Tuesday, February 8, 2011

Чонон сүлд роман

Хятадад хэвлэгдэн эдүүгээ дэлхий нийтийн уншигчдын хүртээл болоод буй Чонон сүлд романыг уншлаа.
Суурин соёл иргэншилтэй ард түмэнд нүүдэлчдийн амьдрал соньхон байдаг бололтой.
Уншихад их л сонирхолтой, ялангуяа эмэгтэй хүн тэр бүр оролцоод байдаггүй, ан авлах түүн дотроо чонын бэлтрэг суйлах, цаашилбал нүүдэлчин ард түмний жирийн амьдралд байгаль, ан амьтан, араатан жигүүртэнтэй, салшгүй холбоотой болох талаар өгүүлжээ.

Гэхдээ л дотор хүн бичсэн ном шүү дээ гэж бодохоор халуун цус маань огшиж, өөг нь эрэлхийлэн уншив.
Романы гол баатар нь номыг зохиогч бөгөөд ямар нэг байдлаар Нууц товчоо дахь домгийг ишлэл болгохыг мэрийн, чонотой нөхцөн монгол үндэстэн үүссэн гэсэн таамаглалыг дэвшүүлж, чонотой харьцах нүүдэлчин Монголчуудын зөн билэг, оюу ухааныг хүч чадлыг хөндөн тавьжээ.
Энэ роман дахь үйл явдал бүгд чонотой холбоотой бөгөөд Монголчуудын соёлын үнэт сан уртын дууг хүртэл чонын улианаас үүдэлтэй байж болох юм гэсэн таамаглалыг дэвшүүлжээ.
Энэ мэтээр бидний өөрсдийн тоодоггүй олон зүйлийг хөндсөн сонирхолтой ном боловч, үнэхээр Зян Руны бичсэнтэй зуун хувь санал нэгдэх нь ямар болоо...
Сүүлийн үед хөлдүү чоно хилээр гаргаж байна, барьлаа, хураалаа гээд чимээгүй болдог нь арай энэ романтай холбоотой биш биз. Арай хээрийг боохойг минь барж, биднийг чадна гэж санасан юм биш байгаа даа.
Тэд биднийг олон жил өөртөө шингээхийг санаархан хөрш оршсон ард түмэн тул Монголчуудын дээдлэн хүндэлдэг бүхийг нарийвчлан судлаж, аль болох сиймхийг ажин суугаа юм биш биз гэсэн олон эргэлзээт бодол сэтгэлд минь хөврөнө.
Үнэхээр хээрийн боохой минь үгүйрвэл байгаль, ан амьтандаа хичнээн хор хөнөөлтэй билээ дээ, цаашилбал өнөөгийн Монголчуудын эдийн засгийг хэт шүтсэн амьдрал үнэхээр мөнхийнх байж чадах уу? Бид нүүдэлчин ард түмэн тул суурьшмал иргэдийг дуурайх нь зөв үү? Нүүдэлчин ардад тохирох хөгжлийн хэлбэр маягийг өөрсдөө олох нь хамгийн чухал юм шүү гэж бодогдлоо.
Энэ романаар хэлэлцүүлэг явуулж олон нийтэд хүртээмжтэй болговол зүгээр санагдана.
Хэдийгээр Хятад хүн бичсэн ч гэлээ, үнэхээр бид хөрш ард түмнийхээ дотоод ертөнцийг сайн мэдэрдэг, санаа бодлыг урьчилан тааварладаг зөн билэг, оюу ухааны чадалтай ард түмэн юм. Харин суурин амьдралд бусдыг дуурайн шилжвэл өөрсдийн үнэт зүйлээ алдах магадлал бий. Иймээс зөн билэг, оюу ухааны хүч чадлаа үр хүүхэддээ өвлүүлэх нь юу юунаас чухал.
Эцэст нь романыг орчуулсан орчуулагч Болдбаатарт чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдаа улам сайхан, орчуулгын ном гаргахыг хүсье.

3 comments:

Arsun said...

Олж уншъя байз.

Гилийн хатан said...

Bi bur end olood avchihsan, unshij ehleegui bgaad bdag. Manai hun unshchihaad nad yarij uguud horhoi hurgeed bgaa

ZAYA said...

Арсун: Та уншчихаад блогтоо бичлэг оруулаарай.
Гилийн хатан: Тэгвэл уншсанаас ялгаагүй юм биш үү.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...