэмдэглэл

Нийслэл хот байгуулагдсаны 372 жилийн ойн баярт зориулсан аймаг, цэрэг, улсын цолтой хүчит 128 бөхийн барилдаан үзэх завшаан тохиолдож, анх удаагаа бөхийн өргөөнд бөхийн барилдаан үзлээ.
Манай ажил дээр 5 урилга ирээд, үзэх хүн олох гэж хөөрхөн юм болов. Бүгд л сонирхолгүй юм байх оо,
Хүн тоож үзэхээргүй юу байдаг юм болоо? гэж хальт бодонгуутаа за за би яваад үзье гэж хэлээд 4 Японтой хамт явсан юм.
Гэнэт шийдсэн болохоороо жаахан санаа зовж, шуудгийг шорт, зодгийг цээживч гэж халаадаг шиг юм болох вий хэмээн эсэн бусан юм толгойд холилдох зуур найз хүүхний нөхрийн эрт очихгүй бол суудалгүй болчихно, дор хаяж цагийн өмнө очих хэрэгтэй гэдэг зөвөлгөө хамгийн үнэтэй байсан байна гэдгийг очсон хойноо суудалгүй зогсож байхдаа сайн ойлгов.
Суудалгүй гээд нүдээ анилтай биш үзлээ, нам гүмхэн нээрээ л монгол орчин юм байна.
Барилдаж буй бөхчүүдийг тэвчээртэй харах өргөө дүүрэн үзэгч эрчүүдийн дунд бараг би ганцаараа шингэн дуутан юм биш үү.
Эмэгтэй хүн байна уу? гэж харвал нүдэнд огт өртөхөөргүй газар ганц нэг настай эжий сууж байгаа нь лав барилдаж буй бөхчүүдийн ээж нарын нэг биз ээ.
Ингээд нэгийн даваа шувтарч хоёрын даваа эхэллээ, хаа очиж хамт явсан гадаад нөхдүүд бөхөө үзээд овоо шүү, ойлгоод байгаа бололтой, тэгэхээр нь эгч самбаачилаад зураг авсан гэж байгаа.

Нэгийн давааны сүүлийн хоёр бөх. Хамт бөх үзсэн хүмүүст маань том жижиг биетэй мөртлөө, жижиг нь томыгоо хаяж байгаа нь их сонирхолтой санагдсан гэнэ. Биеийн том жижиг ялгаагүй, толгойны том жижиг (мэх) хамгийн их хамааралтай болох талаар ойлгоод байнаа.
Хоёрын даваа эхлэх үеийн зураг. Засуулын талаар их асууж байна лээ, даанч засуул бөхийн цол гуншинг дуудсангүй, Бөхийн цолыг ер нь хэдийд дууддаг юм болоо?
Бөхийн хорхойтон яг урд минь байж таараад, хэ хэ хэлэлгүй зураг авчихсан.
Тэр өдрийн бүх бөхчүүдийг бүртгэж, хэн хэнийгээ амлаж, хэн хэн тунаж байгааг нямбай нь аргагүй хөтөлсөн дэвтэр дээр үргэлжлүүлэн бичиж, барилдаж буй бөхийг анхааралтай үзэх бөхийн хорхойтоны үйл хөдлөлийг харж зогслоо.
Бөхийн хорхойтонд би жаахан саад болсон байх аа, элдэв шалдар булдар юм асууж энэ тэр, гэхдээ хөөрхий надад их л халамж тавьж барилдаж байгаа бөх хэний хэн, аль аймаг сумын харъяат болохыг хэлж өгсөөн.
Зогсож үзэхэд жаахан тиймхэн санагдаж, хоёрын даваа дуусах үед бид нар буцлаа.
Эцэст нь хэлэхэд манай Монголчууд чинь цаг барьдаггүйгээрээ алдартай шахуу байж бөхийн барилдаан нь яг цагтаа эхэлдэг юм билээ шүү.
Завшаан таараад, суудалтай бол дараа бөх үзэхээс татгалзахгүй ээ.

Thursday, July 28, 2011

Бортголжин

Хавар нэг хүнээс нэрийг нь ч мэдэхгүй, цэцгийн иш авсан юм. Өгсөн хүн нь ч цэцэг мэцэг мэдэхгүй таарсан хүн.
Авчираад арчилбал овоо хөөрхөн ургаад, даанч иш нь тахийгаад байна. Бас хөөрхөн хонхон цэцэг цэцэглэж, нэрийг нь ч мэдээд авсан. Бортголжин гэдэг юм байна.
Энэ цэцгийн талаар мэдээлэл байвал хуваалцаарай.

