Чоно гөлөглөж байсан үе байлаа. Ээрэм цагаан талаар хөнгөн тэрэгтэй дарга жолооч хоёр торох юмгүй жирийлгэнэ. Цагаан зээр сүрэг сүргээрээ хуйлран бужигнаж, зарим нь замын хажууд үргэх ч үгүй харж зогсоно.
- Ноднин жил чоно гөлөглөсөн нүх хаахна байлаа? гэж даргыг асуухад:
- Энүүхэн гүвээг даваад гэж жолооч хариулав.
Тэр хоёр давхиулсаар чонын үүрийн ойролцоо ирээд мөр харж, байдлыг ажиглан дурандан ажиглаад гөлөглөсөн шинж илэрсэнгүйд шууд очиж нүхийг нь үзэхээр ярилцаад үүрэнд нь дөхөж явтал нэг том чоно гарч ум хумгүй зугтав.
Жолооч машинаа зогсоож, тэр чоныг дурандан ажиглаад гөлөглөсөн эсэхийг тааварлан ярилцав. Эргэж нэг ч харсангүй зугтсаар далд орохыг бодоход гөлөглөсөн нь гарцаагүй боллоо. Хэрвээ гөлөглөөгүй чоно бол заавал эргэж харах, зам муруйх, хэвтэж нуугдах зэргээр олон янзын байдалтай болдог.
"Дайснуудыг хойноосоо шууд хөөлгөж, гөлөглөсөн шинж авахуулахгүйн тулд эргэж харахгүй зугтдаг юм. Чоно их ухаантай амьтандаа" гэж өвгөн жолооч ярина. Гэвч дарга итгэсэнгүй. Үүрэн дээр нь очиж мэдье хэмээсээр тэр хоёр чонын үүрэнд тулж очлоо. Тэгээд чагнавал нүхний мухарт олон гөлөг гийнаж дуугаралдах нь тод сонсогджээ. Маргааш өглөө үүрээр ирж утахаар болж буцаж давхилаа.
Өглөө үүр шөнийн заагаар босож, жирийсээр үүрэнд дөхөж явтал нэг том чоно зугтаж харагдав. Түүний хойноос тоос татуулан хөөсөөр гүйцэж очтол нөгөө чоны хүзүүнээс том хувин зүүлттэй байхыг жолооч дарга хоёр харж гайхлаа. Юу вэ? Энэ чинь! гэж гэж өвгөн жолооч хэлэхэд буун дуу тас хийн дуугарч нөгөө чоно унах нь тэр! Хоёулаа тэрэгнээс бууж түүний дэргэд очвол наймын хувин хүзүүнээс нь дүүжлээтэй хэвээр байх юм.
Дэлэн хөх нь сэрийсэн хөөрхий чоно урт улаан хэлээ унжуулан зууж, шүдээ ярзайлган амьсгалаа хурааж байв. Гэтэл нөгөө хувин амь орж хөдлөх нь бүр айдас хүргэв. Улаан нялзрай долоон бэлтрэг нөгөө хувингаас уван цуван гарч ирлээ. Өчигдөр биднээс хар авч зугтасан эх хөсрий хувин авчаад гөлөгнүүдээ хийж үүрээ буруулан зугтаж бидэнтэй дахин тааралдсан байжээ. Чоно гэдэг ухаантай амьтан шүү гэж миний нэг танил сонирхуулан ярьсан юм.
"Зөв бичих учиг" номноос авав.
6 comments:
...байдлыг ажиглан дурандан ажиглаад гөлөглөсөн шинж илэрсэнгүйд...
Найруулгын ийм алдаатай номыг "Зөв бичих учиг" гэж нэрлэсэн нь ямар учиртай юм бол оо?
Гэхдээ их сонин түүх байна. Чоно ухаантай амьтан шүү. Хөөрхий бэлтрэгнүүдийг яагаа бол?
Huurhii hunii eh amitan uruvdultei yumaa!! Yaj ami ny temtsej zugataa boloo!?
Амарсайхан: Найруулгын алдаатай байна уу? Надад бол зүгээр л юм шиг байна.
Зөв бичих учиг гэж бага ангийнханд зориулагдсан сургалтын материал.
Бэлтрэг суйлах зорилготой байсан болохоороо суйлаа биздээ.
Түмээ: Харин тиймээ, эх амьтан гэдэг талаас гэж бодон оруулсан чинь Амараа ах өөр талаас нь асуугаад байхын.
Чоно ухаантайй, шонгийн ард нуугдаад байсан гэж байгаа.
Гөлөглөсөн гэдгийг нь мэдсээр байж бууддаг нь яаж байгаа юм бол? "Ямар арилсан дотортой нөхөр вэ" гэж бодогдтол бичжээ.
Post a Comment