Thursday, May 27, 2010

Буурь хөрсний даацын туршилт

Буурь хөрсний даацын туршилт яагаад зайлшгүй хийх шаардлагатай вэ? гэдэг асуултаас эхэлье.
Альваа барилга байгууламжийн суурийн бүтээцийг угсрахад бууь хөрс тухайн байгууламжийн ачааллыг дааж чадах , зураг төслийн төлөвлөлтөөр тооцсон ачааллыг авч чадах эсэхийг давхар хянах чухал туршилт юм. Нарны гүүр нь гадсан суурь хийхээр төлөвлөгдсөн ба өмнөх мэдээлэл дээр яагаад гадсан суурь сонгох болсон тухай цухас дурдсан байгаа.
Буурь хөрс болох тухайн хөрсний өөрийн онцлог шинж чанараас шалтгаалан газрын түвшинөөс доош хөрсний хөдөлгөөнт үе (хөлдөж гэсч байдаг үе) буюу зөөлөн үе, түүнээс доошлон газрын тулах үе буюу хатуу үе байдаг.
Манайд ихэвчлэн хөрсний хөдөлгөөнт үе дээр суурийн бүтээцийг угсардаг. Энэ нь өртгийн хувьд хямд боловч тухайн бүтээцэд хөрсний хөдөлгөөнөөс үүдэлтэй суулт, хазайлт үүсэх зэрэг сөрөг нөлөө их байдаг.
Харин гадсан суурь нь ачааллаа гадсаар дамжуулан газрын тулах үе хүртэл дамжуулна. Зураг төслийн
тооцоот ачааллын дамжуулалт, тооцоот бүтээц хэр бат бэх байгааг болон сууриар дамжин гадсанд ирж буй ачаалал тулах үед хүрч чадсан эсэхийг нягталдаг.
Буурь хөрсний даацын туршилтын уламжлалт аргын нэг бол гидро домкратаар ачаалал даахуйц хавтан зураг төслийн тооцоот ачааг ашиглан кинетикийн хуулиар даацын ачааг дээрээс нь шахах хэлбэрээр ачаалал өгч туршина. Уламжлалт арга нь гадсан суурийн авах ачаалалтай тэнцүү хэмжээний ачаалал өгч туршдаг учраас үр дүн нь нарийвчлал сайтай гардаг. Гэхдээ реакцын хүч шингээх нэмэлт гадсан суурийг хийх, тооцоот ачаатай тэнцүү хэмжээний ачаа бэлдэх, түүнийг турших үеийн тоног төхөөрөмж зэрэг шаардагдаж, зардал хугацаа маш их зарцуулдаг.
Уламжлалт аргын сөрөг нөлөөг багасгахад динамик ачаалал ашиглах туршилт чухал рольтой байдаг. Жишээлбэл саяхан Нарны гүүрийн барилгын ажил дээр туршсан туршилтыг энд ойлгосон хэмжээндээ доор оруулъя.
Гадсан суурийнхаа дээр туршилтын тоноглолоо угсарна. Угсрахдаа реакцын хүч шингээх нэмэлт гадас хийлгүйгээр туршилт хийх тоноглол угсрах бэлтгэл ажил 2-3 дөр болно. Яг туршилт хийх хугацаа нь 2 цаг орчим .
56 тонн ачааг өндрөөс унаган динамик ачаалалд шилжүүлэн гадсан суурьт агшин зуур их ачаалалыг өгөх замаар туршина.