Monday, July 25, 2011

Гүүрийн ажлын явц

Өнгөрсөн долоо хоногийн 2 дахь өдрөөс хагас сайны шөнө хүртэл Нарны замыг хааж гүүр (дам нуруу) угсралтын ажил амжилттай хийгдлээ.
Хотын замын хөдөлгөөний эрчмийг харгалзан үзэж аль болох иргэдэд түвэг чирэгдэл бага үүсгэх үүднээс Нарны замыг шөнийн 23 цагаас өглөөний 7 цаг хүртэл зөвхөн шөнийн цагаар хааж байв.
Дам нурууг үндсэн тулгуур дээр угсрахаас өмнө түр тулгуур дээр угсарч байгаа байдал. Үндсэн тулгуур нь саарал өнгийн 4 багана шүү дээ. Ийм түр тулгуур ашиглах ажлын хурд, ачаалалыг хэмнэх сайн арга юм билээ. Тээврийн товчооны уулзвараас Усны гудам хүртэл Нарны замыг бүтэн хаах тал дээр хамтран ажилласан Замын цагдаагийн газрын Замын зохион байгуулалтын тасгийнхандаа баярлаж байв.
Хамгийн эхний шөнө зам хааж дамнуруу угсраад, замын хөдөлгөөн нээсний дараах үеийн зураг. Унжсан чигээрээ өнжихөд, бэхэлгээ хангалтай ямар ч асуудалгүй, гээд манай инженерүүд тоохгүй байлаа. Энэ үед дам нурууны нөгөө зах түр тулгуур дээр хүрээгүй дунд нь зогсолт хийсэн нь технологийн хувьд бас л сонихон санагдав.
Завсарын тулгуур хоорондын алгасал 47 метер буюу яг Нарны зам дээр гарч байгаа хэсэг л дээ. Нарны гүүрийн хамгийн урт алгасал нь 55 метер бөгөөд төмөр зам дээгүүрх, угсарлтын бас өөр аргаар угсарсан болно. Энэ тухай дараа тодорхой мэдээлэл оруулнаа. Алгасал гэдэг нь нэг тулгуураас нөгөө тулгуур хүртэлх зайг хэлэх бөгөөд миний мэдэхийн Монголдоо хамгийн урт алгасал болно. Алгасал урт болохын хэрээр доод суурьт тавигдах шаардлага ярвигтай ба өөрөөр хэлбэл инженерийн ур ухаан шаардана гэсэн үг.
Жич: Миний блог дээр тавигдаж байгаа зургийг дураараа авч ашиглахыг хориглоно.
Ноднин оруулсан зургийг gogo.mn дураараа тавьж, чихийг минь халууцуулсан шүү.
Аа, тийм нээрээ гүүр 2012 онд ашиглалтанд орно. Ажлын явц өнгөрсөн 6 сарын 25 өдрөөр хааж тооцоход 47,9 хувьтай байв.

