Wednesday, April 30, 2008

Хувьцаанаас хүртэх ногдол ашиг гэж?


4 сарын 28-ны өдөр урьд өмнө нь миний хувьд оролцож байгаагүй Зоос банкны хувь нийлүүлэгчдийн хурал гээч юманд оролцлоо.
Хувь нийлүүлэгчдийн хурал "Монгол банк"-ны хурлын танхимд болов. Хуралд ашиглах материалыг урьдчилан авч үзсэн боловч, яг орчуулахад хөөрхөн сандаргаад авсан.
Энэд өөрийнхөө хэрхэн бажигдсаныг бичих гэсэнгүй, ер нь хувьцаа эзэмшигч болбол ямар ашигтай байх талаар хальт ойлгосноо сийрүүлье гэж бодож байна.
1. Зоос банк анх удаа 2006 оны 2-р сарын 14-нд "Зоос банк" хувьцаагаа Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгийн зах зээл дээр нийтэд нээлттэй худалдаж эхэлсэн билээ. Тухайн үед нэгж хувьцааны нэрлэсэн үнэ нь 1000 төг байсан. Гэтэл хувь нийлүүлэгчдийн хурлын өдрийн арилжааны мэдээгээр бол 5000 төгрөг болсон байв. Гэхдээ өнгөрсөн оны сүүл, нэг сард "Зоос банк" хувьцааны үнэ харьцангуй өсөж бүр 7000 төгрөг болж байсан. Үүнийг ажиглаад хэрвээ бэлэн мөнгөний хуримтлалтай бол, хувьцааны ханш буурч байгаа үед худалдан авч, өсөх үед нь зарах, дахин ханш буурах үеэр худалдан авч, өсөх үед нь зарах гэх мэтээр тогтвортой оролцвол санхүүгийн энэ салбар мөнгөтэй болж болох юм шиг санагдлаа.
2. Урьд нь хичээл дээр ногдол ашиг хуваарилах гэж олонтаа сонсож байсан ч гэлээ яг хажууд сууж байгааа хүн өөрийнхөө хувьцааны ногдол ашгийг бодоод ирэхээр бас их сайхан юмаа.
Энэ жилийн хувьд банк цэвэр ашгийнхаа 91 хувийг ноогдол ашиг болгож хуваарилаж байсан. Уг нь цэвэр ашгийнхаа 50 хувиас ихгүй хувийг хуваарилах ёстой боловч ТУЗ-өөс 91 хүртэл хувиар хураарилъя гэсэн санал гарч хувь нийлүүлэгчид зөвшөөрсөн юм.
Ногдол ашгаа бодохдоо нэрэлсэн үнэ болох 1000 төгрөг дээр суурилан бодож байгаа болохоор та хэрвээ зах зээлийн үнэ хямдхан байх үед худалдаж авсан бол их таатай санагдаж байв.
Жишээлбэл 700,000 ширхэг хувьцаа эзэмшдэг бол ногдол ашиг нь 190 сая төгрөг орчим болж байна лээ. /Орон алдаж орчуулах вий гэж санаа зовж байлаа/
Хэрвээ өндөр ханштай байхад худалдаж авсан бол таны эзэмших хувьцааны тоо цөөн, бас хувьцааны нэрэлсэн үнэд суурилуулан ногдол ашиг бодохоор ногдол ашиг бага тусдаг юм байна.
3. Бас нэг анзаарсан юм гэвэл хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрээр хувьцааны ногдол ашгийг хуваарилах ба ХНХурлаас бараг 3 сарын өмнө нь ногдол ашиг хүртэх хувьцаа эзэмшигчдийг бүртгэдэг юм байна. Ногдол ашиг авахаар бүртгүүлсэн бол хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр гараагүй байх үед ногдол ашиг авах хувьцаагаа зарсан ч та бүртгүүлсэн өдрийн хувьцаанхаа тоогоор хувь хүртдэг юм билээ.
"Зоос банк" хувьцаа бол Монголд хөрөнгийн зах зээлийг сонгодог утгаар хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлж байна... гэж хурлын сүүлд Монголын Хөрөнгийн биржийн захирал Р.Содхүү тэмдэглэн хэлж байсан.
Хувьцаа эзэмшигчид ногдол ашгаа хүртэн өндөр сэтгэгдэлтэй хуралдааныг дуусгав.

Thursday, April 24, 2008

Жинхэнэ үү? хуурамч уу?


