Saturday, September 29, 2007

Уйгарын хар балгас


Хархориноос Орхоны гүүрээр гарч, чанх хойноос ирж байгаа цахилгааны төмөр шонг хөндлөн гарч, зүүн хойшоо чиглэн 32 км орчим яваад нэг эртний балгас байдаг. Нутгийн иргэд тэр балгасыг “Хар балгас” гэдэг. Хар балгасыг хэн хэзээ байгуулаад бас хэзээ хэн мөхөөчихсөн талаар Монголын түүхийн хичээл ордог байсан Дулмаа багшийн лекцээс санаж байгаа хэсгээсээ оруулж байна. 7-р зууны дундуур Монгол нутаг дээр Түрэг улс ноёрхож байжээ. /Одоогийн Түрк, Казакууд юм шиг байгаан/ Түрэг улсын нэг овог аймаг болох нөхдүүд бослого гаргаж ялсан нь Уйгарчууд байжээ. Ингээд Монгол нутаг дээр 100 гаруй жил өөрсдийн ноёрхолыг тогтоож байхдаа Орду-балык гэдэг хотыг байгуулсан нь түүхэнд “Уйгарын хар балгас” гэж тэмдэглэгджээ. Гэхдээ хотын нэр нь эх сурвалжууд дээр өөр өөр тэмдэглэгдсэн гэж байгаан. Уйгарын хар балгас нь Уйгарын хааны өргөө, төрийн яам, гар үйлдвэр, худалдааны хороолол, шашны сүм, бэхэлсэн цайз хэрмээс бүрдсэн бөгөөд уртаашаа 25 км зайд үргэлжилсэн их хот байжээ. Хар балгасыг 840- өөд оны үест Енисейн Хиргис нар галдан шатааж эвдэн сүйтгэжээ. Хиргис нь одоогийн Киргизүүд. Монгол нутаг дээр бас 50 орчим жил ноёрхосон юм гэнэ лээ. Их дайнч, улсуудын нутаг дээр эртний хот үлддэггүй юм байнаа. Хүчтэй байсан юм болохоороо их ч юм хийсэн байх юм, их ч юм эдвэж, эвдүүлсэн байх юмдаа. Хар балгас Архангай аймгийн Хотонт сумын нутагт Орхоны хөндийд байдаг. Хархорин орчмоор явбал нэг очоод үзэхэд сонирхолтой шүү. Тэгээд Хар балгасаас зүүн хойшоо 50 орчим км яваад л Өгийнуур дээр очоод амарчихгүй юу. Дашрамд хэлэхэд Хиргисүүд 50 орчим жил ноёрхож байгаад дараа нь Монгол нутаг дээр Хидан улс мандан бадарчээ. Тэр Хиданчуудыг чинь Монгол язгуурын хүмүүс гэж эрдэмтэд үздэг гэсэн.

