Monday, December 12, 2011
Wednesday, November 30, 2011
Үг хэлэх зөвшөөрөл-1
Яагаад ч юм бүү мэд, би шал өөр чиглэлийн сургууль төгссөн мөртлөө, ажил амьдрал минь барилга, зам гүүрийн салбартай бат уялдаж, мэргэжил мэдлэгтэй хүнд дарлуулаад байхааргүй боломжийн мэдээллийг өөртөө цуглуулж амжжээ.
Нилээн дээрээс хойш бичихээр санаандаа буулгаад байсан нэг сэдвээр өнөөдрийн бэлэгт сайн өдөр үзэг цаас нийлүүлж байна.
Товчхондоо, Япон чанар яагаад бусдаас чанартай байдаг тухай юм л даа. Энд бичих зүйл зөвхөн миний ажиглалт бөгөөд энд тэндээс уншиж судлаагүй тул өөр байж болох талтай болохыг анхаарна уу.
Олон юм ярихаа болиод гол асуудалдаа орох зөв болов уу.
Зам барилгын ажилд хамгийн гол хүчин үйлийн нэг бол ажлын төлөвлөгөөг инженер техникийн ажилчид хэрхэн боловсруулах вэ? гэдэг хамгийн чухал, ажлын цөм хэсэг юм.
Төлөвлөгөөг боловсруулахдаа эхлээд өөрийнхөө хийх үйлдлийг сайтар тунгаах бөгөөд, жишээлбэл хэдэн км зам, түүний хийц, хийцийн онцлог ажилбар, тухайн ажилд шаардлагатай энгийн ба онцлог материал, түүний худалдан авалт тээвэрлэлт, түүнтэй холбоотойгоор гааль татварын хувь хэмжээ, хадгалах орон зай байр сав, угсралтын ажлаа ямар аргаар, ямар тоног төхөөрөмж ашиглаж хийх, тухайн ажилбарт хүн хүчээ хэрхэн зохион байгуулах гэх мэтийг зураглан эхний төлөвлөлтөө гаргана.
Эхний төлөвлөгөөний зорилго бол тухайн ажлыг та хэдий хугацаанд дуусгах өөрөөр хэлбэл хүлээлгэж өгөх хамгийн боломжит хугацаа хэзээ вэ? гэдгээ зөв бөгөөд эргэж өөрчлөхгүйгээр тогтоож гаргах нь хамгийн оновчтой.
Хоёрдугаар алам:
Эхний гаргасан төлөвлөгөөгөө удирдлага болгон холбогдох бүх байгууллагын саналыг сонсох. Үүнд бараа материал тээвэрлэхдээ хаанаас, юугаар тээвэрлэх вэ гэдгээ нарийвчлан судалж, тээврийн хугацааг нарийн гаргах. Үүндээ хаунлиг маш сайн харж олон нийтийн баяр ёслол хэдийд байна? гадаад улсаас ирж байгаа бараа материал бол дамжин өнгөрөх улсын баяр ёслол нийтээр амрах өдрийг сайтар судлаж өөрийнхөө ачааг ирэх хугацааг яаж зохицуулахаа судлах шаардлагатай. Жишээлбэл Оросоос битум авахаар боллоо гэж саная. Захиалга өгөөд бараа хэзээ ачигдах, ачигдсанаас хойш ирэхдээ хэд хоног зарцуулах, түүнд Оросуудын амардаг өдөр хэд орж байна? Хил гааль дээр яг хэдиййд ирэх нь вэ? ирэх өдрийг урагшлуулж хойшлуулъя гэвэл ямар арга хэмжээг авах шаардлагатай байна? цаашилбал, хэнд хэрхэн хандах ёстойг нэг бүрчлэн судлаж, гадаад орчноос нөлөөлөх хүчин зүйлийн мэдээллийг сайн цуглуулж нэгтгэнэ.
