Friday, March 25, 2011
Шар карт авчихлаа, яах вэ?
Хүүхэд том болно гэдэг лүд юмаа гэдэг шиг... Нэг л өдөр охиныхоо “Миний тухай блогтоо бичиж болохгүй” гэсэн хатуу шаардлагатай тулж яасан ийсийн хэмээвэл манай ангийнхан бүгд мэдчихээд байна. Яах гэж тийм юм хийдгийн гэж загнуулав. Ээж нь худлаа юм бичээгүй ш дээ гэж мэтгэсэн ч эцэст нь охиндоо далан таваар бууж өгөв.
Гэтэл юу болсон гээч. Манай дарга интернетээр тэнэж яваад миний блогийг мэдчихэж. Ажлынхаа тухай бичихгүй байхыг сануулав. Бичмээр бол урьдчилан танилцуул гэсэн шаардлага авлаа.
Би гэдэг хүн хоёр шар карт авчихаад яах ийхээ мэдэхээ больчихлоо.
Урьд нь хаана гэж огт боддоггүй байсан би бээр хаах тухай бодож үзлээ.
Цаашид бичвэл бичих давтамж, агуулгаа бүр мөсөн солихгүй бол болохгүй шинжтэй болж байх шиг байна.
Хаалттай ажиллуулдаг хүмүүс байдаг ш дээ, тэд нар бас иймэрхүү асуудалтай тулгардаг юм болов уу?
Wednesday, March 9, 2011
Охины өгсөн эрхэм бэлэг
Гэтэл ажил тараад гэртээ харьтал хаалган дээр "Ээждээ мартын наймны баярын мэнд хүргэе" гэж цаасан дээр бичиж, хажууд нь хүүхэлдэйн хатгамлаа хадсан байв. "Хөөрхий дөө үр минь" гэж бодохуйд яагаад ч минь жинхэнээсээ сэтгэлд баяр дүүрэн.
Ажлын газрынхан, найзуудын баярлуулсан нь сайхан байсан ч гагцүү ганцхан хувь үйлдэн зөвхөн надад зориулсан эрхэм бэлэг.
Хайрт охиндоо баярлалаа.
Tохирсон жижиг жаазанд хийж ширээн дээрээ тавинаа.
Оёход нь их л хүндрэл тулгарсан бололтой, ээждээ зориулж байгаа болохоороо ээжээс дэмжлэг авалгүй оёсон гэнэ. Харин нагац эгчээсээ дэмжлэг авч хүндрэлийг туулжээ.
Хүндрэл гэдэг нь зураг нь буруу зурагдчихаад яаж засахаа мэдэхгүй, сандарч тэвдэн эгчээсээ асууж, "ээжид хэлж болохгүй" хэмээн хөөрхөн арын хаалгадсан гэнэ лээ.
Wednesday, March 2, 2011
Таван толгойн хувьцааг тараахаас өмнө би юуг мэдэх ёстой вэ?
Улаанбаатараас гарч чадалгүй ажил гэр, цалингаас цалингийн хооронд ниссэн мань мэтийн нөхөдөд сүүлийн үед чихнээ дэлсэх болсон мэдээний нэг бол Таван толгойн уурхайн хувьцааг иргэн бүрт тараах тухай юм.
Ганц ширхэг биш, 550 ширхэг шүү. Хальт сонсоод юу юугүй баяжих гэж байгаа ч юм шиг.
Социализмын үеийн бүтээн байгуулалтыг хувьчлах үеэс сонсогдох болсон хувьцаа гэдэг үг? хүмүүс ер нь энэ талаар хэр мэдлэгтэй гэж бодож байна.
Мэдээж би мэргэжлийн хүн биш л дээ, гэхдээ бага сага сонссон мэдсэнээ тунгааж үзвэл Таван толгойн хувьцаа эзэмшигч нар доорх зүйлийн тухай тодорхой мэдлэгтэй болох хэрэгтэй бус уу? гэж бодлоо.
1. Хувьцааны нэрэлсэн үнэ. Нэрэлсэн үнэтэй байж хувьцаа маань үнэт цаасны зах зээл арилжаалагдах боломжтой болно гэж мунхаглав. Нэрэлсэн үнэ ч үгүй байж хувьцаанаас нэг өрх 5-10 саяын орлоготой гээд энд тэндгүй бичээд байх юм. Үнэ тогтоогүй үнэгүй юм гэдэг чинь цаас биз дээ???