Wednesday, September 26, 2007

Озоны давхаргын тухай хэдэн үг

Сүүлийн үед энэ зуны халууныг яанаа? Бүр шатаах нь ээ гээд хүмүүс ярилцах болж. За тэгээд халуунаас болж настай хүмүүсийн нас баралт ихэслээ гээд л... Энэ ер нь юунаас болоод байнаа? Тэгээд зүгээр суухаар үг хачирлая гэж бодлоо.
Доорхи зүйлийг интернетээс авч жаахан орчуулга хийгээд, өөрийнхөө мэдэхийг дээр нь нэмчихлээ.
Озоны давхарга нь газраас ойролцоогоор 20-30 километрт байдаг агаар мандал дахь хийн бүрхүүл юм. Агаар мандалд нимгэхэн тогтсон озон нь хэрвээ газар дээр авч ирвэл 3 мм ч хүрэхгүй нимгэн ажээ. Эмзэгхэн, хүүхдийн зулай л гэсэн үг. Чухам л энэхүү нимгэн озоны давхарга хүрээ болон тогтож, нарнаас тусах хэт ягаан туяанаас /В долгион/ хүн төрөлхтөн болон дэлхийн амьд бүхнийг хамгаалдаг юм.
Анх 4 тэр бум 600 сая жилийн өмнө дэлхий анх үүсэж байхад одоогийн агаар мандлын орон зайн 98 хувь нь нүүрстөрөгч байжээ. Тэр үед озоны давхарга байсангүй. Түүнээс хойш ойролцоогоор 1 тэр бум жилийн дараа дөнгөж далай үүссэн гэж үздэг. Далай үүсэж дан эсийн амьдрал эхлэхэд нүүрсхүчил биш хүчил төрөгч илүү хэрэгтэй болж дан эсэд шаардагдах хүчилтөрөгч ойролцоогоор одоогоос 3 тэр 200 сая жилийн өмнө бий болжээ. Манай дэлхий дээр амьд организм үүсэх хүртэл хувьсал өөрчлөлт маш удаан, тун их хугацааг хамарч байж сая дөнгөж амьд байгаль үүссэн байгаа биз. Тэгээд одоогоос 400 сая жилийн өмнө ярианы сэдэв озоны давхарга маань үүсжээ.
Гэтэл, саяхнаас озоны давхарга нимгэн болж байгаа нь ажиглагдаж эхэлжээ. Жишээ нь Япон улсын дээгүүр гэхэд л 30 орчим хувь багассан гэнэ. Манай Монголын дээрхи озоны давхарга хэдэн хувь болж багасаж байгааг яг нарийн гаргасан тоог одоогоор би сайн мэдэхгүй байна. Озоны давхарга цоорч нимгэрэхэд нарны хэт ягаан туяа шууд тусч амьд организмын DNK буюу генийг эвддэг гэнээ. 1990-ээд оноос Японд хорт хавдарын өсөлтийн хувь 2 дахин ихсэж, мөн нүдний болрын гэмтлээс шалтгаалан хараагүй болох нь нэмэгджээ. Ийнхүү хүн амьтан дээр озоны давхаргын цоорлоос шалтгаалсан элдэв гаж нөлөө ихсэж, далайн бичил биетэн цөөрч, нүдний болрын гэмтэл нь туулай, хонь зэрэгт илүү их ажиглагдах болсон гэнэ.
Үүний шалтгаан нь ПЕРРОНЫ ХИЙ гэнэ. Перроныг 1928 онд нээжээ. Үүнээс өмнө дэлхий дээр байгаагүй юм байна. Ингээд 1960-аад оноос эхлэн перроныг их хэмжээгээр үйлдвэрлэж, хөргөгч, сэрүүцүүлэх төхөөрөмж, угаалгын материал болон хагас дамжуулагчийн цэвэрлэгээ, дулаалгын материал, хөөсөнцөрт өргөн хэрэглэж хүн төрөлхтний ололт дэвшилтүүдийн нэг гэж үзэж байв. Тэгвэл перроны хий нь хэрхэн озоны давхаргыг эвддэг юм болоо? Агаарт хаягдсан перроны хий нь агаараас хүнд тул маш удаан хөөрдөг гэнэ. Ойролцоогоор 15 жил орчим агаарт хөөрч байж озоны давхаргат хүрдэг. Озоны давхарга дээр цаанаас тусч байгаа нарны хэт ягаан туяаны гэрэлтэй урвалдаж хлорт атомыг үүсгэнэ. Энэ 1 ширхэг хлорт атом 10 жилийн туршид 10000 дахин их озоныг эвддэг гэнээ. Аймар юмаа. Озоны давхаргын энэхүү цоорлоос болоод хэт дулааралт болоод байна гэж үздэг юм байна лээ. Гэхдээ энэ озоны цоорлыг үүнээс хойш перроны хийг хэрэглэхгүй байвал 50 жилийн дараа озоны давхарга хэвийн байдалдаа орно гэнэ
.

Тэгэхээр ямар арга хэмжээ авбал болох вэ?
1. Перрон орсон ямар нэгэн бүтээгдэхүүн худалдан авахгүй байх
2. Ундаа болон хоол хүнс борлуулах зориулалтын автомат машиныг ашигалхгүй байх
3. Дулаалгын материал болох хөөсөнцөрийг ашиглахгүй байх
4. Мөн цахилгаан барааны боодолд хөөсөнцөрийг хэрэглэхгүй байх.
Өө тийм, перроны хийг ашиглахгүйгээр сонфлон хөргөгчийг 1993 онд зохион бүтээсэн гэнэ лээ. Энэ мэтээр алдаагаа засдаад байвал озоны давхарга маань хүүхдийн зулай шиг битүүрэх юм байна.
Жич: Дээрхи материалын орчуулгын ажлын далимаар анх сонсож байсан бөгөөд экологийн тухай бичсэн япон вэб сайтаас уншсанаа товчлон оруулсон болно. Энэ хаягаар орж үзнэ үү.