Хоёрдугаар алхам нь ажлын хамгийн гол фронт тул зөвхөн бараа материал татах биш, барилгын ажлаа ямар технологи аргаар хийх вэ гэдэгтэйгээр уялдуулна. Жишээлбэл замын борооны ус зайлуулах шугамын төмөр бетон хоолойн хийц байгаа гэж санавал, тухайн хийцийг хийх үйлдвэр бүтэн жилийн турш ажиллах боломжтой, хэдний хүчин чадал онцлог, технологичийн чадвар зэргийг судлаж эцэст нь шаардлагатай тоо хэмжээний төмөр бетон хоолойг хэдий хугацаанд тухайн үйлдвэр үйлдвэрлэж гаргах чадвартай вэ? гэдийг судлаж эхний гаргасан төлөвлөгөөдөө зоож өгөх нь зөв. Үүнд зөвхөн нэг үйлдвэрийг судлаад байвал өрөөсгөл болох тул аль болох олон үйлдвэрийг судлаж өөрийн төмөр бетон хоолойг хийх хамгийн чавартай нэг компанийг сонгох нь илүү үр дүнтэй.
Бас нэг гол юм бол барилгын ажил хийхэд маш олон зөвшөөрөл авдаг юм. Тэр зөвшөөрлүүдийг хэрхэн авахаа сайн бодож гарфикынхаа хаана тусгахаа шийдэх хэрэгтэй.
Гуравдугаар алхам:
Эхний хоёр алхамыг бүрэн хийж чадсан бол төлөвлөгөө үндсэндээ чиний бодсоноор болох нь ойлгомжтой.
Эхний алхамын өөрийн ерөнхий төлөвлөлт дээрээ хоёрдугаар алхамын гадаад орчны судалгааны мэдээлэл дээрээ тулгуурлан ажлын график төлөвлөгөөгөө дахин шинээр гаргаж нэгтгэнэ. Ингэж нэгтгэхдээ анхаарах гол зүйл бол тухайн барилгын объектын хүлээлгэж өгөх хугацааг огт өөрчилж болохгүй бөгөөд дотроо хийх дэс дараалал бага зэрэг өөрчлөгдөх нь хамаагүй бөгөөд таны өөрийн хэтэвч, авхаалж сабаагаас хамаарч төлөвлөгөө биелэлтэнд хүрдэг.
Миний ажигласанаар бол манайхан нэгдүэгээр алхамаа ажлын төлөвлөгөө гэж үздэг бөгөөд хоёрудгаар, гуравдугаар алхамыг огт хийдэггүй.
Ингэж хийсэн ажлын төлөвлөлт нь зөвхөн чиний хийсэн төлөвлөлт тул бусад хүнийхтэй уялдаагүй, графикын хоцрогдол гарах үндсэн шалтгаан болдог. Төлөвлөлтийг зөвхөн өөрийнхөө санал дээр тулгуурлаж хийхэд эхлээд төлөвлөхөд хялбар боловч дараа нь гүйцэтгэхэд маш хэцүү болж ирдэг юм.
Одоо миний ажиллаж байгаа Нарны гүүрийн барилгын ажил өвөлдөө талбай дээрх ажил зогссон боловч ирэх жилийн ажлын төлөвлөлт ид хийгдэж байна. Гүйцэтгэлийн шатанд манай Монгол инженерүүд оролцдог боловч чухамхүү миний ач холбогдол өгөөд буй энэ төлөвлөлтөнд Монгол инженерүүд хангалттай оролцохгүй байгаа нь харамсалтай санагддаг. Өвөлдөө Монгол инженер амарч байгаа нь хувь хүндээ амар ч жинхэнэ төлөвлөлтийн тухай мэдрэлгүй өнгөрдөг юм болов уу? гэсэн таамаг буугаад байдаг юм. Нэгэнт өөрөө төлөвлөхөд байгаагүй хүн, хавар ирээд төлөвлөсөн хүнтэй ажиллахдаа саналаа хэлэх бус, төвлөгөөндөө баригдаж хийхээс өөр аргагүйд хүрдэг тул зам, гүүр барилгын инженерүүдэд хандаж хэлэх ганц үг байгаа нь өвөл амралт биш инженер та жинхэнэ тактикаа чанартай боловсруулах хамгийн их ажиллах цаг чинь юм шүү гэж хэлмээр санагдаад байгаа юмаа.
