Monday, November 5, 2012

Нарны гүүрийн талаарх энгийн мэдээлэл

Нарны гүүрийн тухай бага сага гадарлах хүний нэг учраас хэд хэдэн зүйлийг тодруулбал зүгээр санагдаж байна. Ялангуа хүүхэд залуучуудад.

1. Гүүрийн үнэ өртөг.
Үргэлжилсэн I хэлбэрийн металл дам нуруут гүүр бүхий 1621 м гүүрийн дөхөх, зангилаа зам, гэрэлтүүлэг, 2 уулзварын гэрэл дохио, 2259 м борооны ус зайлуулах шугамын хамт хийх гүйцэтгэлийн өртөг 3042,000,000 япон иен болж байгаа. Зарим мэдээллийн хэрэгслээр 3,7 тэр бум иен гэж мэдээллэх юм. Яг гүйцэтгэлийн үнэ бол 3 тэр бум 42 сая япон иен. Гүүрийн хувьд чанартай ч өндөр үнэтэй боссон.
2. Гэхдээ гүүрийн өртгөөс илүү сонирхол татах зүйл их байна. Энэ бол яах аргагүй технологи.
Манай Монгол урьд өмнө нь нэг их хийгдэж байгаагүй технологи доорх хийцүүдэд хийгдсэн.
* Суурь
* Дам нурууг гулсуулж угсрах арга
* Хүчитгэсэн далан
* Гулсалтаас хамгаалах хучилт
2.1 Суурь
Гадсан суурь 30 ширхэг гадсан суурийг хийсэн ба, газрын гүнд 10-11 метрийн гүнд гадаслагч тусгай машинаар угсарсан.
30 гадасны 4 нь металл гадас байсан ба төмөр замтай хамгийн ойр байрлах суурь байсан ба ажиллах орчин хязгаарлагдмал хэсэгт тохиромжтой гэж Япончууд сонгосон байсан. Бусад 26 гадас нь төмөр бетон цутгамал байсан. Яг цутгах процессоос эхлээд маш ярвигтай, ур чадвар, шаардсан технологи болох нь гүйцэтгэлийн ажлын адал явдлаас сайн ойлгосон.
Гадсан суурийг бэлэн болмогц, дээр нь төмөр бетон цутгамал суурийг хийж металл тулгуурыг угсарсан. Металл тулгуурууд нь дан дангаараа тул хөдөлгөөнд оролцогчийн харах орчинд эерэг нөлөөтэй гэж зураг зохиогч үзсэн байсан.
2.2 Дам нурууг гулсуулж угсрах арга
Энэ арга Монгол анх удаа хийгдсэн. Үндсэндээ төмөр зам дээгүүр давах хэсгийн төмөр замын хөдөлгөөнийг огт зогсоолгүй, дээгүүр нь гулсуулж хоёр тулгуурыг хооронд нь холбосон.
Одоо энгийн үгээр тайлбарлах гээд үзье.
Гулсуулж угсрах дам нуруны үзүүрт маш хөнгөн төмөр урт хамрыг бэхэлж дам нурууг угсрахдаа энгийн ролик, туузан дамжуургын зарчмыг ашигласан төхөөрөмж хэрэглэж байсан. Дам нурууг гулгуулж эхэлмэгц түүний үзүүрт бэхэлсэн хөнгөн хэсэг /хамар/ дараагийн тулгуурт хүрэх үеийн ачааллах байдлыг Япон инженер маш нарийн тооцсон байсан. Ачаа, зам хоёрын харилцан хамаарал дээрээс нь салхины хурд, угсрах бодит цаг, бэхэлгээд шаардлагатай цаг зэргийг маш нарийн тооцсон байсан ба тооцож төлөвлөсөн цаг огт зөрөхгүй угсарлтыг амжилттай гүйцэтгэсэн. Энэ угсралтыг гүйцэтгэсэн манай ерөнхий инженер Япон залуу, тооцоолол, төлөвлөлт, гүйцэтгэл нь яв цав хүн байж, аливаа нэгэн техникийн тайлбарыг зөв гаргалгаагаар гаргадаг шилдэг инженер байв. Манай Монголд тийм инженер арвын зэрэг байвал техник технологи арай өөр түвшинд байх болов уу.
Даширамд хэлэхэд гулсуулах аргаар угсрах тоног төхөөрөмж маш энгийн зарчим дээр суурилсан  тоноглол байсан. Түр тулгуур буюу bent -ийг ашигласан.
2.3 Хүчитгэсэн далан
Terre arrme гэсэн францаас гаралтай технологи байсан. Энгийн далан барихтай адил боловч дүүргэгч материалын дундуур нь төмөр ялтсан тууз бэхэлдэг ба уг төмөр тууз нь үрэлтийн хүчний эсрэг үйлчлэл үзүүлэх зарчмаар даланг улам бат бэх болгодог. Энэ технологи нь тусгай лизенз эзэмшигчтэй, дураараа технологийн мэдээллийг дамжуулаад байх эрхгүй юм билээ. Харин лизенз эзэмшигчтэй холбогдоод авч болох юм байна лээ.
2.4 Гулсалтаас хамгаалах хучилт
Материалыг нарийвчлан авч үзвэл хиймэл чулуу байх гэж бодож байтал, чулуу биш, бараг төмөр мэт зүйл байсан.
Химийн элемент, нэгдэл нь:
Al2O3-33.4%
Fe2O3-24.4%
FeO-27.9%
SiO2-6.6%
Ca O-4.5% юм байна.
Энэ хучилтыг огцом эргэлт бүхий хэсэгт нь улирал хамаарахгүй гулсахаас хамгаалах зорилгоор зургийн зохиогч оруулсан байсан.
Нийтийн мэдээллийн хэрэгслээр иймэрхүү энгийн нэмэлт тайлбар ер нь харагдахгүй зөвхөн хэдэн жилийн настай вэ? ч юм уу? ямар үнэтэй вэ? гэж асуулт тавиад хариулт аваад байвал цаашид шинэ юм сурч, технологи нутагшуулахад тээг болох юм шиг санагдсан тул өөр талаас сонирхуулах нь их чухал санагдаж байна.
Манайд энгийн хүмүүст тодорхой танилцуулж тайлбарлахгүй бол ялангуяа хүүхэд залуучууд технологийн талаар ямар ч мэдээлэлгүй өсч улмаар мэргэжлээ сонгохдоо, хуульч, эдийн засагч, эмч гэх нь бидний үеийнхтэй яг адил сонголт хийх нь  байсаар байх шиг.
Харин технологийн ач холбогдолыг энгийн тайлбартай хүргээд байвал хүүхэд залуучуудыг мэргэжил сонгуулахад ч хэрэгтэй юм шиг санагдах юм.

