Бууз чимхэхийн өмнө давс болон амтыг нь үзнэ гээд жигнэхээр зэхсэн буузны зураг.
За даа, ойрдоо цагаан сарын бэлтгэл энэ тэр гээд гэрийн эзэгтэйн дүрдээ илүү орох шинжтэй ээ.
Элсэн тасархайн зүүн хойд талаар Хөнгө хан хайрханы бараа сүртэйхэн харагдана.
Түүгээр явах болгондоо аль багадаа сонсож байсан домог санаад ордог юм.
Энэ сүрдэм хайрханы нэр үүсэх үйл явц тэртээ олон жилийн өмнө, Халхыг Манжид дагаар орох тэр үед болжээ.
Хайрханы хамгийн их бартаатай уулын тагт Халхын өндөр гэгээн Занабазар өөрийн хэдэн шавь нарын хамт нэгэн гайхамшигтай дуганыг босгожээ. Тэр дуган нь алтан ганжиртай, зуны цагийн хурал ном хурах, нэг ёсондоо бурхан шашинд нэвтрэх даянч лам нарын газар болгох зорилготой байв.
Гэтэл тухайн цаг үеийн байдал ороо бусгаа Халхын хант улс, Зүүн гарын хант улсын хоорондын зөрчил дээд цэгтээ хүрч байв. Халхуудыг Өөлдүүд дайлаар ирэхэд Халхын ард түмэн ялангуяа Эрдэнэ зуу орчмын сүсэгтэн олон Өндөр гэгээнийг даган Манжид дагаар орон дутаасан байжээ.
Өөлдийн цэргүүдийг тухайн нутагт цөмрөн орж ирэхэд тэр хавьд айл, амьтан, мал хөрөнгө бараг үлдсэнгүй. Өөлдүүд ганц нэг амьд мэнд үлдсэн хүмүүсээс уулын таг дээр байдаг дуганд хэсэг хүн амь хорогдож байгааг мэдэж, хайсан боловч олдохгүй байв.
Өглөөн ургах нарнаар зэргэлдээх уулын орой дээрээс эсрэг талын сүрлэг сайхан Хайрханы тагт нэгэн сүм алтан ганжираа наранд гялтгануулан үзэсгэлэнтэй сайхан харагдах нь тэнд ямар ч байсан амьд хүн бий, тэднээс бусдыг хаашаа дутаасныг асуух, эс хэлвээс ял тулгах зорилгоор алтан ганжирт сүмийн зүг зэвсэглэн морджээ.
Тэнд ойролцоогоор 100-гаад лам нар байсан ба Өөлдүүд биднийг олж ирэхгүй нь лав хэмээн итгэж дуганаа сахиж үлдсэн байжээ.
Өөлдийн цэргүүд гар хоосон лам нартай нүүр тулмагц өөрсдийн асуултыг тавьсан боловч, тэд ам өчиг алдсангүй.
Ойрдын цэргүүд гартаа ганц зэвсэггүй хөөрхий лам нарыг хөнгөлөн хороож, алтан ганжирт дуганыг ч мөн шатаан сүйтгэжээ. Түүнээс хойш хайрханыг Хөгнө Хан гэдэг болсон юм гэнэ лээ.
(Хүүхэд байхдаа сонсож байсан болохоор дуганы нэр, Хөгнө ханы өмнөх нэр зэргийг мартсан байна. Мэдэх хүн хэлж өгөөрэй)