Хоёрдугаар алхам дээр авсан жишээ зөвхөн тэр хоёр болохоос биш, бүх гадаад орчны нөлөөллийг нарийн судлаж төлөвлөдөг зан чанар манай инженерүүдэд дутмаг байдаг. Монгол инженерүүдийн ерөнхий чадвар нэг их дутаад байхгүй ч гагцхүү энэ төлөвлөлт судалгааг хийгээгүйгээс бусад гадаад инженерүүдэд ажлаа алдаад байх шиг санагддаг. Судлаж байгаад дараа нь төлөвлөлт хийхэд гарцаагүй цаг хугацаандаа чанартай гүйцэтгэх алтан боломж өөрөө гарч ирдэг тул судалж төлөвлөх нь хамгийн зөв санагддаг юм.
Эцэст нь нэмж хэлэхэд ажлын график төлөвлөгөө хийх чинь инженер таны ажил хийх цагаан толгой шүү.
Цагаан толгой хааш яаш бол цаашаа юу болох тухай хэлэлтгүй биз дээ.
Monday, November 14, 2011
Бүтэн сайны бүтэлгүйтэл
Эхлээд гэрээ цэвэрлээд яг дуусах гэж байтал зурагтаар уран гулгалт гарч таараад, тэрийг эгч үзээд суучихав.
Гэнэт, гадуур гарсан гэрийнхэн ирэх дөхөж байгааг мэдмэгцээ хоол хийхээр гал тогоонд үсрэн орж иртэл, хогийн сав дүүрч байгаа дүр зураг.
Юу юугүй хогийн саваа аваад хог хаяхаар гарч одов. Би нэг их хог хаяад байдаггүй юм байна шүү, одоо бодох нь ээ.
Бункерт хогоо хийчихээд гүйгээд иртэл, гэрийн хаалга хаагдчихсан байхыг харсан мөртлөө юу ч саналгүй шууд бариулыг нь дээш нь татаж орхилоо. Таг таг, тас няс хийн хаалга автоматаар түгжигдчихвээ.
Ёоо, юу хийснээ өнгөрсөн хойно нь ухаарах уу? Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэж тэр байх даа.
Ингээд эхлээд өөрийгөө харлаа, урт ноосон цамц, тэр нь болоогүй ээ, нүх мүх болсон нэхээстэй, богино шорт, гэрийн шаахай, хогийн сав.... тэгээд сэгсийсэн үс.
Гэнэт сандарч, шатаар уруудан доошоо буун, хажуу талын хүнсний мухлагруу амь аврахыг гуйн гүйж орвол, ашгүй утсаар яриулж туслав. Гадаа хүйтэн байсаныг хэлэх үү? ёстой нусаа хацартаа наадаг байна ш дээ. Гэрийнхэнтэйгээ ярьсан боловч намайг байгаа болохоор хэн ч түлхүүрээ авч яваагүй гэнэ.
Тэгээд цоож онгойлгодог газрын утас олж дуудлаа. Хаа очиж хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэв. Гэм нь санаанд оромгүй үнэтэй байсан шүү.
Хөлдөж үхэхээс аварсан аврагч нартаа баярласан гэдгээ хэлж, хэлсэн мөнгийг нь өгсөөн.
Тал өдрийн амралт харавсан сум шиг нисэн одож, хаалга цоожинд тавих анхааралаа улам сайжруулах тухай бодол өвөртөлсөөр өдрийг өнгөрөөвөө.
Monday, October 31, 2011
Бөх үзсэн тэмдэглэл
Хүн тоож үзэхээргүй юу байдаг юм болоо? гэж хальт бодонгуутаа за за би яваад үзье гэж хэлээд 4 Японтой хамт явсан юм.
Барилдаж буй бөхчүүдийг тэвчээртэй харах өргөө дүүрэн үзэгч эрчүүдийн дунд бараг би ганцаараа шингэн дуутан юм биш үү.
Эмэгтэй хүн байна уу? гэж харвал нүдэнд огт өртөхөөргүй газар ганц нэг настай эжий сууж байгаа нь лав барилдаж буй бөхчүүдийн ээж нарын нэг биз ээ.
Ингээд нэгийн даваа шувтарч хоёрын даваа эхэллээ, хаа очиж хамт явсан гадаад нөхдүүд бөхөө үзээд овоо шүү, ойлгоод байгаа бололтой, тэгэхээр нь эгч самбаачилаад зураг авсан гэж байгаа.
Тэр өдрийн бүх бөхчүүдийг бүртгэж, хэн хэнийгээ амлаж, хэн хэн тунаж байгааг нямбай нь аргагүй хөтөлсөн дэвтэр дээр үргэлжлүүлэн бичиж, барилдаж буй бөхийг анхааралтай үзэх бөхийн хорхойтоны үйл хөдлөлийг харж зогслоо.
