Friday, July 26, 2013

Аялалаас төрсөн гомдол

Тэрхийн цагаан нуурт Тэрхийн гол, Нарийн, Шанаат, Сөрт гэх мэтийн арав гаруй гол горхи цутган ганцхан Суман гол эх аван урсдаг. Нуураас эх авсан Суман гол өвөлдөө эх хэсэг нь хөлдөхгүй харзална.
Суман гол нь хадан хавцал, асга дундуур урсах уулын түргэн урсгалт гол, ойролцоогоор 50 гаруй км урсаж Чулуут голын зүүн гарт цутгадаг. Голын 2 талын асга, хадан хавцал, хясаа бүр дор бүрнээ утга агуулсан нэртэй, хад, тошлой, үхрийн нүд, нохойн хошуу гэх мэт байгалийн жимс элбэгтэй. 
Намайг бага, дунд сургуульд сурч байхад манай нагацынхан голдуу Суман голын "Хавтгай олом" гэх газар зусдаг байлаа.
Хавтгай оломын өвөр талд "Цагаан уул" хэмээх алсаас бараантан сүрлийх нэгэн уул бий. Тэндээс Архангай аймгийн төвөөс (бодвол аймгийн барилга трест байлгүй дээ) машинаар уулын шороог зөөдөг байлаа. Мэдээ орсон цагаасаа хойш нутгаараа яваагүй байж байгаад сая очтол "Цагаан уул"-аас минь шороог зөөсөн хэвээр ажээ. Дотроо харамлах сэтгэл төрж муу уулыг минь дуусгах нь л дээ, одоо болтол зөөсөөр гэж үү гэж халаглав. Нутгийн хүмүүс "шороо" гэдэг ч байгалийн цэвэр карамизет юм байна. 

1. Гүүрээ хараад төрсөн харуусал.
1986-1987 оны хооронд болов уу даа Суман голын Хавтгай оломын гарам дээр нэг модон гүүр барьж шороо зөөдөг өнөөх машинууд гол, хадан асга болсон ууланд шахагдахгүй гүүрээр гарч сүнгэнэдэг болж билээ. 
Тэр гүүрийг бариагүй байхад шороо зөөж буй машин бороо устай үед голын цаад талд шаварт сууж орхиод бөөн явдал чирэгдэл болдог байв. Татуулах трактор олдохгүй бол, айлын хайнагийн шарыг гуйж аваад... бид нар голын эрэг дээрээс голын цаад талын үзэгдлийг харж тэрүүхэндээ дор бүрнээ ам хуурайгүй сонин болгоод л...
Гэтэл тэр үед барьсан модон гүүр маань элэгдэлд орж, хатуухан хэлэхэд хүний амь, цаашилбал эдийн засгийн хохирол амсах хэмжээнд эвдэрчээ.
Суман гол.  Хавтгай олом гармын модон гүүр.
Бодвол төв замын маршрут биш учраас бетон гүүр төлөвлөхгүй биз... Гэхдээ цаана нь байгаа байгалийн карамзетыг нь ашигласаар, нутгийн иргэдэд энэ гармын гүүр хэрэгтэй байгаа  үед аюулгүй байдлаа бодож зохих арга хэмжээг нь авбал... Хамаатны дүү хүүгээс та нар яаж ашиглаж байна? гэж асуувал, "Шорооны машин хоосон үедээ хааяа гарч харагддаг юм. Ачаатай бол дээгүүр (Сумын төвийн гүүрийг хэлж байгаа юм) тойрдог. Бид ч яахав дээ аягийг мэдэж байгаа хойно яарсан сандарсан үедээ гөрдөөд л банз тавьж байгаад нэг юм гардаг" гэж дотор палхийлгэв.
Сумын төвийн гүүр ч гэсэн нилээн маруухан, уг гүүрээр байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэх жуулчдын унаа машин тасардаггүй юм.
Суман гол.  Хоргын төвийн модон гүүр. 
Хуучин модон гүүрийн доод талд  шинээр төмөр бетон болов уу? гэж бодогдохоор гүүрийн ажил эхэлсэн байгаа боловч, багагүй хугацааг иймэрхүү байдлаар үдэж байгаа юм байна. 
2. Хатуу хучилттай зам одоо хүртэл тавигдаагүйд гомдов. 
Хорго түүний дагуух байгалийн үзэсгэлэнт газраар аялах, дотоод гадаадын жуулчид өмнөхийг бодвол эрс нэмэгджээ. Сайхан нутгаа хүнд үзүүлэлгүй яахав. Тэндээс нутгийн иргэд чамгүй орлого залгуулж байгаа нь илт анзаарагдсан.
Төв замын хатуу хучилттай замын маршрут Өндөр-Удаан сумын Чулуутын голын гүүр хүртэл тавигдсан мөртлөө, цаашаа Тариатын нутагт огт тавигдаагүй, тэгсэн мөртлөө цаашаа Тариат сумын нутгийг өнгөрөөд Тэрхийн голоо өгсөөд Завхан аймгийн сумдад хатуу хучилттай зам хийгдээд байх юм. Яагаад тэр олон жуулчин, аялагчдын эрх ашгийг боддоггүй улс вэ? Хорго орчмын төв замаа эхэлж тавих хэрэгтэй биздээ. Одоо хатуу хучилттай зам байхгүй болохоор жолооч нар машиныхаа чадал хүрэх газраар туучиж, сайхан байгальд минь хайр найргүй хандаж байгаад би гомдолтой байна.
3. Хайр найргүй талхалж, хог болгож байгаад харуусал төрөв.
Цаашилбал Тэрхийн цагаан нуурын аль аятайхан бүсийг жуулчид, аялагчид мөн талхалж элдэв хогоор дүүргэжээ. Энэ хогны асуудал хаа сайгүй, хот хөдөөгүй яригдах асуудал мөнөөс мөн байна шүү. 
Би бол явсан газартаа хог огт үлдээлгүй, цаасны хогийг нь шатаах, элдэв лааз, ундааны сав зэргээ авч явж байгаад төвлөрсөн хот, аймгийн төв ч юмуу газарт хог хаях газарт нь хаяаад сурчихсан юм л даа. Гэтэл тэгэхгүй байгаа хүмүүсийг хараад харуусал, гомдол эрхгүй төрлөө.
Дотроо гомдоод суух биш, бусдад илэрхийлбэл сайхан дэмжлэгийг авч чадна хэмээн сэтгэн энэхүү бичлэгээ өндөрлөе.

3 comments:

byambaa said...

manaihan yumiig heregledee jaahan hoirgo shuu te, yalanguya ulsin, busdiin umchiig...
huviih bsn bol yah bol?

ZAYA said...

Бямбаа: Хүнийрхэх сэтгэл нь их юм шиг санагддаг юмаа, уг нүүдэлчин улс чинь эсрэг, харин хүний өөрийн гэлгүй баймаар. Бид өөрсдөө дор бүрнээ хичээгүй бол тээ...

byambaa said...

harin tiime, bid l ur huuhed hamaatan sadan, ysaashlaad blogooroo l uglej duulahgui bol te.

bi er ni ih uglee taldaa, kkk

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...