Tuesday, January 18, 2011

Ногоон нүдэн лам буюу нагац ээжийн тухай мартагдсан дурсамж

"Ногоон нүдэн лам" романыг гоё ном байна гэж сонсоод удсан ч уншиж амжихгүй байсаар саяхан уншлаа.
Хэлмэгдүүлэлт, түүний дотор лам нарыг хомроглон баривчлан хэлмэгдүүлсэн тухай их тодорхой болгон уран сайхны хэлбэрт оруулан бичжээ. Нэг л уншиж эхэлвэл одоо яах бол гэж догдлон уншсаар суудал дээрээ дуусгах ном юм байна.
Зохиолыг үнэн бодит түүхээс сэдэвлэсэн гэж бодохоор тухайн цаг үед болж байсан үйл явц жирийн ард иргэдийн сэтгэл санаанд гүн нөлөөлөл үлдээсэн гэдэгтэй санал нэг байнаа.
Энэ номыг би бараг хамгийн сүүлд уншсан байхаа, тийм болохоор романы тухай биш нагац ээжийнхээ тухай оруулж байна.
Нагац ээж минь бурханы оронд очоод 22 жил болжээ.

Номыг уншиж дуусмагц миний дотор янз янзын бодол хөвөрч байнаа.

1-р дурсамж:

Би 8,9-р ангид байсан тэр жил миний нагац ээж манайд гэрт өвөлжсөн юм.

Тэр үед “Эдлэх ёсгүй эрх” гэж телевизийн жүжиг гарч гэрээрээ үзэв.

Тэр жүжгийн үйл явдалд ардын засаг мандсаны дараах үеийн үйл явдлууд гардаг бөгөөд тодруулбал нэгэн сургуулийн багшийн тухай өгүүлдэг. Тухайн үед лам нарын бослого болох болсон үндсэн шалтгааны нэг болох ардын засгаас авч хэрэгжүүлж буй сүм дуган устгах, бурхан тахил, эд хөрөнгө хураах зэрэг үйл өрнөдөг.

Нагац ээж минь угийн тайван, юмны сүүлд дуугарч байдаг буянтай буурал байлаа. Бид нар аав, ээжээсээ тэр жүжгийн талаар асууж тухайн үед яг саяны жүжигт гардаг шиг үйл явдал болж байсан болов уу? хэмээн гэр дотор сонирхолтой яриа өрнөхөд бидэнд, болсон явдлыг үзсэн хүний хувиар нагац ээж минь нэгэн яриаг ярьж өгсөн нь Ногоон нүдэн лам романы уншихад санаад орж ирлээ.

Нагац ээж айлын ганц охин доороо нэг эрэгтэй дүүтэй байсан гэнэ. Дүү нь танхимд суралцаж, нагац ээжийн аав өртөөнд улаа хийн тэднийх өртөөн дээр байдаг байжээ.

Айлуудын бурхан тахил хураах, хүүхдүүдийг танхимд суулгах үйл явдлууд яг болдог байж гэнэ.

Манай тэнд Залаа хэмээх догшин хайрхан байх бөгөөд Тариатын хүрээний лам нарыг мөн л хоморголон баривчилжээ. Тэднийх өртөөн дээр байдаг байсан болохоор замын хүмүүс бүгд дайрдаг тул нагац ээж тэр явдлыг харж байсан хүмүүсийн нэг нь ажээ.

Залааг даваад лам нарын шар улаан алагласан давалгаа гарч ирэхэд өртөөнийхөн ч ажлаа базаан, угтахад бэлтгэдэг байсан гэнэ. Улаан шар л болохоос нуурын давалгаа давалгааж буй мэт давалгаалан өртөөн дээр буудална. Хэдий баригдаад явж байгаа ч нутгийн хүмүүс болохоороо хянагч нарын хойгуур урдуур гарч таньдаг мэддэг хэн явж буйг мэдэхийг оролдон чадах ядахын хэрээрээ өл хоол залгуулахыг хичээдэг байжээ.

Нуурын усны давалгаа шиг тэр олон лам нарыг барьж явсан мөртлөө хүн бараг эргэж ирээгүй, бас бурхан тахил эд хөрөнгө хураах нь хатуу ширүүн байсан тул жирийн иргэд аль болох ая талыг хичээн царайчлан амьдрах болжээ.

2-р дурсамж:

Тухайн үед авсан сэтгэлийн хүнд шарх нагац ээжийн минь сэтгэлд гүн үлдэн шүтэх шүтээнээ авдартаа хийн гэртээ ил тавьдаггүй байсаныг нь би сайн мэднэ.

Нэгэн удаа нутгийнхан “Тарган” хэмээдэг Цэрмаа гуайнд нагац ээж бид хоёр очлоо. Тэр үед би сургуульд ороогүй байсан ч болж буй явдлыг там тум санахын бодоход 5-6 настай байсан болов уу даа.

Цэрмаа гуайнд бараг өдөржингөө ном уншуулж, Цэрмаа гуай хонх цохин, нагац ээж бид хоёр мөргөн бөөн юм болов.

