Tuesday, August 17, 2010

Гэнэт санаад ороод

Хуучнаар ЗХУ гэдэг байхад ТМС-д сурваа.
Надтай хамт нэг өрөөнд амьдарч байсан охин үйлдвэрлэлийн дадлага хийж байтал хэвлийгээ дараад өвдөөд, гээд уруу царайлтал үйлдвэрийн мастер орос эгч түргэн дуудчихав.
Юу юугүй түргэний машин ирээд, яаралтай шинжилгээнд оруулна, эмнэлэг авч явна гээд хамт амьдардаг хүүхэд нь цуг яв гээд манай ангийн нэг охин бид 3 хамт явлаа.
Үйлдвэрт өмсдөг хувцсаа сольж байх хооронд өвчтөнг маань түргэний машинд хэвтүүлчихсэн байв.
Бид 2-г суумагц машин аюулын дохиогоо асааж замын хөдөлгөөнийг чөлөөлүүлэн яг кинонд гардаг шиг хурдалж гарлаа. Огт явж байгаагүй замаар яваад байхаар нь асуувал, мэс заслын эмнэлэг явж байна гэнэ. Олгой байж болзошгүй, тэнд хамгийн сайн шинжилгээг нарийвчлан хийж чадна гэсэн хариулт авлаа. За яахав, сайн л юм бол... Нилээн их явлаа, бараг 30-иад минут явсан байхаа. Эмнэлэгт ирээд найзыг маань носилки дээр хэвтүүлээд бид хоёрыг хүлээж бай гээд аваад орчихов.
Бид хоёр нэлээн хүлээв. Бүр таг байгаад байхаар нь асуутал, шинжилгээгээр манай энд хамааралгүй тул өөр эмнэлэг рүү шилжүүлсэн гэдгийн.
Бид хоёр санадраад л... хэлэхгүй яав, бид нар чинь энэ орчин тойорнг чинь мэдэхгүй, аль эмнэлэг рүү явсын? гэтэл бид хоёрын барайсан царайг хараад өрөвдсөн байхаа, манайхаас одоо бас нэг машин явах гэж байна, тэр эмнэлэгрүү, та хоёр наад хаалгаараа тойроод,.... Оросууд зам заадаг ш дээ, эхлээд зүүн, дараа нь баруун, чигээрээ гээд л зам заалгуулаад арынх хаалган дээр очтол баахан түргэний машин, асуувал настайвтар нэг Орос жолооч бид хоёрыг их тоон ярьж байнаа. Тоох хүн гарсанд бид хоёр илт баярлан, найздаа санаа зовж байгаагаа хэлж, бас сургуулийнхаа байрнаасаа хэр хол байгаагаа мэдлээ.
Тэр хотын хүн ам 2,5 сая үйлдвэрийн хэд хэдэн том районтой байсан болохоор тэр үеийн бидэндээ төөрөхөөр хот байлгүй яахав.
Удалгүй баахан эмнэлэгийн хайрцаг савтай юм ачаад нөгөө найзын хэвтсэн эмнэлгийн зүг хөдөллөө.
Өдөр 1 цаг болж байхад дадлага хийж байсан үйлдвэрээс гарсан боловч будилсаар байтал бүүр орой, 6-7 цагийн үед, нөгөө найзын хэвтсэн эмнэлэг дээр очлоо.
Очтол саяхан шинжилгээ хийсэн хариу нь гараагүй байна гэхээр нь бас хүлээв. Харин тэнд удалгүй хариу өгсөн боловч онош нь тодрохгүй байна. Манай эмнэлэгт хяналтанд байлгана. Та нар одоо явж болно гэхээр нь бид уулзаж болох уу? гэсэн чинь болно нэг нь уулз гэв. Хувцасаа эмнэлгийн өгсөн халадаар сольж заасан замаар очтол найз маань хэвтэж байв.
Намайг хармагцаа уйлж байнаа. Би сандраад яасан бие чинь яаж байна? гэтэл мэдэхгүй, зүгээр байсан чинь шинжилгээ авна гээд хэвлийд хоёр газар хагалчихлаа, гэхээр нь би бүүр ч санадраад эмчтэй чинь одоохон уулзъя гээд буцаад хурдалчихав.
Хамгийн түрүүнд бодож байсан юм гэвэл, хагалгаа хийгээгүй гээд байсан чинь, юу гэнээ яахаараа тэгдэг юм болоо? гэх бодол зурсхийх сацуу хаашаагаа ч яарсан юм бүү мэд, гутлын хошуу хандсан зүгрүүгээ гүйтэл, ашгүй сувилагчтай таарч найзаасаа сонссоноо хэлтэл зүгээрээ, хагалгаа биш, зүгээр, санадрах юм байхгүй гэдгийн. Найз маань уйлаад байгаа болохоор болохгүй юм байна, та намайг эмчтэй уулзуулаад өгөөч гэтэл бас хүнд итгэхгүй гээд инээж, дагуулан явж нэг эрэгтэй эмчтэй уулзуулсан юм.
Сувилагч миний яриаг сүр оруулсан тул эмч надад анатомын зураг үзүүлж байгаад хичээл зааж, зүүгээр шинжилгээ авсан гэж тайлбарлав.
За ямар ч байсан олгой энэ тэр бол огт биш, эмэгтэйчүүдийн талын юм байна гэдгийг нь хальт ойлгон, эмч сэнхрүүлсний хүчинд би буцахаар болж эмчийн өрөөнөөс гарлаа.
Эмчийн өрөөнөөс гараад явтал коридор бүүр хаа сайгүй, жирэмсэн эмэгтэйчүүд явахыг нь анзаараад ганцаараа инээж билээ. Найздаа санаа зовсондоо болоод орж ирэхдээ тэр олон жирэмсэн хүнийг анзаараагүй байсан юм билээ. Оросоор халтар хултар ойлгодог байсан ч хүүхэд байждээ, эмэгтэйчүүдийн талын ямар ч үг хэллэг мэдэхгүй, ёстой нэг нам авахуулж билээ.
Тэгээд байр уруугаа буцах гэтэл үйлдвэр дээр цүнх, мөнгө бүх юмаа орхисон байсан болохоор нийтийн тээврээр явах боломжгүй болж, бас нөгөө сувилагчдаа хэлж эмнэлэгийн машинаар байрандаа хүргүүлж билээ.
Хоёр өдөр хэвтээд манай найз эмнэлэгээс гарсан юм. Хоёр өндөгөвчний орчим тус тус 1 см арай хүрэхгүй хэрийн шархтай. Шинжилгээ авсан гэсэн. Ямар ч өвчний ул мөр олж чадаагүй гэнэ лээ. Одоо бодоход цанх нь татсан юм болов уу даа.
Тэр үед сайн хүмүүс ямар ч их байсанын. Өдөржингөө эмнэлэгийн машинаар зөөлгөөд. Одоо бол бөөн мөнгө нэхэх биз.