Monday, September 24, 2007

Зууны манлай яруу найраг


Их зохиолч Дашдоржийн Нацагдорж одоогийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг, Аягын аманд 1906 онд төржээ.
Би хүүхэд байхаасаа энэ алдарт найрагчийн түүхэн замналаар амьсгалж, түүний нэрэмжит уран зохиолын кабинетэд сурдаг байв.

Ангийн багш маань Монгол хэл уранзохиолын багш байсан болооод тэрүү, Монголын шилдэг, шилдэг яруу найргийг бүхлээр нь цээжлүүдэг байлаа. Хүүхэд байсан болохоороо багшдаа зангуулан байж цээжилсэн шүлгүүдийн гүн утгыг заримыг нь одоо л ойлгож, үгүй мөн сайхан найргаа гэж заримдаа бодогддог юм билээ. Түүний нэг нэг "Миний нутаг" шүлэг. Морин хуурын аялгуу сэтгэлдээ төсөөлөөд энэ шүлгийг нүдээ аниж байгаад уншаад үздээ. Ёстой сайхан сэтгэгдэл төрдөг юм.
Саяхан нэг таньдаг Японоос e-mail ирээд энэ шүлгийн эхний бадгийг орчуулж өгөөч гэжээ. Зууны манлай болсон шүлгийг миний өчүүхэн мөндгөр орчуулах гэж юу байхав. Уучлал хүсээд, ерөнхий утгийг нь тайлбарлаж, шүлэгт гардаг уул ус, гол мөрөн зураг дээр хаана байдаг, гол онцлог зэргийг нь бичиж явуулсанд их л баярласан хариу хүлээж авсан юм. Уг нь энэ шүлгийг Япон хэл дээр орчуулсан байна гэсэн. Орчуулсан орчуулагчийнх нь нэрийг мэдэх хүн байвал хэлж өгөөрэй. Бас шүлгийн орчуулгыг нь оруулахыг хүсье.
Дээрхи хөшөө нь Багануурын төв талбайд байрладаг бол "Миний нутаг " дурсгалын хөшөө нь Багануурын хаалган дээр байдаг.
Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг, "Нүүрэнтэй хөндий" гэдэг газар Багануур хот сүндэрлэж, их зохиолчийн яруу найргаар хотоо чимэх эрхэм эрх Багануурчуудад олджээ.

Thursday, September 20, 2007

Богд Очирваань уул минь

Мөнх цаст "Очирваань Хайрхан" /Далайн түшинээс дээш 4070 м/
Хангай нурууны ноён оргил мөнх цаст Богд Очирваань /Отгонтэнгэр/ уулыг 1779 оноос эхлэн тахиж ирсэн бөгөөд Богд хаант Монгол улсын үед жил бүр тахиж байжээ. Харин социализмын үед тахилгыг хийдэггүй байсан. Ингээд 1995 оноос эхлэн 4 жилд нэг удаа төрийн их тахилга хийж байхаар Ерөнхийлөгчийн зарлиг гарч, тахилгыг үйлдэж байгаа билээ. Мөнх цасны доохно уулын энгэрт Бадар хундага нуур байдаг. Төрийн тахилгыг хийхдээ эхлээд Шашин номын дээдсүүд Очирваанийн тайлга номыг уншиж дараагаар нь “Бадархундага” нууранд тахилга өргөдөг гэнэ. Дээр үед бол том том ланын мөнгөн ембүүгээр өргөл өргөдөг байсан бол сүүлийн үед мөнгөн аягыг их хэрэглэх болсон гэнэ лээ. Тахилга хийж өргөж байгаа барьц нь хурдан нууранд живж байвал нүгэл хилэнц багатай нь шинж. Очирвааний тайлга нь их хатуу ном учир 3 дахин уншиж байж, шидийг олдог. Ойролцоогоор арваад минут уншдаг гэсэн. Мэдээж тахилгыг үйлдэхдээ жилийн сайн өдөр, цагийг зурхайн тооллоор бодож сонгодог. Эмэгтэйчүүд энэ тахилгат оролцдоггүй болохоор нарийн ширийн ёс дарааллыг нь би сайн мэдэхгүй байна. Намайг багад настайчууд "Богд Очирваань минь" гэж уулга алддаг байсныг санаад энэ тухай блогтоо орууллаа.
Хаа сайгүй байх овоо ч гэсэн бас нэг тахилгын нэг хэлбэр л дээ. Овооны доор буюу суурьт бурханы номыг аравнайлуулан хйидэг ба аян замдаа явахдаа бид овоог 3 тойрдог нь тэр номыг уншиж байгаа нь тэр. Тэгэхээр овоо болгон шидийг олсон зүйл биш байх нь ээ. Зарим хүмүүс овоог биеэ засах газар болгож байгаа нь даан ч харамсалтай.