Барааг жинхэнэ бараа мөн үү? эсвэл хуурамч уу? гэдгийг амархан ялгаж таних арга байдаг.
Бараа болгонд барааны код байдаг ба түүнийг ашиглан тухайн бараа жинхэнэ эсэхийг бодож олдог юм байна.
Kодын хамгийн сүүлчийн дугаарыг хяналтын дугаар гэдэг ба тэр нь тухайн барааны үйлдвэрлэгчийн кодыг заадаг.
Жишээлбэл: нэг код бодож үзүүлье.
4960999415185 гэсэн код байлаа гэж бодъё. Тухайн барааг баталгаатай, үнэн зөв эсэхийг дараах байдлаар шалгана.
1. Тэгш байрлалд байгаа тоонуудыг нэмнэ. 9+0+9+4+5+8=35
2. Гарсан нийлбэрийг 3-аар үржүүлнэ =105
3. Шалгалтын оронг тооцохгүйгээр сондгой байрлалд байгаа тоонуудыг нэмнэ. 4+6+9+9+1+1=30
4. 2 ба 3-р заалтаар гарсан тоонуудыг нэмнэ. 105+30=135
5. Гарсан хариуны хамгийн сүүлчийн нэгжийн оронг үлдээж бусад тоог дарна.
6. 10 аас бодож гаргасан нэгжийн орны тоог хасахад хяналтын дугаар гарч байвал уг бараа жинхэнэ бараа болно.
10-5=5 хяналтын дугаар 5 тул жишээний бараа маань жинхэнэ бараа юм байна.

Friday, April 18, 2008

Цалингийн бага зэргийн өсөлтийг даахгүй зах зээл

Өнөөдөр үдээш хойш 15 цагаас 16 цагийн хооронд төв замын хөдөлгөөн хаах гэнэ гэж сонсоод яагаад? гэтэл юмны үнэ хэт өсөж байгаа учраас хэсэг нөхдүүд улс төрийн жагсаал хийх гэнэ гэж сонсов.
Үгүй нээрээ юмны үнэ бүр “галзуурчээ” гэж хэн хүнгүй ярих боловч яаж ч чадахгүй байгаа шүү дээ. Миний ч гэсэн унааны зардал, хүнсний зардлууд хэт их өсөн, заримдаа ойр зуур газарт бол явган алхан, хөдөлгөөний дутагдал, санхүүгийн хямралдаа анхаарал хандуулах гэж мэрийж байгаа билээ. Үнэ өсөөд ирэхээр хүн бүр л бухимдан, учир шалтгааныг нь хайдаг болсон, тул бодлоосоо та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдлээ.

Зээ хөө, Энхболдын засгийн газар ноднин төсвийн ажилчдын цалинг эрс нэмнэ гэж байгаад хэр зэрэг нэмсэн нь тодорхойгүй ч ямар ч байсан нэмсэн. Энэ дуулианаар зарим хувийн аж ахуйн нэгжүүд ч гэсэн цалингаа боломжоороо нэмж, бас Засгийн газраас тогтоож өгсөн амьжиргааны доод түвшинг 108,000 төгрөг болгож өгсөн. Мөн хүүхэдтэй айл бүр хүүхдийн халамжийн мөнгө төрөөс авах болсон.

Энэ мэтээр төсвийн зардал зэрэг өсөн, зах зээл дээр мөнгөний нийлүүлэлт нэмэгдэн, барааны эрэлт нэмэгдэж, нийлүүлэлт хомсдох болсон нь өнөөдрийн үнийн өсөлтийн шалтгааны нэг. /Өнөөдөр ноднингийн өдийд 360 төгрөгөөр худалдан авдаг байсан "Зууван чех" талх өнөөдөр 800 төгрөг болсон/