5 comments:

Болорхон said...

Тэр үед сайн хүмүүс олон байсаан... тэгээд бас найзууд хүртэл найзууд байсан, хүний чанар эвдрээгүй байсан сайхан цаг.
Хүний нутагт өвдөх шиг аймаар юм юу байхав.

ganga said...

Оросууд сүртэй шд, намайг бас нэгдүгээр курст жоохон охин байхад, хатиг гарсны төлөө эмнэлэгт хэвтүүлж хичнээн шинжилгээ хийж шалгалт дөхчихчөн байхад сандрааж билээ.

Насилник гэвэл хүн хүчинддэг эр болчих гээд, дамнуургыг носилки гэдэг.

бж said...

Орос эмч нар нүдэнд харагдах шиг л боллоо. Бас сүртэй улс шүү, тээ.

ZAYA said...

Болорхон: Тийм шүү.
Ганга: Сүртэй сүртэй, бөөн юм болгочихдог юм даа.
Носилки-г буруу бичээд байх шиг санагдаад Монголоор бичье гэтэл үг орж ирэхгүй байсан юмаа. Дамнуурга гэдэг ш дээ нээрээ, Ганга эгчээ баярлалаа.
Бж: Бие сайн биздээ, бүсгүй минь.
Орос эмч нар хүнд тэгж хандаж байхад манай эмч нар юу билээ, хажууд нь, гомдмоор шүү. хэ хэ

Arsun said...

Намайг үзлэг оруулаад хиймэл шүдтэй болгочихож билээ. Сайхан ард түмэн, сонин нийгэм байсан шүү. Хүний нийгэмд дахин давтагдахгүй байхдаа.
Гарчигт нэг н дутаад байна, Заяа.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...