Бөхийн хорхойтонд би жаахан саад болсон байх аа, элдэв шалдар булдар юм асууж энэ тэр, гэхдээ хөөрхий надад их л халамж тавьж барилдаж байгаа бөх хэний хэн, аль аймаг сумын харъяат болохыг хэлж өгсөөн.
Зогсож үзэхэд жаахан тиймхэн санагдаж, хоёрын даваа дуусах үед бид нар буцлаа.
Эцэст нь хэлэхэд манай Монголчууд чинь цаг барьдаггүйгээрээ алдартай шахуу байж бөхийн барилдаан нь яг цагтаа эхэлдэг юм билээ шүү.
Завшаан таараад, суудалтай бол дараа бөх үзэхээс татгалзахгүй ээ.
Thursday, July 28, 2011
Бортголжин

Авчираад арчилбал овоо хөөрхөн ургаад, даанч иш нь тахийгаад байна. Бас хөөрхөн хонхон цэцэг цэцэглэж, нэрийг нь ч мэдээд авсан. Бортголжин гэдэг юм байна.
Энэ цэцгийн талаар мэдээлэл байвал хуваалцаарай.
Monday, July 25, 2011
Гүүрийн ажлын явц

Дам нурууг үндсэн тулгуур дээр угсрахаас өмнө түр тулгуур дээр угсарч байгаа байдал. Үндсэн тулгуур нь саарал өнгийн 4 багана шүү дээ. Ийм түр тулгуур ашиглах ажлын хурд, ачаалалыг хэмнэх сайн арга юм билээ.


Завсарын тулгуур хоорондын алгасал 47 метер буюу яг Нарны зам дээр гарч байгаа хэсэг л дээ. Нарны гүүрийн хамгийн урт алгасал нь 55 метер бөгөөд төмөр зам дээгүүрх, угсарлтын бас өөр аргаар угсарсан болно. Энэ тухай дараа тодорхой мэдээлэл оруулнаа. Алгасал гэдэг нь нэг тулгуураас нөгөө тулгуур хүртэлх зайг хэлэх бөгөөд миний мэдэхийн Монголдоо хамгийн урт алгасал болно. Алгасал урт болохын хэрээр доод суурьт тавигдах шаардлага ярвигтай ба өөрөөр хэлбэл инженерийн ур ухаан шаардана гэсэн үг.
Жич: Миний блог дээр тавигдаж байгаа зургийг дураараа авч ашиглахыг хориглоно.
Ноднин оруулсан зургийг gogo.mn дураараа тавьж, чихийг минь халууцуулсан шүү.
Wednesday, July 20, 2011
Гэрт болсон яриа

Дотроо гурван дэд бүлэгтэй ба нэгдүгээрх нь БИЕ. Бие бүлэгт ТАРХИ, ЗҮРХ, УУШИГ, БӨӨР, ЭЛЭГ, ХОДООД, БИЧИЛ БИЕ, ОХИД, ХҮҮХДИЙН ЗАРИМ АСУУДЛААР гэх мэт олон хэсэгтэй.
Тухайн эрхтэн систем хаашаа юутай холбоотой болох, түүний үүрэг, үйл ажиллагаа, үйл ажиллагаа доголдвол юунаас болсон байж болох талтай зэргийг тодорхой оруулсан байв.
Жишээлбэл: Вирус болон нянгийн юугаар үүсгэгдсэн өвчин бэ? гэдгээс шалтгаалаад уух эм яалангуяа антибиотикыг хэзээ хэрэглэх ёстойг, мөн эм дутуу уувал өнөөх нян вирусууд яаж мутацид орж хэрхэн аймшигтай болж улмаар эдгээхэд улам бэрхшээл тулгардаг зэргийг сайхан энгийн үгээр тайлбарласан байв.
Хоёрдугаар бүлэг нь ГЭР. Гэр бүлгээс хамгийн сонирхолтой нь УУРЫГ УУРГАЛАХУЙ. Яагаад ч юм уурлахгүйгээр учраа олж болмоор санагдав. ккк
Гуравдугаар бүлэг сонирхолтой байсан ч лекц нь илүү байсан болов уу гэж санагдсаныг нуугаад яахав.