Зүй нь ажилчдын цалинг нэмэхдээ /эдийн засгийн хэллэгээр/ ажилчдын хөдөлмөрийн бүтээмжтэй хэрхэн уялдуулснаас хамаарч эдийн засаг, нийгэмд томоохон үр дагавар бий болдог билээ. Эдийн засгийн энэ хялбар томъёолол нь нэрлэсэн цалингийн өсөлтөөс бүтээмжийн өсөлт хоцорвол инфляци үүсдэг гэж үздэг. Өнөөдөр имфляци яг хэд болж байгааг сонирхож үзтэл олигтой мэдээлэл алга. Инфляцийг олохдоо нэрлэсэн цалингийн өсөлтөөс бүтээмжийн өсөлтийг хасдаг. Жишээлбэл, цалин 3 хувиар нэмэгдэхэд хөдөлмөрийн бүтээмж 3 хувиар өсч байвал инфляцийн түвшинд цалингаас хамаарсан ямар нэг өөрчлөлт орохгүй. (0=3-3) Харин бүтээмж 1 хувь болон буурахад цалин хөлсний хэмжээ 6 хувь болж өсвөл инфляци 6-1=5 хувьтай байна гэсэн үг. Ифляцийн өсөлт ямар ч оронд байж байдаг ба нэг оронтой тоо буюу 5-6 хувьтай байвал хэвийн гэж үздэг бол хоёр оронтой тоо гарч байгаа бол болохоо байх нь ээ гэсэн үг.

Манайд нэмэгдсэн цалингийн өсөлт сөрөг үр дүнд хүргэж байна гэж мунхаг би бээр боддог. Жирийн иргэд цалингийн тэрхүү өсөлтийг сонгуулийн шоу байжээ гэдгийг энэ хаврын үнийн өсөлтөөс мэдэрч эхлээд өнөөдөр жагсаал цуглаандаа хүрчээ. Үнэндээ манайд цалин нэмэх боломж бүрдээгүй байхад өөрөөр хэлбэл хөдөлмөрийн бүтээмж нэмэгдээгүй, үйлдвэрлэл нэмэгдээгүй байхад болчимгүй алхамаар цалинг нэмжээ гэж бодож байна.

Энд ярьж байгаа имфляцийг мэдэхгүй хүн арай бидний дарга болоогүй биз. Тэд зөвхөн ирж яваа сонгуульд таатай уур амьсгал авчирна гэж үзэн цалинг нэмсэн. Гурилын үнийг хэрхэн тогтворжуулах талаар асуусан сэтгүүлчийн асуултанд нэгэн эрх мэдэлтэн "Гурил үйлдвэрлэгчийн татварыг тэглэсэн, нааштай үр дүнд хүрнэ" гэсэн дэн дун хариулт өгсөн байна лээ. Нэгэнт нэмэгдчихвэл нэг хэсэгтээ л зөв гольдролд оруулахад хэцүү гэдгийг төр засаг минь мэдэвч, эрх мэдлийг горьлогч нарт ард түмний амьдрал хамаагүй мэт зан гаргаж байна.
Үнийн өсөлтөнд олон хүчин зүйл байгаа ч би зөвхөн цалинг нэмэхэд үзүүлэх нөлөөг та бүхэнтэй хуваалмаар санагдлаа.