2. Хөрөнгийн зах зээл хувьцаа арилжаалахад үнэт цаасны компаниуд зуучилдаг. Тэд арилжааны үнийн дүнгээс 2 хувийн шимтгэл авдаг. 2 хувийн шимтгэл арай өндөр биш үү??? Тийм л сонгодог үнэт цаасны зах зээлийг хөгжүүлж ард иргэдээ баяжуулах гэж байгаа юм бол... Үнийн дүн ихсэх тусам үнэт цаасны компаний ашиг өснө биз дээ, Үнэт цаасны компанийг дэмжиж байгаа юу, ард иргэдээ дэмжиж байгаа юу гэдгээ сайн бодох хэрэгтэй санагдана.
3. Төр үнэт цаасны зах зээл дээр зохицуулалт хийх тун дуртай байгаа мэт. Хэрэв зохицуулалт хийх гэж байгаа бол нийтэд илэн далангүй мэдээлж, тодорхой ойлголттой болгох хэрэгтэй бус уу.
4. Эрдэс таван толгойг хувьцаат компани болгож байгаа болохоор нээлттэй компани гэсэн үг. Өөрөөр хэлбэл гадаад дотоодын хэн ч бай хувьцаа худалдан авч, хувь эзэмшигч болж чадна гэсэн үг. Ямар ч үнэт цаасны тухай ойлголтгүй ард иргэд чинь хямдхаан гадаадынханд зараад Хятадын эрээн мяраан юм болгоод хаячих магадлалтай шүү.
5. Эцэст нь Эрдэнэс таван толгой ХК дампуурвал гэхэд хувьцаа эзэмшигч нар өөрөөр хэлбэл жирийн иргэд сохор зоос ч үгүй үлдэнэ гэдгээ мэдэх хэрэгтэй.
Дор хаяж дээрх асуултуудад засгийн газар болон манай холбогдох байгууллагууд ямар байр суурьтай байгаагаа нийтэд заавал мэдүүлж байж, дараа нь хувь хишгээ хүртээж болдоггүй юм уу?
Олон хувийн телевизтэй болж, тэр олон реклам, киноы (балай) оронд мэдээллийн чанартай нэвтрүүлгүүд хэрэгтэй байна.
Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй, Бушуу туулай борвиндоо баастай гэж үг бий дээ. Сонгууль боллоо гэж битгий яараачээ, гэж хүсэх гэсэн юм.
Monday, February 28, 2011
Цас
Tuesday, February 8, 2011
Чонон сүлд роман
Хятадад хэвлэгдэн эдүүгээ дэлхий нийтийн уншигчдын хүртээл болоод буй Чонон сүлд романыг уншлаа.Суурин соёл иргэншилтэй ард түмэнд нүүдэлчдийн амьдрал соньхон байдаг бололтой.
Уншихад их л сонирхолтой, ялангуяа эмэгтэй хүн тэр бүр оролцоод байдаггүй, ан авлах түүн дотроо чонын бэлтрэг суйлах, цаашилбал нүүдэлчин ард түмний жирийн амьдралд байгаль, ан амьтан, араатан жигүүртэнтэй, салшгүй холбоотой болох талаар өгүүлжээ.
Романы гол баатар нь номыг зохиогч бөгөөд ямар нэг байдлаар Нууц товчоо дахь домгийг ишлэл болгохыг мэрийн, чонотой нөхцөн монгол үндэстэн үүссэн гэсэн таамаглалыг дэвшүүлж, чонотой харьцах нүүдэлчин Монголчуудын зөн билэг, оюу ухааныг хүч чадлыг хөндөн тавьжээ.
Энэ роман дахь үйл явдал бүгд чонотой холбоотой бөгөөд Монголчуудын соёлын үнэт сан уртын дууг хүртэл чонын улианаас үүдэлтэй байж болох юм гэсэн таамаглалыг дэвшүүлжээ.
Энэ мэтээр бидний өөрсдийн тоодоггүй олон зүйлийг хөндсөн сонирхолтой ном боловч, үнэхээр Зян Руны бичсэнтэй зуун хувь санал нэгдэх нь ямар болоо...
Сүүлийн үед хөлдүү чоно хилээр гаргаж байна, барьлаа, хураалаа гээд чимээгүй болдог нь арай энэ романтай холбоотой биш биз. Арай хээрийг боохойг минь барж, биднийг чадна гэж санасан юм биш байгаа даа.
