Friday, October 18, 2013

Ажлын туршлага хуримтлуулах анхны алхам

Анхны алхам бүр хүний сэтгэлд дурсамж тод үлдээдэг.
Оюутан байхдаа зуны амралтаараа ажил хийх гээд их гүйдэг байлаа. 
Анх удаа албан орчуулга хийсэн минь
Аялал жуучлалын компанид хөтөч хийх болов. Хамгийн анх бие дааж явах болоод хот танилцуулах бэлтгэлээ базаалаа. Жуулчид маань хөтөч авна, хаагуур явахаа өөрсдөө шийднэ гэсэн "ЧӨЛӨӨТ" хөтөлбөртэй нөхдүүд байсан юм.  Орой нь онгоцны буудал дээр очтол, 4 Япон өвгөн /тэр үед би тэгж бодсон юм, 50 орчим насны л хүмүүс байсан байх/ ирлээ.
Зочид маань нэг нэг цаасан хайрцагтай зүйл, чемодан, цүнхтэй иржээ. Юм ч санасангүй буудалд буулгаж хонуулаад өглөө нь иртэл, надтай их л нухацтай уулзалт хийлээ.
Уулзалтыг хичээнгүйлэн сонсож, толь бичиг эргүүлсний хүчинд өвөө нар маань тун чухал зочид болохыг ойлгоод багахан сандрав.
Агуулга нь:
Монголд уулын түймэр гарч их гамшиг болсон. /Нээрээ урд жил нь Тэрэлжид гал гараад, хотруу утаа орж  байсан л даа/ Бид зүгээр нэг аялаад буцах сонирхолгүй байна, хайрцагтай юмаа зааж, "Түлэнхийд хэрэглэдэг эм, тариа, боох материал авч ирсэн. Үүнийгээ эхлээд зохих газарт нь өгөөд цаашаа чөлөөт хөтөлбөрөөрөө аялана гэлээ. Ямар нэг байдлаар эмнэлэг хариуцаж байгаа албан газарт нь өгмөөр байна гээд өөрсдийн санаагаа ойлгуулах гэж өвөө нар минь баахан юм тайлбарлав.
Тэр үед ямар гар утас одоогийн хэмжээнд хөгжсөн байсан биш, буудлын утсаар лавлахаас Эрүүл мэндийн яамны утсыг олж аваад шууд л яамруу яриад орхитол, 11 цагт манай яаман дээр наад хүмүүсээ аваад ир гэвээ. 
Өвөө нар, 4 хайрцагтай эм, тариагаа чирээд очлоо. 
Замдаа би ийм ажил огт хийж үзээгүй гэтэл, сандрах хэрэггүй, хүнд туслана гэдэг чинь сайхан ажил чи чадна гэж зоригжуулах тул бага зэрэг тайвширч юу юугүй л мундаг орчуулагч болж орхив.
Ямар ч байсан хэрэг зоригийг дамжуулж, уулзсан хоёр тал маань бие биедээ талархлаа илэрхийлэн, түлэнхийг тусгайлан эмчилдэг эмнэлэгт өдөр 2 цагт хүлээлгэж өгөөрэй гэлээ.
Өдөр 2 цагт Түлэнхий төв дээр иртэл бөөн телевиз, сонин сэтгүүлийнхэн ирчихсэн байхыг хараад юм ч санасангүй дөрвөн өвөөгөө дагуулаад 4 түнтгэр ачаагаад буулгаад эмнэлэгрүү алхтал сэтгүүлч нар бүчээд авдаг байна ш дээ. Японд Монголын тухай мэдээлэл хэр очдог, манайд түймэр гарсанг яаж мэдэв? ямар ямар эм тариа авчирсан гээд л... асуулт урсаад л... Тэр эм тарианы нэрийг би яг орчуулж харагдаач. ккк, дотроо их л сандарсан юмдаг. Эмнэлэгийн дарга эгч, эмч нартай уулзаад эм тариагаа хүлээлгэж өгөөд буцаад машиндаа суугаад явж байхдаа, сэтгэл хөнгөрч том давааны ард гарснаа мэдэрч том амьсгаа авч билээ. 
Болоогүй ээ, орой нь мэдээгээр гарч энэ тэр, анх удаа албан орчуулганд явсан минь сэтгэлд тод үлджээ. Өчигдөр орой зураг үзэж суутал надад хичээнгүйлэн давтан давтан тайлбарлаж байсан өвөө, Эрүүл мэндийн яамны Эмийн газрын дарга Оргилболд /гэсэн байхаа/ нарын хамт уулзалтын үеэр авахуулсан зураг гарч ирсэн юм.
Одоо бодоход тэр өвөө нар маань нэг газар ажилладаг хүмүүс гэж байсан. Нэг барилгын компанид ажилладаг, компанийнхаа нэрийг хэлсэн боловч би тогтоогоогүй ээ, ямар ч байсан "Нарита" олон улсын нисэх буудлыг барихад оролцсон гэж ойлгуулсан юмдаг.
Чөлөөт хөтөлбөрийн эхний өдрийг арай хийж давтал маргааш өглөө нь ахиад л уулзалт болов.
Нэг юм түрээслэнэ гээд байхаар нь тольноос хартал, нисдэг тэрэг байдаг байвал яах уу?
Бас л надад ахдсан ажил болж таараад Иргэний нисэхийн утсыг олж аваад, өвөө нар хамгийн том дарга руу нь ярь ярь гэж шахах  тул дахин дахин ярьсаар байж нэг нисдэг тэрэг хөлслөх болчихов. Өвөө нар ч мөнгөө төлөөд үдээс хойш нь эгч нисдэг тэргээр Тэрэлжийн дээгүүр нисээд л, жуулчид маань түймэрт өртсөн газарт зураг авалт хийгээд... Happy байсан шүү. 
Хөөрхий өвөө нар маань намайг ийм орчуулагч болсон гэж мэдэхгүй л байгаа даа. Дахин таарвал үнэ төлбөргүй орчуулж ажлыг нь хүндэтгэлтэйгээр амжуулж өгөх юмсан даа.
Гэрэл зураг дурсамж өгүүлдэг юм байна.

2 comments:

Barimalch said...

Herikopta kudasai! geed baisan uu he he.

Yoponii engiin yarianii ugsiin 10-20% n angli ugs boltsonuu? Subtitletai yopon kino hed uzsen nil angli ugs yariad baisan esvel Tokyogiinh n nil angli ugs hereglej yaridag busad gazar n arai yoponooroo baidag yumuu.

ZAYA said...

Барималч: Гадаад үг их хэрэглэнэ шүү.
Япон үг нь байсаар байтал хэрэглэнэ гээч.
Би дүгнэлт хийхдээ маруухан болохоор тэдэн хувь гэж хэлж мэдэхгүй байна.
Энд тэндээс юм олж мэдвэл хэлье.
Ялангуяа залуучууд нь...

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...