10 comments:

Aamregled said...

сайхан мэдээлэл оруулсан байна баярлалаа ..

Cаарал said...

Тун сонирхолтой мэдээлэл байна. Жапанууд иймэрхүү элдэв технологидоо гаргууд улсууд. Авто зам, барилга засварын ажил хийхэд гулсуулах технологийг өргөн ашиглаж байна. Байшин барилгыг хүртэл эвдэж нураалгүйгээр, данхраадаар өргөөд, роликууд дээгүүр гулсуулаад л зөөж байна. Кобе-гийн газар хөдлөлтийн үед зөвхөн тулгуур нь нурсан 100 хэдэн мянган тонн жинтэй гүүрийг өргөж байгаад шинэ тулгуур цутгаж байх жишээтэй.

Нарны гүүрний хувьд нэг асуулт сонирхол татаад байдаг юм. Гулсалтаас хамгаалсан хучилт гэсэн байна. Жишээ нь манай нөхцөлд хичнээн сайн материалаар хичнээн сайн арзгар барзгар хийсэн ч завсар нь цас шигдэж хатуураад, гулгаад эхэлдэг. Манайд ордог цасны зузаан хоккайдогийн цасны хаана ч хүрэхгүй ч, хүйтнээс хамаараад зам дээр тэс өөр нөхцөл үүсгэдэг. Жапанууд манай өвлийн хүйтэн, цасны байдлыг хэр тооцож тэр хамгаалалтыг хийсэн бол? Энэ намар орсон цасны үед хамгаалалт гулгаанаас хэр хамгаалж чадсан бол?

ZAYA said...

Дэлгэрмаа Эрка: Зүгээр ээ,
Саарал: Гулсалтаас хамгаалах хучилтыг өвлийнх, эсвэл цас мөснөөс хамгаална гэж төлөвлөөгүй, уруудаад буцаж эргэж буй огцом эргэлттэй газар нь улирал хамаарахгүйгээр гулсахаас хамгаалж оруулсан юм. Хүмүүс андуураад, нийтийн мэдээллийн хэрэгслээр цас орохоор яах вэ гээд шуугиад байх юм.
Одоо Улаанбаатарт Сансарын тунелийн өгсүүр зам 6,4 хувь байдаг бол Нарны гүүрийнх 4,9 хувь шүү дээ.
Гулсалт огт гарахгүй гэж хэлэхгүй ч өвлийн дугуйтайгаар анхаарал сонор сэргэмжтэй оролцвол зүгээр.
Тэрнээс Япончууд хийлээ гээд гулсаж явахаа мэдэхгүй зууралдсан зам гүүр гэж хаа байх вэ? дээ.

Цас мөснийх бол биш, гэхдээ бага сага цасанд нэмэртэй байлгүй яахав.

Cаарал said...

уул нь цас мөсийг замын арзгар барзгарт даатгаад орхих бус, орсон даруйд нь цэвэрлэх, эсвэл хайлуулах бодис цацах ёстой л доо...

peakfinder said...

Яг нарийн мэдээлэл бас сонин сайхан байна шүү. Ажлаа амжилттай дуусгасанд баяр хүргэе.

Arsun said...

Тиймээ, ажлаа амжилттай дуусгасанд баяр хүргэе.

Munkhbaatar said...

сайн уу нийтлэлийн эхийг дурьдаад блогтоо чирээд тавьлаа шүү.. from http://engineer.blog.banjig.net/

ZAYA said...

Саарал: Хайлуулах бодис сонгохдоо анхаарах хэрэгтэй, Нарны гүүр маань металл учраас давс, давсны төрлийн идэмхий бодис дэмий. Хэрэглэсэн тохиолдолд хавар усаар маш сайн угаах ч юм уу? арга хэмжээ авах шаардлагатай.
Ер нь залхуурахгүй, цас орсны дараа бушуухан цэвэрлэх нь хамгийн оновчтой болов уу даа.
Элс, хайрга цацах нь гулсалт бууруулах ч шороо тоос босох, чулуу үсрэх гээд... бас сөрөг нөлөө багагүй бий.
Peakfinder: Баярлалаа.
Арсун: Баярлалаа.
Мөнхбаатар: engineer.blog.banjig.net чинь news.mn-тэй холбоотой юу? Тэнд гарчихсан байх юм.

Ariunbold said...

saihan niitlel bolson bn shu Zaya san. Amjilt husey. aan ene munkhbaatar TIS manai angiin naiz bga yum. news.mn tei holboogui bha. Barilga mn-d niitlel bichdeg yum. bas saihan niitlel bichdeg sain engineer zaluu bdag yum :)

Unknown said...

Сайн байна уу, Таны энэ мэдээллийн эх сурвалж нь юу вэ?

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...