Техник хэрэгсэлд зураг дээрх тоноглолыг ашиглах бөгөөд урьдчилан угсарч бэлдэнэ. Ачааг унагахдаа дөч дөчин см-р ихэсгэх замаар нийт 7-8 удаа хийнэ. Буурь хөрсөнд хэдий хэмжээний ачаалал ирж буйг цахим системээр хянах бөгөөд ачаа унагах тоноглол болон ачаа хүлээн авч байгаа гадсандаа тус тусад нь мэдрэгч суулган мэдрэгчээ цахим аппаратандаа холбодог. Манайд энэ аргаар туршиж байгаагүй юм байна лээ. Дээрээс ачаа унагаж байгаа болохоор газарт чичирхийлэл өгдөг учраас Япончуудын зүгээс тавьж байсан асуултын нэг нь бол "Монголд үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас шалтгаалан газарт үүсгэх чичирхийлэлийн дээд хязгаар хэдэн dB (desbil) вэ? гэсэн асуулт байлаа. Гэвч энэ асуултанд тодорхой хариулт олж өгч чадаагүй ээ. Манайд тийм тогтоосон стандарт байдаггүй юм шиг байна. Мэргэжлийн хүмүүс анхаарадлаа авмаар асуулт юм байна гэж бодож байв. Японд бол 75 dB-ээс илүү чичирхийлэл үүсгэж болохгүй гэсэн стандарт байдаг юм гэнэ.
Манайд нэгэнт стандарт байхгүй тул Япон стандартад тулгуурлан туршилтыг гүйцэтгэсэн.
Иймэрхүү туршилтыг хийхэд газрын хөрсний өөрийн чанар ихээхэн нөлөөлдөг ба жишээ нь Японд энэ зарчмаар туршихад ойролцоох байшингийн цахилгаан шат зогсох, мөн шил цонх мэр сэр хагардаг гэнэ.
Монголын хөрс эх газрынх, харьцангуй хатуу учраас динамик ачааллыг хүлээн авч даах чадвартай нь энэ туршилтаас харагдаж байв. Тухайн ачаа унагах мөчид тэр орчимд үл ялиг чичирхийлэл мэдэгдэхээс бус өөр ямар ч өөрчлөлт үзүүлсэнгүй. Үндсэндээ гүүрд ирэх ачаалал газрын хатуу тулах үе хүртэл амжилттай дамжиж байна гэсэн үг.
Хэрэв зөөлөн хөрстэй бол гадсан суурьт дамжихаас гадна газрын хөндлөн чиглэлд ачаалал тархдаг. Ачаалал хөндлөн чиглэлд дамжвал барилга байгууламж, бүтээцийн чанарт сөрөг (суух, хазайх) нөлөө үзүүлнэ.
Туршилтын дүнг нэгтгэн хэлэхэд зураг төслийн тооцоот ачааллыг бүрэн даах чадвартай, 600 тн ачааллыг хүлээн авахад гүүрний тулах үе дэх гадсан суурийн хөдөлгөөн 2 мм байна гэсэн дүн гарч байв.
Телевиз олон нийтийн мэдээллийн хэрэгслээр энэ тухай цухас сурвалжлага хийж нийтэд мэдээлж байсан ч яагаад ч юм газар хөдлөлтэй ташаарагдахаар тайлбарыг өгч байгаа харагдана лээ.
Энэ тухай сургалт талбай дээр зохион байгуулсан ба гар бие оролцогчийн хувьд ойлголтоо нэгтгэхэд ийм буюу.