Хүмүүсээ уншвал тун зүгээр шүү.
Хувийн эрүүл мэндээ хамгаалах тухай энгийн тайлбартай ном сэтгүүл манайд ховор тул их зүгээр санагдлаа.
Saturday, July 16, 2011
Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Цэцэг нар хоёртоо бахардсан наадам
Ижийтэйгээ vзсэн тэр жилийн наадам
Чихэр инээд хоёртоо бялуурсан наадам
Наадамчдын зулай дээр
Нар голлон халуун байсан ч
Элбэг дээл шиг
Ижийнхээ сүүдэрт хярахад сэрүүхэн
Дан эмжээртэй
Даалимбан дээлнээс минь
Даавууны шинэхэн үнэр
Сэнгэнэх нь даан ч сайхан
Над шиг гоё хүнгүй
Тэр жилийн наадам
Нар хур тэнцсэн
Тэр жилийн наадам
Долоогийн даваа
Нар хэвийлгэн шувтарч
Даага ирлээ гэсэн шуугиан
Наадмын хєндий дүүрсэнсэн
Тоссон ирсэн хоёр тоос
Бичигтийн хєндийд томолдож
Тоос тоосны дундаас
Зургаан даага сугарсансан
Хошуу сүүл даран
Хоорондоо их ойрхон
Барианы газар
Бараа саахалтын хэртэй
Бэлчээрт хүрсэн нь л түрүүлнэ гэсэн аархал
Эмээл бүхэн дээр ноцож байхад
Бичигт хадны сүг зураг
Татвалзаж байх шиг санагдсан...
Хєтєлгєє гүүтэй євгєн уяач хажууд байсныг
Хєєрч догдлохдоо би хараагvй байж
Зєв талын дєрєєн сэнж ханхийлгэн
Жингэнэтэл үүрсэн хєтєлгєє гүү нь тэлvvлэв
Зургаад нь явсан буурал даага
Зуузай даран янцгааснаа сvvл нь годойж
Хаанаас гарсан ид шид нь энэ вэ гэлтэй
Хар хурдаараа яралзан барианд магнайлав
Хєлсийг нь хусахын зав єгєлгvй
Хєхєє хєхєх гэж эх рvvгээ шунгав
Эхийнхээ дууг сонссон
Исгэл даага сум юм билээ
Ингэдэг гэдгийг нь мэддэг
Хашир уяач нум юм билээ
Ижийтэйгээ vзсэн тэр жилийн наадам
Цэцэг нар хоёртоо бахардсан наадам
Ижийтэйгээ vзсэн тэр жилийн наадам
Чихэр инээд хоёртоо бялуурсан наадам
Уучилаарай найрагч нь хэн билээ? Хэлээд өгөөч. Ш. Гүрбазар гэж бодоод байсан чинь биш ч шиг...
Thursday, July 14, 2011
Наадмын амралт-2011
Monday, May 30, 2011
Крилл үсэгт суралцагчидын паян
"Өглөөний гурван цаг" ямар утгатай юм бол? гэж нэг нь асуух юм. Гэтэл нөгөөдөх нь асуусан хүнээ шоолонгоо, өглөөний гурван цаг бол Монголоор "ЗАМ" гэсэн үг гэвэл нөгөөдөх нь уулга алдан, үсэг үсгээр нь хэлүүлж аваад "зэ" үсгийг гурвын тоогоор тэмдэглэх гэж, үглэнгээ, "зоогийн газар" гэдэг үгийг хальт уншаад гурван зуу биш байх нь ээ, ха ха, гэснээ, би бүх юмаа 300-р зардаг юм болов уу? гэж бодсон юм гэдгийн. Японд 100 еэний дэлгүүр байдаг ш дээ, бүх юмных нь үнэ нь 100 еэн. Мань хүн яг тэрэнтэйгээ адилхан гэж бодсон гэж байгаа, xa xa, xa
Wednesday, May 4, 2011
Хурын ус
Friday, March 25, 2011
Шар карт авчихлаа, яах вэ?
