Thursday, May 27, 2010

Буурь хөрсний даацын туршилт

Буурь хөрсний даацын туршилт яагаад зайлшгүй хийх шаардлагатай вэ? гэдэг асуултаас эхэлье.
Альваа барилга байгууламжийн суурийн бүтээцийг угсрахад бууь хөрс тухайн байгууламжийн ачааллыг дааж чадах , зураг төслийн төлөвлөлтөөр тооцсон ачааллыг авч чадах эсэхийг давхар хянах чухал туршилт юм. Нарны гүүр нь гадсан суурь хийхээр төлөвлөгдсөн ба өмнөх мэдээлэл дээр яагаад гадсан суурь сонгох болсон тухай цухас дурдсан байгаа.
Буурь хөрс болох тухайн хөрсний өөрийн онцлог шинж чанараас шалтгаалан газрын түвшинөөс доош хөрсний хөдөлгөөнт үе (хөлдөж гэсч байдаг үе) буюу зөөлөн үе, түүнээс доошлон газрын тулах үе буюу хатуу үе байдаг.
Манайд ихэвчлэн хөрсний хөдөлгөөнт үе дээр суурийн бүтээцийг угсардаг. Энэ нь өртгийн хувьд хямд боловч тухайн бүтээцэд хөрсний хөдөлгөөнөөс үүдэлтэй суулт, хазайлт үүсэх зэрэг сөрөг нөлөө их байдаг.
Харин гадсан суурь нь ачааллаа гадсаар дамжуулан газрын тулах үе хүртэл дамжуулна. Зураг төслийн
тооцоот ачааллын дамжуулалт, тооцоот бүтээц хэр бат бэх байгааг болон сууриар дамжин гадсанд ирж буй ачаалал тулах үед хүрч чадсан эсэхийг нягталдаг.
Буурь хөрсний даацын туршилтын уламжлалт аргын нэг бол гидро домкратаар ачаалал даахуйц хавтан зураг төслийн тооцоот ачааг ашиглан кинетикийн хуулиар даацын ачааг дээрээс нь шахах хэлбэрээр ачаалал өгч туршина. Уламжлалт арга нь гадсан суурийн авах ачаалалтай тэнцүү хэмжээний ачаалал өгч туршдаг учраас үр дүн нь нарийвчлал сайтай гардаг. Гэхдээ реакцын хүч шингээх нэмэлт гадсан суурийг хийх, тооцоот ачаатай тэнцүү хэмжээний ачаа бэлдэх, түүнийг турших үеийн тоног төхөөрөмж зэрэг шаардагдаж, зардал хугацаа маш их зарцуулдаг.
Уламжлалт аргын сөрөг нөлөөг багасгахад динамик ачаалал ашиглах туршилт чухал рольтой байдаг. Жишээлбэл саяхан Нарны гүүрийн барилгын ажил дээр туршсан туршилтыг энд ойлгосон хэмжээндээ доор оруулъя.
Гадсан суурийнхаа дээр туршилтын тоноглолоо угсарна. Угсрахдаа реакцын хүч шингээх нэмэлт гадас хийлгүйгээр туршилт хийх тоноглол угсрах бэлтгэл ажил 2-3 дөр болно. Яг туршилт хийх хугацаа нь 2 цаг орчим .
56 тонн ачааг өндрөөс унаган динамик ачаалалд шилжүүлэн гадсан суурьт агшин зуур их ачаалалыг өгөх замаар туршина.
Техник хэрэгсэлд зураг дээрх тоноглолыг ашиглах бөгөөд урьдчилан угсарч бэлдэнэ. Ачааг унагахдаа дөч дөчин см-р ихэсгэх замаар нийт 7-8 удаа хийнэ. Буурь хөрсөнд хэдий хэмжээний ачаалал ирж буйг цахим системээр хянах бөгөөд ачаа унагах тоноглол болон ачаа хүлээн авч байгаа гадсандаа тус тусад нь мэдрэгч суулган мэдрэгчээ цахим аппаратандаа холбодог. Манайд энэ аргаар туршиж байгаагүй юм байна лээ. Дээрээс ачаа унагаж байгаа болохоор газарт чичирхийлэл өгдөг учраас Япончуудын зүгээс тавьж байсан асуултын нэг нь бол "Монголд үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас шалтгаалан газарт үүсгэх чичирхийлэлийн дээд хязгаар хэдэн dB (desbil) вэ? гэсэн асуулт байлаа. Гэвч энэ асуултанд тодорхой хариулт олж өгч чадаагүй ээ. Манайд тийм тогтоосон стандарт байдаггүй юм шиг байна. Мэргэжлийн хүмүүс анхаарадлаа авмаар асуулт юм байна гэж бодож байв. Японд бол 75 dB-ээс илүү чичирхийлэл үүсгэж болохгүй гэсэн стандарт байдаг юм гэнэ.
Манайд нэгэнт стандарт байхгүй тул Япон стандартад тулгуурлан туршилтыг гүйцэтгэсэн.
Иймэрхүү туршилтыг хийхэд газрын хөрсний өөрийн чанар ихээхэн нөлөөлдөг ба жишээ нь Японд энэ зарчмаар туршихад ойролцоох байшингийн цахилгаан шат зогсох, мөн шил цонх мэр сэр хагардаг гэнэ.
Монголын хөрс эх газрынх, харьцангуй хатуу учраас динамик ачааллыг хүлээн авч даах чадвартай нь энэ туршилтаас харагдаж байв. Тухайн ачаа унагах мөчид тэр орчимд үл ялиг чичирхийлэл мэдэгдэхээс бус өөр ямар ч өөрчлөлт үзүүлсэнгүй. Үндсэндээ гүүрд ирэх ачаалал газрын хатуу тулах үе хүртэл амжилттай дамжиж байна гэсэн үг.
Хэрэв зөөлөн хөрстэй бол гадсан суурьт дамжихаас гадна газрын хөндлөн чиглэлд ачаалал тархдаг. Ачаалал хөндлөн чиглэлд дамжвал барилга байгууламж, бүтээцийн чанарт сөрөг (суух, хазайх) нөлөө үзүүлнэ.
Туршилтын дүнг нэгтгэн хэлэхэд зураг төслийн тооцоот ачааллыг бүрэн даах чадвартай, 600 тн ачааллыг хүлээн авахад гүүрний тулах үе дэх гадсан суурийн хөдөлгөөн 2 мм байна гэсэн дүн гарч байв.
Телевиз олон нийтийн мэдээллийн хэрэгслээр энэ тухай цухас сурвалжлага хийж нийтэд мэдээлж байсан ч яагаад ч юм газар хөдлөлтэй ташаарагдахаар тайлбарыг өгч байгаа харагдана лээ.
Энэ тухай сургалт талбай дээр зохион байгуулсан ба гар бие оролцогчийн хувьд ойлголтоо нэгтгэхэд ийм буюу.

2 comments:

Arsun said...

Найдвартай юм хийдэг улсууд юм аа.

ZAYA said...

Тэр тал дээрээ сүрхий шүү.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...