Tuesday, September 18, 2007

Ангийн олзтой амралт




Саяны хагас бүтэн сайнд манай ажлынхан агаар салхинд гарч сайхан амарлаа. Хотын их дуу чимээнээс түр зуур ч гэсэн холдоход дургүй хэн байх билээ.

Тэгээд Багануурын Хэрлэн голын эрэг дээр байрлах Баянгол амралтанд очсон юм. Тэнд өөр өөрсийнхөө сонирхолынхоо дагуу зарим нь ууланд авиралт хийж, зарим нь загас барьж, зарим голын эрэг дээр тоглож өнгөрөөлөө. Намаршиж байгаа болохоороо өглөө оройдоо сэрүүхэн байсан ч агаар нь тунгалаг байв.





Ууланд авиралтын багынхан Баянгол амралтын арын ууланд авирч, амьсгаагаа задлаж бэлтгэл сургуулилтаа хийцгээв. Өдөртөө сайхан дулаахан байсан болохоор царцаа цар цар хийн дуугарч, хаа нэг шувууд жиргээд, голын усанд жирэлзэх загас жараахайг харахаар буцмааргүй л санагдаж байлаа.




Хан Хэнтийн эх уулсаас эх авсан Хэрлэн гол хөндийг чимэж, уурга дэгээ барьсан хэний ч сэтгэлийг дуудах ажээ. Манай ажлын загас барих хүмүүс нь намайг оролцуулаад 4 хүн байв. 4 хүний 2 нь өөрсдийгөө "про" буюу загас барих мэргэжилтэн гэж тодорхойлов. Би яахав зүгээр сонирхогч л доо. Хэдэн жилийн өмнө загасан аялалын орчуулганд хэд хэд явсан болохоороо бас загас барих тухай төсөөлөлттэй нэгэн.

Дуунд өгүүлдэг "Түмнийг ундаалдаг" Хэрлэн голоос манай загасчдаас хамгийн түрүүнд би энэ зураг дээрх загасыг барьлаа. Хан Хэнтий минь харж үзэн манай загасчид дор бүрнээ л дэгээгээ мялаав. Бүгд л ленок барьсан даа.
Надад энэ зун таньдаг хүн маань загасны хэрэглэл бэлэглэсэн юм л даа. Шинэ загасны уурга, дэгээгээ мялаасандаа сэтгэл их додьгор буцаж ирсэн юм. Сайхан амраасан Хан Хэнтий, Хэрлэн голдоо баярлалаа.