Хүүхэд том болно гэдэг лүд юмаа гэдэг шиг... Нэг л өдөр охиныхоо “Миний тухай блогтоо бичиж болохгүй” гэсэн хатуу шаардлагатай тулж яасан ийсийн хэмээвэл манай ангийнхан бүгд мэдчихээд байна. Яах гэж тийм юм хийдгийн гэж загнуулав. Ээж нь худлаа юм бичээгүй ш дээ гэж мэтгэсэн ч эцэст нь охиндоо далан таваар бууж өгөв.
Гэтэл юу болсон гээч. Манай дарга интернетээр тэнэж яваад миний блогийг мэдчихэж. Ажлынхаа тухай бичихгүй байхыг сануулав. Бичмээр бол урьдчилан танилцуул гэсэн шаардлага авлаа.
Би гэдэг хүн хоёр шар карт авчихаад яах ийхээ мэдэхээ больчихлоо.
Урьд нь хаана гэж огт боддоггүй байсан би бээр хаах тухай бодож үзлээ.
Цаашид бичвэл бичих давтамж, агуулгаа бүр мөсөн солихгүй бол болохгүй шинжтэй болж байх шиг байна.
Хаалттай ажиллуулдаг хүмүүс байдаг ш дээ, тэд нар бас иймэрхүү асуудалтай тулгардаг юм болов уу?
Wednesday, March 9, 2011
Охины өгсөн эрхэм бэлэг
Гэтэл ажил тараад гэртээ харьтал хаалган дээр "Ээждээ мартын наймны баярын мэнд хүргэе" гэж цаасан дээр бичиж, хажууд нь хүүхэлдэйн хатгамлаа хадсан байв. "Хөөрхий дөө үр минь" гэж бодохуйд яагаад ч минь жинхэнээсээ сэтгэлд баяр дүүрэн.
Ажлын газрынхан, найзуудын баярлуулсан нь сайхан байсан ч гагцүү ганцхан хувь үйлдэн зөвхөн надад зориулсан эрхэм бэлэг.
Хайрт охиндоо баярлалаа.
Tохирсон жижиг жаазанд хийж ширээн дээрээ тавинаа.
Оёход нь их л хүндрэл тулгарсан бололтой, ээждээ зориулж байгаа болохоороо ээжээс дэмжлэг авалгүй оёсон гэнэ. Харин нагац эгчээсээ дэмжлэг авч хүндрэлийг туулжээ.
Хүндрэл гэдэг нь зураг нь буруу зурагдчихаад яаж засахаа мэдэхгүй, сандарч тэвдэн эгчээсээ асууж, "ээжид хэлж болохгүй" хэмээн хөөрхөн арын хаалгадсан гэнэ лээ.
Wednesday, March 2, 2011
Таван толгойн хувьцааг тараахаас өмнө би юуг мэдэх ёстой вэ?
Улаанбаатараас гарч чадалгүй ажил гэр, цалингаас цалингийн хооронд ниссэн мань мэтийн нөхөдөд сүүлийн үед чихнээ дэлсэх болсон мэдээний нэг бол Таван толгойн уурхайн хувьцааг иргэн бүрт тараах тухай юм.
Ганц ширхэг биш, 550 ширхэг шүү. Хальт сонсоод юу юугүй баяжих гэж байгаа ч юм шиг.
Социализмын үеийн бүтээн байгуулалтыг хувьчлах үеэс сонсогдох болсон хувьцаа гэдэг үг? хүмүүс ер нь энэ талаар хэр мэдлэгтэй гэж бодож байна.
Мэдээж би мэргэжлийн хүн биш л дээ, гэхдээ бага сага сонссон мэдсэнээ тунгааж үзвэл Таван толгойн хувьцаа эзэмшигч нар доорх зүйлийн тухай тодорхой мэдлэгтэй болох хэрэгтэй бус уу? гэж бодлоо.
1. Хувьцааны нэрэлсэн үнэ. Нэрэлсэн үнэтэй байж хувьцаа маань үнэт цаасны зах зээл арилжаалагдах боломжтой болно гэж мунхаглав. Нэрэлсэн үнэ ч үгүй байж хувьцаанаас нэг өрх 5-10 саяын орлоготой гээд энд тэндгүй бичээд байх юм. Үнэ тогтоогүй үнэгүй юм гэдэг чинь цаас биз дээ???