Tuesday, April 15, 2008

Хулсан ташуур

Архангай аймгийн хойд Тамир хавиар нутаглаж байсан гүнгийн охин Гүнжидмаа гэгч сайхан хүүхэн байжээ. Гүнжидмаа Булганы Яргайтын голоор нутаглаж байсан ядуу ард Дорлиг гэдэг хүнтэй танилцан ханилж суухаар тохиролцсон юм байжээ. Дорлиг нь сайхан дуулдаг учир нутагтаа "Хун дуут" хэмээн алдаршжээ. Дорлиг Бээжинд жин тээж очиход хятад данжаад нар худалдах барааг нь зүгээр авах гэсэн учир пүүсний данжаадтай муудалцаж улмаар баригдан хоригдов. Гэвч тэндээс оргож эх нутагтаа бэдэрч явах замдаа “Хулсан ташуур” хэмээх дууг зохион дуулжээ. Нутагтаа ирээд хайрт хүүхэн Гүнжидмаатайгаа уулзах үед “урт хошуутангууд” тамгын газар мэдэгдэж Хун дуут Дорлигийг бариулжээ. Баригдахын өмнө өөрийн найз нөхөдтэйгөө уулзан авчирсан бэлгээ хайрт хүүхэндээ явуулаад өөрийн байдлыг хэлүүлэв. Гүнжидмаа бэлгийг аваад хэдэн бадаг дуу зохион дуулсан байна. Хун дуут Дорлигийг манж амбанд хүргэхээр үхэр тэргэн дээр хүлээстэй авч явжээ. Тэр үеэр нутгийн хэдэн залуус Гүнжидмаагийн хамт Дорлигийг булаахаар зэвсэглээд хоноглох газрыг нь тосож байв. Гүнжидмаа энэ тухай өндөр уулын оройгоос дуулан хайрт хар хүүдээ хэрхэн өөрийг нь булаахаар бэлдэж буйгаа дуугаараа мэдэгджээ.Орой болж од мичид гялалзах үеэр хун дуут Дорлигийг нөхөд нь суллан авсан гэдэг.
Хулсан ташуур
Хулсан ташуур нь байгаасай
Хуруундаа өлгөөд явах юмсан
Хуулилдаг цаазгүй болосой доо хүү минь ээ хө
Хуучин нутаг Яргайтдаа очих юмсан даа яая даа байз
Яргай ташуур нь байгаасай
Янзын нь олоод барих юмсан даа
Ял цаазгүй ч болоосой доо хүү минь ээ хө
Яргайтынхаа голдоо уулзах юмсан даа яая даа байз
Зандан ташуур нь байгаасай
Засаж бариад явах юмсан
Зарга шийтгэлгүй болоосой доо хүү минь ээ хө
Засаг хошуундаа очих юмсан даа яая даа байз
Бургасан ташуур нь байгаасай
Бугуйндаа өлгөөд явах юмсан
Буруутуулдаг хульгүй болоосой доо хүү минь ээ хө
Бусдын нутгын гарах юмсан даа яая даа байз
Уул нь өндөр болов чиг
Урдуур нь гардаг замтай даа
Уугуул нутгийн чамтайгаа хүү минь дээ хө
Учрахын ерөөлийг бодох уу даа яая даа байз
Ус нь гүнзгий болов чиг
Угтаад гардаг гарамтай даа
Ухаан сэргэлэн чамтайгаа хүү минь ээ хө
Уулзан суухыг бодох уу даа яая даа байз
Далай өргөн болов чиг
Даваад гардаг ч болдог юм даа
Дассан хонгор хүү минь дээ хө
Давааныхаа адагтаа уулзах юмсан даа яая даа байз.

