Wednesday, March 27, 2013

ТОКИО хот дахь "SKY TREE" байгууламж

Токио хотын төвд өнгөрсөн жил баригдаж, дэлхийн хамгийн өндөр цамхагт ороод байгаа "SKY TREE" цамхагаар аялах завшаан надад тохиов.
2012 онд уг цамхаг нь ашиглалтанд орсон бөгөөд, 634 м өндөр, металл карказ нь 36000 t, нэг удаад хүлээн авах хүний тоо 2000 (350 м)+900 (445 м), цахилгаан шатны хурд нь 600м/ минут ба, 350 метрийн өндөрт гарахад 50 секут орчим болж байсан.
"SKY TREE" цамхаг
Тус цамхаг нь тэнгэр өөд тэмүүлэх аварга том модыг илэрхийлэх гайхамшигтай загвартай, Японы уламжлалт уран барилгын аргаас санаа авсан, ногоон дэлхийн хүмүүс аварга модны доор цуглан чөлөөт цагаа өнгөрөөх соёл хүмүүжлийн төв болгохыг зорьсон байгууламж юм байна.
Цамхаг нь гурвалжин хэлбэртэй, угаас гурвалжингийн суурийн тулах, ачааллах чадвар өндөр тул онолын хувьд гурвалжин байх нь хамгийн зөв шийдэл боловч, нөгөө талаасаа нь  Токио хотын дундуур урсах "Сүмидакава" "Аракава" хэмээх голын сав газар "Зүүн баруун тээврийн хэрэгслийн хөдөлгөөн" дундах Токио хотын амьдралыг дээрээс тольдох боломжийг бүрдүүлэх зорилготой ба цамхагийн гурван том тулгуур тус бүр гүн утгыг илэрхийлж буй ажээ.
Мөн уг байгууламж нь телевиз болон мэдээллийн хэрэгслийн сүлжээг бэхжүүлэх том байгууламж төдийгүй, одоогоор олон телевизүүд өөрсдийн сүлжээний туршилтын цацалтыг хийж байгаа гэнэ.
Цамхаг дээрээс харагдах байдал
Нүдний өмнө Аракава гол
Энэ аварга том байгууламжийг Японы НИККЕН СЕККЕЙ зураг төслийн компани зургийг нь боловсруулж, ОБАЯАШИ хэмээх газар ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан байна. (Нилээн дээр үед ОБАЯАШИ чинь манайд Эрдэнэтэд баригдсан дунд сургуулийн  гүйцэтгэгчээр ажилласан.)
Нээгдээд бараг жил болох гэж байгаа боловч үзэгчид буураагүй байгаа нь хүмүүсийн анхаарлыг татсан байгууламж гэдэг нь тодорхой байв. Би л гэхэд 10-аад хоногийн өмнө интернетээр билетийн захиалгаа хийлгэж байж, цагаа урьдчилан тохирсон үзэгч байсан. Миний очдог өдөр харин тэнгэр цэлмэг, нарны эсрэг чиглэлд зураг авахад боломжтой байж, харин нар тусч буй  талруугаа манатай харагдаж байлаа. 
Цамхагт очих гэж байгаа хүн байвал, үдээс өмнө, тэнгэр цэлмэг өдөр Sky Tree-д очвол, алдарт Фүжи уулыг тольдох боломтой юм байна лээ шүү.

2 comments:

Тэмээчин бүсгүй said...

Гоё харагддаг юм байна. Энд нэг бүрхэг өдөр таараад Намсан-с юм харлаа. Цэлмэг байсан бол бүр гоё гэж бодоол....

ZAYA said...

Тэмээчин бүсгүй: Гоё харагддаг юм байна лээ. Нүдээр бол цаад тал нь далай байна гэж шууд анзаарагдахгүй юм билээ, харин миний авсан зураг дотор энэ зураг илүү тод харагдаж байхаар нь тавьсан юм.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...