2. Хөрөнгийн зах зээл хувьцаа арилжаалахад үнэт цаасны компаниуд зуучилдаг. Тэд арилжааны үнийн дүнгээс 2 хувийн шимтгэл авдаг. 2 хувийн шимтгэл арай өндөр биш үү??? Тийм л сонгодог үнэт цаасны зах зээлийг хөгжүүлж ард иргэдээ баяжуулах гэж байгаа юм бол... Үнийн дүн ихсэх тусам үнэт цаасны компаний ашиг өснө биз дээ, Үнэт цаасны компанийг дэмжиж байгаа юу, ард иргэдээ дэмжиж байгаа юу гэдгээ сайн бодох хэрэгтэй санагдана.
3. Төр үнэт цаасны зах зээл дээр зохицуулалт хийх тун дуртай байгаа мэт. Хэрэв зохицуулалт хийх гэж байгаа бол нийтэд илэн далангүй мэдээлж, тодорхой ойлголттой болгох хэрэгтэй бус уу.
4. Эрдэс таван толгойг хувьцаат компани болгож байгаа болохоор нээлттэй компани гэсэн үг. Өөрөөр хэлбэл гадаад дотоодын хэн ч бай хувьцаа худалдан авч, хувь эзэмшигч болж чадна гэсэн үг. Ямар ч үнэт цаасны тухай ойлголтгүй ард иргэд чинь хямдхаан гадаадынханд зараад Хятадын эрээн мяраан юм болгоод хаячих магадлалтай шүү.
5. Эцэст нь Эрдэнэс таван толгой ХК дампуурвал гэхэд хувьцаа эзэмшигч нар өөрөөр хэлбэл жирийн иргэд сохор зоос ч үгүй үлдэнэ гэдгээ мэдэх хэрэгтэй.
Дор хаяж дээрх асуултуудад засгийн газар болон манай холбогдох байгууллагууд ямар байр суурьтай байгаагаа нийтэд заавал мэдүүлж байж, дараа нь хувь хишгээ хүртээж болдоггүй юм уу?
Олон хувийн телевизтэй болж, тэр олон реклам, киноы (балай) оронд мэдээллийн чанартай нэвтрүүлгүүд хэрэгтэй байна.
Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй, Бушуу туулай борвиндоо баастай гэж үг бий дээ. Сонгууль боллоо гэж битгий яараачээ, гэж хүсэх гэсэн юм.
Monday, February 28, 2011
Цас
Tuesday, February 8, 2011
Чонон сүлд роман

Суурин соёл иргэншилтэй ард түмэнд нүүдэлчдийн амьдрал соньхон байдаг бололтой.
Уншихад их л сонирхолтой, ялангуяа эмэгтэй хүн тэр бүр оролцоод байдаггүй, ан авлах түүн дотроо чонын бэлтрэг суйлах, цаашилбал нүүдэлчин ард түмний жирийн амьдралд байгаль, ан амьтан, араатан жигүүртэнтэй, салшгүй холбоотой болох талаар өгүүлжээ.
Романы гол баатар нь номыг зохиогч бөгөөд ямар нэг байдлаар Нууц товчоо дахь домгийг ишлэл болгохыг мэрийн, чонотой нөхцөн монгол үндэстэн үүссэн гэсэн таамаглалыг дэвшүүлж, чонотой харьцах нүүдэлчин Монголчуудын зөн билэг, оюу ухааныг хүч чадлыг хөндөн тавьжээ.
Энэ роман дахь үйл явдал бүгд чонотой холбоотой бөгөөд Монголчуудын соёлын үнэт сан уртын дууг хүртэл чонын улианаас үүдэлтэй байж болох юм гэсэн таамаглалыг дэвшүүлжээ.
Энэ мэтээр бидний өөрсдийн тоодоггүй олон зүйлийг хөндсөн сонирхолтой ном боловч, үнэхээр Зян Руны бичсэнтэй зуун хувь санал нэгдэх нь ямар болоо...
Сүүлийн үед хөлдүү чоно хилээр гаргаж байна, барьлаа, хураалаа гээд чимээгүй болдог нь арай энэ романтай холбоотой биш биз. Арай хээрийг боохойг минь барж, биднийг чадна гэж санасан юм биш байгаа даа.
Тэд биднийг олон жил өөртөө шингээхийг санаархан хөрш оршсон ард түмэн тул Монголчуудын дээдлэн хүндэлдэг бүхийг нарийвчлан судлаж, аль болох сиймхийг ажин суугаа юм биш биз гэсэн олон эргэлзээт бодол сэтгэлд минь хөврөнө.