Tuesday, May 4, 2010

Ган гадсан суурь угсралт


Сүүлийн үед телевиз болон мэдээллийн хэрэгслээр ихээхэн мэдээлэх болсон Нарны гүүрийн барилгын ажилд оролцож байгаагийн хувьд халуун цэгийн мэдээлэл, ялангуяа шинэ техник технологийн талаар сонсож мэдсэнээ үүнээс хойш оруулж байя гэж бодож байна.
Нарны гүүр гэдэг нь Баруун дөрвөн замаас урагшаа Үндсэн хуулийн гудамж болон үйлдвэр комбинатын Энгельсийн гудамжтай холбох зам гүүрийн өргөтгөл ажлын Нарны зам, төмөр зам дээгүүр барих ган гүүрийг "Нарны гүүр" гэж нэрлэхээр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталсан билээ.
Өнгөрсөн 4 сарын 29 өдөр барилгын ажил гүйцэтгэж байгаа Япон компанийн зүгээс Ган гадсан суурийг өрөмдөн угсрах угсралтын ажлын талаар барилгын талбай дээр сургалт явуулсан юм.
Ган гадсан суурь өрөмдөн угсрах ажил нь манайд шинэ маягийн ажил учраас захиалагчийн хүсэлтийг харгалзан зам гүүрийн салбарын инженерүүдийг урьж сургалт маягийн арга хэмжээг зохион байгуулав.
Ган гадсан сууринд хэрэглэгдэх бэлдэц суурь нь 9,5 м урттай, 1,5 м диаметртэй, угсарлтыг өрөмдөн хийх тул хөрсийг цөмлөн нэвтрэх ирнь ган суурийн хошуунд байдаг бөгөөд ир, далбааг оролцуулбал 2,25 м диаметр болно.
Ган гадсан суурийг өрөмдөн угсралт хийхэд хүнд даацын кран, гадаслагааны машин хэрэгтэй ба Гадаслагч машин нь өрөм ажиллуулах эд анги, хүндрүүлэгч зэргээ оруулаад 60 орчим тонн бөгөөд үндсэндээ уг машин нь гидро домкратын зарчмаар ажиллаж, бүрэн автоматаар өрөмдлөгийн явцыг хянаж байдаг.
Нарны гүүр дээр хэрэглэж байгаа гадаслах энэ аргыг хэрэглэдэг болохоос өмнө янз бүрийн аргуудыг хэрэглэж байсан ба уламжлалт аргууд нь ажлын өртөг, цаг хугацаа их шаарддаг байв. Жишээлбэл, ухмал бэлдэх аргаар суурь хийхэд хаягдал шороо их гарах, буцааж булах үед технологийн нарийн шаардлага хэрэгтэй ба хичнээн технологи мөрдсөн ч хөрс сулрах, суулт өгөх зэрэг сөрөг нөлөөтэй юм.
Харин ган гадсан суурийг өрөмдөн угсрах нь нягтаршил ихтэй хот суурин газар ажлын зай талбай хэмнэх, дараа нь хөрсөнд сулрал өгөхгүй зэрэг онцлог давуу талтай.
Манайд энэ төрлийн гадсан суурийг тэр бүр хийгээд байдаггүй. Харин Нарны гүүрийн зураг төслийг Япон зураг төслийн компани боловсруулах явцдаа гадсан суурь шаардлагатай юм байна гэсэн шийдэлд хүрчээ. Ямар нэгэн барилга, байгууламжийн зураг төслийг хийхдээ олон хүчин зүйлүүдийг холбон авч үздэг ба инженер геологийн судалгааны үр дүн гадсан суурийг сонгоход ихээхэн нөлөөлсөн. Инженер геологийн судалгаагаар газрын түвшнөөс доош 5 метрт хөрс сул хайргын давхрага их байсан нь энгийн суурийг сонгох бус гадсан суурийг сонгоход хүргэжээ. Ган гадсан суурь нь зөвхөн төмөр замын зам төмөртэй хамгийн ойрхон хэсэгт угсрагдаж, бусад захын болон дунд тулгуурт ган биш гадсан суурь хийхээр төлөвлөгдсөн байна. (Тэр тухай дараа тодорхой мэдээлэл оруулъя)
(Дээрх зураг дээр цөмлөх ир хөрсөнд нэвтрэх үе)
Гадаслах машинаар газрын түвшнөөс 10 м газарт өрөмдөн угсралт хийхэд 4 хүн 3,5 -5 цаг зарцуулж хийж байгаа нь үнэхээр цаг хугацаа, хүн хүчний зардлыг хэмнэх шилдэг арга болдог юм байна.(Өрөмдлөгийн явцад байнга түвшин, тэгш хэмийг хэмжилтийн багажаар хянана. )
Энд ажиллаж байгаа гадаслагч машиныг удирлагын өрөөнөөс удирдах оператор1, ган суурь газрын гүнд түвшин, тэгш хэмээр орж буйг хянах хэмжилтийн хүн1, кран ажиллуулах оператор 1, техник хариуцсан ахлагч 1 хүний бүрэлдэхүүнтэй тус нүсэр ажлыг юу ч болоогүй мэт гүйцэтгэх нь урамтай ажгуу. Тэнд ажиллаж буй инженер техникийн ажилчидын хувьд газрын гүнд 10 м -т гадсан суурь угсрах нь тийм ч хэцүү биш бөгөөд хөрсний чанараас хамаарч 40-50 метрийн гүнд голдуу гадаслах ажлыг гүйцэтгэдэг гэнэ.
(Хамгийн доод талын зураг дээр шар өнгийн байшин нь гадслагааны машины удирдлагын өрөө)
...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...