Friday, September 26, 2008

Ус нуур аргадсан нэг өдрийн аялал

Намрын энэ л цагт ус хамгийн тунгалаг, цэвэршиж ирдэг тул Монголчууд гол мөрөн, нуур усаа шинжин, Лусыг аргадан, баясуулах зан үйлийг хийсээр ирсэн ажээ.
9-р сарын 24-нд Багануурт "Хэрлэн ", "Их гүн", "Бага гүн" нууруудаар ажлаар явж байх далимдаа авсан зургаа оруулъя.

Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг дахь "Аяга" хэмээх газар.
Их зохиолч Нацагдоржийн аав Дашдорж гуайн гэрийн бууриар түр саатан цайлав.
Уг гэрийн буурийг анх 1983 онд бетондон хийжээ.
Гэрийн буурин дээр Монгол гэрийн тулгыг илэрхийсэн багана байх бөгөөд багана дээр тайлбар бичгүүдийг байрлуулсан байв.

Гэхдээ миний сонсож байснаар Баяндэлгэр суманд их зохиолч төрөөгүй, Мөнгөн морьт суманд төрсөн гэж зарим хүмүүс ном хаялцдаг гэнэ лээ. Одоогоор аль нь ч батлагдаагүй юм билээ. Хэрлэн хатан ээж. Ойрд үзэгдээгүй тунгалаг сайхан байж сэтгэлийг баясгав.
Багануурын уурхайн баруун урд чигт байрлах "Их гүн" хэмээх нуур. Зураг дээр алсад Багануурын нүүрсний уурхайн шороон уул харагдаж байгаа.
Тэр өдөр намрын сэрүүн салхитай байсан тул нуур давалгаалан, шувууд гаганана, сэтгэлд уйтай
.
"Их гүн" нуурын давалгаа далайн давалгаа мэт санагдав.
Их гүн дээр тааралдсан хоёр хун холдон холдоод би олигтой зураг авч чадсангүй.
Сайн харвал хоёр цагаан цэг байгаа. Тэр бол хун шувуу шүү. Сайн төсөөлж харахыг хүсье.
"Бага гүн" нуур дээр тааралдсан хоёр хун дөрвөн муухай дэгдээхэйтэйгээ ам бүлээрээ тайван шумбаж байлаа. Зургийг томруулж харвал хоёр хунгийн хажууд хоёр хар цэг байгаа, тэр хар цэгүүд бол дэгдээдэй шүү.
Их, бага хоёр гүн нуур хүйн холбоотой, Их гүн гадагшаа цутгалгүй, харин Бага гүн нуурт Хужиртайн гол цутгадаг. Нүүрэнтэйн хөндийд Багануурын нүүрсний уурхайг ашиглаж эхэлснээс хойш энэ хоёр нуур ялангуяа Бага гүний усны түвшин маш их багасаж иржээ. Харин сүүлийн үед уурхайн зүгээс нөхөн сэргээлтэд ихээхэн анхаарч, усны түвшин бага зэрэг нэмэгдэж байгаа гэнэ лээ. (Миний нүдээр бол улам ч бага болчихсон юм шиг л санагдсан)

Бага гүнд цутгадаг Хужиртайн гол бас сүүлийн хэдэн жил урсахгүй шурган алга болжээ. Усны түвшин өндөртэй жил урсана гэж таамаглах боловч өнгөрсөн зун лав урсаагүй.
Нүүрс бидэнд чухал хэрэгтэй ч энэ мэтээр байгальд гаж нөлөө үзүүлсээр байна. Эрчим хүчийг зөвхөн нүүрснээс бус өөр өөр арга, технологи зайлшгүй хэрэгтэй болжээ.
Намрын сэрүүхэнд даарч явахад малчин айлын байр байдал сэтгэлд дулаахан.
Багануурт зочилоход их зохиолчийн алдарт найраг таныг угтана. Ус нуур дагасан нэг өдрийн аялал өндөрлөж, Улаанбаатарын зүг хүлгийн жолоо залав.

Thursday, September 11, 2008

Ойдов мэх

Зууны манлай тамирчин, хөдөлмөрийн баатар Зэвэгийн Ойдов нь 1976 онд Канадын Монреал хотод болсон зуны 21-р олимпын мөнгөн медальт, дэлхийн хошой аваргын дэлхий дахинд анх удаа хийсэн чөлөөт бөхийн мэхийг "Ойдов мэх" гэдэг.
Ойдов мэх нь толгой уургалсан байдлаас суйлж унагах энэ мэхийг зөв хийж чадвал босоогоос шууд цэвэр ялах боломжтой гэнэ.
Монголын Ч
өлөөт бөхийн холбооноос албан хүсэлтийг гаргаж, Будапештийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Олон Улсын чөлөөт бөхийн холбооны хурлаар "Ойдов мэх"-ийг батлан дэлхийд анхлан хийсэн хүн нь Монгол улсын тамирчин З. Ойдов хэмээн дансалжээ.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...