Wednesday, July 20, 2011

Гэрт болсон яриа

Ямар ч хүн биеэ өвдөхөөр эмнэлэгт очдог билээ. Гэвч эмнэлэгт очсон мөртлөө өөрийнхөө биеийг яагаад өвдсөн болохыг тэр бүр нарийн ойлгож чадалгүй буцдаг нь нууц биш.
Тэгвэл дээрх номыг зохиогч нь өөрт болон гэр бүлийнхээ зарим гишүүнд тохиолдсон хүнд (өвчин) асуудлыг энгийн бөгөөд эмнэлэгийн мэдлэггүй хүнд ойлгогдохоор тайлбарлажээ.
Дотроо гурван дэд бүлэгтэй ба нэгдүгээрх нь БИЕ. Бие бүлэгт ТАРХИ, ЗҮРХ, УУШИГ, БӨӨР, ЭЛЭГ, ХОДООД, БИЧИЛ БИЕ, ОХИД, ХҮҮХДИЙН ЗАРИМ АСУУДЛААР гэх мэт олон хэсэгтэй.
Тухайн эрхтэн систем хаашаа юутай холбоотой болох, түүний үүрэг, үйл ажиллагаа, үйл ажиллагаа доголдвол юунаас болсон байж болох талтай зэргийг тодорхой оруулсан байв.
Жишээлбэл: Вирус болон нянгийн юугаар үүсгэгдсэн өвчин бэ? гэдгээс шалтгаалаад уух эм яалангуяа антибиотикыг хэзээ хэрэглэх ёстойг, мөн эм дутуу уувал өнөөх нян вирусууд яаж мутацид орж хэрхэн аймшигтай болж улмаар эдгээхэд улам бэрхшээл тулгардаг зэргийг сайхан энгийн үгээр тайлбарласан байв.
Хоёрдугаар бүлэг нь ГЭР. Гэр бүлгээс хамгийн сонирхолтой нь УУРЫГ УУРГАЛАХУЙ. Яагаад ч юм уурлахгүйгээр учраа олж болмоор санагдав. ккк
Гуравдугаар бүлэг сонирхолтой байсан ч лекц нь илүү байсан болов уу гэж санагдсаныг нуугаад яахав.
Хүмүүсээ уншвал тун зүгээр шүү.
Хувийн эрүүл мэндээ хамгаалах тухай энгийн тайлбартай ном сэтгүүл манайд ховор тул их зүгээр санагдлаа.

Saturday, July 16, 2011

Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам

Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Цэцэг нар хоёртоо бахардсан наадам
Ижийтэйгээ vзсэн тэр жилийн наадам
Чихэр инээд хоёртоо бялуурсан наадам
Наадамчдын зулай дээр
Нар голлон халуун байсан ч
Элбэг дээл шиг
Ижийнхээ сүүдэрт хярахад сэрүүхэн
Дан эмжээртэй
Даалимбан дээлнээс минь
Даавууны шинэхэн үнэр
Сэнгэнэх нь даан ч сайхан
Над шиг гоё хүнгүй
Тэр жилийн наадам
Нар хур тэнцсэн
Тэр жилийн наадам
Долоогийн даваа
Нар хэвийлгэн шувтарч
Даага ирлээ гэсэн шуугиан
Наадмын хєндий дүүрсэнсэн
Тоссон ирсэн хоёр тоос
Бичигтийн хєндийд томолдож
Тоос тоосны дундаас
Зургаан даага сугарсансан
Хошуу сүүл даран
Хоорондоо их ойрхон
Барианы газар
Бараа саахалтын хэртэй
Бэлчээрт хүрсэн нь л түрүүлнэ гэсэн аархал
Эмээл бүхэн дээр ноцож байхад
Бичигт хадны сүг зураг
Татвалзаж байх шиг санагдсан...
Хєтєлгєє гүүтэй євгєн уяач хажууд байсныг
Хєєрч догдлохдоо би хараагvй байж
Зєв талын дєрєєн сэнж ханхийлгэн
Жингэнэтэл үүрсэн хєтєлгєє гүү нь тэлvvлэв
Зургаад нь явсан буурал даага
Зуузай даран янцгааснаа сvvл нь годойж
Хаанаас гарсан ид шид нь энэ вэ гэлтэй
Хар хурдаараа яралзан барианд магнайлав
Хєлсийг нь хусахын зав єгєлгvй
Хєхєє хєхєх гэж эх рvvгээ шунгав
Эхийнхээ дууг сонссон
Исгэл даага сум юм билээ
Ингэдэг гэдгийг нь мэддэг
Хашир уяач нум юм билээ
Ижийтэйгээ vзсэн тэр жилийн наадам
Цэцэг нар хоёртоо бахардсан наадам
Ижийтэйгээ vзсэн тэр жилийн наадам
Чихэр инээд хоёртоо бялуурсан наадам

Уучилаарай найрагч нь хэн билээ? Хэлээд өгөөч. Ш. Гүрбазар гэж бодоод байсан чинь биш ч шиг...

Thursday, July 14, 2011

Наадмын амралт-2011

Та бүхэн сайхан наадав уу?
хэмээгээд хэдэн зураг оруулнаа. Цаашдаа зургийн хэрэгсэлээ сайжруулахгүй бол хобби маань хөгжихгүй нь гэдгээ ойлгосон наадам болов.
Наадмын эхний өдөр төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын нээлт үзэж баясав.
Дараагийн өдөр нь салхинд гарч амарлаа. Зуншлага сайхан болж байнаа.







...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...