Monday, March 4, 2013

Семинарын сонин сайхан

Саяхан хүний гуйлтаар семинарын орчуулганд явлаа. 
Надад тохируулсан юм шиг гүүрэн байгууламжийг шинээр барих төлөвлөлт, бас ашиглалтанд өгсний дараах засвар арчлалт, түүний хяналт, хөрөнгө оруулалтын менежмент гэсэн сэдэвтэй байв.
Улаанбаатар хотын дундуур төмөр зам гарч байгаа тул хотын урд, хойд талыг холбох авто замын сүлжээнд төмөр замыг давах шинэ гүүрэн байгууламж одоогийн хөдөлгөөний эрчмээр  шаардлагатай ангилалд оржээ.
Нарны замын төгсгөл хэсэг (Материал импексийн урд тал) орчмоос, урагшаа төмөр зам давуулж, Ажилчины гудамжтай холбох гүүрэн байгууламжийн урьдчилсан судалгааг JICA байгууллагын судалгааны баг хийж дуусчээ. 
Гүүрэн байгууламжийн алгасал нь 74 уртааш метр, энэ алгасал нь төмөр зам дээгүүр гарч байгаа хэсэг ба, 43,7 уртааш метр алгасал нь Нарны замыг хөндлөн огтлох хэсэгт, гүүр нь 828 м бөгөөд гүүрийн дөхөх, туслах замаа оруулбал 2,2 км орчим байгууламж юм байна. Хийцийн хувьд ур чадвар нилээн шаардах байх гэж бодож байна. Налуу өгөгдөлүүд төрөл бүрээр өгөгдөж, хийх айлын чадварыг сорих даалгавар болох нь зургийг харахад л ойлгомжтой байв.
Гүүрийн ачаалал даацын хувьд өнгөрсөн жил ашиглалтанд орсон Нарны гүүрээс дутахгүй, эн тэнцүү байхаар ба гүүрийн байнгын ачаалал (гүүрийн өөрийнх нь ачаа), динамик ачааллыг (өөрийн ачаан дээр + дээгүүр нь явах тээврийн хэрэгслийг оруулаад) хэрхэн тооцсноо зураг зохиогч Япон сайхан тайлбарлаж байв. 
Гулзайлтын момент, хугарлын моментоор гүүрэнд ирэх динамик ачааллыг тооцож шаардлагатай хэсэгт нь хүчитгэх, шаардлагагүй хэсэгт материал сонголтыг хасаж зохицуулан эдийн засгийн талаас нь үр өгөөжтэй байх хувилбарыг зураг зохиогч эрэлхийлсэн байсан.
Гүүрийн суурийн байгууламж нь шууд суурь, хайрцаг, болон металл гадсан суурь ч орсон байсан ба энд Нарны гүүрийг барихад ашиглалсан хийц ч байсан ба ашиглаагүй ч суурийн төрөл байна лээ.
Судалгааны багийн зураг зохиогчийн гол ач холбогдол өгсөн нэг зүйл бол газар хөдлөлтөнд хэр тэсвэрлэх вэ? гэдэг асуултын хариулт байлаа.
Би бээр урд нь зураг зохиогчтой ажиллаж байгаагүй, төлөвлөчихсөн зургийн дагуу гүүрийн угсралт дээр ажиллаж байсан хүн болохоор надад газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварын тооцоололт маш их сонирхолтой санагдав.
Японд газар хөдлөлтөнд тэсвэрлэх тухай нормыг анх 1920 оны Канто-гийн газар хөдлөлтийн дараагаас гаргасан ба үүнээс хойш их хэмжээний газар хөдлөлтийн шинж чанарыг судлан түүндээ тохируулан газар хөдлөлтөнд тэсвэрлэх нормыг байнга шинэчилж иржээ.
Газар хөдлөлтийг үндсэндээ хоёр том түвшинд хувааж, 1-р түвшингийн газар хөдлөлтөнд тэсвэрлэх бүтээцийг гулзайлт, хугарлын момент, биеийн энерги хадгалах хуулийг ашиглан тооцно. Бас бус өөр физикын хуулиудын дагуу их тооцоо хийдэг юм байна. 
2-р түвшины газар хөдлөлтөнд 100 жил эсвэл 1000 жилд нэгээс хоёрхон удаа болдог том том газар хөдлөлтийг оруулах ба тооцоололт бол өмнөх нэгдүгээр түвшинтэй адил боловч түүнд /2-р түвшинд/  тэсвэрлэх бүтээц нь эдийн засгийн хувьд өндөр өртөгтэй болох нь тодорхой.
Харин Ажилчины гудамжны гүүрэн байгууламж нь газар хөдлөлтийн 1-р түвшин, 2-р түвшин хоёрын яг дунд хавьцаа байгаа нь түүний тайлбарласан графикаас тодорхой харагдаж байв.
Дараагийн сэдэв нь Засвар арчлалтын тухай байлаа.
Мэдээж, тухайн байгууламжийг хүлээн аваад ашиглаж байгаа газрын мэдрэмж, хариуцлагаас ашиглалтын хугацаа болон гүүрийн аюулгүй байдал шууд хамааралтай.
Харин тэр сэдэв дотор "Хөрөнгө оруулалтын менежмент" гэсэн дэд бүлэг нь манай мэргэжлийн байгууллагынхан санаа оноо авч болох болов уу гэж бодлоо.
Америк, Канадад ч засвар арчлалтанд хөрөнгө мөнгө төлөвлөж байгаагүйгээсээ болж осол гарч байсан тухай сонирхолтой жишээ татаж, төсөв хүрэхгүй бол хаанаас гүүрийн засвар арчлалтын зардлыг бүрдүүлж болох, цаашилбал, ашиглалтын явцад хийх урсгал засварыг хэрхэн төлөвлөх талаар оновчтой саналууд орсон байсан.
Ажилчины гудамжны гүүрэн гарц одоогоор манайхны хэлдэгээр ТЭЗҮ хийгдээд дуусч байна. Япончууд чанартай, үлдэцтэй зүйл хийж бүтээхдээ гаргууд улсууд, бидэнд бас нэг сайхан гүүр үлдэх болтугай хэмээн ерөөл өргөе.
Семинарт авто замын газрын хариуцсан албуудаас хүн цөөхөн оролцож байх шиг санагдсан ч хувийн компанийн инженер техникийн ажилтан овоо идэвхтэй оролцлоо.

4 comments:

Delgermaa Erka said...

сайн байнуу ямар мундаг юмбэ
Нарны гүүрэн дээр манай ах монгол талын инженерээр нь ажилласан шдээ

Delgermaa Erka said...

хүсвэл танилцаарай ...

Unknown said...

WoW Mundag umaa. Olon guur taviad yarmagiin zam ruu bas het ih achaalal boldog boluu yadag bol. Ter hesgiin zamiin huchin chadliig yaj nemeh boloo mergejliin humuus goy sanaa gargah baihaa te?

ZAYA said...

Дэлгэрмаа: Ахыг чинь сайн танина.
Unknown:Семинар болдог өдрийн үдээс өмнө бас нэг семинар болж байсан, тэр хотын авто замын сүлжээ, нийтийн тээвэр зэргийг хамарсан сэдэв байх шиг байсан. Уг нь сонссон бол Япончууд хооронд нь уялдуулсан л байх ёстой.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...