Тэд биднийг олон жил өөртөө шингээхийг санаархан хөрш оршсон ард түмэн тул Монголчуудын дээдлэн хүндэлдэг бүхийг нарийвчлан судлаж, аль болох сиймхийг ажин суугаа юм биш биз гэсэн олон эргэлзээт бодол сэтгэлд минь хөврөнө.
Үнэхээр хээрийн боохой минь үгүйрвэл байгаль, ан амьтандаа хичнээн хор хөнөөлтэй билээ дээ, цаашилбал өнөөгийн Монголчуудын эдийн засгийг хэт шүтсэн амьдрал үнэхээр мөнхийнх байж чадах уу? Бид нүүдэлчин ард түмэн тул суурьшмал иргэдийг дуурайх нь зөв үү? Нүүдэлчин ардад тохирох хөгжлийн хэлбэр маягийг өөрсдөө олох нь хамгийн чухал юм шүү гэж бодогдлоо.
Энэ романаар хэлэлцүүлэг явуулж олон нийтэд хүртээмжтэй болговол зүгээр санагдана.
Хэдийгээр Хятад хүн бичсэн ч гэлээ, үнэхээр бид хөрш ард түмнийхээ дотоод ертөнцийг сайн мэдэрдэг, санаа бодлыг урьчилан тааварладаг зөн билэг, оюу ухааны чадалтай ард түмэн юм. Харин суурин амьдралд бусдыг дуурайн шилжвэл өөрсдийн үнэт зүйлээ алдах магадлал бий. Иймээс зөн билэг, оюу ухааны хүч чадлаа үр хүүхэддээ өвлүүлэх нь юу юунаас чухал.
Эцэст нь романыг орчуулсан орчуулагч Болдбаатарт чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдаа улам сайхан, орчуулгын ном гаргахыг хүсье.
Tuesday, February 1, 2011
Улаанбаатарын фото зураг
Monday, January 31, 2011
Ийм нэг албан бус хэлэлцүүлэг
Байгаль орчны судалгааны багийнхантай хэдэн жилийн өмнө хөдөө явсан юм.
Байгаль орчин хамгаалах төлөвлөгөө боловсруулах багат:
· Байгаль орчин хамгаалах ажил зохион байгуулах менежер эрэгтэй 1(гадаад хүн),
· Менежерийн туслах залуу эмэгтэй1,
· Ус судлаач буюу химийн мэргэжилтэн настайвтар профессор эрэгтэй 1, залуухан эмэгтэй 1,
· Усны чанар судлаач мэргэжилтэн эмэгтэй 1 (гадаад хүн),
· Усны чанар судлаач дунд насны эрэгтэй 1 аль сургуулийн билээ профессор
· Гидрогеологийн инженер залуу эмэгтэй 1, дунд насны эрэгтэй 1
· Хэвлээр явагч судалаач залуу эрэгтэй 1,
· Амьтан судлаач (сээр нуруутан) дунд насны эрэгтэй 1
· Шувуу судлаач залуухан эмэгтэй 1,
· Ургамал судлаач залуу эмэгтэй 1, эрэгтэй 1 байхаас гадна орчуулагч миний бие, мөн 4 (эрэгтэйчүүд) жолоочтой баг нэг зун хөдөө ажилласан юм.
Зунжингаа хамт ажилласан тул эжий ахай болтлоо танилцаад, судалгааны сэдвээс ч өөр сэдвээр ширүүхэн хэлэлцүүлэг өрнүүлдэг боллоо.
Нэг удаа, телевизээр олны танил эрхэм гарч, эрэгтэйчүүд хоёр эхнэр авч болох талаар хуулийн заалт шинээр батлуулж болно энэ тэр гээд баахан дэмийрсэн юм.
Багийн эрчүүд эр хүн юм болохоороо тэр яриаг өөгшүүлж, хоёр эхнэр авбал ... гэж ургуулан бодож, ам уралдуулахад, хүүхнүүд бараг багаасаа өрх тусгаарлах шахан, эрхээ хамгаалан хошуугаа билүүдэцгээв.
Гэтэл түрүүнээс хойш дуугүй суусан шувуу судлаач биологийн мэргэжилтэн бүсгүйгээс “Ц чи тэгвэл яах вэ?” гэж тоглоом шоглоомоор асуувал,
“Хн, тэгвэл би их хатан болж байгаад бага хатныг ямбийтал нь дарамтална” гэдэг юм даа.
За эрчүүд минь, тийм хууль батлуулбал бага эхнэр чинь их зовно шүү.