хэмээн дуулсаар нутагтаа ирээд хайрт хүүхэн Гүнжидмаатайгаа уулзах үеэр хошууны урт хушуутнууд түүнийг тамгын газарт мэдэгдэж бариулжээ. Баригдахын өмнө өөрийн найз нөхөдтэйгээ уулзаж авчирсан бэлгээ хайрт хүүхэндээ явуулаад өөрийн байдлыг хэлүүлэв. Бэлгийг хүлээн аваад Гүнжидмаа бас дуу дуулсан гэдэг.
Улаан цаасанд боодолтой
Бэлгийг чамаасаа авлаа даа
Улаан цаасыг задалбал хүү минь ээ хө
Уруулдаа түрхдэг будагтай яамай даа
Хар цаасанд боодолтой
Бэлгийг чамаасаа авлаа даа
Хар цааасыг задалбал даа хүү минь ээ хө
Ханцуйгаа эмждэг эмжээртэй дээ хүү минь ээ хө
Цагаан цаасанд боодолтой
Бэлгийг чамаасаа авлаа даа
Цагаан цаасыг задалбал хүү минь ээ хө
Царайндаа түрхдэг энгэсэгтэй яамай даа
Хөх цаасанд боодолтой
Бэлгийг чамаасаа авлаа даа
Хөх цаасыг задалбал хүү минь дээ хө
Хөмсгөндөө түрхдэг будагтай даа хүү минь дээ хө
Ягаан цаасанд боодолтой
Бэлгийг чамаасаа авлаа даа
Ягаан цаасыг задалбал хүү минь ээ хө
Ярих захиа тодхон доо яамай даа
Эрээн цаасанд боодолтой
Бэлгийг чамаасаа авлаа даа
Эрээн цаасыг задалбал даа хүү минь ээ хө
Энгэртээ зүүдэг зайдантай даа яамай даа гэж дуулж байхад нь хун дуут Дорлиогийг хятад амбанд хүргэхээр үхэр тэргэн хүлээд авч явжээ.
Тэр үеэр нутгийн хэдэн залуус Гүнжидмаагийн хамт Дорлигийг булаахаар зэвсэглээд хоноглох газрыг нь тосож байв. Гүнчидмаа энэ тухай өндөр уулын оройгоос дуулан мэдэгджээ.
Барьсан ташуур нь байхгүй чиг
Бачимдаж битгий сандраарай
Багын дассан нутагтаа хүү минь ээ хө
Барааг нь харна даа хөөрхий дээ
Хулсан ташуур нь байхгүй чиг
Хуйсагнаж битгий сандраарай
Хувьтай төрсөн чамтайгаа хүү минь ээ хө
Хуучин нутагтаа уулзана даа гайгүй дээ
Яргай ташуур нь байхгүй чиг
Яриа хөөрөөтэй яваарай
Янаглан дассан нутагтаа хүү минь ээ хө
Яасхийгээд ч уулзана шүү яамай даа
Зандан ташуур нь байхгүй чиг
Зангаа битгий хувиргаарай
Заяаны амраг чамтайгаа хүү минь ээ хө
Заасан газартаа л уулзана даа үр минь ээ хө
Бургасан ташуур нь байхгүй чиг
Буруу зөрүүгүй яваарай даа
Буусан газраас чамайгаа хүү минь ээ хө
Бултуулж авна даа хүү минь ээ хө гэж дуулахад хун дуут Дорлиг хариуд нь:
Уул уул нь өндөр чиг
Угтаад урааддаг замтай даа
Ухаан сэргэлэн чамтайгаа хүү минь ээ хө
Уулзан суухыг бодъё доо хөөрхий дөө
Үүл үүлийн дундаас
Үрлэн мөндөр шаагина даа
Үнэн хайртай чамтайгаа хүү минь дээ хө
Өөрийн нутагтаа уулзана даа хөөрхий дөө
Амраг хонгор чамтайгаа
Алиалан сайхан жаргах уу даа
Алс нутгийн дамжаад хүү минь дээ хө
Амбаны ялнаас мултархуу даа хүү минь дээ хө
Хонгор хайртай чамтайгаа
Хоосон байсан ч хамаагүй дээ
Хошуу алгасан амьдарчээ хүү минь дээ хө
Хоног өнгөрүүлж явах уу даа үр минь ээ хө
Нуумал хэргээс мултраад аа
Нутаг алгасан явахуу даа
Нууцалсан амраг чамтайгаа би чинь ээ хө
Нуулгүй сайхан жаргахуу даа үр минь ээ хө гэж дуулахад
Гүнжидмаа:
Онон уулыг цантуулсан
Омогт хүйтний эрчээ хө
Олон бүгдийг зовоосон
Олиг муутай хуулиа яая даа байз
Навчтай модыг шарлуулсан
Намрын хүйтэн салхиу даа
Насан туршид зовоосон хүү минь ээ хө
Нанчид архин хуулиа яая даа байз гэж дуулахад Дорлиг:
Гүнчүү дээлтэй Гүнжидмаа минь ээ хө
Гүнгийнхаа нутгаас гарлаа даа хө
Гүнгийн хошууний чамтайгаа хүү минь ээ хө
Гүндүүгүй сайхан амьдрах уу даа хөөрхий еэ хө
Сар өдрийг товчилсоор
Саахалтын хошуунд амьдрах уу даа
Санааны амраг чамтайгаа хүү минь ээ хө
Сайхан жаргахыг бодох уу даа үр минь ээ хө гэж дуулжээ.
Орой бол од мичид гялалзах үеэр хун дуут Дорлигийг нөхөд нь суллан авчээ. Дорлиг Гүнжидмаагийн хамт хошуу алгасан явахдаа:
Хөхрөн байгаа хөндийг ээ
Хөнтрүүлэн давхиад туулах уу даа
Хүний бяцхан чамтайгаа хүү минь ээ хө
Хүсэл жаргалыг эдлэх үү дээ яамай даа
Ногоорон байгаа уулыгаа
Намилзуулан давхиад туулах уу даа
Нутгын хайртай чамтайгаа хүү минь ээ хө
Насан туршдаа жаргах уу даа яамай даа
Эргэлдэн байгаа талыгаа
Эвхрүүлэн давхиад туулах уу даа
Энхрий хайртай чамтайгаа хүү минь дээ хө
Эгнэгт үүрд жаргахуу даа яамай даа. Гэж дуулсаар одоогийн Өвөрхангай, Архангай аймгийн нутгийг дайран гарч Завхан аймгийн нутагт очин амьдарч байгаад баруун Сүндийн хошуунд таалал болсон гэдэг.
Домгийг "Өнөөдөр сонингоос авлаа.