Үнэхээр хээрийн боохой минь үгүйрвэл байгаль, ан амьтандаа хичнээн хор хөнөөлтэй билээ дээ, цаашилбал өнөөгийн Монголчуудын эдийн засгийг хэт шүтсэн амьдрал үнэхээр мөнхийнх байж чадах уу? Бид нүүдэлчин ард түмэн тул суурьшмал иргэдийг дуурайх нь зөв үү? Нүүдэлчин ардад тохирох хөгжлийн хэлбэр маягийг өөрсдөө олох нь хамгийн чухал юм шүү гэж бодогдлоо.
Энэ романаар хэлэлцүүлэг явуулж олон нийтэд хүртээмжтэй болговол зүгээр санагдана.
Хэдийгээр Хятад хүн бичсэн ч гэлээ, үнэхээр бид хөрш ард түмнийхээ дотоод ертөнцийг сайн мэдэрдэг, санаа бодлыг урьчилан тааварладаг зөн билэг, оюу ухааны чадалтай ард түмэн юм. Харин суурин амьдралд бусдыг дуурайн шилжвэл өөрсдийн үнэт зүйлээ алдах магадлал бий. Иймээс зөн билэг, оюу ухааны хүч чадлаа үр хүүхэддээ өвлүүлэх нь юу юунаас чухал.
Эцэст нь романыг орчуулсан орчуулагч Болдбаатарт чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдаа улам сайхан, орчуулгын ном гаргахыг хүсье.
Tuesday, February 1, 2011
Улаанбаатарын фото зураг
Monday, January 31, 2011
Ийм нэг албан бус хэлэлцүүлэг
Байгаль орчны судалгааны багийнхантай хэдэн жилийн өмнө хөдөө явсан юм.
Байгаль орчин хамгаалах төлөвлөгөө боловсруулах багат:
· Байгаль орчин хамгаалах ажил зохион байгуулах менежер эрэгтэй 1(гадаад хүн),
· Менежерийн туслах залуу эмэгтэй1,
· Ус судлаач буюу химийн мэргэжилтэн настайвтар профессор эрэгтэй 1, залуухан эмэгтэй 1,
· Усны чанар судлаач мэргэжилтэн эмэгтэй 1 (гадаад хүн),
· Усны чанар судлаач дунд насны эрэгтэй 1 аль сургуулийн билээ профессор
· Гидрогеологийн инженер залуу эмэгтэй 1, дунд насны эрэгтэй 1
· Хэвлээр явагч судалаач залуу эрэгтэй 1,
· Амьтан судлаач (сээр нуруутан) дунд насны эрэгтэй 1
· Шувуу судлаач залуухан эмэгтэй 1,
· Ургамал судлаач залуу эмэгтэй 1, эрэгтэй 1 байхаас гадна орчуулагч миний бие, мөн 4 (эрэгтэйчүүд) жолоочтой баг нэг зун хөдөө ажилласан юм.
Зунжингаа хамт ажилласан тул эжий ахай болтлоо танилцаад, судалгааны сэдвээс ч өөр сэдвээр ширүүхэн хэлэлцүүлэг өрнүүлдэг боллоо.
Нэг удаа, телевизээр олны танил эрхэм гарч, эрэгтэйчүүд хоёр эхнэр авч болох талаар хуулийн заалт шинээр батлуулж болно энэ тэр гээд баахан дэмийрсэн юм.
Багийн эрчүүд эр хүн юм болохоороо тэр яриаг өөгшүүлж, хоёр эхнэр авбал ... гэж ургуулан бодож, ам уралдуулахад, хүүхнүүд бараг багаасаа өрх тусгаарлах шахан, эрхээ хамгаалан хошуугаа билүүдэцгээв.
Гэтэл түрүүнээс хойш дуугүй суусан шувуу судлаач биологийн мэргэжилтэн бүсгүйгээс “Ц чи тэгвэл яах вэ?” гэж тоглоом шоглоомоор асуувал,
“Хн, тэгвэл би их хатан болж байгаад бага хатныг ямбийтал нь дарамтална” гэдэг юм даа.
За эрчүүд минь, тийм хууль батлуулбал бага эхнэр чинь их зовно шүү.