Оюутан байхдаа зуны амралтаараа жуулчид дагуулаад явдаг байлаа. Нэг удаа жуулчны компаний менежер "Ганцаараа ирсэн нэг жуулчин байна. Группэд оруулж болно гэсэн чи өөрийнхөө группэд нэг хүн нэмээд аваад яв" гэлээ.
Хархоринд хоёр хонох төлөвлөгөөтэй, эхний орой агаар сайхан байсан тул бүгдээрээ жуулчны баазын ар талын өндөр ууланд гарлаа. Жуулчид маань ам амандаа сайхан юм гэсээр уулын овоон дээр гарч ирлээ. Тэр овоон дээр баахан адууны толгой залсан байв. Гэтэл бусдынхаа сүүлд яваад л жаахан зожигдуухан, нөгөө сүүлд нэмэгдэж ирсэн жуулчин, адууны толгой яагаад энд байгаа юм бэ? гээд баахан асуултаар булж орхидог юм байна.
Чадах чинээгээрээ л хариулт болгож, Монголчууд адууг хэрхэн шүтдэг болсон тухай домог, түүх холин ярьж өгтөл тэгсхийгээд чимээгүй боллоо.
Уулнаас бууж байх замд нэг үхрийн хувхай цагаан толгойтой тааралдав. Тэр нь бас болоогүй ээ, томоос том эвэртэй. Нөгөө адууны толгой асуугаад байсан жуулчин бас л асууж байна. " Энэ толгойд ямар нэгэн учир байгаа юу? гэж ирээд л... Ямар юмны учир байхав дээ гэж бодоод "Зүгээр хог, байгальдаа иймэрхүү байдлаар шингэдэг" гэдэг хариулт өгтөл " Хог уу? ямар нэгэн далд учиргүй юу" гэхээр нь их юм бодолгүйгээр "Хэнд ч хэрэггүй хог" гээд хэлчихэв.
Улаанбаатарт ирээд онгоцны буудал дээрээс жуулчдыг гаргаж өгөөд зогсож байтал, манай группын нэг нөхрийг гааль их сүрхий байцааж байгаа бололтой, ард нь дараалал үүсэж байгаа харагдлаа. Яасан юм болдоо гэж санаа зовосхийн харж байтал гаалийн байцаагч дуудаж байнаа.
Яваад очтол, байцаагч, мэнд мэдээд энэ хүний ачааг задлах шаардлагатай байна гэв. Хартал нөгөө малын толгойны харшилтай эр зогсож байнаа. Таныг ачаагаа задла гэнээ хэмээн дамжуулж хэлтэл, нөгөө хүн чинь ачаагаа задлаж эхлэв. Тэгсэн чинь юу байсан гэж сананаа. Чемоданыг нь бараг дүүргэсэн томоо бор цаасан боодолтой юм байх юм. Хичнээн ч их скочдож боосон юм бүү мэд. Баахан боолт, давхар давхар цаасан боодлыг тайлтал нөгөө миний хэнэггүйгээр хог гэж хэлж өгсөн үхрийн хувхай цагаан эвэртэй толгой... Нүүрнээс гал бутраад л явчихдаг юмдаа. Инээд хүрээд болдоггүй ээ. Үүгээр бас яадаг байнаа гэж бодохоос...
Байцаагчийн асуултанд хариулж байхад нь яагаад толгой эвэр таарахаар асуултаар булаад байсныг нь ойлгосон юм. Амьтны эвэр цуглуулах хоббитой хүн байсан байгаа юмдаа.
Үхрийн хувхай цайсан толгойг, ямар нэгэн боловсруулалт хийгдээгүй түүхий эдийг хилээр гаргадаггүй гэсэн хариулт өгч буцаасан.
Онгоц өндрөө аван нисэж байхад жолооч бид хоёр үхрийн толгой хаях гээд явж байж билээ.
Дараа нь тэр жуулчнаас түвэг чирэгдэл удсандаа уучилал хүссэн утгатай захидал авснаа мартдаггүй юм.