Friday, April 11, 2008

Цоглог ирээдүйг бүтээх багачууд

Нийслэлийн Налайх дүүргийн 2-р хорооны "Голомт" цогцолбор сургуулийн хичээлийн өргөтгөл байрны нээлтийн ажиллагаа өнөөдөр 11 цагт болов. Нээлтийн ажиллагаанд албаны хүмүүс оролцсоноос гадна тус сургуулийн багачуудын концерт боллоо.
Авъяаслаг хослон дуулаачид /эрэгтэй/
Авъяаслаг гоцлон дуулаач /эмэгтэй
Тэд бидний ирээдүй
Гоцлон дуулаач
Уран уншигч
Өргөтгөлийн барилга нь Япон улсын засгийн буцалтгүй тусламжаар баригдсан ба тэдний концертыг Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамны ажилтан, УИХ-н гишүүн болон бусад албаны хүмүүс үзэж сонирхов.
Тус өргөтгөл барилга нь 1 ээлжиндээ 720 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, 18 ангитай, 4 давхар барилга юм. Энд барилга байгууламж ярих гэсэнгүй "Голомт" цогцолбор сургуулийн авъяаслаг, сэргэлэн дүү нарынхаа концертын үеийн зургийг нь оруулахыг хүслээ.
Ирээдүйн эзэд болсон хүүхдүүдээ сурлага, урлаг, спортын өндөр амжилтаар дүүрэн байхыг хүсье.

Friday, April 4, 2008

Рид хувилгаан-язгуур удам

...Зуун буяны билэг төгөлдөр, билгийн мэлмийгээр ер бусын гайхамшгийг бүтээсэн Атлантчуудын иргэншил түүний долоо дахь үе, хамгийн отгон үндэстэн болох Монголчууд нь хүний хөгжлийн хамгийн дээд оргил “Тэргүүн” нь юм билээ.

1000 жилийн шилдэг хүнээр өргөмжлөгдсөн Эзэн Чингис хаан бол Атлантик хүний хамгийн дээд эр зоригийн илрэл юм. Ой тайгад нутаглаж, тэнгис далайг гаталж нүүдэллэсээр ирсэн дээд удмаас маань бидэнд өвлүүлсэн Монгол эх орон маань аугаа их орчлонгийн төвлөрсөн мэдээлэл эрчим хүчний цогц орон юм. Мөнх тэнгэрийн мэдээлэл эрчим хүчний цог “Сансарын хөхөмдөг туяа”-гаар бялхасан хонины орд дээрээс маань, хүн төрөлхтний генийн санг агуулсан ертөнцийн эрчим хүчний төв Шамбалын эрчим хүч газар доороос маань ивээж байдаг онцлогтой юм байна.
Монголчууд
мөнх хөх тэнгэрийн захиргаа “Долоон бурхан одод”-ыг шүтдэг, долоон бурханы нэгдүгээр туяа болох эр зоригийн хүчийг өгдөг Очирваанийн хөх туяагаар удирдуулсан үндэстэй цөөн тоотой, эр зоригтой хүмүүс цөөн төрнө. Сэтгэлгээний дээд түвшинд хаад, нийгмийн зүтгэлтэн болдог бол Сэтгэлгээний доод түвшний хүмүүс нь бодь сэтгэл ариусах өндөрлөгт хүрээгүй, гэгээрээгүй улс төрийн удирдагчид жинхэнэ луйварчид, увайгүйчүүд байна.

