Тэрхийн цагаан нуурт Тэрхийн гол, Нарийн, Шанаат, Сөрт гэх мэтийн арав гаруй гол горхи цутган ганцхан Суман гол эх аван урсдаг. Нуураас эх авсан Суман гол өвөлдөө эх хэсэг нь хөлдөхгүй харзална.
Суман гол нь хадан хавцал, асга дундуур урсах уулын түргэн урсгалт гол, ойролцоогоор 50 гаруй км урсаж Чулуут голын зүүн гарт цутгадаг. Голын 2 талын асга, хадан хавцал, хясаа бүр дор бүрнээ утга агуулсан нэртэй, хад, тошлой, үхрийн нүд, нохойн хошуу гэх мэт байгалийн жимс элбэгтэй.
Намайг бага, дунд сургуульд сурч байхад манай нагацынхан голдуу Суман голын "Хавтгай олом" гэх газар зусдаг байлаа.
Хавтгай оломын өвөр талд "Цагаан уул" хэмээх алсаас бараантан сүрлийх нэгэн уул бий. Тэндээс Архангай аймгийн төвөөс (бодвол аймгийн барилга трест байлгүй дээ) машинаар уулын шороог зөөдөг байлаа. Мэдээ орсон цагаасаа хойш нутгаараа яваагүй байж байгаад сая очтол "Цагаан уул"-аас минь шороог зөөсөн хэвээр ажээ. Дотроо харамлах сэтгэл төрж муу уулыг минь дуусгах нь л дээ, одоо болтол зөөсөөр гэж үү гэж халаглав. Нутгийн хүмүүс "шороо" гэдэг ч байгалийн цэвэр карамизет юм байна.