Friday, September 14, 2007

Хүний бүтээсэн бүхэн учир утгатай

Энэ чулуун мэлхий Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт бий гэдгийг бүгд мэдэх байхаа. Хүний хийсэн бүтээсэн бүхэн чухал санаа агуулсан байдгийн адилаар, энэ чулуун мэлхий ч өөрийн гэсэн түүхтэй бас учир утгатай билээ.
Тэртээ 13-р зуунд Монголын их хаан Өгөөдэйн зарлигаар Орхоны хөндийд Их Монгол Улсын нийслэл "Хархорум" хотыг байгуулсан гэдгийг ч бүгд мэднэ. Дээрх чулуун мэлхий, одоогийн Хархорингийн орчим 4 ширхэг байдаг ба "Хархорум" хотыг мэлхий хамгаална гэсэн утгыг агуулсан гэж тайлбарладаг. Галав юүлэхээс өмнө манай дэлхий дээр үлэг гүрвэлийн амьдрал ноёрхож байжээ. Үлэг гүрвэлтэй хамт амьдарч байсан амьтдаас одоог хүртэл амьдарч байгаа амьтан бол яст мэлхий. Бас урт настай амьтан. Монголчуудын дунд, Манай дэлхий яст мэлхийн нуруун оршиж альваа аюул ослоос яст мэлхий дэлхийг хамгаалдаг тухай домогт өгүүлдэг. Чухам энэ л домгоос сэдэвлэн Хархорум хотын 4 талд эдгээр 4 мэлхийг бүтээн босгосон байна.
4 мэлхийн 1-р мэлхий "Эрдэнэзуу хийд"-н зүүн хойно, 2 дахь мэлхий нь баруун урд уулын орой дээр, 3 дахь мэлхий нь Хархорины тариалангийн талбайд, 4 дэхь мэлхий нь Хархориноос Орхон голоо өгсөөд явахаар байдаг юм билээ. Тэртээх 13-р зуунаас он жилийн түүхийг элээсээр 4 мэлхий маань эх орныг минь хамгаалсны хүчинд МОНГОЛ УЛС Орос, Хятад 2 орны дунд тусгаар улс байсаар ч байгаа юм билүү? хэн мэдэхэв дээ. Хүний гараар бүтсэн бүхэн учир утгатай.

Thursday, September 13, 2007

Бид 36 сургууль бэлэгэнд хүлээн авчээ

Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжын хүрээнд 2000-2007 онд Улаанбаатар, Дархан, Эдэнэт, Багахангайд нийт 36 бага сургууль ашиглалтанд оржээ.

Нэг сургууль нь 18-22 ангитай. Нэг ээлжиндээ 720-880 хүүхэд зэрэг хичээлэх боломжтой.





Манайд сургууль хүрэлцэхгүй байгаа газрууд буюу голдуу гэр хороолол байдаг тул эдгээр сургуулиуд ихэвчлэн гэр хороололд баригдсан. Бага насны хүүхдийн онцлогт тохирсон төлөвлөлтөөр хийгдсэн.

Төвийн халаалт, цэвэр, бохир усанд холбогдоогүй газруудад баригдсан болохоор, сургууль өөрөө уурын зуухтай, бас цэвэр болон бохир усны асуудлыг бүрэн шийдсэн.


Танд ямар санагдаж байна. Бидний хүүхдийг сургах сургууль барьж өгсөн хүмүүст баярлалаа гэж хэлмээр санагдаж байна уу?
Ирэх 2008 онд Улаанбаатар хотод 5 сургууль нэмэгдэж ашиглалтанд орно.
(Нийт 41 сургууль хүлээж авах болно)

Tuesday, September 11, 2007

Ерөөл бат оршиг!