Дээрээс
ивээгч сансрын хөхөмдөг туяа дотоод бурханлигийг тэтгэж байдгийн илэрхийлэл болсон “язгуурын хөх толбо” биен дээр минь тамгалагдан адислагдсан болой.
Монголчууд
мөнх тэнгэрийн эрчим хүчийг хүн төрөлхтний түүхэн явцад цусанд нь, оюун ухаанд нь нэвтрүүлэх тавилантай бөгөөд түүхийн хүрдийг шинэ хурдаар өнхрүүлэх тоолондоо бүхий л эрчим хүч, цусаа хүртэл юулж байсныг түүх гэрчилнэ. Өрнө, Дорныг хамарсан их дайны дараа хүн төрөлхтөн цоо шинэ эрчим хүчний хурдаар түүхийн хүрдээ өнхрүүлэн, хүн төрөлхтөний эртний өлгий болох евроазийн өргөн уудам орон зайд энх амгаланг тогтоон нийгэм, улс төр, эдийн засгийн цоо шинэ тогтолцоог бий болгон худалдаа, арилжаа, холбоо, өртөө улаа гэх мэт мэдээллийн дэлхийн хэмжээний сүлжээ бий болгосныг гадаад дотоодын олон эрдэмтэн мэргэд бичиж тэмдэглэсэн байдаг.
Дорно
дахины түүх шастирт суут Чингисийг “хаан хүмүүний гучин таван эрдэм төгс эзэмшсэн төрөлхийн богд /манлай суут/ хэмээн цохон тэмдэглэсэн агаад өрнө, дорны хожмын олон мэргэд Чингисийг “Хүмүүн төрөлхтөн хувь заяа нэгтэн мөнийг ухааруулж, иргэншилд хувьсал хийж даяршилыг эхлүүлсэн суут” хэмээн хүлээн зөвшөөрч, түүхэн үнэнээр нотолсон билээ.
Чингис
хаан Монгол овогтныг Монгол үндэсний “Нэг ясны үзэлд нэг хүн шиг нэгтгэсэн “Их ясүү гэдэг хуультай байжээ. Их ясаа үеийн үед хадгалах бодлого нь “Хар хайрцаг" -ны бодлого байж л дээ. Түүнийгээ "Алтан ургийн бодлого" ч гэж нэрэлдэг байна.
Бидний
эцгийн тал бол ясан ураг, эхийн тал цусан ураг юм.
Ясны
үзлээрээ дамжуулан монгол нутагт анх хүн бий болсон учир Монгол нутаг хүн төрөлхтний өлгий. Монгол хүн бол дэлхийн анхны хүн бөгөөд Монгол үндэстэн хүн төрөлхтөний “эцэг” элит үндэстэн гэдгээ давхар хэлж буй үг юм.
Монголчууд
эртнээс ясны монгол, ясны бөх, ясны хөлс, Монгол хүн Монгол нутагтаа ясаа тавина. Өнгөрхөд яс барина, яс чанар гэхчлэн үндэсний үзлээ илэрхийлж, жаргахдаа “ясаа амраана” гэлцэн үхсэн хойноо “яс өндөлзүүлвээ” гэж хойч хойчдоо захиж, захиа занаагаа үлдээсээр иржээ. Өтгөс буурлууд, өнөөгийн залуусын “яс мууджээ” гэцгээх нь үндэсний үзлээ мартжээ гэсэн үг болой.
Үндэсний
үзэлгүйгээр үндэсний тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал гэж байж болохгүй. Үндэсний тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалгүйгээр төр батжиж, улс гэр маань хөгжихгүй.
Рид
хувилгаан заяат- Язгуур удмаа мэдэхгүй үндэсний үзлээ мартсан хүмүүс яаж нийгэм улс төрд өөрчлөлт хийх вэ хүний язгуур чанарт өөрчлөлт гараагүй байхад улс төрийн шинэтгэл ч хийгддэггүй байна. Бүх хүний үнэнхүү үүрэг юунд оршихыг хүмүүс нэг бүрчлэн зүрх сэтгэлийнхээ гүнд мэдэрч, үе удам, гал голомт, дамжсан үйл лай, өөрсдийн бие, хэл, сэтгэлээр үйлдсэн нүгэл хилэнц, мунхагийг муу сэтгэлийнхээ гэмийг залбирал, наманчлах, Дияан-бясалгалаар ариусгах хэрэгтэй. Дараа нь улс нийгмийн, хүн төрөлхтний, орчлонт ертөнцийн хилэнцтэй тулалдах сүүлчийн тулаанд бэлтгэх юм.
Монголчууд
цөөхөн ч бай олон ч бай нэг хүн шиг нэгдмэл байж чадах Монгол ясны үндэсний үзлийг хэн ч маргахгүй, үгүйсгэхгүй, зөрчихгүй болтол зангидан хуульчилж өвлөн үлдээсэн байна.

1000 жилийн тэртээ Чингис хаан маань “Нүүдлийн ахуйгаасаа салбал Монгол улс мөхнө” гэсэн. Нүүдлийн соёл хүмүүжлийн онцлог нь юу вэ гэвэл онол, гүн ухааныхаа гол цөмийг нүүдэлчидийнхээ тархи толгой, зүрх сэтгэлд зүйр цэцэн үг, билиг сургаалаар шингээж өгсөн байдаг...

Би ойрдоо хагас сайн өдөр бүр нэг лекцэнд суугаад байгаа. Тус лекцийг хүний их эмч, Д. Цэвээнсүрэн уншиж байгаа. Их сонирхолтой санагдаад сонссон сониноосоо орууллаа.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...