Monday, October 31, 2011

Бөх үзсэн тэмдэглэл

Нийслэл хот байгуулагдсаны 372 жилийн ойн баярт зориулсан аймаг, цэрэг, улсын цолтой хүчит 128 бөхийн барилдаан үзэх завшаан тохиолдож, анх удаагаа бөхийн өргөөнд бөхийн барилдаан үзлээ.
Манай ажил дээр 5 урилга ирээд, үзэх хүн олох гэж хөөрхөн юм болов. Бүгд л сонирхолгүй юм байх оо,
Хүн тоож үзэхээргүй юу байдаг юм болоо? гэж хальт бодонгуутаа за за би яваад үзье гэж хэлээд 4 Японтой хамт явсан юм.
Гэнэт шийдсэн болохоороо жаахан санаа зовж, шуудгийг шорт, зодгийг цээживч гэж халаадаг шиг юм болох вий хэмээн эсэн бусан юм толгойд холилдох зуур найз хүүхний нөхрийн эрт очихгүй бол суудалгүй болчихно, дор хаяж цагийн өмнө очих хэрэгтэй гэдэг зөвөлгөө хамгийн үнэтэй байсан байна гэдгийг очсон хойноо суудалгүй зогсож байхдаа сайн ойлгов.
Суудалгүй гээд нүдээ анилтай биш үзлээ, нам гүмхэн нээрээ л монгол орчин юм байна.
Барилдаж буй бөхчүүдийг тэвчээртэй харах өргөө дүүрэн үзэгч эрчүүдийн дунд бараг би ганцаараа шингэн дуутан юм биш үү.
Эмэгтэй хүн байна уу? гэж харвал нүдэнд огт өртөхөөргүй газар ганц нэг настай эжий сууж байгаа нь лав барилдаж буй бөхчүүдийн ээж нарын нэг биз ээ.
Ингээд нэгийн даваа шувтарч хоёрын даваа эхэллээ, хаа очиж хамт явсан гадаад нөхдүүд бөхөө үзээд овоо шүү, ойлгоод байгаа бололтой, тэгэхээр нь эгч самбаачилаад зураг авсан гэж байгаа.

Нэгийн давааны сүүлийн хоёр бөх. Хамт бөх үзсэн хүмүүст маань том жижиг биетэй мөртлөө, жижиг нь томыгоо хаяж байгаа нь их сонирхолтой санагдсан гэнэ. Биеийн том жижиг ялгаагүй, толгойны том жижиг (мэх) хамгийн их хамааралтай болох талаар ойлгоод байнаа.
Хоёрын даваа эхлэх үеийн зураг. Засуулын талаар их асууж байна лээ, даанч засуул бөхийн цол гуншинг дуудсангүй, Бөхийн цолыг ер нь хэдийд дууддаг юм болоо?
Бөхийн хорхойтон яг урд минь байж таараад, хэ хэ хэлэлгүй зураг авчихсан.
Тэр өдрийн бүх бөхчүүдийг бүртгэж, хэн хэнийгээ амлаж, хэн хэн тунаж байгааг нямбай нь аргагүй хөтөлсөн дэвтэр дээр үргэлжлүүлэн бичиж, барилдаж буй бөхийг анхааралтай үзэх бөхийн хорхойтоны үйл хөдлөлийг харж зогслоо.
Бөхийн хорхойтонд би жаахан саад болсон байх аа, элдэв шалдар булдар юм асууж энэ тэр, гэхдээ хөөрхий надад их л халамж тавьж барилдаж байгаа бөх хэний хэн, аль аймаг сумын харъяат болохыг хэлж өгсөөн.
Зогсож үзэхэд жаахан тиймхэн санагдаж, хоёрын даваа дуусах үед бид нар буцлаа.
Эцэст нь хэлэхэд манай Монголчууд чинь цаг барьдаггүйгээрээ алдартай шахуу байж бөхийн барилдаан нь яг цагтаа эхэлдэг юм билээ шүү.
Завшаан таараад, суудалтай бол дараа бөх үзэхээс татгалзахгүй ээ.

3 comments:

tumee 33 said...

naizdaa happy birthday!

Тэмээчин бүсгүй said...

Meddeg huntei n uzeh goy shuu teen.

ZAYA said...

Түмээ: Баярлалаа.
Тэмээчин бүсгүй: Тийм байх шүү, сайхан тайлбар их хэрэгтэй.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...