Хамт ажилдаг хоёр нөхрийн маань хурим өнгөрсөн сарын сүүлийн хоногт нижгэр сайхан болсон билээ. Уригдсан зочид нь хуримлаж буй хосуудын аав, ээж, худ ураг, хамаатан садан бас хамгийн сонин нь гэвэл хамт ажилладаг ажлын газрын нөхдүүд гэж бөөн доргио хүмүүс оролцсон юм. Гэрлэж буй эрэгтэйтэй нь миний бие олон жил хамт ажиллаж байгаа учраас би сайн танина. Тэрнээсээ болсон юм болов уу? сэтгэл хачин ихээр хөөрсөн юм. Тухайн үедээ 2 найздаа зориулж бичлэг оруулъяа гэж бодож байсан ч амжилгүй удчихлаа. Оройтсон ч гэсэн Улс орондоо шинээр өрх бүл үүсгэж, гал халуун залуу наснаасаа эхлэн өтөл буурал болтлоо хамтдаа амьдрахаар шийдсэн 2 найздаа, хөнжлөөрөө дүүрэн хөөрхөн хүүхэдтэй, хан хорвоогийн амьдралыг хамтдаа туулж, хамтдаа инээж, ХАМТДАА жаргалтай амьдрахыг хүсье.
ХОВОР ЭРДЭНИЙН ҮНЭТЭЙ ЗАЛУУ САЙХАН НАС
ХОСООР АМЬДРАХ ЖАМТАЙ ЗАМБУУ ТИВИЙН ЁС
УРЬСАН БИДНИЙ УРАГ ТӨРӨЛ БАТЖИЖ
УРИГДСАН ТАНЫ ЕРӨӨЛ ОРШИХ БОЛТУГАЙ
гэсэн шүлэг хуримын урилга дээр байсныг орууллаа.
Тэгээд, нээрээ би их сонин хүн шүү. Хуримыг харж суухдаа, "Би хүүхдийнхээ хурим дээр ямархуу сэтгэлтэй, яаж байх бол? " гэж анх удаа бодогдож байсныг нуух юун. Сэтгэл хөөрөөд тэгж бодсийм байлгүй дээ. Ээж болно гэдэг үнэхээр өөр юмаа. Юм болгоныг л хүүхэдтэйгээ холбож боддог юм билээ. Одоо бодох нь ээ хүүхдийн хурим болтол хаа ч байсан юм. Хэхэхэ... За юу ч гэсэн хамтдаа амьдрахаар шийдсэн хоёр найздаа аз жаргал хүсье!

Tuesday, September 4, 2007

Хальт хадуурав

Өнөөдөр өдөр цайны дараа манай дарга гэнэт намайг "Багануур гэж мэдэх үү?" хэмээн асуув. Санаад оролгүй мэднээ гээд хэлчихсэн чинь, дарга их л олзуурхангуй "явнаа" гэхээр нь гайхаад хэзээ гэсэн чинь "ОДОО" гэж хэлээд машиндаа ороод суучихав. Жолооч үглэж дуулан байж бензин тосоо аваад бид 3 Багануурын зүг гараад шидчихэв. Замдаа ам хуурай явсангүй, дэд бүтцийн хөгжил өөр юу юу ч билээ баахан зүйл ярив. Багануур ч юу байхав. Хотоос 2 цаг 30 минут давхиад орчихлоо. За Багануурт ирчихлээ гэсэн чинь "За энд чинь том гол бий гэсэн хаа байна гэвээ?" Хэрлэн гол дээр дагуулж очоод, дөнгөж голын эрэг дээр буутал, "За их загастай гэсэн хаа байна" гэдгийм даа. Манай дарга уг нь ажлаас өөр юм ярьдаггүй нөхөр байгаам. Тэгээд ямар загасанд явах бэлтгэлтэй гарсан биш голын ус баахан харлаа. Зөндөө жараахай байнаа. Тэгсэн мань дарга "Жараахай байгаа гэдэг чинь загас байгаа гэсэн үг. Дараа загасанд явнаа" гэж хээв нэг авчийна. Хагас өдрийг энэ мэтээр хадуурсан даргатайгаа хамт өнгөрөөж, буцаад хотруу явж байтал, Налайхын орчим манай хүүхдийг дугуйлан дээрээсээ алга болчихлоо гэж утсаар ярьдаг байна ш дээ. Ёстой л үнхэлцэг зүрх амаар гарах дөхлөө. Даргыг шууд хүүхдийн эрэлд томилоод, өөрөө Баянзүрхийн цагдаагийн хэлтэс дээр бууж үлдлээ. Уухилж аахилсан амьтан цагдаагийн хэлтэсийн хаалгаар ортол, утас дуугарч байнаа. Ёох, охиныг маань олдсон гэж багш нь мэдэгдээд охиныг минь яриулав. Гэтэл юу болсон гээч. Багануур явах замдаа даргын хадуурсныг гайхаж байсан би, өөрөө хадуурсанаа ойлгов. Автобусны ч мөнгөгүй гудамжинд үлдсэн байсан ш дээ. Кондукторт сайн загнуулж аваад ажил дээрээ ирж цүнхээ авсан даа. Хадуурах ч аюултай юмаа.
...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...