Би жаахан хүүхэд байсан тул сүүлдээ ядраад унтаад өгчээ. Нэг сэрэх нь ээ нагац ээж Цэрмаа гуай хоёр цагаан будаатай шөлтэй хоол идэхэд бэлэн болгож бид гурав хамт хооллосон юм. Тийм гоё будаатай шөл дахин идээгүй мэт санагдана. Өлссөн байсных уу, эсвэл номын хүчийнх үү?

Хоол идээд нагац ээжийн хамт харихаар явах замдаа асуусан асуултаа сайн санадаггүй юм. Хөөрхий нагац ээж минь “Миний охин хоёул жаахан амаръя” гээд амрах зуураа чулуун (манай нутаг үхэр чулуу ихтэй сумын төвд ч гэсэн их байдаг) дээр суун хэлсэн нь одоо ч санаад илхэн.

Миний охин өнөөдрийн болсон явдлыг (ном уншуулж, хонх дамар болсоныг ) хэнд ч бүү хэл, хэрэв чи хүнд хэлвэл аймаг дээр байгаа аав ээж хоёрыг чинь шоронд хийдэг юм. Шорон гэж ямар аймар газар болохыг миний охин мэдэхгүй, хэрэв тэнд хүн орвол их зовно, хоол унд хомс, өлөн зэлмүүн байлгаж, хүнд ажил хүчээр хийлгэн, өөрийн хүслээр охинтойгоо ч уулзах эрхгүй болж, миний охиныг харж хандах хүнгүй хэцүүднэ гэх зуураа амандаа маани уншина. Тэгээд энэ тухай ээждээ ч хэлэх хэрэггүй шүү. Ээж аав нь зовохын нэмэр, миний охин ч энэ тухайгаа битгий бод хэмээн ятгах гуйлт, хөөрхий нагацын минь нүдний гунигтай харц, Ногоон нүдэн ламыг уншихад санаанд орж ирлээ.

Мэдээж би ээждээ ч тэр тухай яриагүй бөгөөд саяхан ээжээс асуувал, манай нутгийнхан Цэрмаа гуайг хуучны номтой хүн гэдэг байсан гэхээс өөр гоц содон зүйл ярихгүй байгаагаас үзвэл би тэр тухайгаа хэнд ч хэлээгүй юм шиг. Хүүхэд байсан болоод тэр биз, би тэр яриаг тас мартсан ажээ.

Тэр үеийн хэлмэгдүүлэлт жирийн хүмүүсийн сэтгэлд гүн шарх үлдээн, гэр бүлийн хүмүүс ч бие биедээ итгэхэд бэрх байсныг нагац ээжийн үг яриа, үйл хөдлөл надад ойлгуулах гэж хичээж байсныг энэ номыг уншиж байхдаа ойлгов.

Үнэн мөртлөө гашуун дурсамж сэргээсэн Ногоон нүдэн лам романд баярлалаа.

9 comments:

Гилийн хатан said...

энэ номыг уншья гэж бодоод л байгаа

чи бас мундаг бичих юмаа, ер нь ирээдүйд роман бичнэ байгаа

Тэнүүн-Тэлмэн said...

тест

Arsun said...

Хөгшчүүлийн яриаг тэмдэглээд авахгүй яаваа гэж бодогддог шүү. Нарийн ширийнийг нь одоо санахгүй юм.
Сайхан дурсамж бичжээ.

ZAYA said...

Гилийн хатан: Уншаарай, гадаад хүн бичилцсэн гэхэд сайн бичигдсэн юм байна лээ.
Хэ хэ, ерөөл билгээр болог. Том зохиолч болох ирээдүй байна уу кккк
Арсун: Хөөрхий дөө, манай нагац бол үйл хөдлөлөөрөө үлгэрлэдэг хүн байсан юм. Даан ч балчирдаад юм ойлгоогүй үлдсэн юм.
Баярлалаа.

Дeстини said...

Муу өвөө маань лам хүн байсан. Одоо бодоход тэр хэлмэгдүүлэлтийг яаж давсныг мэдэхийн аргагүй. Цагаан сараа ч тэмдэглэж чаддаггүй хүмүүс байсан бид, яг цагаан сар гэж мэдэхгүй ямар нэг юм болжээ гэдгийг хөдөө гадаанаас ирэх нандин зүйлсээр гадарладаг байсан.

ZAYA said...

Дестини: Хөөрхий дөө, үйлийн үрээ өөрөө л үүрье, үр хүүхдээ зовоогоод яахав гээд цаадуул чинь таг дуугүй болчихсон байхдаа. Зүрх шимширмээр шүү...

Jirgee said...

Сонирхолтой ном байх аа

Ганзо said...

Ц.Оюунгэрэл ч бас адтай, айхавтар хүүхэн юм шиг байгаамаа

ZAYA said...

Ганзо:
Сүрхий юм гэж бодоод байгаа, дээр телевизээр гарч байсан.
Дахиад шинэ ном хэвлүүлж байгаа гэж байна лээ.
Харин Чойбалсан гуайн тухай, арай дэгс биш байгаа даа гэж санагдсан. Нэг хэлмэгдүүлэлт бичиж байж, нөгөө нь бас хэлмэгдүүлээд байвал...
Яг үнэн зөв бичихэд их судалгаа хэрэгтэй байхдаа.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...